Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00136

 

 

 

 

 

 

 

 

2022 02 08

181/ШШ2022/00136

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... дугаар сургууль -д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.О, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2014 оны 12-р сард ... сургуульд байнгын ажлын орон тоотой няравын ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон байдаг. 2017.05.19-ны өдрөөс 2019.09.01-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралт эдэлж хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ тухай 2018.01.16-ны өдрийн 5103 дугаартай сургуулийн захирал Л.Цэнгэлмаагийн тушаал гарсан. 2019 оны 6, 8 дугаар сард ажилдаа орохоор сургууль дээр ирж захирал Цэнгэлмаатай уулзахад түүний оронд өөр хүн ажилд авсан байгаа, тухайн хүний ажлыг зохицуулаад дуудна гэж хэлээд ажилд оруулаагүй явуулсан. 2020.09.01-нээс ажилдаа би орно шүү гэж 2020.06.25-нд хүсэлтээ бичгээр өгсөн боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй, хангаагүй. Төгсжаргал ажил орох талаар биечлэн 2 удаа захиралтай уулзаж байсан. 2017 оны 5-р сараас 2019 оны 9-р сарын 01 хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаад ирэхэд ажилд нь оруулаагүй, түүний орон тоон дээр өөр 3-4 хүн авч /Бадамжаргал-2 удаа ажилд авсан, Долгоржав, Золжаргал нарыг/ ажиллуулж хууль зөрчсөн. Б.Т  3 хүүхдийн ээж, өрх толгойлсон эх бөгөөд түүнийг урьд эрхэлж байсан ажилд аваагүй, үндэслэлгүйгээр буцаасаар 2 жилийн нүүр үзэж цалин хөлс, сэтгэл санааны ихээхэн хохирол амссан байх тул зөрчигдсөн эрхийг нь сэргээж, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогоож, 2019 оны 9-р сараас 2021 оны 8-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9,778,197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Т ыг анх 2014 оны 12 сарын 22-ны өдөр захирлын Б-78 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан С.Наранмандахын орон тоонд няравын ажилд түр томилсон. Тэрээр 2017 онд жирэмсэн болж, улмаар 2017 оны 4-р сарын 3-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд энэ талаар чөлөө олгох тушаал гарсан. Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т ыг ажлаас чөлөөлөөгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргаагүй ба түүнийг жирэмсэний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь хадгалагдсаар ирсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 6 сарын 25-ны өдөр сургуульд хандсан өргөдөлдөө хүүхэд асрах чөлөө маань 2020 оны 6 сард дуусаж байгаа бөгөөд одоогоор ажилдаа орох боломжгүй байгаа тул 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтэй талаараа өөрөө илэрхийлсэн. Энэхүү өргөдөл нь ажил хөдөлмөр хийхгүйгээр цалин хөлс авах зорилгоор гаргасан тул үндэслэлгүй байна. Тухайлбал 2019 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлс нэхэмжилсэн байх ба өөрийн гараар бичиж өгсөн өргөдөлдөө хүүхэд асрах чөлөөг хэвээр үргэлжлүүлэх, ажилдаа 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс орохоо илэрхийлсэнээр нотлогдох юм. Хариуцагчийн хүүхэд асрах чөлөө дуусгавар болсон ч сургуулийн зүгээс ажилдаа эргэн орох хүсэлтийг хүлээн авсан ба энэ хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь хуульд заасны дагуу төлсөөр ирсэн.

Мөн 2020 оны 9 сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлсэн ч ажилдаа ирээгүй 7 хоног өнгөрсөн тул ажилдаа яагаад ирээгүй болохыг тодруулахад өөр газар ажиллаж байгаа талаар сургуулийн удирдлага болон ажилтан нарт хэлсэн байдаг. Ажилдаа эргэн орох нь хариуцагчаас биш нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарсан. Энэ талаар гэрчлэх хүн бий, сургуулийн удирдлагад ч өөрөө хэлсэн. Ингээд ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргаагүй, холбогдож уулзаагүй байж байгаад БСШУ-ны яам, Нийслэлийн Боловсролын газарт өргөдел гаргасан байсан. 2021 оны 7-р сард ажилд нь эргүүлэн авах талаар уулзаж ажлын байраар хангах болсон ч холбогдох газруудад гомдол гаргасан гээд ирээгүй. Урьд эрхэлж байсан няравын албан тушаалд эргүүлэн томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд ажилгүй байх хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: ... сургуулийн захирлын 2018.01.16-ны өдрийн №Б/03 дугаар Буянтогтохын Төгсжаргалд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газраас нэхэмжлэгчид явуулсан албан бичиг, хариуцагч байгууллагаас Нийслэлийн боловсролын газарт явуулсан 2021.08.05-ны №129 албан бичиг, нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон хариуцагч нарт гаргасан өргөдөл, бүртгэл хяналтын карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шуудангийн иргэнд очих баримт, хариуцагчаас нэхэмжлэгчид илгээсэн 2021.08.23-ны өдрийн №146 дугаар албан бичгийг гаргасан.

Хариуцагч тал нотлох баримтаар: ... сургуулийн захирлын 2014.12.22-ны өдрийн №Б/78 дугаар Б.Т ыг түр ажилд томилох тухай, 2019.09.02-ны өдрийн №Б/74 дугаар Б.Т д хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн олгох тухай, 2020.08.20-ны өдрийн Б/31 дугаар Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаалууд, нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан өргөдөл, С.Баттөмөрийн гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа гаргасан.

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр Н.О, Ш.З нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч Б.Т ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа баримтыг шүүх бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч ... дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,778,197 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Т  нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няравын ажилд орж, ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2014.12.22-ны өдрийн №Б/78 дугаар Б.Т ыг түр ажилд томилох тухай, 2018.01.16-ны өдрийн №Б/03 дугаар Б.Т д хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч Б.Т  нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр амаржиж охин М.Аминзулыг төрүүлсэн талаар хүүхдийн төрсний гэрчилгээ болон холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь ... хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, ажилд оруулаагүй ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Б.Т ыг ажлаас чөлөөлөөгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гараагүй байсан ... хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэх хүсэлтээ өөрөө гаргасан ... 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох байсан боловч ирээгүй ... ажилдаа эргэн орох нь хариуцагчаас биш нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарсан ... гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

Үүнээс үзэхэд маргааны зүйл нь нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй эсэх, хариуцагч ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хууль/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасан.

 

Ажил олгогчийн гаргасан тушаал, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан байх ба тэрээр ажилдаа эргэн орох хүсэлтээ 2019 оны 6, 8 дугаар саруудад гаргасан гэх боловч энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаар гэрч Б.Одонтунгалагийн ... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үед 2-р сургууль дээр машинтайгаа буулгаж өгч байсан ... нарийн зүйлийг сайн мэдэхгүй, надад захиралтайгаа уулзахаар явж байгаа гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг нь тухайн өдөр нэхэмжлэгч ажилд орох хүсэлтээ өгсөн гэх үйл баримтыг шууд нотлох баримт болж чадахгүй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сараас өмнө ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байсан нь баримтаар нотлогдоогүй гэж үзэх ба харин нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 25, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, Боловсрол, шинжлэн ухааны яаманд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус гаргасан өргөдөл, ажил олгогчийн хүүхэд асрах чөлөө олгох, чөлөөний хугацааг сунгах тухай тушаал болон гэрч Ш.Золбаярын ... Төгсөө эгч сургуульд 2 өргөдөл өгсөн, нэг дэх нь 2020 оны 6 дугаар сард хүүхдээрээ өгүүлсэн өргөдөл, хоёр дахь нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл өгсөн. Энэ хоёр дахь хүсэлтээ шуудангаар ирүүлсэн ... гэх мэдүүлэг, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөний хугацаагаа сунгаж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлсэн байхад түүнийг ажилд нь эгүүлэн томилоогүй болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан ба хэдийгээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргаагүй боловч нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах талаар шийдвэр гаргаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн нь хариуцагчийг хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Т ыг урьд эрхэлж байсан няравын ажилд нь эгүүлэн тогтоох зүйтэй байна.

 

Хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: ... 2.3.5. хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор ... гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан өдөр болох 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тогтоож, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа, ажил олгогчийн тушаал зэргийг үндэслэн ажилласан сүүлийн гурван сар /2017 оны 2, 3, 4 дүгээр сар/-ын дундажаар тооцож /425,521+531,151+601,460/3=519,377*12/ ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,232,528 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, түүний төлсөн 241,601 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль-аас улсын тэмдэгтийн хураамж 184,870 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон :

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-г Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль-ийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговор 6,232,528 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,545,669 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Т ын төлсөн 241,601 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль-аас 184,870 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Ж.ЛХАГВАСҮРЭН