| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 142/2015/01468/И |
| Дугаар | 001/ХТ2026/00064 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2026/00064
Ч.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207/МА2025/00123 дугаар магадлалтай,
Ч.Д-ын нэхэмжлэлтэй,
С.Г, Н.М нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Н.М-өөс 694,112,088 төгрөг, С.Г-өөс 897,319,877 төгрөг тус тус гаргуулах
Сөрөг нэхэмжлэл: нэхэмжлэгч Ч.Д-оос 897,310,003 төгрөг гаргуулж 547,310,003 төгрөгийг Н.М-д, 350,000,000 төгрөг гаргуулж С.Г-т тус тус олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагч С.Г, хариуцагч С.Г-ийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч Н.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч С.Г, Н.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч Н.М-өөс 694,112,088 төгрөг, С.Г-өөс 897,319,877 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Н.М нь нэхэмжлэгч Ч.Д-оос 547,310,003 төгрөг, С.Г 350,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ын хариуцагч С.Г-өөс 545,473,334 төгрөг, Н.М-өөс 1,333,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Г-ийн Ч.Д-оос 350,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.М-ийн Ч.Д-оос 547,310,003 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.Д-ын 7,755,110 төгрөгийг, С.Г-ийн 1,907,950 төгрөгийг, Н.М-ийн 2,894,500 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.4-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн талаар: Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт буюу анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн заалтыг баримталсан боловч анхан шатны шүүхийн гаргасан ноцтой гэж үзэх зөрчил алдааг илрүүлэн заасан, тэр нь залруулах боломжгүй тухай дүгнэлт байхгүй, хэргийн оролцогчид тийм мэтгэлцээн явуулаагүй, гомдол гаргаагүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад зөрчсөн мэтээр хандаж хэргийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа нь хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.
4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан үндэслэлийн талаар: Давж заалдах шатны шүүх өмнө нь энэ хэргийг 2024 оны 06 сарын 13-ны өдөр хэлэлцээд 123 тоот магадлалд заасантай адил дүгнэлт хийж ИХШХШТ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн, мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил заахгүйгээр анхан шатны шүүхэд буцааж байсан. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ИХШХТ хуулийн 172 дугаар зүйлийг үндэслэн хянуулахаар хяналтын гомдол гаргасныг хүлээн аваагүй. Давж заалдах шатны шүүхийн өмнөх байдал дахин давтагдаж хэрэг шийдвэрлэгдэхгүй 7 дахь жилдээ орж байна.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025.06.05-нд хэргийг хэлэлцэж 1045 дугаар шийдвэр гаргахдаа “Үндэслэх” хэсгийн 8, 10-13 дахь хэсэгт маргааны үйл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч 9, 15, 17 дахь хэсэгт хийсэн дүгнэлт нь хэрэгт байгаа, мэтгэлцэгч талуудын шаардлага, татгалзлаа нотолж байгаа нотлох баримтыг харьцуулан зөв үнэлээгүй, бодитой биш байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн атлаа нотлох баримтыг үнэлж ИХШХШТ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасан эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэхгүй буцааж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой байна.
Давж заалдах шатны шүүх энэ хэргийг 2 удаа хянасан бөгөөд нотлох баримтыг судлах, шинжлэх, үнэлэх бүрэн эрхтэй атлаа, анхан шатны шүүх ИХШХТ хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзаж байгаа нь хяналтын шатны шүүх дүгнэлт өгвөл зохих хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой нөхцөл байдал гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаарын тухай Монгол Улсын дээд шүүхээс 2009 оны 11 дүгээр сарын 30-ны 05 тоот зөвлөмж гаргах тэр үед мөрдөж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хууль хэвээр байгаа, зөвлөмж нь заавал мөрдөх шүүхийн албан ёсны тайлбар биш боловч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх эх газрын эрх зүйн бүлтэй орнуудын шүүхийн тогтсон ойлголт, онол, арга зүй гэж үзэх боломжтой юм.
4.2.Иргэний хэргийн шийдвэрлэлт, нөхцөл байдлын талаар: Маргалдагч талууд буюу хэргийн зохигчид хамтран ажиллах хэлцэл хийж 2013-2014 онд 44 айлын орон сууц барьж, 2014.02.14-нд улсын комиссын актаар ашиглалтад өгсөн. Барилга ашиглалтад орсны дараа анхны тохиролцоогоо зөрчиж С.Г, Н.М нар орон сууцыг уралдан борлуулж илүү их ашиг орлого олж байгаа тул Ч.Д хамтрагчаа залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны 5/59 тоот тогтоолоор “эрүүгийн хэргийн шинжгүй” гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан ба “хүн бүрийн оруулсан хөрөнгийн хэмжээ болон ашиг хуваарилахтай холбоотой үүссэн асуудал нь иргэд хоорондын хамтран ажиллах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байх тул Ч.Д нь шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж шийдвэрлэсэн.
Ч.Д нь анх шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5573 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ч.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь итгэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр /хариуцагч талтай үгсэн/ 2016.05.11-нд нэхэмжлэлээс бүрэн татгалзсныг шүүгч 2016 оны 05 дугаар сарын 16-нд 2880 тоот захирамжаар хангаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдлыг Ч.Д хожим мэдэж шүүхэд хүсэлтээ гаргаснаар шүүгчийн 2880 тоот захирамжийг шүүх хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэж одоо 7 дахь жилдээ орох гэж байна.
Хэргийг хянаж дахин хэлэлцүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны 673 дугаар тогтоолд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох талаар дүгнэлт хийсэн ба энэ нь бодит үндэслэлтэй байсан тул нэхэмжлэгч татварын албанаас ногдуулалт хийгээгүй татвар болон бусад үндэслэлгүй дүнгээс татгалзаж шаардлагыг багасган улмаар хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон орон сууцны барилгын борлуултын ашгийг хэрхэн хуваах талаар хэлцэн тохирсон тохиролцоогоо үндэслэн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан С.Г-өөс 545,473,334 төгрөг, Н.М-өөс 1,333,334 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн. Хариуцагч Н.М-ийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгасан энэ байдлыг хэрхэн үзэж байгаа тодорхой үндэслэл заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш гэж маргадаг нь үндэслэлгүй. Хариуцагч С.Г нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг нотолсон баримтыг няцаасан тайлбар, нотлох баримт огт гаргадаггүй. Түүнээс хойш хэргийг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бүх нотлох баримтыг гаргаж, нэхэмжлэлээ хангуулах боломжтой гэж мэтгэлцэж, гомдол тайлбар гаргаж байгаа, хариуцагч нар нэхэмжлэлийг үндэслэлтэй няцаасан нотлох баримт гаргахгүй байхад хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй маргаан сунжирч талуудын эрх, ашиг сонирхолд хохиролтой байна. Хэргийг давж заалдах шатны журмаар нэг удаа даргалж, хоёр удаа илтгэсэн шүүгчийг татгалзах хүртэл аргаа барж байна.
4.3.Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргаантай харилцааны талаар: Хэргийн зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, хамтран ажиллан орон сууц барин ашиглалтад оруулж борлуулсан эрх зүйн харилцаа буюу бодит байдлыг үгүйсгээгүй, маргаагүй. Харин талууд уг орон сууцны барилгыг барихад хэн нь хэдэн төгрөг оруулсан, орон сууцны байр борлуулалтаас хэн хэдэн төгрөгийн орлого авсан, анх хамтран ажиллах гэрээний ашиг /алдагдал/ хуваах талаар хэрхэн тохиролцсон, энэ тохиролцоо зөрчигдөж С.Г, Н.М нар үндэслэлгүй илүү ашиг авч, Ч.Д-ыг хохироосон талаар маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эдгээр маргаантай асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа идэвхитэй явагдсан, нэхэмжлэгч, хариуцагч шаардлагатай нотлох баримтаа бүрэн гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийлгэсэн ба одоо шүүх нотлох баримтын учрыг нь олж харьцуулан үнэлж, маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой болсон. Үүнийг нэхэмжлэгч тал анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд нотлох баримтыг зааж, ойлгомжтой байдлаар удаа дараа илэрхийлж байгаа боловч зөв дүгнэлт өгч чадахгүй байна.
Талууд орон сууц барьж борлуулан оруулсан хөрөнгө, /зардал/ өр зээлээ төлөөд түүнтэйгээ тэнцүү буюу нугалсан орлого аваад үлдсэн ашгийг тэнцүү хуваана гэж тохиролцсон нь бүрэн нотлогдсон. Ч.Д 2019.04.09-ний шүүх хуралдаанаас эхлээд “Бид гаргасан зардлаа нөхөөд борлуулалтын орлогоо хувааж авах биш, нийт гарсан ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон, энэ нөхдүүд борлуулалт хуваагаад авсан гэж илэрхийлж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлдээ “Гаргасан зардлаа нөхөж өр зээлээ төлөөд, оруулсан мөнгөтэйгээ тэнцэх орлого аваад, үлдсэн цэвэр ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон” гэдгээ тодруулан, чухам энэ тохиролцоог хариуцагч нар зөрчиж намайг хохироосон гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж байгаа.
Н.М “...гаргасан зардлаа төлөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана” гэж тохирсон гэж тайлбарладаг боловч үүнийг нь няцааж анхны тохиролцоогоо нотолсон түүний 2015.04.06-нд мөрдөгчид өгсөн “Бид гурвын хооронд аман гэрээ хийгээд явж байснаас бичгээр хийсэн гэрээ огт байхгүй. Хөрөнгө босгоод оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр оруулсан мөнгөө нугалж авахаар тохирсон. Миний оруулсан 125,000,000 төгрөгөөс нугалж тооцоод 250,000,000 төгрөг авах болж байгааа юм гэсэн баримтыг ямар нэг байдлаар огт няцаагаагүй, шүүхэд энэ баримтын талаар ямар ч тайлбар гаргадаггүй тул энэхүү баримт талуудын тохиролцоог бүрэн нотолно. Н.М үндсэндээ энэ тохиролцоондоо нийцсэн орлого авсан тул түүнээс нэхэмжилсэн дүн зөрүү 1,300,000 төгрөг л болж байгаа юм.
Мөн С.Г “...бид барилга барихад гаргасан зардлаа төлөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана” гэж тохирсон гэж тайлбарладаг боловч түүнийг нь няцааж няцааж анхны тохиролцоогоо нотолсон түүний 2015.3.21-нд мөрдөгчид өгсөн “Анх барилга баригдаж эхлэхэд Д, Н.М бид гурав оруулсан мөнгөө нэг нугалж авна шүү гэж ярилцаж аман гэрээ хийсэн юм” гэсэн баримтыг ямар нэг байдлаар огт няцаагаагүй, шүүхэд энэ баримтын талаар ямар ч тайлбар гаргадаггүй тул энэхүү баримт талуудын тохиролцоог бүрэн нотолно. Шүүх хамтран ажиллагч талуудын хооронд маргаан үүссэн эхний үед анх гаргаж байсан тохиролцооны талаарх санал нийлж байгаа баримтыг үнэнд тооцох боломжтой ба маргаж байгаа нотлогдохгүй аман тайлбараар маргааныг шийдвэрлэх боломжгүй.
Талууд хамтран ажиллаж орон сууцыг барихад хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаарх нотлогдсон байдал: Барилга барих газрыг Г.Д-оос Н.М 100,000,000, С.Г 20,000,000 төгрөг гаргаж шилжүүлэн авсан бөгөөд энэ нь тэдний шууд хөрөнгө оруулалт бөгөөд барилга ашиглалтад орсны дараа Г.Д-т 09 тоот сууцыг 55,000,000 төгрөгт тооцон өгсөн ба энэ талуудын адил хэмжээний /55,000,000:3=18,333,333/ төгрөгийн оруулсан хөрөнгөд тооцогдох тал дээр маргаан байхгүй. Бусад хамтран ажиллагчийн тухайд Ч.Д нь гол санхүүжилт босгох ажлыг хариуцсан бөгөөд Ч.Д нь 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь баримтаар батлагдаж байгаа ба “Д” ХХК-ийн Ч.Д 1,303,271,600 төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн дүгнэлттэй бага зөрүүтэй үндсэндээ тохирч байна.
С.Г-ийн хувьд хэрэгт авагдсан баримт материалыг судлахад орон сууцыг барихад ямар үүрэг, оролцоотой байсан нь тодорхойгүй байдаг бөгөөд 436,000,000 төгрөг оруулсан гэж хэрэг бүртгэлт болон шүүхэд удаа дараа тайлбарласан, сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдсан боловч түүнийгээ нотлох нэг ч баримтыг хэрэг бүртгэлт, шүүхэд гаргаагүй байна. С.Г нь “Д” ХХК-д баримт ирүүлээгүй, утсаа аваагүй, ирж уулзаагүй, хөрөнгө оруулсан гэх байдлыг шинжээч тодруулж үнэлсэн болохыг 2018.01.05-ны дүгнэлтэд тэмдэглэсэн. “Д” ХХК-ийн дүгнэлттэй танилцаад “Тухай бүр бэлэн мөнгө өгч байсан, гаргах баримт байхгүй” гэж, шүүх хуралдаан дээр “Миний баримт бол Н.М-ийн бичиж өгсөн тооцоо, түүний хар дэвтэр” гэж тайлбарладаг. “Д” ХХК С.Г хэдийгээр баримт гаргаагүй ч Н.М-ийн тайлбар дансны хуулга, Ч.Д түүнийг үгүйсгээгүй байдлыг харгалзан С.Г-ийн оруулсан хөрөнгийг 117,380,000 төгрөг гэж тооцсон ба нэхэмжлэгч тал нэгэнт “Д” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзэж байгаа учир энэхүү дүн дээр маргахгүй байгаа. Дээрх 117,380,000 төгрөг дээр түүний газар авахад оруулсан 20,000,000 төгрөг 09 тоот байрны үнээс тооцогдох 18,333,333 төгрөгийг нэмээд С.Г-ийн нийт оруулсан хөрөнгийг 155,713,333 төгрөг гэж тооцох бүрэн үндэслэлтэи.
С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “К” ББСБ-аас 150,000,000 төгрөгийн зээлийг эхнэр А.О-ийн нэр дээр авч барилгад зарцуулсан гэж гэрээ, эргэн төлөлтийн хуваарийг шүүхэд гаргасан.
Гэвч 150,000,000 төгрөгийн зээлийн мэдээлэл “К”-ын болон С.Г, эхнэр А.О нарын зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд байхгүй, А.О-ийн мөрдөгчид өгч байсан “...Өөрийн эзэмшлийн О багийн *** дүгээр байрны урд байрлах жимс ногооны дэлгүүр, 2-13-11 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан 150,000,000 төгрөгийг 26 сарын хугацаатай зээлж, зээлийг нөхөр С.Г-ийн Х банкны дансанд шилжүүлсэн” гэх гэрчийн мэдүүлэг байх боловч хуульд заасан шаардлага хангаж бүртгүүлсэн барьцааны гэрээ, С.Г-ийн дансны хуулгаар ийм орлого байхгүй, зээл олголтын баримт байхгүй байгаа нь ББСБ-аас зээл гараагүй, С.Г, А.О нарын дансанд шилжээгүй зээл олголт хийгдээгүйг харуулдаг.
Дээр дурдсан зээлийг бодитой авч барилгад зарцуулсан гэх байдал үгүйсгэгдсэнээр, зээлдэгч А.О зээлийг нөхөр С.Г-ийн Х банкны дансанд шилжүүлж, барьцаатай авсан гэж тайлбарласан ч бодит зээл байхгүй, бэлэн мөнгө авсан бол тэр нь “Д” ХХК-ийн 117,380,000 оруулсан гэх тооцоонд орсон, хариуцагч өөр байдлаар няцаалт тайлбар хийгээгүйгээр, 21, 32, 35 тоот орон сууцыг Л.Г-д нийт 335,000,000 төгрөгт шилжүүлсэн байх ба улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд Ч.Д-ын итгэмтгий байдлыг дээрх орон сууцыг захиалан бариулах гэрээг 2013.03.25-ны өдрөөр огноолон хожим үйлдсэн орон сууц захиалан бариулах гэрээ 2013.06.24-ний өдрөөр үйлдсэн зээлийн гэрээ, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаагаар А.О энэ ББСБ-аас 2015.03.17-нд 94,680,000 төгрөг зээл гэж авсан нь Л.Г-д хуйвалдан шилжүүлсэн 335,000,000 төгрөгийн 3 орон сууцны орлогоо хуваасан байх үндэслэлтэй үйл байдал тогтоогдож байгаад шүүх дүгнэлт өгөх боломжтой.
Н.М-ийн хувьд газрын эрх шилжүүлж авахад 100,000,000 төгрөг оруулсан, хожим 09 тоот орон сууцнаас 18,333,333 төгрөг хөрөнгө оруултад тооцогдон нийт 118,333,333 төгрөг оруулсан болох тал дээр зохигчид маргадаггүй. Н.М өөрийгөө 125,000,000 төгрөг оруулсан, борлуулалтаас 250,000,000 авна гэж тайлбарладаг ч түүнийхээ нотлох баримтыг заадаггүй. 2024.04.11-ний шүүх хурал дээр би 100,000,000 төгрөг оруулсан, барилгыг хариуцаж бариулсан гэдгээ илэрхийлсэн. Иймд Н.М-ийн оруулсан хөрөнгө 118,333,333 төгрөг гэдэг дээр маргаан байхгүй. Н.М-ийн төлөөлөгч Б.Б “Н.М барилгыг хариуцан бариулсан тул ажлын хөлсөд 100,000,000 төгрөг авах ёстой” гэж тайлбарладаг ч талуудын хамтран ажиллах тохиролцоогоор ийм зүйл тохироогүй, 2019.04.09-ний шүүх хурал дээр шүүгч барилга барихад хэн ямар оролцоотой байсныг асуухад Н.М “Бид чадах ядахаараа л оролцсон гэж хариулсан, барилгыг бусдад хөлс төлж бариулсан байдал нотлогдож байна.
4.4.Орон сууцны борлуулалт, уг борлуулалтаас хэн хэдэн төгрөгийн орлого авсан байдлын талаар: Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтыг С.Г, Ч.Д нар үйлдэж 2019.10.09-нд Улсын бүртгэлийн албанд өгсөн. Орон сууц худалдан авсан хүмүүсийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг гаргуулахын тулд газар эзэмшигчийн хувьд үйлдэж өгсөн баримт бөгөөд Ч.Д, С.Г, Н.М нар хэн нь хэдэн төгрөгийн орлого авсаныг нотлохгүй. Үүнд тусгасан дүн 3,245,800,000 төгрөг байна. Худалдан авагчдын баримтаар хэн хэдэн төгрөгийн орлого авсныг нэхэмжлэгч үндэслэн баримтын хуудсыг зааж шүүх хуралдаан дээр эх баримтаар нь тулган тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хэрэгт авагдсан баримтаар борлуулалтын орлогоос Ч.Д 2,122,959,600 төгрөг, С.Г 856,000,000 төгрөг, Н.М 238,000,000 төгрөг авсан болох нь нотлогдох ба энэ нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр үгүйсгэсэн тайлбар, гаргасан нотлох баримт хариуцагч талд байхгүй.
4.5.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ авч үзэж дүгнэлт өгвөл зохих бусад үйл баримтын талаар: Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлээ нотолсон баримт гаргаагүй, 2015 оноос хойш ийнхүү нэхэмжлэл гаргах хүртлээ хэрэг бүртгэл, шүүхэд удаа дараа мэдүүлэг, тайлбар гаргахдаа хохирсон талаар нэг ч удаа илэрхийлээгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг 2024.04.11-ний 2025.06.05-ны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэрэгсэхгүй болгож байсан байх ба түүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаагүй. Барилгын хөрөнгө оруулалтын 83 хувийг Ч.Д, 9,6 хувийг С.Г, 7,4 хувийг Н.М гаргачихаад, борлуулалтын орлогоо тэнцүү буюу адил 33,3 хувиар хувааж авна гэвэл хүн тус бүр өөр өөрийн оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцоход Ч.Д өөрөө 66,7 хувийн алдагдал хүлээх, С.Г 90,4 хувийн ашиг авах, Н.М 92,6 хувийн ашиг авахаар тохирох тийм эрүүл саруул ухааны боломжгүй энгийн логик байна. Ч.Д нь энэ барилгын борлуулалтаас би өрөнд орж С.Г, Н.М нар үндэслэлгүйгээр хөрөнгө, машин авч, гадаадад аялсан гэх байдлыг тодруулахад үндэслэлтэй байж болох нь хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд харагдаж байна.
“Д” ХХК-ийг шинжээчээр ажиллахаас өмнө мэргэжлийн нябо Г.Б-д бүх баримт, дансны хуулгаа өгч тооцоогоо хийлгэн гүйлгэээ баланс гаргуулснаа шинжээчид өгсөн ба Г.Б энэ талаар мэдүүлсэн нь хэрэгт байгаа. Ч.Д-ын гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан, хаасан прокурорын шийдвэр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар тухайн хэрэгт авагдсан баримт, мэдүүлэг тайлбар, шинжээчийн дүгнэлт хууль бусад тооцогдоогүй, хүчингүй болоогүй тул нотлох баримтын ач холбогдолтой, хуульд заасан арга журмаар цуглуулсан баримт тул үнэлэгдэнэ. Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 673 дугаар тогтоолд заасан дүгнэлтийг нэхэмжлэгч, өмгөөлөгчийн хамт бүрэн хангаж нэхэмжлэлээ нотолсон бөгөөд үүнээс хойш 6 жил болоход зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан үүргээ биелүүлэх, 38.6-д заасан ажиллагаа хийлгэх эрхээ бүрэн эдэлсэн байгаа.
Иймд эдгээр байдлыг харгалзаж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.06-ны өдрийн 001/ШХТ2026/00160 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
6.Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч С.Г, Н.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч Н.М-өөс 694,112,088 төгрөг, С.Г-өөс 897,319,877 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.М-өөс 1,333,334 төгрөг, С.Г-өөс 545,473,334 төгрөгийг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “...Талууд 2013 онд аман байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, О аймгийн Б сумын С багийн *** гэх 44 айлын орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, борлуулахаар болсон. Иргэн Г.Д-оос газрыг худалдан авахдаа Н.М 100,000,000 төгрөг, С.Г 20,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрт ашиглалтад орох барилгаас 09 тоот байрыг 55,000,000 төгрөгт тооцож өгөхөөр болсон. Н.Д нь н.О-аас 250,000,000 төгрөг, Б-оос 536,600,000 төгрөг нийт 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан,... дахин өөрийн нэрээр К банкнаас 600,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг Н.Д дангаараа хариуцаж төлсөн. “Д” ХХК талуудын оруулсан хөрөнгийг дүгнээд Н.Д-ыг 1,303,271,000 төгрөг оруулсан, мөн 2015.01.05-ны өдрийн байдлаар уг барилгыг 1,442,905,500 төгрөгөөр барьсан гэж дүгнэсэн. Шүүхээс н.О гэж шинжээчийг томилж, барилгын өртгийг гаргуулахад шууд зардал нь 1,330,265,283 төгрөг гэж гарсан. Бүгд оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр мөнгөө нугалж авах, үлдсэн ашгийг тэнцүү хувааж авахаар болсон. Барилгад оруулсан мөнгийг хувилаад үзвэл Н.Д 83 хувийг, С.Г 9,6 хувийг, Н.М 7,4 хувийг гаргасан. Энэ тооцоогоор борлуулалтын орлогоо хуваарилахад Н.М, С.Г нар нэхэмжлэлээр шаардсан мөнгийг надад төлөх ёстой...” гэжээ.
7.Хариуцагч Н.М шаардлагыг эс зөвшөөрч “...2013 оны 02 дугаар сард би байшин барих нь ашигтай байдаг талаар Ч.Д, С.Г нарт хэлж хамтран ажиллах санаа гаргасан. Ашгаа 3 хувааж авахаар тохиролцож, газрыг Г.Д гэж хүнээс 160,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн. Тухайн газрын урьдчилгаа төлбөрт С.Г 20,000,000 төгрөг, Н.М 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 40,000,000 төгрөгт нь нэг өрөө байр өгөхөөр тохиролцож Ч.Д, С.Г нарын нэр дээр газрыг шилжүүлэн авсан. С.Г 435,508,000 төгрөгийн, Ч.Д-оос нийт 866,666,000 төгрөг, сүүлд Ч.Д-ын 600,000,000 төгрөгийн зээлээс 325,000,000 төгрөгийг барилгад оруулсан. Ч.Д-оос нийт 1,191,666,000 төгрөг орж ирсэн. Тухайн орон сууц 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, нийт 3,392,698,100 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Ч.Д 2,376,198,100 төгрөгийг, С.Г 818,000,000 төгрөгийг, Н.М 158,500,000 төгрөгийг авсан. Ашгаа 3 хувааж авъя гэх тохиролцоотой байсан боловч Ч.Д 1,200,000,000 төгрөг гаргасан учир 2,000,000,000 төгрөг авна гэдэг байдлаар маргасан. Н.М-ийн хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан атлаа 150,000,000 төгрөгийг авсан ба 10 сарын хугацаанд өөрөө барилгаа бариад 50,000,000 төгрөгийн л ашиг авсан. Ч.Д 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад 2,300,000,000 төгрөг авсан буюу 1,100,000,000 төгрөгийн ашиг авсан. Мөн С.Г-ийн хувьд оруулсан хөрөнгөө нэг нугалж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч С.Г шаардлагыг эс зөвшөөрч “...Хөрөнгө оруулсан бараа материал болон мөнгийг он сар өдөртэй нь нэг бүрчлэн Н.М бичиж байсан. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдэг нь энэ баримтаар нотлогдох ёстой ба бид 3 мөнгө өгсөн өдрөө бичээд гарын үсгээ зураад явъя гэж тохироход Ч.Д бид 3 бие биедээ итгэхгүй юм бол яах юм бэ? гарын үсэг зураад яах вэ чи бичээд яв гэж Н.М-д хэлж байсан. Тухайн үед намайг зээл аваад бүгдийг нь барилгад оруулсан үйл явдлыг Ч.Д мэдэж байсан учраас байрны гэрчилгээ болон газрын хамтран өмчлөгчөөр би байгаа юм. Гэрчилгээнээс харвал бид 2 тухайн барилгын 50, 50 хувийн эзэмшигч, миний хувьд 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид нар байрнуудаа хуваарилчихсан байсан. Мөн оруулсан мөнгөө нэг нугалж гаргаж авна гэдгээ би хэлж байсан. Ч.Д оруулсан мөнгөө нэг нугалаад авчихсан. Миний зүгээс 10 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцнаас нэг ч байрыг дур мэдэж зараагүй. Барилга 1,750,768,000 төгрөгт баригдсан, би 818,000,000 төгрөгийг аваагүй, 780,300,000 төгрөгийг авсан байна. “Д” ХХК-ийн дүгнэлт, Н.М-ийн талбай дээр ажиллаж байх явцдаа тэмдэглэсэн баримт дээр тулгуурлаж гаргасан мөртлөө бусад хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтыг орхигдуулж гаргасан байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
9.Хариуцагч Н.М нэхэмжлэгчид холбогдуулан 547,310,003 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...би газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар, Ч.Д, С.Г нар хөрөнгө оруулахаар, оруулсан хөрөнгө, гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү буюу 33.3 хувиар хувааж авахаар тохиролцсон. ...би 9 сарын хугацаанд ажлын хөлс цалин гэж аваагүй. ...нийтдээ 1,750,768,000 төгрөгийн зардлаар уг орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсон. Барилга ашиглалтад орсноос хойш Ч.Д 2,376,198,100 төгрөгийг, С.Г 818,000,000 төгрөг, би 158,500,000 төгрөгийг нийтдээ 3,392,698,100 төгрөгийг авсан байна. Бид нарын авсан 3,392,698,100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал 1,750,768,000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1,641,930,100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг 3 хуваахад 1 хүнд 547,310,033 төгрөг болж байна. Иймд Ч.Д-оос өөрт оногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
10.Хариуцагч С.Г нэхэмжлэгчид холбогдуулан 350,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...Миний бие нийт 435,508,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгч хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэтэл бидний хоорондын маргаантай холбоотойгоор гарсан “Д” ХХК-ийн дүгнэлтэд миний оруулсан хөрөнгийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй юм. Иймд орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350,000,000 төгрөгийг иргэн Ч.Д-оос гаргуулж өгнө үү...” гэжээ.
11.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Н.М нь барилгад 100,000,000 төгрөг оруулж, барилгын борлуулалтаас 238,400,000 төгрөг авчихаад 547,310,033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Борлуулалтын орлогоос барилгад оруулсан зардлаа нөхөөд үлдсэн орлогыг тэнцүү хувааж авна гэж тохиролцсон зүйл байхгүй. ... Хэрэв анхнаасаа хэн хэдэн төгрөг оруулсан нь хамаагүй барилгыг барихад гарсан зардлаа нөхөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана гэж тохирсон бол анх энэ маргаан үүсэхэд л шүүхэд тайлбараа гаргах байсан байх. Н.М, С.Г нарын сөрөг нэхэмжлэл нь илтэд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
12.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Талуудын хамтын үйл ажиллагаа, төлсөн хураамжаар тэдгээрийн дундын хөрөнгө болох доороо гаражтай, 44 айлын орон сууц бий болсон бөгөөд зохигч тухайн хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хураамж, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн байна. Харин орон сууц борлуулсны орлогоос хэн нь хэдэн төгрөг авсан болох нь тогтоогдоогүй, зохигч маргасан, мөн Ч.Д, С.Г нар нь барилга барихад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болохоо, барилга хэдэн төгрөгт баригдсан талаар хэн аль нь нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, ... нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэн аль нь нотлож чадаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн.
13.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хариуцагч С.Г, Н.М нарын нэхэмжлэгч Ч.Д-од холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”. 118 дугаар зүйлийн 118.4.-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэжээ.
14.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
15. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үнэлж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуульд нийцээгүй байна.
Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй, гагцхүү анхан шатны шүүх тухайн алдааг залруулах боломжтойгоос гадна уг алдаа нь шийдвэрт нөлөөлөхүйц тохиолдолд л шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаана.
Харин хэрэгт авагдсан баримт хангалттай цугларсан, хэргийн оролцогч мэтгэлцсэн бол давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд үйл баримтын болон хууль хэрэглээний талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой атал давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь өөрт хуулиар ногдуулсан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргаагүй, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжтой байсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй учир хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207/МА2025/00123 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Д-ын 2025.12.11-ний өдөр төлсөн 2,892,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Б.УНДРАХ