Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00469

 

 

 

 

 

        2022        03          09  

  181/ШШ2022/00469

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.С -н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: СБД Г төрийн байгууллага-д холбогдох

 

гэм хорын хохирол 959,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... би Сүхбаатар дүүргийн 8-р хороо 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлаж байгаад Сүхбаатар дүүргийн Засаг дарын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр албадан ачсан /хураасан/ Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн эзэмшигч болно. СБД Г төрийн байгууллаганаас тус албаны дарга Д.Сугарын гарын үсэг бүхий 2019 оны 8-р сарын 27-ны өдрөөр огноолсон 2019/08-05 дугаар, хэнд өгч буй нь тодорхойгүй, “ ... зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулсан байгаа учир ... 2 хоногийн дотор нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөхийг шаардаж байна” гэх утга бүхий “Шаардах хуудас”-ыг байршуулсан даруйд ТҮЦ-нд нааж орхисныг хүлээн аваад өөрт ирсэн хэмээн ойлгож, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай удаа дараалан биеэр очиж уулзан санал, хүсэлтээ илэрхийлж, мөн бичгээр хүсэлт, гомдол гаргасан ч иргэн намайг үл ойшоож, миний санал, хүсэлт, гомдлыг үл хэрэгсэж, хүч түрэн ТҮЦ-ийг албадан ачсан. Ачих явцдаа эд хөрөнгөнд хохирол учруулсан тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ нэхэмжлэлийг гаргахад хүрлээ. Тодруулбал, иргэн би 2 охинтой, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охидын нэг нь оюутан, нөгөө нь хүнд өвчний улмаас байнгын асаргаа, сувилгаа шаардлагатайгаас гэртээ байдаг. Би Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх", тэднийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх, ахуй амьдралаа авч явах үүднээс 2011 оноос бусдын ТҮЦ-нд худалдагчаар ажиллаж, өөрөө ажиллуулж, энэ төрлийн жижигхэн бизнестэй холбогдож, эрхэлж эхэлсэн. Өдгөө ТҮЦ-ээ дахин байршуулаад ачуулсан Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байршилд 2015 онд анх байрлуулахад 2016 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын албаныхан газар чөлөөлөх нэрийдлээр албадан ачиж байсан. Үүнээс хойш миний бие хуулийн мэдлэггүйн улмаас төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэртэй эвлэрч, хүлээцтэй хандсаар өдийг хүрлээ. ... ТҮЦ эрхлэгчдэд хамаарах буюу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлээгүй байгааг олж мэдээд дахин ТҮЦ-ээ байршуулсан болно. Ийнхүү тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир өдгөө нийслэлд албан ёсны зөвшөөрөл бүхий нэг ч ТҮЦ байхгүй байхад, мөн миний ТҮЦ-ээ байршуулсан байршилд, нийслэл, тус дүүргийн хаа сайгүй бусад этгээд ч ТҮЦ ажиллуулж байхад намайг онцлон шаардах хуудас ирүүлж, миний эд хөрөнгөнд халдсанд гомдолтой байна. Өмнө нь ч ийм байдлаар эрх бүхий албан тушаалтнууд адилхан ТҮЦ ажиллуулагчдад ялгавартай хандаж байсан ... Иймд хариуцагчаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 884,000 төгрөг, хохирлын үнэлгээний зардал 60,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,500 төгрөг нийт 959,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СБД Г төрийн байгууллага  шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/4172 албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байгуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажпыг холбогдох журмын дагуу зохион байгуулж тайлагнаж ажиллахыг даалгасан. Тус чиг үүргийн дагуу Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай захирамж гарсан. Нэхэмжпэгч тухайн үед СБД-ийн 8-р хороо 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудалд ТҮЦ ажиллуулдаг байсан бөгөөд тус ТҮЦ нь Газрын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу ямар ч зөвшөөрөл аваагүй байсан тул иргэн С.С  ийн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд газар чөлөөлөх тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/08-05 дугаар Шаардах хуудсыг хүргүүлээд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн ... Иймд Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Ачихдаа урьдчилж мэдэгдээгүй тул эзэмшигч байлцаж эд хөрөнгөө хүлээлцэх боломжгүй байсан. Тээвэрлэлтийн явцад гарсан хохирол гэдгийг үнэлж болохуйц бол хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: шаардах хуудас, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн ИТХ-аас өмгөөлөгч Ч.Нямцоожид хүргүүлсэн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эрүүл мэндийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 128/ШШ2020/0735 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.21-ний өдрийн №49 дугаар магадлал, СБД Г төрийн байгууллаганы даргад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.22-ны өдрийн 128/ШЗ2019/7690 дугаар захирамжийг гаргасан.

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, нотариатчын мөнгөний тасалбар, мөнгөн шилжүүлэгийн баримт, журмын хашаанаас эд зүйл гаргах зөвшөөрлийн хуудас, тайлангийн хавсралт зураг, зарлагын баримт, гэрч Д.Сансарбаатарын мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.С нь хариуцагч СБД Г төрийн байгууллаганд холбогдуулан гэм хорын хохирол 959,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Тодруулбал хариуцагч газар чөлөөлж, ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх үедээ эд хөрөнгөнд хохирол учруулсан үндэслэлээр эвдрэл, гэмтлийг засч, сэргээхэд гарсан зардал болох зарцуулсан бараа, материалын үнэ 185,000 төгрөг, ТҮЦ-н дотор байсан хүнсний барааны үнэ 32,000 төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг, ажлын хөлс 570,000 төгрөг, бусад зардал 57,000 төгрөг, үнэлгээний байгууллагад төлсөн ажлын хөлс 60,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,500 төгрөг нийт 959,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

            Хариуцагч газар чөлөөлөх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч С.С нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, бээжингийн гудамж 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан ба хариуцагч СБД Г төрийн байгууллаганаас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаар шаардах хуудсаар түүнд газар чөлөөлөхийг мэдэгдэж, улмаар эрх бүхий этгээдийн олгосон зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр ТҮЦ-ийг нүүлгэж, газрыг албадан чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 128/ШШ2020/0735 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.21-ний өдрийн №49 дугаар магадлал зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тухайн газарт ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, газрыг хуульд заасан журмын дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаагүй үндэслэлээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, маргаан бүхий ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн, хариуцагчийн энэ үйлдэл хууль зөрчөөгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

 

            Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ийнхүү хариуцагч ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх явцдаа эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

 

            Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ТҮЦ-нд хохирол учирсан талаар “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан байна. Тус тайлангийн 2-т “Үнэлж буй хөрөнгийн тухай” хэсэгт: ... ТҮЦ-ийг зөөвөрлөх явцад эвдрэл гарсан байдалтай байна, 3-т “Үнэлгээний ажлын товч мэдээлэл” хэсэгт: ... үнэлүүлж буй хөрөнгийн ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, хөрөнгийн байдалтай танилцаж үнэлгээнд зайлшгүй шаардлагатай мэдээлэл олж авсан ... гэж тэмдэглэгдсэн ба эд хөрөнгийг сэргээн засварлах, зарим хэсгийг шинээр хийхэд гарах нийт зардлын хэмжээг 884,000 төгрөг гэжээ. Мөн гэрч Д.Сансарбаатар мэдүүлэгтээ “ ... баруун талдаа булан нь ханзарсан байсан. Дээврийг хуулж, сэргээж янзалсан, тэрүүгээр цас орохоор болсон байсан. Шал нь ховхорсон байсан, хана ангайгаад зай гарч салсан байсан, ер нь эвдрэл нэлээн байсан ... “ гэж мэдүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, үнэлгээний тайлан, гэрчийн мэдүүлэг, холбогдох бусад баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшлийн ТҮЦ-нд эвдрэл гэмтэл үүссэн, түүнийг сэргээн засч, янзлахад нэхэмжлэгчээс дурдсан хэмжээний зардал гарсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 “Үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулах”-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамруулсан.

 

Гэвч нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан дээрх эвдрэл, гэмтэл нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдлээр үүссэн, цаашлаад үүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй болох нь тогтоогдсонгүй.  Хэдийгээр газрыг чөлөөлж, ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон боловч энэ нь нүүлгэн шилжүүлэх явцад эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд эвдрэл, гэмтэл нь эд хөрөнгийг ачих, зөөвөрлөх, буулгах тухайн цаг хугацаанд үүссэн болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

            Гэтэл энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн “ ... өдгөө ТҮЦ-ээ дахин байршуулаад ачуулсан Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байршилд 2015 онд анх байрлуулахад 2016 оны 12 дугаар сард газар чөлөөлөх нэрийдлээр уг ТҮЦ-ийг албадан ачиж байсан ... “ гэх тайлбараас үзэхэд маргаан бүхий эд хөрөнгө нь шинж байдлын хувьд өмнө удаан хугацаанд ашиглагдсан, хуучин хөрөнгө байсан байх ба үнэлгээний тайланд дурдсан эвдрэл, гэмтэл нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нүүлгэн шилжүүлэх үед шинээр үүссэн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсонгүй.       

 

            Хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгч эзэмшигч байлцаж эд хөрөнгөө хүлээлцэх боломжгүй байсан, тээвэрлэлтийн явцад гарсан хохирол гэдгийг үнэлж болохуйц бол хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй гэж үзэв. Учир нь хариуцагч байгууллага 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх талаар шаардах хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч сайн дураар газрыг чөлөөлөөгүй учир албадан зөөвөрлөсөн ба 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “”Журмын хашаанаас эд зүйлс гаргах зөвшөөрөл”-ийн хуудсаар ТҮЦ-ийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, эд зүйл хүлээлцсэн баримтанд эд зүйлийн шинж чанар, эвдрэл гэмтлийн талаар тусгаагүй байна. Тиймээс нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээлцэх боломжгүй байсан гэж үзэх, түүнчлэн тээвэрлэлтийн явцад эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. 

    

Тиймээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хуульд заасан журмын дагуу газар чөлөөлөх, албадан нүүлгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа санаатай болон санамсаргүй аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хууль бусаар хохирол учруулсан гэж үзэх боломжгүй тул эд хөрөнгөнд учирсан шууд болон шууд бус зардал нийт 959,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.С  ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй болсон талаар тайлбараа бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 100 дугаар зүйлийн 100.3, 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éëä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

  1. Èðãýíèé õóóëèéí 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СБД Г төрийн байгууллаганд холбогдох 959,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.С  ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д çààñíààð нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                                          Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                           ШҮҮГЧ                                                           Н.ОЮУНТУЯА

 

 

                                                        С.ХИШИГБАТ