Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар    130/ШШ2022/00249

 

АААА аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АААА аймгийн ХХХХ сумын 12 дугаар багт оршин суух, Ховогт А-ын С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч АААА аймгийн ХХХХ сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я-н С,

Хариуцагч: АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/

 

Нэхэмжлэлийн шаардлага: АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А,  А.Н, тэд нарын өмгөөлөгч А.Серикжан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь хариуцагч АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/-т холбогдуулан АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.С нь АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилогдож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. А.С нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл А.С нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа А.С-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж үндэслэл дурдаж А.С-ийг туслах багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь тус цэцэрлэгийн туслах багшийн орон тоо нь шинээр бий болсон бүр орон тоо юм. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж ажилтан Б.С-тай хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаа гэсэн нэрийдлээр түр хугацаагаар байгуулсан явдал нь буруу гэж үзэж байна. Hөгөө талаас цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд иргэнийг авч ажиллуулахад заавал сонгон шалгаруулалт явуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцээгүй гэдэг нь ил харагдаж байна. А.С нь сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшсэн, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэн. Ингэхээр ажил олгогчийн А.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн А.С-ийг гэнэт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь цэцэрлэгийн туслах багшийн ажлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий иргэнийг ажилтай болгох далд санааг хэрэгжүүлэх гэсэн башир арга ажиллагаа гэж үзэж байна.

2.Иймд АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/-т холбогдуулан АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариу тайлбартаа: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-гийн хөрөнгө оруулалтаар ХХХХ сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт 50 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж өгсөн. Тийм учраас 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгсөн юм. Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон учраас ажил олгогч шинээр ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан юм. Тэдний нэг нь А.С бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулж байсан болно. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.С-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацаа, албан тушаал, ажил үүрэг зэрэг гэрээний гол нөхцөлүүдийг заасан. Тийм учраас нэхэмжлэгч А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн хуульд бүрэн нийцсэн гэж үзэх бүрэн боломжтой. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар цэцэрлэгийн эрхлэгч багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй байдаг. Тус цэцэрлэгийн эрхлэгч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш Сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Сонгон шалгаруулах комисс нь тус цэцэрлэгийн эрхлэгчээс хараат бус ажилласан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллага болох аймгийн Боловсролын газраас гадна цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл багтсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс туслах багшийн орон тоонд 43 хүн бүртгүүлсэн. Туслах багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 4 нь шалгалтад оролцоогүй. Тэдний нэг нь А.С байсан гэсэн. А.С нь шалгалт авах өдөрт Цэцэрлэгийн эрхлэгч надад өргөдөл гаргаж, “сонгон шалгаруулалт явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хүний эрх зөрчлөө, шүүхэд хандана” гэсэн бичгийг өгсөн. А.Сийн эрх ашгийн үүднээс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр түүнийг ажилд томилох боломжгүй байсан. Учир нь манай аймагт багш ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, авлига, ашиг сонирхлоор дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг ажилд томилдог хэмээн маш их шүүмжлэл дагуулж байгаа юм. А.С нь сонгон шалгаруулалтад орж мэдлэг чадвараа харуулаад, шалгалтад тэнцсэн тохиолдолд сул орон тоонд ажилд томилогдох боломжтой байсан. Гэтэл А.С сонгон шалгаруулалтад ороогүй учир дээрх боломжоо алдсан. Ажил олгогчийн зүгээс А.С-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаагүй гэрээ байгуулаагүй. 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа болон хамт олны хурал дээр сануулж хэлсэн. А.С хамт олны хуралд оролцоод хурлын протоколд гарын үсгээ зурсан. А.С-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасанд бүрэн нийцсэн шийдвэр болжээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А: Би нэхэмжлэгч А.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж  байна. Анх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим сүлжээнээс ХХХХ сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт бүлгийн багш болон туслах багш ажилд шалгаруулж авна гэсэн зарыг хараад бичиг баримтаа бүрдүүлээд, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шалгалтад орсон. Шалгалтад нийт 77 хүн бүргүүлсэн бөгөөд үүний 33 нь бүлгийн багшийн, 44 нь туслах багшийн шалгалтад орохоор бүргүүлсэн байна. Шалгалтын эхний шат нь тестийн хэлбэртэй байсан бөгөөд уг шалгалтаас нийт 5 хүн тэнцэж, би 4 дүгээр байранд орж дараагийн шатны шалгалтад орох болзлыг хангасан. Дараагийн шатны шалгалт болох ур чадварын болон монгол хэлний шалгалт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон. Ур чадварын шалгалтаас би хамгийн өндөр оноо авсан. Шалгалтын нийт дүнгээр А.Н 1 дүгээр байранд, би 2 дугаар байранд орж тус цэцэрлэгт туслах багшаар ажилд томилогдсон. Шалгалтад ороогүй мөртлөө давуу байдлаар би ажилд орох ёстой гэсэн А.С-ийн гаргаж байгаа гомдол нь огт үндэслэлгүй. Заавал танил талтай, дарга нартай хамаарал бүхий хүмүүс ажилд орох ёстой гэсэн дүрэм байхгүй. Би энэнээс өмнө олон газарт ажилд орохоор өргөдөл хүсэлтээ гаргаж байсан боловч хэн ч намайг дэмжээгүй. Аймгийн Засаг даргын орлогч С.Х-ын хүн гэдэг утгаараа А.С давуу байдал эдлэх ёсгүй.  Шударга явагдсан сонгон шалгаруулалтад тэнсэж орсон ажлын байраа алдахыг хүсэхгүй байна. Хууль шүүх иргэн бүрд тэгш үйлчлэх зарчим энэ маргаан дээр хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Н: Миний бие нэхэмжлэгч А.С-ийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. А.С бид хоёр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХ сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт түр ажилд томилогдсон. Тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Г нь 3 сарын туршилтын хугацаа зааж, бид нартай түр буюу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа дууссаны дараа эрхлэгч маань хамт олны хурал зарлаад сонгон шалгаруулалт явуулахаа мэдэгдсэн. Ингэхэд К.Б, Б.М, А.С бид дөрөв хамт олны хурлын протоколд гарын үсгээ зурцгааж, сонгон шалгаруулалтад орохоо илэрхийлсэн. Сонгон шалгаруулалт 3 үе шаттайгаар явагдсан бөгөөд нийт онооны нийлбэрээр би 1 дүгээр байранд орж туслах багшийн ажилд томилогдсон. А.С нь сонгон шалгаруулалтад ороогүй байж шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид шалгалтад орж өөрийн мэдлэг чадвараа харуулах боломж нь бүрэн байсан. Үүнээс гадна А.С нь хамт олны дунд хов жив зөөдөг, харилцааны доголдолтой байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.С-ийн ААААА5 дугаартай Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Болор мэргэжил сургалтын төвөөс олгосон ААААА дугаартай Мэргэжлийн үнэмлэх болон Сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс Я.Сьездэд олгосон итгэмжлэл болон тэд нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал хүлээлцсэн тухай баримт, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал болон уг тушаалын 1, 2 дугаар хавсралт, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн аймгийн боловсролын газрын дарга Г.А танаа гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай албан тоот, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгт бүлгийн багш, туслах багшийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна гэх зарлал, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Туслах багшийн сонгон шалгаруулалтын шалгалт явцын протоколууд, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн 2021-2022 оны Багш, туслах багшийн орон тоонд сонгон шалгаруулалтад орох хүмүүсийг бүртгэх бүртгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтад оролцсон туслах багш нарын дүнгийн мэдээ, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Сонгон шалгаруулалтад орголцсон туслах багш нарын 2-р шатны “Монгол хэлний чадвар”-ын шалгалтын дүнгийн нэгтгэл, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Сонгон шалгаруулалтад орголцсон туслах багш нарын 3-р  шатны "ур чадвар”-ын шалгалтын дүнгийн нэгтгэл,  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А.С-ийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г танаа гэх өргөдөл, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн иргэн А.Сийн танаа гэх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай албан тоот, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, АААА аймгийн ХХХХ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/300 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А-ийн С.Н-т өгсөн итгэмжлэл, АААА аймгийн ХХХХ сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А-ээс АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч А.С-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Н-ээс АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч А.С-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр АААА аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/892 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж, АААА аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Тогтоолыг хүчингүй болгох тухай” хуралдааны тогтоол, АААА аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай” хуралдааны тогтоол зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч А.С нь АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилогдож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. А.С нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл А.С нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа А.С-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж үндэслэл дурдаж А.С-ийг туслах багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Иймд АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч К.Асемгүл/-т холбогдуулан АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.С-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацаа, албан тушаал, ажил үүрэг зэрэг гэрээний гол нөхцөлүүдийг заасан. Тийм учраас нэхэмжлэгч А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн хуульд бүрэн нийцсэн гэж үзэх бүрэн боломжтой. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар цэцэрлэгийн эрхлэгч багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй байдаг. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш Сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Сонгон шалгаруулах комисс нь тус цэцэрлэгийн эрхлэгчээс хараат бус ажилласан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллага болох аймгийн Боловсролын газраас гадна цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл багтсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс туслах багшийн орон тоонд 43 хүн бүртгүүлсэн. Туслах багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 4 нь шалгалтад оролцоогүй. Тэдний нэг нь А.С байсан гэсэн. А.С нь шалгалт авах өдөрт Цэцэрлэгийн эрхлэгч надад өргөдөл гаргаж, “сонгон шалгаруулалт явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хүний эрх зөрчлөө, шүүхэд хандана” гэсэн бичгийг өгсөн. А.С-ийн эрх ашгийн үүднээс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр түүнийг ажилд томилох боломжгүй байсан гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч А.С нь АААА аймаг ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/9 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

4.3.  АААА аймаг ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн Б/04 дугаартай “ ажилд түр томилох тухай” тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3, 231 зүйлийн 231.1, 231.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын хоёр дугаар зүйлийн 2.6, 2.10, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаах нь 1. Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд А.С-ийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар бүлгийн туслах багшаар түр томилон ажиллуулсугай гэсэн тушаалаар А.С-ийг анх түр хугацаагаар бүлгийн туслах багшийн ажилд томилж байсан байна.

Энэхүү тушаалыг үндэслэн ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 22 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний 1.5-т ажлын байрны төрөл: түр, 1.10-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл туршилтын хугацаагаар байгуулсан, 1.11-т Хөдөлмөрийн нөхцөл: гэрээг эхлэн байгуулж байгаа нөхцөл туршилтын хугацаагаар байгуулах ба туршилтын хугацаа 3/гурав/-н сар байна, 1.12-т туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно гэж тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирч, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба талууд харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

4.4. АААА аймаг ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/9 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаах нь 1.Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаалаар нэхэмжлэгч А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон байна. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч А.С-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 2.6-т Багшийг ажилд авахдаа “Багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ, 2.10-т анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 3 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно, 2.11-т ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил үүргийг тасралтгүй явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу түр хугацаагаар гэрээгээр хүн авч ажиллуулж болно гэж тус  тус тусгасан байна. 

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй боловч нэхэмжлэгч А.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж хуулиар зохицуулсан ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд ямар нэгэн санал тавиагүй учир ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь дээрх хуульд нийцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 зүйлд төрийн албаны зарчмыг  тодорхойлсон ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтлан, мөн хуулийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-т ... иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.6-т ил тод байх гэж тус тус заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлд туршилтын хугацааны талаар зохицуулсан ба мөн хуулийн 231.1-т ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, 231.2-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна, 231.3-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж тус тус заасан ба ажил олгогчийн гаргасан шийдвэр буюу тушаал нь энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

4.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.С нь ... ажил олгогч түр хугацаагаар ажилд томилсон, түр хугацаагаар ажиллаж байсан, сонгон шалгаруулалт явуулж, түүний үр дүнгээр ажилтныг томилон гэдгийг мэдэж байсан ба тухайн үед түр хугацаагаар ажилд томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, миний эрх зөрчигдсөн талаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба энэ талаар гомдол гаргаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад уг хуралд шинээр орсон багш, туслах багш нарт сонгон шалгаруулалт зарлах тухайг танилцуулах асуудлыг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийн хэсэгт туршилтын хугацаагаар ажиллаж байгаа багш, туслах багш нарт сонгон шалгаруулалтын зарыг мэдэгдэж, хуралд оролцсон багш нар тус тус гарын үсэг зурсан байх ба А.С нь гарын үсэг зурсан байхаас үзэхэд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа багш ажилтнуудын 3 сарын туршилтын хугацаа дуусаж байгааг үүгээр мэдэгдэж байсан байна.

 

4.6. АААА аймгийн ХХХХ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгээр нэхэмжлэгч А.С-д бичгээр хариу өгсөн байх ба уг албан бичигт манай цэцэрлэгт шинээр бий болсон 4 орон тоонд багш ажилчдыг сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд 4 багшийг түр хугацаагаар буюу 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Багш сонгон шалгаруулах талаарх зарыг олон нийтэд нээлттэй тавьж, хараат бус комисс байгуулан шалгалтыг зохион байгуулж байгаа болно. Сул орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан А.С та тухайн шалгалтад оролцож, өрсөлдөхөөс татгалзсан юм. Цэцэрлэгийн багшаар ажиллах сонирхолтой 75 хүн шалгалт өгч өрсөлдөж байхад танд давуу байдал олгон багшаар томилон ажиллуулах боломжгүй гэсэн байна.

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Туслах багшийн сонгон шалгаруулалтын шалгалт явцын протоколоос харахад ... нийт 43 оролцогчоос ... А.С нар шалгаруулалтад оролцохгүй татгалзсан гэснийг тусгасан байна.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Туслах багшийн сонгон шалгаруулалтын шалгалтын явцын протокол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын дараа гарсан эрхийн акт буюу протокол байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

 

5.Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн АААА аймаг ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг гаргасан байх ба энэхүү тушаалын хавсралтаар багш сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг, сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журмыг тус тус баталсан байна.

Мөн хариуцагч ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Аймгийн Боловсролын газрын дарга Г.А танаа” гэх албан бичгээр ... сонгон шалгаруулалтад танай байгууллагаас хөндлөнгийн хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлж байсан байна.

ХХХХ сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт бүлгийн багш, туслах багшийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна гэж зар тавьж байсан байна.

 

6. АААА аймгийн ХХХХ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/14, Б/15 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан АААА аймаг ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12  дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дугаар заалт, тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын хоёрдугаар зүйлийн 2.6 дахь заалт, сонгон шалгаруулалтын дүнг тус тус үндэслэн А овогтой Н-ийг, Т овогтой А нарыг  ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Нэхэмжлэгч А.С нь ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн туслах багшаар “би томилогдон ажиллах ёстой” гэж маргаж байгаа боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “Цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд багш ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг, мөн хуулийн  11.1-т эрхлэгч нь дараах эрхтэй гэж тус тус заасан ба мөн хуулийн  11.1.2-т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй байх ба энэхүү эрхийн дагуу ажил олгогч ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтныг сонгон авч ажилд томилсон үйл баримтыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

7. Хавтаст хэрэгт авагдсан АААА аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/892 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжаар ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэн 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр, АААА аймаг ХХХХ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/300 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжаар ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог шинэчлэн 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус баталж байсан байна. Энэ талаар зохигчид маргаангүй болно.   

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн АААА аймгийн ХХХХ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй  болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь,

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн АААА аймгийн ХХХХ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй  болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. 

 

9.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан АААА аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай” тогтоол гаргаж, тогтоолын хавсралтаар  АААА аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан байх ба АААА аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгож байсан байна.

Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

 

10. Нэхэмжлэгчийн дээрх тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 158 зүйлийн 158.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С-ийн АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар АААА аймгийн ХХХХ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор АААА аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН