Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2022/00037

 

А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Булдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00249 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****оршин суух, Я.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох,   

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Я.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Нэхэмжлэгч А.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилогдож, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. А.С нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.  

1.2. Гэтэл А.С нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа А.С-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж үндэслэл дурдаж А.С-ийг туслах багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь тус цэцэрлэгийн туслах багшийн орон тоо нь шинээр бий болсон бүр орон тоо. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж ажилтан Б.С-тай хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаа гэсэн нэрийдлээр түр хугацаагаар байгуулсан явдал нь буруу.

1.3. Hөгөө талаас цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд иргэнийг авч ажиллуулахад заавал сонгон шалгаруулалт явуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулаагүй.

1.4. Хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцээгүй.

1.5. А.С нь сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшсэн, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэн. Ингэхээр ажил олгогчийн А.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн А.С-ийг гэнэт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь цэцэрлэгийн туслах багшийн ажлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий иргэнийг ажилтай болгох далд санааг хэрэгжүүлэх гэсэн башир арга ажиллагаа гэж үзэж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1.Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар манай цэцэрлэгт 50 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж өгсөн. 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгсөн. Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон.  

2.2. Миний бие шинээр ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан. Тэдний нэг нь А.С бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулсан.

2.3. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

2.4. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.С-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн.

2.5. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс туслах багшийн орон тоонд 43 хүн бүртгүүлсэн. Туслах багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 4 нь шалгалтад оролцоогүй. Тэдний нэг нь А.С байсан. А.С нь шалгалт авах өдөрт цэцэрлэгийн эрхлэгч надад өргөдөл гаргаж, “сонгон шалгаруулалт явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хүний эрх зөрчлөө, шүүхэд хандана” гэсэн бичгийг өгсөн. А.С-ийн эрх ашгийн үүднээс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр түүнийг ажилд томилох боломжгүй байсан. Учир нь манай аймагт багш ажилчдыг шалгаруулж авахдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, авлига, ашиг сонирхлоор дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг ажилд томилдог хэмээн маш их

их шүүмжлэл дагуулж байгаа.

2.6. Бодит байдал дээр тэр нь үнэн бөгөөд аймгийн удирдлагуудаас бидэнд шахалт үзүүлэн өөрсдийнхөө хүмүүсийг томилуулдаг байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд манай аймагт ажиллах үеэр ард иргэдтэй уулзалт хийхэд иргэд мөн энэхүү асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан.

2.7. Мөн Авлигатай тэмцэх газраас боловсон хүчний томилгоотой холбоотой шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийдэг болсон. А.С-ийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилон ажиллуулах талаар аймгийн Засаг даргын орлогч С.Х, Өлгий сумын Засаг дарга Д.Е нар надад удаа дараа шаардсан боловч би бусдын нөлөөнд орж А.С-д давуу байдал олгон, томилгоо хийх боломжгүй байсан.

2.8. Олон нийтэд сул орон тооны талаар мэдээлэл өгснөөс хойш 76 иргэн өрсөлдөхөөр болж бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хараат бус комисс байгуулан шударга явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс шалгалтын комиссын гишүүнд ороогүй, тэдний авсан шалгалтыг үндэслэн шударгаар томилгоо хийсэн гэж үзэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00249 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 158 зүйлийн 158.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А.С-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх А.С-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  

4.2. Ажилтан А.С-ийг ажил олгогч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь уг маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Ажил олгогчоос ажилтан А.С-тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний Нэг. 1.6 Ажлын байрны төрөл:           “Түр” гэж тэмдэглэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1-д заасныг ноцтой зөрчиж байна. Учир нь А.С-ийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр гэдэг нь төсвийн ерөнхийлөн захиргагчаас баталсан тус цэцэрлэгийн орон тоо, бүтцийг тогтоосон шийдвэр болон одоо хүртэл уг орон тоонд хүн ажиллаж байгаагаар нотлогдож байна.

4.4. Ажил олгогч ажилтан А.С-тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 22 дугаартай Хөдөлмөрийн гэрээний Дөрөвдүгээр бүлэгт: Ажилтны хүлээх үүргийг 8 зүйлээр зохицуулсан ба А.С нь ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй буюу ажил олгогч нь зөрчсөн гэдгийг нотолж чадаагүй.

4.5. Уг хөдөлмөрийн гэрээний Зургаадугаар бүлэгт: Гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг 20 зүйлээр зохицуулсан. Ажилтан А.С нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцсон 16 зөрчлийн аль нэгийг гаргаагүй байна. Харин ажил олгогч нь А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг дурджээ. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалт нь уг ажлын байрыг цомхотгосон, байгууллага татан буугдсан, эсвэл ажилтан А.С нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй гэх мэт нөхцөлд хэрэглэх ёстой заалт гэж үзэж байна.

4.6. Ажил олгогч нь А.С-ийг анх бүлгийн туслах багшийн ажилд томилоход 3 сарын хугацаатай буюу 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авах тухай эрхийн акт гаргажээ. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд анх ажилд орж байгаа ажилтныг 6 сар хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрсөн боловч А.С нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад түүнийг туршилтын хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа явдал нь хууль бус байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос А.Сийг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А\27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалаас үүдэлтэй. Ажил олгогч нь А.Сийг анх 3 сарын хугацаатай буюу туршилтын хугацаагаар ажилд авсан тохиолдолд гадагш чилгэсэн буюу нийтэд хандсан эрхийн акт гаргах ёсгүй гэж үзэж байна. А.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан тохиолдолд ажил олгогч нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл А.Сийн уг ажлыг хэрхэн гүйцэтгэж байсан, ажлын байранд тавигдсан үүргийг хэрхэн биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлснийг тал бүрээс нь харгалзан үзээд тэрээр тухайн ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзэж байна. Хэрвээ тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар уг бүлгийн туслах багшийн ажилд сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж үзвэл дотогш чиглэсэн нэг удаагийн үйлчлэлтэй эрхийн акт гаргаад эхлээд тус орон тоонд ажиллаж байсан А.С нь мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг тогтоох зорилгоор түүнээс шалгалт авах ёстой. Хэрвээ А.С нь уг шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд уг орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн нөхөх ёстой гэж үзэж байна. Гэтэл ажил олгогч нь уг орон тоонд А.С нь ажиллаж байгааг мэдсээр байж гадагш чиглэсэн эрхийн акт гарган нийтэд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь А.Сийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, шударга ёсонд нийцэхгүй хууль бус шийдвэр байсан гэж үзэж байна.  

4.7. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “ Цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” тухай зохицуулсан. Цэцэрлэгийн эрхлэгч хуульд заасан уг бүрэн эрхийг хэрэгжүүлье гэвэл тус цэцэрлэгийн орон тоо, бүтцэд анх шинэ орон тоо бий болсон тохиолдолд буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтыг цэцэрлэгийн эрхлэгч нь тус цэцэрлэгт шинэ орон тоо бий болсон тохиолдолд уг орон тоонд олон тооны иргэдээс ажиллах тухай цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан байхад өргөдөл ирүүлсэн иргэдийн мэдээллийг тал бүрээс нь судлан үзээд аль нэгийг сонгон ажиллуулна гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүх Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

4.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т нийтийн албан тушаал гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан. Авлигын эсрэг хуулийн “4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж заасан. Хариуцагч байгууллага төсөвт байгууллага мөн. Мөн хуулийн 3.1.4."давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж заасан. Авлигын эсрэг хуулийн “7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалттай.

5.2. ** дугаар цэцэрлэгт 2 бүлэг нэмэгдсэнтэй холбогдуулан 2 үндсэн 2 туслах багшийн орон тоо бий болсон. ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу төсвийг шууд удирдагч хуулиар хүлээсэн үүргээ шууд биелүүлж, сонгон шалгаруулалт явуулсан.

5.3. Сонгон шалгаруулалтын үр дүнгээрээ хүмүүсийг ажлын байрны шаардлага хангасан байна гэж дүгнэсэн. Сонгон шалгаруулалт явуулах журам болон захиргааны хэм хэмжээний акт хууль бус талаар ярьж байна. Захиргааны хэм хэмжээний актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд тодорхойлсон. Энэ тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гараагүй.

5.4. Баян-Өлгий хэмжээнд 40 цэцэрлэгийн тэр дотор Өлгий суманд үйл ажиллагаа явуулж байгаа 22 цэцэрлэгийн үндсэн багш болон туслах багшийн сонгон шалгаруулах журам батлаагүй. Хэрэв сонгон шалгаруулалтын журам батлах юм бол энэ нь өөрөө хэм хэмжээний акт болох байх. ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчид хэм хэмжээний акт батлах эрх байхгүй. Захиргааны ерөнхий тухай хуулийн 37 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын үндсэн 5-6 шинжийг тайлбарласан. Үүнээс үзэхэд захиргааны хэм хэмжээний акт гадагшаа чиглэсэн бол захиргааны актыг хангана. ** дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн шийдвэр байгаа. Үүнийг хууль зүйн яаманд бүртгүүлэх боломжгүй байхгүй. Захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх юм бол үүнийг иргэний хэргийн шүүх шийдэхгүй. Сонгон шалгаруулах журам зөрчсөн, захиргааны хэргийн акт гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсны дараа захиргааны хэргийн шүүхэд хянуулах ёстой.

5.5. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4-т “төрийн алба хаахад адил тэгш эрх эдэлнэ” гэж хуульчилсан. Гуравдагч этгээдийн хувьд төрийн албанд мөн адил ажиллах эрхтэй.

5.6. Гуравдагч этгээд анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “Би анх удаа ** дугаар цэцэрлэгийг харсан, сонгон шалгаруулалтад тэнцэж шударгаар орж ирсэн, хэн нэгнээр яриулаагүй, өөрийнхөө эрдэм мэдлэгээр орж ирсэндээ баяртай байна” гэдгээ тайлбарласан.

5.7. ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч авлигын эсрэг хуульд зааснаар давуу байдал болон өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс хараат бус байж сонгон шалгаруулах журам баталж, явуулсан. Сонгон шалгаруулалтад дөрөв хүн ороогүй, 70-80-аад хүн бүртгүүлж орсон. Гуравдагч этгээд тэр 70-80 хүнтэй өрсөлдөж шалгалт өгч, тэнцсэн.

5.8. Хөдөлмөрийн гэрээнд түр хугацаа гэж заасан. ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Сид “3 сарын хугацаатай түр ажиллаж байгаа, удахгүй сонгон шалгаруулалт явуулна, хэрэв та тэнцэж ороод ирвэл тантай бүр хугацаагаар гэрээ байгуулж ажиллах болно. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах болно” гэдгээ тодорхой хэлж, хоорондоо тохирсон. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт болно гэдгийг мэдэж байсан. Сонгон шалгаруулалт болно гэдгийг мэдэж байж ороогүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл явдал. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Я.С-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох, А.С-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох болон ажил олгогчийн бусад шийдвэрүүдийг хүчингүй болгох тухай нийт гурван шаардлагатай гомдлоор авч хэлэлцэх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул гомдлын зарим хэсгийг хангаж өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

7. Хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байдлыг хянахад, шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоосон боловч уг үйл баримтад тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байх тул А.С-ийг урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, гомдлын бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар А.С-ийг мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар тус цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд түр томилж ажиллуулсан байна. Ажилтан, ажил олгогчийн хооронд мөн өдөр байгуулагдсан 22 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтаас үзвэл, А.С-тай хөдөлмөрийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаагаар байгуулсан ба туршилтын хугацаа дуусмагц А.С-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулж, тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, хэрвээ шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцжээ. /Хэргийн 4-5 дугаар тал/

Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.10-т анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 3 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болохоор журамласан байна. /Хэргийн 74 дүгээр тал/

 

9. Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/9 дугаартай тушаалаар “шинээр бий болсон туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах хүртэл 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа А.С-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, А.С-ийг тус цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлжээ. Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар ажил олгогч нь А.С-ийн түр ажиллаж байсан гэх туслах багшийн орон тоог сул орон тоо гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт 76 хүнээс туслах багшийн орон тоонд өрсөлдсөн 43 хүнийг сонгон шалгаруулж, үүнээс 1, 2 дугаар байр эзэлсэн А.Н, Т.А нарыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаар тушаалаар тус тус бүлгийн туслах багшийн орон тоонд ажиллуулахаар томилсон байна. /Хэргийн 27, 29, 38-39, 52-70 дахь тал/

 

10. Харин ажилтан А.С нь дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан бөгөөд энэ талаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчид хандаж “...ажилласан хугацаанд ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл та намайг удаа дараа дарамтлаад зогсохгүйгээр миний эрхэд халдан хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад зохион байгуулалттай шалгаруулалт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба таны энэ асуудал хүний эрхийг зөрчиж байна. Таны энэ үйлдлийн талаар би шүүхэд хандах болно” гэж гомдол гаргаж байжээ. Хариуцагч тухайн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан болон ажилтныг ажлаас чөлөөлсөн талаарх үндэслэлээ “А.Сийг шинээр бий болсон орон тоонд багш сонгон шалгаруулж авах хүртэл 3 сарын хугацаатай  хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Багш сонгон шалгаруулах талаар зарыг олон нийтэд нээлттэй тавьж, хараат бус комисс байгуулан шалгалтыг зохион байгуулсан. А.С нь тухайн шалгалтад оролцох, өрсөлдөхөөс татгалзсан. Цэцэрлэгийн багшаар ажиллах сонирхолтой 75 хүн шалгалт өгч өрсөлдөж байхад А.Сд давуу байдал олгон багшаар шууд томилох боломжгүй” гэж тайлбарласан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам” хэрэгт авагдсан байна. /Хэргийн 47-51,71-72 дугаар тал/

 

11. А.Сийг Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн орон тоонд 3 сарын туршилтын хугацаатай, түр авч ажиллуулсан, улмаар ажил олгогчоос түүний ажиллаж байсан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, бүртгүүлсэн иргэдээс шалгалт авсан, уг сонгон шалгаруулалтад ажилтан А.С оролцохоос татгалзсан, шалгалтын дүнгээр А.Н, Т.А нар 1, 2 дугаар байруудад шалгарсан тул А.Сийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Н, Т.А нарыг цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилсон зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл явдлууд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үеэр өрнөсөн байна.

Тиймээс уг үйл баримт бүхий хөдөлмөрийн маргаанд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч хэрхэн биелүүлж, хэрэгжүүлж байсан, гомдлын шаардлагын хүрээнд ажил олгогчийн үйл ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар давж заалдах шатны шүүх мөн хуулийг хэрэглэж эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эх сурвалж мөн болохын хувьд түүнийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарах ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд “хуулийг буцаан хэрэглэх” талаар өөр журам тогтоогоогүй байна.

 

12. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байхаар, мөн хэсгийн 23.2.3 дахь заалтад шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос “хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон” туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа түүний “мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах” зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтад ажилтантай байгуулагдсан уг гэрээ 3 сарын “туршилтын хугацаагаар” байгуулагдсан боловч хугацаа дуусмагц А.Сийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулж, тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, хэрвээ шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тусгасан, хариуцагчийн тайлбарт дурдсанаар “шинээр бий болсон туслах багшийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл А.Сийг туслах багшийн ажилд түр томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан”, ажил олгогчоос А.Сийн ажиллаж байсан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, улмаар түүнд оролцсон 43 хүнээс сонгон шалгаруулж, эхний хоёр байранд шалгарсан 2 хүнийг А.Сийн оронд уг ажилд томилсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл, ажилтан А.С болон ажил олгогч Өлгий сумын ** дугаар цэцэрлэг нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 22 дугаар хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтад харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээний хугацаа буюу “туршилтын хугацаа” нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан “туршилтын хугацаа тогтоох зорилгыг” хангаагүй, хуульд нийцээгүй байна.

 

13. Талуудын тогтоосон 3 сарын хөдөлмөрийн гэрээний хугацааг “туршилтын хугацаа гэж үзэх хуульд заасан зорилгыг хангаагүй” нь дээрх үндэслэлээс гадна ажил олгогчоос  ажилтан А.С нь цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажил үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд тохирох эсэхийг түүний 3 сарын хөдөлмөрийн үр дүнд тулгуурлан үнэлэлт өгч дүгнээгүй, харин түүний ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, олон нийтэд хандаж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн 76 хүнээс 43 хүнийг цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд өрсөлдүүлж, улмаар эхний хоёр байранд шалгарсан 2 хүнийг А.Сийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр туслах багшаар томилсон үйл баримтаар давхар батлагдаж байна.

Хэрвээ ажил олгогчоос 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар А.Сийг цэцэрлэгийн туслах багшийн ажилд анх авахдаа түүнийг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тохирох эсэхийг шалгах зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан бол түүний уг хугацаанд гүйцэтгэсэн ажил байдалд дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой байтал түүний ажиллаж байсан орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулж, туршилтын хугацаагаар ажилласан ажилтныг шинээр ажилд орохоор бүртгүүлсэн 43 хүнтэй өрсөлдүүлэх байдлаар шинээр, дахин сонгон шалгаруулах ёсгүй. Тиймээс уг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоогүй ажилтан А.Сийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй, харин туршилтын хугацаагаар авч ажиллуулсан гэх ажилтны ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, түүнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, туслах багшийн ажилд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ажилтан А.Сийн 3 сарын хөдөлмөрийн дүнг үнэлээгүй атлаа түүнийг шинээр ажилд орохыг хүссэн 43 иргэнтэй хамт өрсөлдүүлэхээр зарласан сонгон шалгаруулалтад оруулахыг шаардсан, улмаар түүний хөдөлмөрийн гэрээг нь “сонгон шалгаруулалтад сайн дураараа оролцоогүй, сонгон шалгаруулалтад эхний байранд орж тэнцсэн иргэнийг туслах багшийн орон тоонд томилсон” гэх шалтгаанаар дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа хууль ёсны зарчимд нийцээгүй, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

14. Ажилтан ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан туршилтын хугацааны зорилгыг хангаагүй хууль бус тул ажил олгогчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаарх мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гэж үзэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход чиглэгдсэн ажил олгогчийн үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон тул ажилтныг урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол бүрэн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хавсралтын хамт хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох талаар гомдол гаргажээ. Уг тушаалын хавсралтаар батлагдсан комисс болон сонгон шалгаруулах журам нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад “эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж заасныг болон тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд үүнийг хууль бус тушаал гэж үзэх үндэслэл хэргээс тогтоогдохгүй байна. Уг тушаалаар батлагдсан комиссын чиг үүрэг болон сонгон шалгаруулах журмын зорилт нь шинээр ажилд томилогдох багш, ажилтныг нээлттэй сонгон шалгаруулах буюу цэцэрлэгийн эрхлэгчийн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах бүрэн эрхэд дэмжлэг үзүүлэх агуулгатай, Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын бүрэлдэхүүн хэсэг мөн байх тул уг баримт бичгийн талаар анхан шатны шүүх Захиргаан ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг баримталж “захиргааны акт” гэж дүгнэсэн нь эрх зүйн хувьд алдаатай болжээ. Шүүхийн уг буруу дүгнэлтээс улбаатайгаар анхан шатны шүүх гомдлын уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулжээ.

Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Ажил олгогчийн уг тушаалтыг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хүлээж авахгүй.

 

16. Ажил олгогч нь А.Сийн ажиллаж байсан туслах багшийн орон тоог сул орон тоо гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүд, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт 76 хүнээс 43 хүнийг хооронд нь өрсөлдүүлж, шалгаруулан 1, 2 дугаар байр эзэлсэн А.Н, Т.А нарыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаар тушаалаар тус тус бүлгийн туслах багшийн орон тоонд томилсон бөгөөд уг тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, А.Н, Т.А нарыг шүүх тэдгээрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

“2 туслах багш, 2 бүлгийн багш, нийт 4 багшийн орон тоо гарсан ба тэдгээрийн оронд ажилтан сонгон шалгуулж авах хүртэл 4 багшийг хугацаатай гэрээгээр түр томилж ажиллуулсан” гэх хариуцагчийн хариу тайлбарыг анхаарч, А.Н, Т.А нарын хэн нь А.Сийн ажиллаж байсан туслах багшийн орон тоонд томилогдсон нь хэргээс нотлогдон тогтоогдоогүй, нөгөө талаар А.Сийн ажиллаж байсан орон тоонд томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээ “хуульд зааснаар дуусгавар болох” тул хариуцагч цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгчийн гомдлын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хуульд заасны дагуу дуусгавар болох ба А.Сийг шүүх урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосон тул түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн гэрээг хуульд зааснаар дуусгавар болгож, А.Сийг тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд ажиллах нөхцөл бололцоогоор хангах нь ажил олгогчийн үүрэг мөн болохыг зориуд тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00249 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалт, 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан А.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” А/27 дугаар тушаал болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/14, Б/15 дугаар тушаалуудыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, мөн заалтад “хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгээс 70.200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт оруулж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч Я.Сийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, **2 дугаар зүйлийн **2.1, **2.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК