Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/02164

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “ХГ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор “ХГ” ХХК-иас 760.800.276 төгрөгийг гаргуулж, К банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 мкв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 880.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 24, 25 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 25.000.000 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг манай компанид биш дээрх үл хөлдөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг манай компани 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр очиж шуудангаас утсаар мэдэгдсний дагуу хүлээн авсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, энэ талаараа манай компаний албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүйд гомдолтой байгаагийн зэрэгцээ дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Төмөрболд байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага хураах битүүмжлэхээс эхлээд ажиллагааг явуулахдаа түүнд мэдэгдээгүй, оролцуулаагүй харин хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгийг оролцуулж ажиллагааг явуулсан. Улмаар түүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Компани улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг Сүхбаатар дүүрэг хэвээр байгаа. Гэтэл компанийн хаягаар нэг ч мэдэгдэх хүргүүлээгүй. Мөн үнэлгээг хийсэн шинжээчид хууль сануулаагүй байх тул хийсэн үнэлгээ үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээ хийхээр, үнэлгээг ажлын 3 хоногийн дотор мэдэгдэхээр заасан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард хөрөнгийг хураасан хэрнээ 2017 оны 5 дугаар сард шинжээч томилсон байна. Мөн шинжээчийн дүгнэлт 2017 оны 6 дугаар сарын 06-нд гарсан байхад Г.Алтанцэцэгт 2017 оны 9 дүгээр сард мэдэгдэл явуулж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэрээр “ХГ” ХХК-иас 760.800.276 төгрөгийг гаргуулж, К банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 29-нд битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 02-нд хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880.000.000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнэ 25.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2017 оны 9 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. Тус компани Сүхбаатар дүүрэг дэх хаягтаа байдаггүй. Хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэг нь Ц.Төмөрболдтой гэр бүлийн хүмүүс, компанийн үүсгэн байгуулагч нар тул нэг хаягаар хүргүүлсэн. Түүнчлэн шүүхийн шийдвэрт Г.Алтанцэцэгийг захирал гэж тэмдэглэсэн байсан бөгөөд өөрсдөө энэ хаягаар явуулж байгаарай гэдэг байсан.

Өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээ хийхэд хугацаа заагаагүй байсан ба хураах битүүмжлэх, шинжээч томилох ажиллагааг гүйцэтгэх үед уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкнаас анх зээл авахад “ХГ” ХХК нь гурван үүсгэн байгуулагчтай буюу эхнэр Г.Алтанцэцэг, нөхөр Ц.Төмөрболд, тэдний хүү гурав байсан. Үндсэндээ гэр бүлийн компани. Мөн Сүхбаатар дүүрэг дэх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “ХГ” ХХК нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ20106/00304 дүгээр тогтоолоор “ХГ” ХХК-иас 756.800.852  төгрөг гаргуулж “К банк” ХХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг Г.Алтанцэцэгийн өмчлөлийн Ү-2206012012, ГД-00085983 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 31-38/

Тус газар 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн улмаар барьцаа хөрөнгө болох Г.Алтанцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012, ГД-00085983 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн вилла/17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот автозогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/55 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 153/56 дугаар тогтоолоор хураажээ. /хх 39, 40-45/ 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад өмчлөгч Г.Алтанцэцэгээс 2017 оны 4 дүгээр сарын 13-нд, төлбөр төлөгч “ХГ” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 02-нд тус тус шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилжээ. /хх 46, 49-52, 54/

Шинжээч орон сууцыг 880.000.000 төгрөгөөр, авто зогсоол тус бүрийг 25.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23078 дугаар мэдэгдлээр өмчлөгч Г.Алтанцэцэгт, мөн өдрийн 3/23077 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлджээ.  /хх 47-48, 152-153, 160-161/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.3-т “мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэх”-ээр, “Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгөх”-өөр, “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгөх”-өөр мөн зүйлийн 14.5, 14.6-д заажээ.

Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн 20-20 хаягаар бус өөр хаягаар хүргүүлсэн, түүнчлэн компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн, Г.Алтанцэцэг компанийг төлөөлөхгүй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн улсын бүртгэлийн байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон лавлагаагаар  компанийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Төмөрболд байх боловч хэрэгт авагдсан компанийн дүрэм, дээрх лавлагаанд үүсгэн байгуулагч “Г.Алтанцэцэг, Ц.Төмөрболд, Т.Рэнцэнмядаг нар” гэж тэмдэглэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэр магадлалд “компанийн гүйцэтгэх захирал Г.Алтанцэцэг” гэж дурдагдсан, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай 05 тоот хүсэлтийг компанийн тамга тэмдэг, бланк бүхий баримтад “захирал Г.Алтанцэцэг”, “захирал Ц.Төмөрболд” гэж бичсэн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас хийсэн шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “хөрөнгийн байдалтай нөхөр Ц.Төмөрболдын хамт үзэж танилцсан” тухай дурдсан зэрэг байдлаас үзвэл мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүрэг дэх Г.Алтанцэцэг, болон Ц.Төмөрболдын оршин суугаа хаягаар компанид хүргүүлбэл зохих мэдэгдлийг хүргүүлсэн ажиллагааг буруутгах боломжгүй. /хх 5-7, 9-10,13, 51,52, 55, 100-101/ 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч гүйцэтгэлийн баримт бичигтэй хэдийд ч танилцах, өөрийн эрхээ хэрэгжүүлж ажиллагаанд оролцох, хэзээ хаана явагдах талаар тодруулах боломжтой, уг эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид үнэлгээг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй, тэрээр үнэлгээг мэдэх бүрэн боломжтой байна.

Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэж маргаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, шинжээчид хууль сануулаагүй гэх боловч шинжээч томилох тухай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолд “шинжээчид дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх” тухай дурдсан, түүнчлэн шинжээч дүгнэлтдээ хараат бусаар дүгнэлтийг гаргасан тухайгаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Тус газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох ажиллагааг гүйцэтгэх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “1 сарын” дотор үнэлгээ хийлгэх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар мөн үндэслэлгүй.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч гомдлоо анх шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байх тул тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ХГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ