Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2022/00045

 

    С.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00219 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***оршин суух  **  овогт С.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох,  

“Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай багш С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5.132.000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар /цахим сүлжээгээр/, С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. С.Ж миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн Ахлах бүлгийн багшаар томилогдон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн.

1.2. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ингэхдээ С.Ж намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ. С.Ж намайг тус шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үнэн боловч 2 дахь заалтаар миний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан.

1.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтанд ямар этгээд хамаарах талаар зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу С.Ж миний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хашиж байсан ахлах бүлгийн багшийн орон тоо нь алинд ч хамаарахгүй. С.Л нь шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажлаас халсан гэж байгаа нь үндэслэлгүй. Миний бие ямар нэгэн нийтийг төлөөлж шийдвэр гаргадаг нийтийн албан тушаалтан биш.

1.4. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй. Намайг шүүхээс авлига өгсөн эсхүл авсан талаар гэм буруутайд тооцоогүй. Зөвхөн илүү орон тоонд хамаарал бүхий хүн авч томилж, албан тушаалын байдлаа ашигласан хэмээн буруутгасан. Үүний дараа би албан тушаалаа өгч, өөр ажилд буюу багшийн ажилд томилогдсон.  

1.5. Мөн цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс намайг ажлаас халах үед ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй ба 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг дарга Х.Хд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн алба хашиж байвал тухайн нийтийн албанаас нь чөлөөл гэж албан тоот ирсэн боловч Засаг дарга Х.Х нь тус албан тоотыг өөрийн хувийн эрх ашгийн төлөө ашиглан эрхлэгч С.Л-аар дамжуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилладаг өөрийн төрсөн охин болох Х.Жг тушаал гаргуулан миний оронд томилуулсан.

1.6. Хариуцагчаас яагаад намайг чөлөөлсөн талаар тодруулахад шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөөгүй гэх атлаа байгууллагын хурал дээр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлсөн мөн Засаг дарга албан бичгээр шаардсан тул чөлөөлсөн хэмээн тайлбар хэлдэг. С.Ж би ахлах бүлгийн багшаар ажиллаж байх хугацаанд надад холбогдуулан хүүхдүүдийн эцэг эх нараас ямар нэгэн гомдол, санал өргөдөл ирж байгаагүй ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүртэж байгаагүй.

1.7. Намайг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас хууль бусаар халсан тул өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгаж өгөхийг хүсэж байна. Миний нэг сарын цалин хөлс 1,283,000 төгрөг болно. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд авах ёстой цалинг тооцвол 5,132,000 төгрөг болж байна.

1.8. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай” Багш С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. С.Ж нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон.

2.2. Түүнтэй байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцогдож, Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болж байна. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “авлига авах өгөх үйлдэл"-ээс гадна бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон байна. Иймд С.Ж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.3. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.7 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцож нэрлэн хөдөлмөрийн харилцаа зогсоохоор заасан ажлын зөрчил гаргасан эсвэл сахилгын зөрчил давтан 12 удаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэж, мөн дотоод журмын 13.2.5 дахь заалтад “Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдсон, гэмт үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн нь С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.

2.4. С.Ж багш надад ямар нэг зөрчил дутагдал сахилгын зөрчил байхгүй байхад ажлаас халсан гэж гомдол гаргасан байна. Гэтэл багш С.Жгийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тус цэцэрлэгийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсныг ч биеэр хуралд оролцож хүлээн зөвшөөрч, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хүүхдийн цэцэрлэгийн ёс зүйн хорооны С.Жд сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг үндэслэж цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/13 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалд багш С.Ж гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр байгаа. Тухайн тушаалыг 3 хувь үйлдэж 1 хувийг С.Жд өөрт нь хүлээлгэн өгсөн боловч журналд хүлээн авсан гэсэн гарын үсэг зурахаас өөрөө татгалзсан тул, тэмдэглэл үйлдэж санхүүд хувийг нь өгч, архив бичиг хэрэгт 1 хувийг нь хадгалсан байна. Тухайн үед багш С.Ж нь таван өдөр ажил тасалснаас зөвхөн 1 өдрийн цалин хасаж тооцоод суутгал хийсэн нь 5 дугаар сарын цалингийн цэст тусгагдсан.

2.5. Багш С.Ж нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, багш ажилчдын дунд хов жив хөөцөлдөж, удаа дараа эцэг эх, үндсэн ажилчдаас гомдол гаргаж ёс зүйн алдаа гаргасан, мөн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үед удаа дараа ажил тасалсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон.

2.6. Нэхэмжлэгч С.Ж нь нийтийн албан тушаалтан биш бөгөөд тус цэцэрлэгт бүлгийн багш албан тушаал эрхэлж байхад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сум дундын шүүхийн 2021/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор албан тушаалын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн ял шийтгэл хүлээсэн нь Хөдөлмөрийн дотоод урмын 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан Хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөн, албан тушаалаа буруугаар ашигласан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хөрөнгө үрэгдүүлсэн, шамшигдуулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт, мөн журмын 13.2.4-д заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон олгосон бол ноцтой зөрчилд тооцож, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасан бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллага тогтоож, дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасныг тус тус удирдлага болгож гэрээг цуцалж сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

2.7. С.Ж нь албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосныг, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх гэж байна уу? Өөрийн гэмт үйлдэлд дүгнэлт хийх ухамсар дутаж байна уу? Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөнөөс болж төсөвт их хэмжээний хохирол учирч өөрийн хамаарал бүхий хүнийг хууль бус ажилд томилсон, төсвийн хөрөнгийг зүй бус зарцуулсан, төрд хохирол учруулсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор батлагдсан байгаа нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан ажлаас халах үндэслэл гэж үзэхээр байна.

2.8. Нэхэмжлэгч гомдолдоо ажлаас халах тухай мэдэгдэх хуудас олгоогүй гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд мэдэгдэх хуудас олгох талаар хуульд зохицуулаагүй. Мэдэгдэх хуудас олгох үндэслэл байхгүй.

2.9. Сумын засаг дарга Х.Хн охин Х.Ж нь урьд өмнө туслах багшийн албан тушаалд ажилладаг байсан ба одоо хүртэл тухайн орон тоонд хэвээр ажиллаж байгаа. Х.Жг туслах багшийн албан тушаалаас өөрчилж бүлгийн багш гэх орон тоонд томилоогүй. Иймд С.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 6.2.3, 6.2.4 дэх заалтыг тус тус зөрчиж Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан 5 хоног ажил тасалсан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, байгууллагад хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зэрэг үйлдэл нотлох баримтаар батлагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар С.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00219 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.3, 158.2.2-д зааснаар Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай багш С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Шийдвэрийн 4.9, 4.13, 4.17 дахь хэсэгт хийсэн дүгнэлтүүдийг няцаах нь:

Нэхэмжлэгчийн "хариуцагчийн 2021.05.31-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгох. урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.9. 4.13, 4.17 дахь талуудад тус тус ... хийсэн дүгнэлтүүд нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, хоорондоо логик зөрчилтэй дүгнэлтүүд юм. Шүүхийн шийдвэрийн эдгээр дүгнэлтүүд нь бүгд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэнтэй холбоотой буюу тус шүүхийн шийтгэх тогтоол нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болох агуулгаар тайлбарласан байна.   

4.2. Шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл өгсөн нь нэхэмжлэгчийг цэцэрлэгийн багшаар ажиллах эрхийг хязгаарлахгүй. Учир нь, цэцэрлэгийн багш нь нийтийн албан тушаалд хамаарахгүй. Энэ талаар дараах тайлбарыг гаргаж байна.

4.3. Цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш тул нийтийн албан тушаал биш. Цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш болохыг хариуцагч болон шүүх үгүйсгээгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 4.13 дахь хэсэгт энэ талаар тодорхой тайлбарласан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг" гэж, 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна" гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий, ахлах нягтлан бодогч" гэж тус тус заасан. Хуулийн этгээд заалтуудын дагуу төрийн үйлчилгээний албанаас гагцхүү удирдах албан тушаалтан болон нягтлан бодогчид нь нийтийн албан тушаалтанд хамаарах юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн багшийн албан тушаал бол нийтийн албан тушаалтан биш юм.

4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн а-д “Нийтийн албан тушаалтан гэдгийг тайлбарласан хэсгийг шүүхийн шийдвэрт иш татаж, “нийтийн албан тушаалтан гэдгийг конвенцын тус заалтын дагуу тайлбарласан байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй. Конвенцын дээрх заалт нь тус конвенцод нэгдэн орсон аливаа хуулийн нийтийн албан тушаалтныг шууд тодорхойлох хэм хэмжээ биш. Харин конвенцод нэгдэн орсон улс нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоох эрхийг Конвенц хязгаарлахгүй. Конвенц нь түүнд нэгдэн орсон улсыг өөрийн дотоодын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийхийг хязгаарлаагүй, аливаа улсын дотоодын хэрэгт үл оролцох зарчим баримталж байгааг Конвенцын дараах заалтуудаас харж болно. /Конвенцын 2 дугаар зүйлийн а, Конвенцын 4 дүгээр зүйлийн 1, Конвенцын 65 дугаар зүйлийн 1/ Өөрөөр хэлбэл, дээр дурдсан олон улсын гэрээ нь Монгол Улсад түүнд нийцүүлэн хууль батлах үүргийг үүсгэж байгаа. Харин Монгол Улсын хууль тогтоомжийг давж олон улсын гэрээг шууд хэрэглэх боломжгүй. Конвенц нь тийм агуулгатай биш. Дахин жишээ татахад Конвенцын 19, 20, 21, 22 дугаар зүйлүүдэд тодорхой төрлийн гэмт хэргүүдийн талаар зохицуулахдаа шууд гэмт хэрэг болгон заагаагүй, гагцхүү "Оролцогч улс бүр ... үйлдлийг ... гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ", "гэмт хэрэг гэж тооцоход шаардлагатай байж болох хууль тогтоох ... арга хэмжээг авах асуудлыг Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэх зэргээр заасан. Конвенц нь шүүхэд шууд хэрэглэгдэх эх сурвалж биш харин Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргийг тодорхойлсон баримт бичиг юм.

4.5. Хариуцагчийн маргаан бүхий шийдвэр нь ч "нэхэмжлэгчийг нийтийн албанд ажиллах эрхгүй болсон” гэх агуулгаар гараагүй. Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн 2021.12.10-ны өдрийн хариу тайлбарын 3 дахь хэсэг, 2 дахь догол мөр бүхий хэсгээс “Нэхэмжлэгч С.Ж нь нийтийн албан тушаалтан биш ...” гэж дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн хариуцагчийн төлөөлөгч нь "нийтийн албан тушаалтан гэж үзэж, тэр байдлаар ажлаас чөлөөлөөгүй. Гагцхүү сахилгын зөрчил гаргасан гэж шийдвэр гаргасан гэдэг байдлаар тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтан мөн эсэх нь угтаа маргаанд хамааралгүй. Учир нь. шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргааны хүрээнд маргааныг шийдвэрлэх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй тушаал нь “нийтийн албанд ажиллах эрхгүй” гэх агуулгаар гараагүй, хариуцагч нь энэ байдлаар маргаагүй атал шүүх дээрх байдлаар шийдвэр гаргасан нь маргааны хүрээнээс хэтэрсэн хэрэг юм.

4.6. Шийдвэрийн 4.17 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг иш татсан байх боловч тус мэдэгдэл нь нэхэмжлэгчийн цэцэрлэгийн багшийн албан тушаалаас чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл байгаагүй. Харин гагцхүү нийтийн албанд ажиллаж байгаа бол чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл. Нэхэмжлэгчийн албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарахгүй тул тус мэдэгдэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй.

4.7. Хэрэв цэцэрлэгийн багш нь нийтийн албан тушаалтанд хамаарах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох байсан. Гэтэл хариуцагч нь тэр үндэслэлээр тушаал гаргаагүй. Иймд энэ нь талуудын маргаж буй асуудал биш. Ийнхүү цэцэрлэгийн багш нь нийтийн албан тушаалтан биш байх тул шүүхийн дээрх дүгнэлтүүд нь үндэслэлгүй бөгөөд нийтийн албан тушаалтан мөн эсэх асуудлыг дүгнэхдээ шүүх Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хэрэглэх үндэслэлгүй.

4.8. Шийдвэрийн 4.15 дахь хэсэгт хийсэн дүгнэлтийг няцаах нь:

Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахын тулд дотоод журамд бус хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байхыг шаардах билээ. Гэтэл шүүх Хөдөлмөрийн гэрээний аль нэг заалтыг иш татаагүй, гэрээнд заасан ноцтой зөрчил болохыг тайлбарлаагүй.

4.9. Сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцлахын тулд ажилтан нь гэрээний дагуу ажиллах явцад ноцтой зөрчил гаргасан байх шаардлагатай. Харин Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнөх хийсэн үйлдлийг сахилгын зөрчилд хамруулан тайлбарлах үндэслэлгүй. Шийтгэх тогтоолоос харахад нэхэмжлэгч С.Жгийн Б сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд гаргасан үйлдэлтэй холбогдуулан  тус шийтгэх тогтоол гарсан байна. Тодруулбал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2020.01.24-ний өдрийн Б/04 дугаартай тушаал, 2019.09.02-ны өдрийн Б/19 дугаартай тушаал, 2020.01.20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар тус тус өөрийн хамаарал, төрөл садан бүхий хүмүүс болох Е.Мийг манаач (жижүүр)-аар, А.Пийг нягтлан бодогчоор тус тус ажилд авсан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох талаар дүгнэж, гэм бурууг тогтоосон. Харин нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгч С.Лын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн Ахлах бүлгийн багшаар томилон, ажиллуулсан байна. Тус тушаалын дагуу талууд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, хугацаагүй Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Эндээс дүгнэхэд маргаан бүхий тушаалыг үндэслэл болгож, сахилгын зөрчил гэж үзэж буй үйл баримтууд нь нэхэмжлэгчийн цэцэрлэгийн Ахлах бүлгийн багшийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тус албан тушаалд ажиллаж эхэлсэн хугацаанд хамаарахгүй, түүнээс өмнөх хугацаанд хамаарч байна. Тодруулбал: Тушаалын үндэслэл болгосон, нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон үйлдлүүдийг нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгчийн хувиар ажиллаж байх үед гаргасан /2019.9.12-ны өдрөөс 2020.01.24-ний өдрийн хооронд/ Цаг хугацааны хувьд 2020.04.01-ний өдрөөс эхлэн цэцэрлэгийн багшаар ажиллуулах тушаал гарч, тус үеэс багшийн хувиар хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байна. Харин гаргасан гэх зөрчлүүд нь түүнээс өмнө буюу 2019 оны 9 сар, 2020 оны 01 дүгээр саруудад хамаарч байна. Ийнхүү нэхэмжлэгч нь тус цэцэрлэгт багшийн хувиар ажиллах хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргаагүй тул шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй.

4.10. Хэрэв нэхэмжлэгчийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах үед гаргасан зөрчил нь цэцэрлэгийн багшийнх нь хувьд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж үзвэл хуульд заасан хугацааг баримтлах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т зааснаар ажил олгогч нь зөрчил гарснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Маргаан бүхий тушаалыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Энэ үеийн байдлаар Н.Еркежаны гаргасан үйлдлүүдийн хувьд 6 сарын хугацаа өнгөрсөн байсан. Тодруулбал, Шийтгэх тогтоолд заасан ёсоор тэрээр 2020.01.24-ний өдрийн Б/04 дугаартай тушаал, 2019.09.02-ны өдрийн Б/19 дугаартай тушаал, 2020.01.20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалуудыг гаргаж, хууль зөрчсөн. Эдгээрээс хамгийн сүүлийн зөрчил болох 2020.01.24-ний өдрөөс тоолоход 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэхэд 6 сарын хугацаа өнгөрсөн байж. Иймд хэдийгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хувиар гаргасан зөрчилд нь шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалт зөрчигдсөн байна.

4.11. Бид дээрх /2,3-т дурдсан/ үндэслэлүүдийг анхан шатны шүүх хуралдааны өмнө ч шүүхэд тайлбарласан. Гэвч шүүх түүнд ямар ч дүгнэлт өгөөгүй байна. Энэ нь шүүх тэдгээр үндэслэлүүдийг няцааж чадаагүйг харуулж байна. Сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцлахын тулд цаг хугацааны хувьд тус зөрчил нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш гарсан байх, гэрээ цуцлах шийдвэр гарахаас өмнөх 6 сарын хугацаанд багтаж байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд энэхүү хоёр нөхцөл хангагдахгүй байна. Иймд сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн дүгнэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэж буй нь үндэслэлгүй. Мөн ажлаас халсан тушаал нь хууль бус байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

4.12. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардлагаас “Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021.5.31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,132,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаас 2019 онд батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргүүдийг С.Ж баримталж ажиллаагүй. Энэ эрхлэгч байсан ч, багш байсан ч хамааралтай. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлахдаа багшийн албан тушаалын чиг үүргийг А/430 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан. Үүнтэй холбоотой Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх гэдэг заалт байсаар байхад нийтийн албан тушаалд би хамрагдахгүй гэж байна.

5.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан. С.Жг нийтийн албан тушаалтан гэдэг утгаар ажлаас халаагүй. Гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэлтэй хүн сургуулийн өмнөх боловсролын бага насны хүүхдийг хүмүүжүүлэх нь зохимжгүй гэдэг байдлаар ажлаас халсан. 2019 онд цэцэрлэгийн багш, эрхлэгч бүгд нийтээрээ Авлигын эсрэг хуулиас ангид байх ёс зүйтэй байх талаар тусгай шаардлагад зааж өгсөн байхад хугацааны хувьд маргаж байгаа нь ямар ч  үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Ажил олгогч нэхэмжлэгч С.Жг ажлаас чөлөөлөхдөө нийтийн албан тушаалтан гэдэг утгаар ажлаас чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтууд болон ажлын байрны тодорхойлолтод заасан журамд нийцэхгүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь заалтад нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох эрх бүхий байгууллага тогтоосон байвал ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор заасан.

6.2. С.Ж хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргаснаас илүүтэй авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхээ хасуулж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шийдвэр гүйцэтгэх байгууллага болон сумын Засаг даргаас энэ шийдвэрийг биелүүлж ажиллахыг тухайн цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч С.Жгийн ял шийтгүүлснийг мэдэнгүүт 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

6.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ял шийтгүүлсэн хугацаанд төрийн байгууллагад багшаар ажиллах ёстой гэж байгаа нь зүйд нийцэхгүй. Төрийн албан хаагч биш төрийн үйлчилгээний албан тушаалтан мөн хэдий боловч Төрийн албаны тухай хуульд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаагүй төрийн үйлчилгээний албан тушаалтны зарим эрх зүйн асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг шаардлага дээр авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байвал төрийн албанд ажиллахгүй байхаар зохицуулсан. Мөн хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалтны ангиллыг багтаасан. Ийм учраас төрийн үйлчилгээний албан тушаалтан өөрөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан тусгай болзлыг сахиж, биелүүлж ажиллах ёстой. Ийм учраас төрийн албанд ял шийтгүүлсэн, ялтан хүнийг төрийн албанд ажиллуулж өгөх ёстой гэдэг байр сууринаас хандаж байгаа нь өөрөө ёс зүйд нийцэхгүй байна.

6.4. С.Ж энэ гэмт хэргийг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа үйлдсэн гэж ярьж байна. Тухайн үед ч С.Ж үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоос нийтийн албан тушаалтан байгаагүй. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй болохоор тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр өнөөдрийн хариуцагч С.Л томилогдож байсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Ялтан хүнийг төрийн албанд ажиллуулах боломж байхгүй. 

  

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзээд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч С.Ж нь Б сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны олговорт 5.132.000 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай гомдол гаргажээ.

9. Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Жд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7, 13.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын гурав дахь хэсгийн тусгай шаардлага, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоол, тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/832 тоот мэдэгдэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар гүйцэтгэх хуудас, Б сумын Засаг даргын бүртгэл хяналтын картаар өгсөн үүргийг тус тус үндэслэн  тус хүүхдийн цэцэрлэгийн багш С.Жг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.           

10.Нэхэмжлэгч С.Жг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

11. Нэхэмжлэгч С.Жг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байх тул тэрээр шүүхийн шийтгэх тогтоолд заасан нийтийн албанд томилогдохгүй байх 2 жилийн хугацаа нь дуусгавар болоогүй тул төрийн үйлчилгээний байгууллага буюу цэцэрлэгийн багшийн үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-д зааснаар Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалд хамаарах ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан биш боловч хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч С.Ж нь “төрийн үйлчилгээний албан хаагч” буюу “цэцэрлэгийн багшийг нийтийн албан тушаалтан” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл цэцэрлэгийн багш нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг конвенцын 2 дугаар зүйлд “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг хэлнэ” гэж заасныг удирдлага болговол, цэцэрлэгийн багш нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг гүйцэтгэх албан тушаалтны хувьд ч, тусгай зөвшөөрлөөр багшлах үйл ажиллагаа явуулж, төрийн албаны баталгаагаар хангагдаж, улсын төсвөөс цалин хөлс авч төрийн боловсролын үйлчилгээг үзүүлдэг хүний хувьд ч төрийн албан тушаал эрхэлдэг “нийтийн албан тушаалтан” мөн юм. /Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2005 оны №43(424)-т нийтлэгдсэн, 853 дугаар тал/

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар давж заалдах гомдолдоо цэцэрлэгийн багшийг нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн үндэслэлээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг иш үндэс болгож, цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч биш тул “нийтийн албан тушаалтан биш” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг хууль хэрэглэх зарчмын хувьд алдаатай дүгнэлт гэж үзнэ. Учир нь хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулиуд хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг дараах агуулгаар хэрэглэнэ.

14. Авлигын эсрэг хууль нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг, харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилттой. Дээрх хоёр хуулийн хүрээнд ойлгох “нийтийн албан тушаалтан” гэх хуульчилсан тодорхойлолт нь нийгмийн бүхий л хүрээг хамрах бус, гагцхүү тухайн хуулиудаар зохицуулах албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн харилцааны тодорхой хүрээнд үйлчлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дэх “нийтийн албан тушаалтан” гэх ойлголтыг тэдгээр хуулиудад заасанчлан “явцууруулж” тайлбарлах нь Эрүүгийн  хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуульчилсан “нийтлэг” зорилт, мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан хууль ёсны зарчмын агуулга, цаашилбал шударга ёсыг дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй.

15. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр бүлэгт заасан нийтийн албан тушаалтан гэх, түүнчлэн уг хуулийг хэрэглэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн эхний заалт дахь “нийтийн алба” гэсэн ойлголтуудыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Удиртгал хэсэг болон Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын зорилтыг тус тус харгалзаж, тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд заасныг баримталж “өргөтгөж” тайлбарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

16. Учир нь С.Жгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд маргааны зүйл болсон “нийтийн алба”, “нийтийн албан тушаалтан” гэх ойлголтууд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид дээрх агуулгаар “зөрүүтэй” тодорхойлогджээ. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх эрх зүйн актын хувьд тухайн асуудлыг дээрх хоёр хуулиас илүү “нарийвчлан” зохицуулсан байх тул хууль хэрэглэх зарчмыг үндэслэл болгож, давж заалдах шатны шүүх дээрх байдлаар конвенцын заалтыг баримтлан, тайлбарлаж хэрэглэсэн болно.

17. Нэхэмжлэгч С.Жг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч С.Ж нь төрийн албанд нийтийн албан тушаалтнаар ажиллах ёсгүй бөгөөд энэ талаарх ажил олгогчийн шийдвэр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дэх заалтад “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасантай нийцсэн байна. Хэдийгээр ажил олгогч хуулийн уг заалтыг баримтлаагүй боловч шийдвэр гаргасан үндэслэлдээ “С.Ж нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул” гэж тусгасан ба эрх бүхий байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С.Жг нийтийн албанаас чөлөөлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахыг мэдэгдэж, ажил олгогчоос шаардсан байна.

18. Нөгөө талаар хариуцагчаас цэцэрлэгийн бүлгийн багшийн албан тушаалыг “нийтийн албан тушаалтан биш” гэсэн агуулгатай хариу тайлбар ирүүлсэн боловч түүний хуулийг буруу ойлгож ирүүлсэн тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, түүнчлэн ажил олгогчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Жд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/832 тоот мэдэгдэл зэргийг үндэслэснээс үзвэл Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн С.Жг ажлаас чөлөөлсөн шийдвэр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн агуулгатай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

19. Ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлөхдөө 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг алдаатай, буруу хэрэглэсэн боловч энэ нь хууль ёсны зарчмыг удирдлага болговол, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь буюу цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажилтны хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хугацаа, ажилтны ажил олгогчтой цэцэрлэгийн багшийн орон тоонд байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалт, хугацаа зэргийг үндэс болгож, цаг хугацааны хувьд С.Ж нь багшийн орон тоонд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил үйлдээгүй, түүний өмнөх албан тушаал хашиж байх хугацаанд үйлдсэн гэмт хэргийг сүүлд багшийн орон тоонд ажиллах үед “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан”-д тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч ажилтан С.Жг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул түүнийг эрхэлж байсан цэцэрлэгийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан уг гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

20. Нэхэмжлэгчээс цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох талаар гомдол гаргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж түүний уг шаардлагыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхиж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ