Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/00406

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/00406

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Д

Хариуцагч: Н.М

Хариуцагч: С.Г

Н.М 694 112 088 төгрөг, С.Г 897 319 877 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Д , хариуцагч Н.М , С.Г , хариуцагчийн өмгөөлөгч М.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Д би хариуцагч Н.М , С.Г нартай хамтран ажиллах талаар ярилцаж, 2013 оны 02 сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6 дугаар хорооллын 22 дугаар байр буюу орон сууцны барилга барихаар тохиролцсон. Энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1 200 000 000 төгрөгөөр барилга босно, эхний ээлжинд 800 000 000 төгрөг байхад болно гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оруулсан хөрөнгөөрөө бариулсан барилгаа зарж, зээл, татвар гэх мэт бүх төлбөрийг төлсний дараах ашгаас анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна олсон ашгаасаа тэнцүү хэмжээгээр хувь авахаар тохиролцсон байна. Ингээд хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд Ч.Д нь банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1 372 500 000 төгрөг оруулсан бөгөөд хамтрагч Н.М , С.Г нар нь хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Одоогоор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас үзэхэд Ч.Д нь анх зээлийн эх үүсвэрээс барилгад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо банк болон бусад этгээдэд 669 493 073 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. Анх ярилцаж тохиролцсоноосоо хамтрагч нар нь буцаж олсон ашгаас бус борлуулалтын орлогоос мөнгө ашиглах орон сууц эзэмших, нягтлан бодох бүртгэлийн тайланг анхан шатны баримтгүйгээр гаргаж өгөх, тайлан тооцоо гаргахгүй байх бараа материалын үнийг зах зээлийн үнээс хэт доогуур өсгөх зэргээр үл ойлголцол гарч буй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тооцоолон гаргав. Барилга баригдах явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс Н.М нь 217 900 000 төгрөг, С.Г нь 549 700 000 төгрөг, Ч.Д нь 1 074 880 000 төгрөг тус тус авсан байна. Энэ орлогоос авсан мөнгөө Ч.Д нь анхны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон банк болон бусад иргэдийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд болон барилгын ажилд зарцуулсан байна. Харин С.Г , Н.М нар нь хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Барилгын үйл ажиллагаанд зориулан Ч.Д оос Н.М д 415 980 000 төгрөг, С.Г т 132 647 150 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна. Н.М д НӨАТ-ын 19 809 091 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 40 422 997 төгрөгийг тус тус хариуцах, С.Г т НӨАТ-ын 49 972 727 төгрөг хариуцуулах, С.Г ийн хууль бусаар эзэмшиж байгаа 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 27 тоот 4 өрөө байрыг чөлөөлүүлэх, дээрхи тооцоонд банкны зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги, иргэдээс авсан зээлийн хүү, алданги зэрэг нь ороогүй болно. Иймд Н.М борлуулалтын орлого 217 900 000 төгрөг, Ч.Д оос авсан 415 980 000 төгрөг, НӨАТ 19 809 091 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 40 422 997 төгрөг нийт 694 112 088 төгрөг гаргуулах, С.Г борлуулалтийн орлого 549 700 000 төгрөг, Ч.Д оос авсан 132 647 150 төгрөг, НӨАТ 49 972 727 төгрөг, 4 өрөө байр буюу 165 000 000 төгрөг нийт 897 319 877 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.М би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.Д , С.Г бид 3 хамтран ярилцаад Согоот багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажлыг гардан хариуцаж, Ч,Д , С.Г нараас барилгын ажилд оруулж байгаа хөрөнгийг тухай бүр нь бүртгэж, өөрөө зохих хэмжээгээр хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.Д нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон С.Г уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь Ч.Д оос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжсэн гэж тооцож болох 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг Ч.Д өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл С.Г бид хоёртой хажууд байж хамт ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. Ч.Д нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1 704 500 000 төгрөгөөр зарсан. 225 000 000 төгрөгний үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь Ч.Д авна/, 2 айл 62 500 000 төгрөгийг дутуу өгсөн байгаа өөрөө 83 200 000 төгрөгний үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2 270 200 000 төгрөгний эд хөрөнгийг эзэмшдэг учраас Ч.Д ын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Ч.Д нь өөрийнхөө оруулсан мөнгөө биднээс нэхэмжлээд тодорхой хөрөнгөөр босож сүндэрлэсэн барилгыг огт тооцохгүй байна, газрын төлбөрийг мөн л тооцоогүй байна гэв.

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Г би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.Д , Н.М бид 3 хамтран ярилцаад Согоот багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажпыг Н.М ийн хамт хариуцаж өөрийнхөө хөрөнгөнөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.Д нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон Н.М уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Уг барилгын газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр миний бие С.Г нь хууль ёсны хамтран эзэмшигчээр байдаг. Гэвч Ч.Д нь бүх хөрөнгийг өөрийн мэт үзэж дураараа худалдан борлуулж ашгийн дийлэнх хувийг авч, Н.М биднийг ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мэт үзэж байна. Урьд нь бид анх барилга барьж эхлэх үеэс хоорондоо ярьж тохиролцсон зүйлүүд байдаг. Гэвч Ч.Д нь ярьж тохиролцсондоо байж чадалгүй туйлбаргүй хандаж ирсэн. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь Ч.Д оос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжээд байгаа гэж хэлэхээр болсон 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг Ч.Д өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл Н.М бид хоёртой хамт өөрөө ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. Ч.Д нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1 704 500 000 төгрөгөөр зарсан, 225 000 000 төгрөгний үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь Ч.Д авна/, 2 айл 62 500 000 төгрөгийг дутуу өгсөн байгаа, мөн өөрөө 83 200 000 төгрөгний үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м2 талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2 70 200 000 төгрөгний эд хөрөнгийг эзэмшдэг учраас Ч.Д ын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Нэхэмжлэгч Д той миний бие С.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч бөгөөд одоогоор өөрт оногдсон эд хөрөнгийн хэсгийг авч чадаагүй байна.Түүнчлэн баригдсан байр нь байсаар байтал 1 500 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Н.М 694 112 088 төгрөг, С.Г 897 319 877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Н.М , С.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2013 онд дундын хөрөнгө бүрдүүлэн одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол 22 дугаар байр /орон сууц/-ны барилга барихаар амаар тохиролцжээ. Оруулсан хөрөнгөөрөө барилгаа барьж, борлуулалтын орлогоос зээл, татвар гэх мэт зардлаа төлсний дараа ашгаа тэнцүү хувааж авахаар болсон байна.

Талууд аман тохиролцоогоо зөрчиж, борлуулалтын орлогоос мөнгө авсан учраас нэхэмжлэгч Ч.Д нь Н.М , С.Г нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А дамжуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Д ыг бүрэн төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 142/ШЗ2016/02880 дугаартай шүүгчийн захирамжаар татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Дээрхи хугацаанд Ч.Д нь Н.М , С.Г нар намайг хуурч залилсан гэсэн гомдлыг Цагдаагийн газарт гаргаснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг шалгаад залилсан гэх үйлдэл нотлогдоогүй гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5/59 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хаажээ.

Улмаар Ч.Д гомдол гаргасан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/08 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, мөн өдрийн 5/50 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/239 дугаартай Прокурорын тогтоолоор Ч.Д ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ч.Д нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн шүүгчийн захирамжийг хянуулах тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжинд гомдол гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 142/ШЗ2016/02880 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн журмаар хэрэг хянагдаж байх хугацаанд маргаан бүхий орон сууцны хөрөнгө оруулалт, орлого зарлагын тооцоог хийж гүйцэтгэх шинжээчээр Далайван аудит ХХК-г 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор томилсон байна.

Нэхэмжлэгч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүгийн хэрэгт байгаа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Далайван аудит ХХК-ний санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн тайлбарладаг, хариуцагчид шинжээчийн дүгнэлтээс өөр тайлбарыг гаргадаг боловч тухайн шинжээчийн дүгнэлт гарахад хариуцагч Н.М ийн бүртгэл буюу нотлох баримтаар ирүүлсэн 3 ширхэг ажлын дэвтэр ашиглагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Далайван аудит ХХК-ний санхүүгийн шинжээчийн дүгнэлтэнд: Хөрөнгө оруулалтыг Ч.Д оос 1 303 271.6 мянган төгрөг, Н.М 100 000.0 мянган төгрөг, С.Г 117 380.0 мянган төгрөг гэж,

Барилга 1 442 904.5 мянган төгрөгийн өртгөөр баригдсан бөгөөд 3 041 124.1 мянган төгрөгийн борлуулалтын орлого орсон. Үлдэгдэл 228 200 000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц, зарагдсан орон сууцнаас авах авлага 976 492 000 төгрөг, борлуулалтын орлогоос Ч.Д од 1 725 082.1 мянган төгрөг, Н.М д 196 600.0 мянган төгрөг, С.Г т 142 950.0 мянган төгрөг тус тус дансаар орсон гэж дүгнэжээ.

Орон сууцны барилга барих газрыг хариуцагч Н.М олж, холбогдох зардлыг төлсөн, 540 м.кв газрын эзэмшигчээр Ч.Д , С.Г нар байдаг болох нь газар эзэмших эрхээс хамтран эзэмшигч хасагдах хэлцлээр нотлогдож байна.

Орон сууцны барилга барих явцад зохигчдын оруулсан хөрөнгийн хэмжээ, гарсан зардлыг Н.М бүртгэж, барилгын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажиллаж байсан болох нь түүний ажлын дэвтрээр болон Ч.Д , С.Г нарт үйл ажиллагааны талаархи тайланг 10 хоногт цаасаар гаргаж өгдөг байсан гэсэн тайлбараар нотлогдож байна. Н.М ийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд бид итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Ч.Д оос барилга барихад оруулсан хөрөнгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн барилга барихад оруулсан хөрөнгөөр зоорийн давхар бүхий 6 давхар орон сууц баригдсан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгч, орон сууцыг борлуулсан, үр шимийг хүртэж байгаа болох нь нотлогдож байх тул Ч.Д оос хариуцагч Н.М д өгсөн 415 980 000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Г т өгсөн 132 647 150 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Д нь Нэмэгдсэн өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татварыг хариуцагч тус бүрээс нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Тэрээр татвараа төлөөгүй байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд энэ талаар татварын албанд хүргүүлсэн тайлангүй, хэд хичнээн төгрөгийг татварт төлөх нь тодорхойгүйн зэрэгцээ хариуцагч нараас татвар шаардах эрх бүхий этгээд биш юм.

Талуудын тайлбар, нотлох баримтаар судалсан шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Борлуулалтын орлого 3 041 124.1 мянган төгрөг, үлдэгдэл 228 200 мянган төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц, зоорийн давхар байна. Үүнээс барилга барихад гарсан зардал 1 442 904.5 мянган төгрөгийг хасвал 1 826 419.6 мянган төгрөг үлдэнэ. Оруулсан хөрөнгийн хэмжээг хүн тус бүрээр болон бусдад өгөх өглөг 115 204.2 мянган төгрөгийг хасвал 190 563.8 мянган төгрөг үлдэж байна.

Үлдэж байгаа 3 орон сууц 228 200 мянган төгрөгөөр үнэлэгдсэн боловч тооцоогоор 190 563.8 мянган төгрөг болж буурсан тул зөрүү тооцож хүн тус бүрт хуваахад нэг хүнд 12 545 400 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ талуудын аман тохиролцоо болон барилгад оруулсан оролцоо, хийж гүйцэтгэсэн ажил үүргийг үндэслэн тэнцүү хувааж хариуцуулах нь зүйтэй ба хариуцагч нар Ч.Д од үлдэж байгаа зоорийн давхрын талаар маргаагүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Нотлох баримтаар судалсан эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн 3 ширхэг ажлын дэвтрийг Н.М д буцаан олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 755 109 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 215 676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д од олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг баримтлан хариуцагч Н.М 12 545 400 төгрөг, хариуцагч С.Г 12 545 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.М д холбогдох 681 566 688 төгрөг, С.Г т холбогдох 884 777 477 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 755 109 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М 215 676 төгрөг, хариуцагч С.Г 215 676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д од олгосугай.

3.    Эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлэх, шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн ажлын 3 ширхэг дэвтрийг хариуцагч Н.М д хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ