Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00675

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00136 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2014 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургуульд байнгын ажлын орон тоотой няравын ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралт эдэлж хүүхэд асрах чөлөөтэй байсан талаарх тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5103 тоот тушаал гарсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн боловч хүлээн аваагүй, буцаасаар 2 жил өнгөрсөн. Энэ хугацаанд цалин хөлс, сэтгэл санааны ихээхэн хохирол амссан тул Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,778,197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Т-ыг анх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр захирлын Б-78 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан С.Наранмандахын орон тоонд няравын ажилд түр томилсон. Тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд энэ талаар чөлөө олгох тухай тушаал гарсан. Б.Т-ыг ажлаас чөлөөлөөгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргаагүй ба түүнийг жирэмсэний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь хадгалагдсаар ирсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр сургуульд хандсан өргөдөлдөө хүүхэд асрах чөлөө маань 2020 оны 6 дугаар сард дуусаж байгаа бөгөөд одоогоор ажилдаа орох боломжгүй байгаа тул 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтэй талаараа өөрөө илэрхийлсэн. Энэхүү өргөдөл нь ажил хөдөлмөр хийхгүйгээр цалин хөлс авах зорилгоор гаргасан тул үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө дуусгавар болсон ч сургуулийн зүгээс ажилдаа эргэн орох хүсэлтийг хүлээн авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлсөөр ирсэн.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй 7 хоног өнгөрсөн тул ажилдаа яагаад ирээгүй болохыг тодруулахад өөр газар ажиллаж байгаа талаар сургуулийн удирдлага болон ажилтан нарт хэлсэн байдаг. Ажилдаа эргэн орох нь хариуцагчаас биш нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарсан. Урьд эрхэлж байсан няравын албан тушаалд эргүүлэн томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд ажилгүй байх хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Т-ыг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговор 6,232,528 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,545,669 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Т-ын төлсөн 241,601 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 184,870 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31 өдрийн хүртэл 12 сараар тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зуны 3 сарын хугацаанд сургуулийн үйл ажиллагаа явагддаггүй бөгөөд бүх багш, ажилчид амардаг. Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ, 15.2-д Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж тус тус заасан. 2020-2021 оны хичээлийн жилийн дуусах хугацааг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/165 дугаар тушаалаар 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , 2021 оны 6, 7, 8 дугаар сарын цалин буюу 1,558,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Эвлэрлийн гэрээ-гээр нэхэмжлэгч Буянтогтохын Төгсжаргал, нөгөө талаас хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхжаргалын Батбаатар, Дамдинрагчаагийн Очирваань нар сайн дурын үндсэн дээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/000136 дугаар шийдвэрийн хүрээнд харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав.

-Нэхэмжлэгч Б.Т- би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00136 дугаар шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин 6,232,528 төгрөгийн 1,232,52,8 төгрөг болон ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь ажилгүй байсан хугацааны цалинд үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө.

-Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талд бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө.

-Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

-Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлаар болон ажилд эргэн томилогдох асуудлаар дахин гомдол гаргахгүй ба гэрээг харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

 

6.Нэхэмжлэгч Б.Т- 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн маргааныг шүүхийн шийдвэрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцов. Тус өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авав. Үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хаан банк ХХК-ийн 5030400905 тоот дансанд шилжүүлэн хийхээр тохиролцов. Цаашид дахин ажилдаа эргэн орохгүй хөдөлмөрийн маргааныг эцэс болгон харилцан тохиров. Дахин шүүхэд гомдол гаргахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулан Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

2.Анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Т-ыг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговор 6,232,528 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,545,669 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Т- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00136 дугаар шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин 6,232,528 төгрөгийн 1,232,525 төгрөг болон ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь ажилгүй байсан хугацааны цалинд үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө.

Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талд бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлаар болон ажилд эргэн томилогдох асуудлаар дахин гомдол гаргахгүй ба гэрээг харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

3.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00136 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00136 дугаар шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин 6,232,528 төгрөгийн 1,232,525 төгрөг болон ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь ажилгүй байсан хугацааны цалинд үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талд бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ажилд эргэн томилогдох асуудлаар дахин гомдол гаргахгүй гэж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД