Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2435

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор “Х” ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, К банк-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 880 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 24, 25 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 25 000 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг манай компанид биш дээрх үл хөлдөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг манай компани 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шуудангаас утсаар мэдэгдсэний дагуу хүлээн авсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, энэ талаараа манай компанийн албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүй бөгөөд дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Төмөрболд байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага хураах битүүмжлэх ажиллагааг явуулахдаа түүнд мэдэгдээгүй, оролцуулаагүй харин хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгийг оролцуулж ажиллагааг явуулж, шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулсан байна. Компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг нь Сүхбаатар дүүрэг хэвээр байгаа атал компанийн хаягаар нэг ч удаа мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. Хууль сануулахгүйгээр шинжээч дүгнэлт гаргасан тул үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээ хийхээр, үнэлгээг ажлын 3 хоногийн дотор мэдэгдэхээр заасан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард хөрөнгийг хураасан атлаа 2017 оны 5 дугаар сард шинжээч томилсон байна. Мөн шинжээчийн дүгнэлт 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гарсан байхад Г.Алтанцэцэгт 2017 оны 9 дүгээр сард мэдэгдэл явуулсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880 000 000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнэ 25 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2017 оны 9 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. Тус компани Сүхбаатар дүүрэг дэх хаягт байрладаггүй. Хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэг нь Ц.Төмөрболдтой гэр бүлийн хүмүүс, компанийн үүсгэн байгуулагч нар тул нэг хаягаар хүргүүлсэн. Түүнчлэн шүүхийн шийдвэрт Г.Алтанцэцэгийг захирал гэж тэмдэглэсэн байсан бөгөөд энэ хаягаар явуулаарай гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх зээл авахад “Х” ХХК нь Г.Алтанцэцэг, нөхөр Ц.Төмөрболд, тэдний хүү гэсэн 3 үүсгэн байгуулагчтай гэр бүлийн компани байсан. “Х” ХХК Сүхбаатар дүүргийн хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтад нийцээгүй, хууль буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүхийн 1462 дугаар магадлалд дурдсан зөрчлийг арилгалгүй, дахин шийдвэрлэсэн гэж үзэж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00304 дүгээр тогтоолоор “Х” ХХК-иас 756 800 852 төгрөг гаргуулж К банк ХХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг Г.Алтанцэцэгийн өмчлөлийн Ү-2206012012, ГД-00085983 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө болох Г.Алтанцэцэгийн өмчлөлийн Ү-2206012012, ГД-00085983 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рояал Грийн вилла/17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот автозогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/55 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 153/56 дугаар тогтоолоор хураасан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр заасан. Гэтэл НШШГГ талуудын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлээ танилцуулаагүй, хүргүүлээгүй. Хариуцагч талын тайлбартаа хавсаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3577, 3/3576 мэдэгдлийг сүүлд нөхөж гаргасан бөгөөд төлбөр төлөгч талд мэдэгдээгүй атлаа мэдэгдэж байсан мэтээр тайлбарласан. Утсаар ярьж үнэлгээ хийлгэх тухай хүсэлт авчир гэж Г.Алтанцэцэгээс шинжээч томилуулах хүсэлтийг нь авч, дараа нь нь компанийн хүсэлт хэрэгтэй байна, одоо авчир гээд шинжээчийн дүгнэлт гаргасны дараа дараа нэхэмжлэгчээс хүсэлт бичүүлж авсан байсан. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Үнэлгээ гаргуулахдаа үнэлгээчинг томилоогүй. Үнэлгээ гаргадаг, хөрөнгийн үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг үнэлгээчнээр томилсон байна. Тусгай зөвшөөрөлтэй компанийг үнэлгээ хийлгэхээр томилсон бол үнэлгээний тайланг гаргахдаа компаниас гаргасан байх, мэргэшсэн үнэлгээчин үнэлгээ хийхдээ тухайн компанид харьяалагддаг байх, төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь тайлангаас харагдахгүй байна. Уг тайланг компани өөрөө баталгаажуулах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлан мөн эсэхэд эргэлзэж байна. Учир нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Тухайн байгууллага дотоод журмаараа Ж.Уртнасанг томилсон байхыг үгүйсгэхгүй боловч компани үүрэг өгсөн талаар баримт байхгүй. Ж.Уртнасан мэргэшсэн үнэлгээчин мөн эсэхээс илүү энэ нь тухайн компанийн гаргасан үнэлгээ мөн эсэхийг анхаарч үзээд байна. Мэргэшсэн үнэлгээчинг томилсон байсан бол маргаан гарахгүй байх байсан. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байгаа тул мэргэжлийн үнэлгээчинг шинжээчээр томилсон эсхүл тусгай зөвшөөрөлтэй компанийг үнэлгээ гаргасан гэдэг нь ялгаатай. Нэхэмжлэгч тал үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Үнэлгээний талаар судалж үзэхэд давхараараа ялгаатай байсан. Байршил болон нэвт цонхны гэх мэтийн онцлог шинжийг үнэлгээндээ тусгаагүй. Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлага өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан атал “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй. Иймд “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г шийдвэр гүйцэтгэх томилогдсон шинжээчийг гаргасан гэж үзэхгүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад бодит эрх зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шинжээч орон сууцыг 880 000 000 төгрөгөөр, автозогсоол тус бүрийг 25 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өмчлөгч болон төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч хүргүүлээгүй, мэдэгдээгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хуурамч нотлох баримт бүрдүүлж, шийдвэрт нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Хариуцагч талаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбартаа хавсаргасан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон гуравдагч этгээд нарт мэдэгдэх, хүргүүлэх ажиллагааг хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал дээрх мэдэгдэх хуудсуудад шуудангаар хүргүүлсэн болгож харагдуулах гэж шуудангийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дардсыг 2017 он болгож гараар завсарлаж, нотариатаар 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж хэрэгт хавсаргасан байна. 2017 оны мэдэгдэх хуудсыг 2018 оны 9 дүгээр сард хүргүүлсэн зэрэг шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагаанд гомдолтой байна. Монгол шуудан ХХК-иас ирүүлсэн шуудангийн бүртгэлийн дэвтэр дээр “хүлээн авсан Р.Отгончимэг” гэсэн байгааг утсаар лавлаж асуухад бичиг захидал буцаагдсаныг шийдвэр гүйцэтгэгч Р.Отгочимэг буцаан хүлээн авсан байна гэх хариуг өгсөн. Хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтаа бүрдүүлэх нотлох баримтаа баталгаажуулах гэж 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол шуудан ХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Л.Отгончимэгт гардуулсан тухай албан тоот авсан байна. Р.Отгончимэг нь юу хийдэг, хэн болох талаар тодруулаагүй, зориуд орхигдуулж бичиж авсан байна. Шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуурамч баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тус хөндлөнгийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй орхисон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэгт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн хувийг гардаж авах эрх, үүргийг заагаагүй. Уг итгэмжлэл нь шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эдлэх бусад бүх эрх, үүргийг олгосон нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаас хойш, хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойшхи эрх үүргийг олгож байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1/83 тоот итгэмжлэлийг Н.Цэрэнсодномд нэхэмжлэл гардаж авах эрхийг олгож, өмнөх итгэмжлэлийг залруулсан боловч шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр “Х” ХХК-аас 756 800 852 төгрөгийг гаргуулж “К банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж “Хан-Уул дүүргийн 11-р хороо Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот зогсоолуудыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн хураажээ. /хх30-40, 45/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад өмчлөгч Г.Алтанцэцэг болон “Х” ХХК-аас шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн /хх49-50/ тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2017 оны 6 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 930 000 000 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч буюу өмчлөгч Г.Алтанцэцэг, “Х” ХХК-ийн захирал Ц.Төмөрболд нарт албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн талаарх баримт /хх160-161/, тус мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 20 минутад Р.Отгончимэг гардаж авсан талаарх “Монгол шуудан” ХК-ийн лавлагаа /хх152-153/ хэрэгт авагдсанаас гадна шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд энэ талаар тусгагдсан, мэдэгдлийг шуудангаас хүлээн авснаа нэхэмжлэгч тайлбарласан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн, барьцаа хөрөнгийн хамт оршин суух хаягтай өмчлөгч Г.Алтанцэцэг, “Х” ХХК-ийн захирал Ц.Төмөрболд нар нь нэг гэр бүлийн гишүүдээс гадна компанийн үүсгэн байгуулагчид болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул компанийн албан ёсны хаягаар үнэлгээний тухай мэдэгдлийг хүргүүлээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу “Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шинжээч томилох тухай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд үнэлгээний тайланд тус төвийн захирал Р.Зоригт болон үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан нар гарын үсэг зурж баталгаажуулсан, тайланд үнэлгээчний тэмдэг, компанийн тамга дарагдсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ