Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2022/00691

 

 

 

 

 

 

 

 2022         03          15                                         182/ШШ2022/00691

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭЭК ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,440,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х,

Хариуцагчийн төлөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хамгийн анх ЭЭКХХК-ийн захирал Эрдэнэбаяр нь миний таньдаг хүн Алтанхуягаар дамжуулж надтай утсаар холбогдсон. Би өөрөө хэмжигч багажтай том машин барьдаг, түүгээрээ дизель түлш зөөж, борлуулдаг байгаа. Ингээд ЭЭКХХК-ийн захирал Эрдэнэбаяр нь намайг өөрийн байгууллагад дизел түлш нийлүүлж байхыг хүссэн, би ч зөвшөөрч, аман тохиролцоо хийж, дизель түлшийг тухайн орон нутгийн ханшаар тооцож худалдах, нөгөө тал худалдаж авахаар болсон байдаг. Тэгээд би тохиролцсон ёсоор нийлүүлэх дизель түлшээ МТХХК, НЭСХХК-ийн Дархан-Уул аймагт байх агуулахаас бөөний үнээр өөрөө худалдан авч, түүн дээрээ мөнгө нэмж хариуцагч ЭЭКХХК-нд нийлүүлж, баримтны худалдан авагч гэсэн хэсэгт ЭЭКХХК-ийн нэрийг бичүүлж, и-баримт авч байсан. Миний эдгээр байгууллагаас авч байсан дизель түлшний хэмжээ хариуцагч ЭЭКХХК-нд нийлүүлсэн дизель түлшний хэмжээнээс арай их байгаа. Учир нь дизель түлш их ууршдаг бөгөөд хариуцагчийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байх Соль гэдэг уурхайд хүлээлгэн өгөх үед би машины хэмжигчээр хэмжиж, хариуцагч байгууллагаас нярав гэх хүнд нь хүлээлгэн өгч байсан. Тухайн үедээ ямар нэгэн бичгийн баримт үйлдэж байгаагүй. Ингээд би нийт 9 удаа хариуцагч ЭЭКХХК-нд дизель түлш нийлүүлсэн. Үүнд:

1.2020.05.04-ний өдөр 6995 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,241,250 төгрөг,

2.2020.05.07-ны өдөр 6990 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,232,500 төгрөг,

3.2020.05.22-ны өдөр 6924 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,117,000 төгрөг,

4.2020.05.28-ны өдөр 6819 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,251,350 төгрөг,

5.2020.06.05-ны өдөр 6966 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,493,900 төгрөг,

6.2020.06.11-ны өдөр 6950 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,467,500 төгрөг,

7.2020.06.21-ний өдөр 6975 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,508,750 төгрөг,

8.2020.07.08-ны өдөр 17,700 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 29,205,000 төгрөг,

9.2020.09.10-ны өдөр 6822 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,256,300 төгрөг,   

Нийт 73,141 л, 122,773,550 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг хариуцагчид нийлүүлсэн байна.

Харин бид аман тохиролцоогоо сүүлд 2020.07.07-ны өдөр бичгийн хэлбэрт буулгаж, гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу сүүлийн хоёр нийлүүлэлт хамаарч байгаа бөгөөд гэрээний 6.9, 6.10-т 3 сарын хугацаанд 24,700 литр шатахууныг, НЭСХХК, МТХХК-ийн агуулахаас худалдан авч, и-баримтыг хариуцагч байгууллагын регистрийн дугаараар авч байхаар тохирсон нь харагдана. Хариуцагч нь нийт 12 удаагийн төлөлтийг хийсэн. Үүнд:

1.2020.05.04-ний өдөр 12,241,250 төгрөг,

2.2020.05.27-ны өдөр 12,232,500 төгрөг,

3.2020.06.04-ний өдөр 11,424,600 төгрөг,

4.2020.06.09-ний өдөр 6,000,000 төгрөг,

5.2020.06.20-ны өдөр 16,745,250 төгрөг,

6.2020.07.07-ны өдөр 20,000,000 төгрөг,

7.2020.07.09-ний өдөр 1,000,000 төгрөг,

8.2020.08.05-ны өдөр 1,181,250 төгрөг,

9.2020.11.04-ний өдөр 5,000,000 төгрөг,

10.2021.03.03-ны өдөр 5,000,000 төгрөг,

11.2021.06.21-ний өдөр 10,000,000 төгрөг,

12.2021.08.24-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 105,824,850 төгрөгийг төлсөн.

Ийнхүү хариуцагч нь миний худалдсан нийт 73,141 л дизель түлшний  үнэ болох 122,773,550 төгрөгөөс 105,824,850 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 16,400,000 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөрийг төлөх талаар хариуцагчаас удаа дараа шаардсан, уулзалдсан, утсаар ярьсан. Харин хариуцагч нь намайг Алтанхуягаас мөнгөө ав гэж, тэр хүн манайхтай тооцоотой байгаа гэж хэлсэн. Харин би Алтанхуягаас авахгүй, та нарын асуудал тусдаа байна биз, би танайхаас мөнгөө авна гэж хэлж байсан. Тэгээд чАнь надад 2021.08.24-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлснийг би хариуцагчийн тооцоонд оруулсан байгаа. Энэ мэтчилэн хариуцагч миний төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй, намайг хохироож байна.

Тийм учраас би гэрээний 5.2-т зааснаар алдангийг 16,400,000 төгрөгөөс тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрсэн тул алданги нь 50% болох 8,000,000 төгрөг, нийт 24,400,000 төгрөг болсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдангийг буруу тооцож 47,429,400 төгрөг нэхэмжилсэн байсныг, тооцооллын хувьд зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан юм. Тиймээс хариуцагч ЭЭКХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,400,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 24,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020.07.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь манай байгууллагад 24,700 л дизель түлш нийлүүлэх ёстой байгаа. Энэхүү гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн, гэрээ дуусгавар болсон. Харин илүү нийлүүлэлт хийсэн гэж байгаа бол тэр талаараа нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 73,141 л, 122,773,550 төгрөгийн үнэтэй дизель түлш нийлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал 2020.07.07-ний өдрийн нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, МТХХК-ийн шатахуун тослох материалын зарлагын падаан, НЭСХХК-ийн шатахуун бөөний үнээр борлуулах үнийн зөвшөөрлийн баримтууд, зарлагын баримтууд, и-баримтууд, Ш ХХК-ийн зарлагын падаан гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч ЭЭКХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,429,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасган, гэрээний үлдэгдэл төлбөр 16,440,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 24,440,000 төгрөг гэж тодорхойлсон болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би хариуцагч байгууллагын заасан уурхайд нийт 9 удаагийн нийлүүлэлтээр 73,141 литр, 122,773,550 төгрөгийн үнэ бүхий дизель түлш худалдсан байхад хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй, 12 удаагийн шилжүүлгээр 105,824,850 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, төлбөрийн үлдэгдлийг шаардахаар н.Алтанхуяг гэдэг хүн манайхтай тооцоотой, тэр хүнээс ав гэдэг, би үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа хэдий ч н.Алтанхуягийн надад шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хариуцагчийн төлөлтөд оруулж тооцсон, хариуцагч гэрээний дагуу үлдэгдэл төлбөртэй байгаа, би хариуцагчтай гэрээний харилцаанд орсон учир энэхүү төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал 2020.07.07-ний өдрийн гэрээний дагуу 24,700 литр дизель түлшийг нэхэмжлэгчээс худалдан авсан дээр маргахгүй, харин төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь илүү дизель түлш нийлүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч ЭЭКХХК-ийн захирал Д.Энь 2020 оны 05 сард нэхэмжлэгч Д.Гтай түүний таньдаг хүн болох н.Алтанхуяг гэх хүнээр дамжуулан утсаар холбогдож, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Энэхүү тохиролцоогоор нэхэмжлэгч Д.Г нь орон нутгийн ханшаар дизель түлшийг хариуцагч ЭЭКХХК-ийн Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд байрлах уурхайд хүлээлгэн өгөх, хариуцагч ЭЭКХХК нь дизель түлшийг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцэж байна.

 

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г нь Дархан-Уул аймагт байрлах МТХХК, НЭСХХК, Ш ХХК-ийн агуулахаас дизель түлшийг 1200 төгрөг, 1250 төгрөг, 1300 төгрөг, 1400 төгрөг гэх мэт нэгж үнээр 19,330 литр, 7010 литр гэх мэтээр худалдан авч, и-баримтаар баримтжуулан, и-баримтад хариуцагч ЭЭКХХК-ийг бүртгүүлэн, өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлийн 57-53 ДАА дугаартай автомашинаар,

1.2020.05.04-ний өдөр 6995 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,241,250 төгрөг,

2.2020.05.07-ны өдөр 6990 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,232,500 төгрөг,

3.2020.05.22-ны өдөр 6924 л, 1 литр нь 1750 төгрөг, нийт 12,117,000 төгрөг,

4.2020.05.28-ны өдөр 6819 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,251,350 төгрөг,

5.2020.06.05-ны өдөр 6966 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,493,900 төгрөг,

6.2020.06.11-ны өдөр 6950 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,467,500 төгрөг,

7.2020.06.21-ний өдөр 6975 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,508,750 төгрөг,

8.2020.07.08-ны өдөр 17,700 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 29,205,000 төгрөг,

9.2020.09.10-ны өдөр 6822 л, 1 литр нь 1650 төгрөг, нийт 11,256,300 төгрөг,

нийт 73,141 литр, 122,773,550 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тээвэрлэн хариуцагч ЭЭКХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байрлах уурхайд, өөрийн машины хэмжих багажаар хэмжин, хариуцагч талаас нярав байлцан тус тус хүлээлгэн өгч, хүлээн авч байжээ.

 

3.Зохигчид тухайн үедээ дизель түлшийг хүлээлгэн өгөх, авахдаа бичгийн баримт үйлдээгүй байх боловч шүүх хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч ийм хэмжээний дизель түлш нийлүүлсэн гэдгээ, мөн манай байгууллагаас авлагатай гэдгээ баримтаар нотлохгүй байна...” гэх агуулга бүхий тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгч талын гаргасан “...миний машин хэмжих багажтай бөгөөд уурхайд дизель түлшийг хүлээлгэн өгөхөд хариуцагч байгууллагын няравыг байлцуулан, хэмжиж буулгадаг, ямар нэгэн бичгийн баримт үйлддэггүй байсан...” гэсэн агуулга бүхий тайлбарыг үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

Ийнхүү хариуцагч ЭЭКХХК нь нэхэмжлэгч Д.Гас хүлээн авсан дизель түлшний төлбөрт:

1.2020.05.04-ний өдөр 12,241,250 төгрөг,

2.2020.05.27-ны өдөр 12,232,500 төгрөг,

3.2020.06.04-ний өдөр 11,424,600 төгрөг,

4.2020.06.09-ний өдөр 6,000,000 төгрөг,

5.2020.06.20-ны өдөр 16,745,250 төгрөг,

6.2020.07.07-ны өдөр 20,000,000 төгрөг,

7.2020.07.09-ний өдөр 1,000,000 төгрөг,

8.2020.08.05-ны өдөр 1,181,250 төгрөг,

9.2020.11.04-ний өдөр 5,000,000 төгрөг,

10.2021.03.03-ны өдөр 5,000,000 төгрөг,

11.2021.06.21-ний өдөр 10,000,000 төгрөг,

12.2021.08.24-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 12 удаагийн шилжүүлгээр 105,824,850 төгрөгийг нэхэмжлэгч Д.Гд төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн ХААН банкны дансны хуулгаар дээр дурдсан 12 удаагийн шилжүүлэг хийгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү 12 удаагийн шилжүүлгээс 2021.08.24-ний өдрийн 5,000,000 төгрөг “Huyagaa zaamar” гэсэн утгаар, бусад бүх шилжүүлэг “түлшний төлбөр, экогоос”, “эко түлш өр Г”, “selenge tulshni ur gantulga” гэх мэт утгаар хариуцагч ЭЭКХХК-иас нэхэмжлэгч Д.Гд шилжсэн болох нь харагдана.

 

4.Ийнхүү нэхэмжлэгч Д.Г нь зохигчдын аман тохиролцооны дагуу 2020.07.07-ны өдрийг хүртэл дизель түлшийг хариуцагч ЭЭКХХК-нд зохих журмын дагуу нийлүүлж, хариуцагч ЭЭКХХК нь төлбөр төлж байсан байх бөгөөд энэхүү аман тохиролцоог зохигчид 2020.07.07-ны өдөр “нефт бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” нэртэйгээр бичгийн хэлбэрт буулгаж, гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г нь 3 сарын хугацаанд 24,700 литр дизель түлшийг, НЭСХХК, МТХХК-ийн нефть бүтээгдэхүүний агуулахаас худалдан авалт хийж,                        и-баримтыг 5798019 регистрийн дугаартай, хариуцагч ЭЭКХХК-ний нэр дээр гаргуулж, түүнд хүлээлгэн өгөх, хариуцагч ЭЭКХХК нь дизель түлшийг хүлээн авч, төлбөр төлөх, төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5%-иар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Энэхүү бичгийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г нь Дархан-Уул аймагт байрлах МТХХК, НЭСХХК, Ш ХХК-ийн агуулахаас дизель түлшийг худалдан авч, и-баримтад хариуцагч ЭЭКХХК-ийн регистрийн дугаарыг бүртгүүлж, 24,700 литр дизель түлшийг зохих журмын дагуу хариуцагч ЭЭКХХК-нд хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгсөн 73,141 литр, 122,773,550 төгрөгийн үнэ бүхий дизель түлшинд 24,700 литр дизель түлш багтсан байх бөгөөд хариуцагч талаас хийсэн төлөлтүүдийг дээр нэгэнт дүгнэсэн болно.

 

5.Иймд нэхэмжлэгч талын өгсөн баримтуудаар дурдсан үйл баримтууд тогтоогдсон, мөн хариуцагч ЭЭКХХК нь нэхэмжлэгч Д.Гд худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байх тул хариуцагч талын гаргасан “...бид 2020.07.07-ний өдрийн гэрээний дагуу 24,700 литр дизель түлшийг нэхэмжлэгч манай байгууллагад нийлүүлэх ёстой, энэ түлшийг худалдан авсан талаар маргахгүй, төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь илүү нийлүүлэлт хийсэн талаараа баримтаар нотлохгүй байна...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдав.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Г нь худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу дизель түлшийг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч ЭЭКХХК нь худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д зааснаар төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

6.Улмаар нэхэмжлэгч Д.Г нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагч ЭЭКХХК-иас шаардсан байхад хариуцагч ЭЭКХХК нь төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлбөр төлөх үндсэн үүргээс гадна гэрээний хариуцлага болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги төлөх нэмэлт үүргийг хүлээнэ.

 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг, анзын төрөл болохын хувьд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөхөөр тогтоосон, хариуцлагын шинжтэй хууль зүйн ойлголт бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д тусгасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

7.Иймд нэхэмжлэгч Д.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний төлбөр, алдангийг хариуцагч ЭЭКХХК-иас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч ЭЭКХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг нэхэмжлэгч Д.Гд төлөх үүрэгтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тооцооллын хувьд хууль болон гэрээнд зааснаар нягталж үзвэл:

1.гэрээний үлдэгдэл төлбөр 16,948,700 /122,773,550 төг - 105,824,850 төг/ төгрөг,

2.алданги 8,474,350 /хариуцагч талаас төлсөн төлбөрийн утгыг үндэслэн сүүлийн төлөлт болох 2021.06.21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.10.19-ний өдрийг хүртэл тооцоход 119 хоног. 1 өдрийн алданги 16,948,700 төг * 0,5% = 84,743төг * 119 өд = 10,084,476 төгрөг болж гүйцэтгээгүй үүрэг болох 16,948,700 төгрөгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 16,948,700 төгрөгийн 50%-иар тооцсон болно/ төгрөг, нийт 25,423,050 /16,948,700 төг + 8,474,350 төг/ төгрөг болов.   

 

Хэдийгээр тооцоолол нийтдээ 25,423,050 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч Д.Г нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 16,400,000 төгрөг, алдангийг 8,000,000 төгрөг, нийт 24,440,000 төгрөг гэж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэн хариуцагч ЭЭКХХК-иас 24,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   8.Нэхэмжлэгч Д.Г-н тэмдэгтийн хураамжид төлсөн 395,097 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭКХХК-иас 280,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ЭЭКХХК-иас 24,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,097 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭКХХК-иас 280,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА