Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01031

 

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00691 дугаар шийдвэртэй

Д.Гын нэхэмжлэлтэй, ЭЭКХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ЭЭКХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр надаас дизель түлш нийлүүлэхийг хүссэнийг зөвшөөрч, амаар тохиролцож дизель түлшийг тухайн орон нутгийн ханшаар тооцон худалдах, нөгөө тал худалдаж авахаар тохиролцсон.

Би дизель түлшийг Магнай трейд ХХК, Нью энержи стар ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь агуулахаас бөөний үнээр худалдан авч, түүн дээрээ мөнгө нэмж хариуцагч ЭЭКХХК-д нийлүүлж, и-баримтын худалдан авагч гэсэн хэсэгт тус компанийн нэрийг бичүүлдэг байсан.

Миний авсан дизель түлшний хэмжээ хариуцагч ЭЭКХХК-д нийлүүлсэн дизель түлшнээс их байгаа нь дизель түлш ууршдагтай холбоотой ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байх Соль гэдэг уурхайд дизель түлшийг хүлээлгэн өгөхдөө машины хэмжигчээр хэмжиж, хариуцагч байгууллагын няравд хүлээлгэн өгөхдөө бичгийн баримт үйлдээгүй.

Би ЭЭКХХК-д нийт 9 удаа дизель түлш нийлүүлсэн. Ингэхдээ 1 литр дизель түлшийг 1,750 төгрөгөөр тооцож 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 6,995 литр 12,241,250 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 6,990 литр 12,232,500 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6,924 литр 12,117,000 төгрөгийн, 1 литр дизель түлшийг 1,650 төгрөгөөр тооцож 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6,819 лиртийг 11,251,350 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 6,966 литр 11,493,900 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6950 литр 11,467,500 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 6,975 литр 11,508,750 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17,700 литр 29,205,000 төгрөгийн, 2020 оны 09 дугаар сарын 10-ны өдөр 6,822 литр 11,256,300 төгрөгийн, нийт 73,141 литрийг 122,773,550 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлсэн.

Талууд аман тохиролцоогоо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бичгийн хэлбэрт буулгаж гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээнд сүүлийн хоёр нийлүүлэлт хамаарах бөгөөд гэрээний 6.9, 6.10-т 3 сарын хугацаанд 24,700 литр дизель түлшийг Нью энержи стар ХХК, Магнай трейд ХХК-ийн агуулахаас худалдан авч, хариуцагч байгууллагын регистрийн дугаараар и-баримтыг авахаар тохирсон. Хариуцагч нь надад нийт 12 удаагийн төлөлтийг хийсэн. Үүнд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12,241,250 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12,232,500 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 11,424,600 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16,745,250 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,181,250 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 105,824,850 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нь миний худалдсан нийт 73,141 литр дизель түлшний үнэ болох 122,773,550 төгрөгөөс 105,824,850 төгрөгийг төлж, үлдэх 16,400,000 төгрөгийг төлөөгүй. Энэ төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардахад Ч.Алтанхуягаас мөнгөө ав, тэр хүн манайхтай тооцоотой байгаа гэж хэлсэн. Ч.Алтанхуягаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагчийн тооцоонд оруулсан.

Хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул гэрээний 5.2-т зааснаар алдангийг 16,400,000 төгрөгөөс тооцож гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 8,000,000 төгрөгийг гэрээний үүрэгтэй хамт нийт 24,400,000 төгрөгийг хариуцагч ЭЭКХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин Д.Гад 11,440,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэжээ.

2.2. Хариуцагч тал 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч манай байгууллагад 24,700 литр дизель түлш нийлүүлэх үүрэгтэй ба хариуцагч гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 81,824,850 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн 73,141 литр, 122,773,550 төгрөгийн үнэтэй дизель түлш нийлүүлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭЭКХХК-аас 24,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,097 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭКХХК-аас 280,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу дүгнээгүй.

4.а.Шүүх талуудын хооронд урьд амаар тохирч нийлүүлсэн түлшний төлбөрийг хариуцагч төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагчаас 24,440,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан нефть бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд урьд аман тохиролцооны дагуу нийлүүлж байсан түлштэй холбоотой харилцааг баталгаажуулсан талаар тусгагдаагүй. Хэрэв энэ тохиролцоог бичгийн хэлбэрт оруулж, гэрээ байгуулсан бол үүнийгээ гэрээнд тусгах байсан.

Гэтэл дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт зааснаар алданги шаардах нэхэмжлэгчийн эрх нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүсэх бөгөөд хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлж барагдуулсан тул хуулийн дагуу алданги төлөх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 24,700 литр түлшний үнээс илүү мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн ба үүгээр хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогддог гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.Га нь хариуцагч ЭЭКХХК-д холбогдуулан нефть бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүрэг 16,400,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг нийт 24,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нефть бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Га нь 24,700 литр дизель түлшийг ЭЭКХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байрлах уурхайд нийлүүлэх, хариуцагч ЭЭКХХК нь төлбөрийг дараагийн шатахуун худалдан авахаас өмнө, эсхүл ажлын 5-10 хоногт багтаан 100 хувь төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх4-5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Зохигчдын хооронд нийлүүлсэн дизель түлшний хэмжээ болон төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

5. Нефть бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 2.3-т хариуцагчийн захиалсан дизель түлшийг талууд акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан хүлээлцэхээр тохиролцсон боловч хэрэгт гэрээгээр тохирсон зүйлийг хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт авагдаагүй байна.

 

Шатахуун тослох материалын зарлагын падаан, Энержи стар ХХК-ийн ШТМ-ын зарлагын баримт, газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авалтын акт, тэдгээрийн НӨАТ-ын баримтад худалдан авагчийг хариуцагч байгууллага гэж, жолооч гэх хэсэгт Д.Гын нэрийг бичснээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийг худалдсан гэх байдлыг шууд нотлохгүй, харин эд хөрөнгийг зөөвөрлөсөн гэдгийг үгүйсгэхгүй. /хх 67-74/

 

Харин хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд анх гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид 11,440,000 төгрөгийн дизель түлшний төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн байтал тэрээр 3 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс тайлбараа өөрчилж төлөх төлбөргүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэсэнтэй зөрчилдөж байна.

 

Хариуцагч талын илэрхийлж буй байр суурь хоорондоо зөрүүтэй байгаа тохиолдолд ийнхүү байр сууриа өөрчилсөн нь үндэслэл муутай байх тул түүний анхны тайлбарыг үнэн зөв гэж дүгнэнэ.

 

Иймд хариуцагчаас дизель түлшний үнэ 11,440,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй гэж дүгнэн энэ хэмжээгээр төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

6. Нэхэмжлэгч Д.Га нь хариуцагч ЭЭКХХК-аас хугацаа хэтрүүлсний алдангид 8,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний 5.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг дараагийн шатахуун авахаас өмнө, эсхүл ажлын 5-10 хоногт багтаан 100 хувь төлөлгүй хугацаа хожимдуулсан бол хоног тутамд 0,5 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулна гэх болон мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой тус тус нийцсэн байна.

 

Харин алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул 11,440,000 төгрөгийн 50 хувиар тооцож 5,720,000 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөрийг бүрэн төлсөн тул алданги шаардах эрхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ЭЭКХХК-аас 17,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...24,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгосугай. гэснийг ...17,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭЭКХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,150 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ