Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00804

 

С.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00469 дугаар шийдвэртэй

С.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албанд холбогдох

Гэм хорын хохиролд 959,500 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:  Би Сүхбаатар дүүргийн 0-р хороо Б дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлаж байгаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн Б албанаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр албадан ачсан /хураасан/ Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн эзэмшигч болно. Сүхбаатар дүүргийн Б албаны дарга Д.Цын гарын үсэг бүхий 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон 2019 оны 08 дугаар сарын 05 дугаар “Шаардах хуудас”-ыг ТҮЦ-т нааж орхисныг хүлээн аваад өөрт ирсэн хэмээн ойлгож, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай удаа дараалан биеэр очиж уулзан санал, хүсэлтээ илэрхийлж, мөн бичгээр хүсэлт, гомдол гаргасан ч хүч түрэн ТҮЦ-ийг албадан ачсан. Ачих явцдаа эд хөрөнгөнд хохирол учруулсан. 2016 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын албаныхан газар чөлөөлөх нэрийдлээр албадан ачиж байсан. ТҮЦ эрхлэгчдэд хамаарах буюу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлээгүй байгааг олж мэдээд дахин ТҮЦ-ээ байршуулсан болно. Ийнхүү тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир өдгөө нийслэлд албан ёсны зөвшөөрөл бүхий нэг ч ТҮЦ байхгүй байхад, нийслэл, тус дүүргийн хаа сайгүй бусад этгээд ч ТҮЦ ажиллуулж байхад намайг онцлон шаардах хуудас ирүүлж, миний эд хөрөнгөнд халдсанд гомдолтой байна. Иймд хариуцагчаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 884,000 төгрөг, хохирлын үнэлгээний зардал 60,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,500 төгрөг нийт 959,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Згийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/4172 албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байгуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж тайлагнаж ажиллахыг даалгасан. Тус чиг үүргийн дагуу Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай захирамж гарсан. Нэхэмжлэгч тухайн үед СБД-ийн 0-р хороо Б дэлгүүрийн автобусны буудалд ТҮЦ ажиллуулдаг байсан бөгөөд тус ТҮЦ нь Газрын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу ямар ч зөвшөөрөл аваагүй байсан. Иргэн С.Бт түүний зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийн газрыг 3 хоногийн хугацаанд чөлөөлөх тухай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/08-05 дугаар “Шаардах хуудас”-ыг хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Иймд Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч М.Ыгийн дүгнэлтэд: Ачихдаа урьдчилж мэдэгдээгүй тул эзэмшигч байлцаж эд хөрөнгөө хүлээлцэх боломжгүй байсан. Тээвэрлэлтийн явцад гарсан хохирол гэдгийг үнэлж болохуйц бол хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албанд холбогдох 959,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийн давж заалдах гомдлын агуулга: ... ТҮЦ-ийг ачиж, шилжүүлэх явцдаа нэхэмжлэгчийн хөрөнгөнд түүний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа хохирлыг учруулсан. Улмаар нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг түүнд буцааж олгох асуудлыг Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн шийдвэрлэж, Төрийн сангийн 00000000 тоот дансанд нүүлгэлт, шилжүүлэлтийн зардалд 250,000 төгрөгийг С.Бээр төлүүлсний дараа ТҮЦ-ийг буцааж олгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр журмын хашаанд биеэр очиж, ТҮЦ-ийн байдалтай танилцаж, үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээчний “Хөрөнгө үнэлгээний тайлан”, нэхэмжлэгч ТҮЦ-ээ буцааж авсны дараа хөрөнгөд үүссэн эвдрэл, гэмтлийг засаж, янзалсан Д.Сансарбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Тодорхойлолт”, гэрчийн мэдүүлэг, барилгын материал худалдаж авсныг нотлох “Зарлагын падаан” зэрэг бичмэл нотлох баримтуудаар хариуцагчийн ТҮЦ-ийг ачиж, шилжүүлэх явцдаа нэхэмжлэгчийн хөрөнгөнд түүний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа хохирлыг учруулсан байдал бүрэн тогтоогддог. Хэдийгээр Газрын тухай хуулиар хариуцагч байгууллагад газар чөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулах, ТҮЦ-ийг албан нүүлгэх, өөр байршилд шилжүүлэх эрх олгогдсон байж болох ч уул эрхээ эдэлж, хэрэгжүүлэхдээ иргэн С.Бийн ТҮЦ-ийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрхгүй, газар чөлөөлж, албадан нүүлгэхдээ хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авах, зориулалтын техник, хэрэгсэл ашиглах үүрэгтэй байсан үзэж байна. Хариуцагч ТҮЦ-ийг ачихдаа нэхэмжлэгчийг байлцуулах, түүний оролцоог хангах бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн хууль бус үйлдлийг хаацайлсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албанд холбогдуулан гэм хорын хохиролд 959,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ТҮЦ-т гарсан гэмтлийг засаж сэргээхэд зарцуулсан материалын үнэ 185,000 төгрөг, ТҮЦ дотор байсан хүнсний барааны үнэ 32,000 төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг, ажлын хөлс 570,000 төгрөг, бусад зардал 57,000 төгрөг, үнэлгээний байгууллагад төлсөн ажлын хөлс 60,000 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг нийт 959,900 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан байна.

4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0735 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №49 дугаар магадлалаар С.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Б албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамж, болон Сүхбаатар дүүргийн Б албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаартай шаардах хуудсыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “955,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.17-21/

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 0-р хороо, бээжингийн гудамж Б дэлгүүрийн автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан, Сүхбаатар дүүргийн Б албанаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ТҮЦ-ийг ачсан үйл баримт тогтоогджээ.

6. Хэргийн 49 дүгээр талд талуудын хооронд үйлдсэн “Журмын хашаанаас эд зүйлс гаргах зөвшөөрөл” гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад ТҮЦ-ийг хүлээлгэж өгсөн талаар бичсэн. ТҮЦ-т эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар тэмдэглэгдээгүй. Харин хариуцагч байгууллага нь ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх явцдаа эд хөрөнгөд хохирол учруулаагүй бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн болохоо нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

  6.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн, уг тайлангаар ...материалын зардал 185,000 төгрөг, ажлын хөлсний зардал 570,000 төгрөг, барааны зардал 32,000 төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг, бусад шууд зардал 57,000 төгрөг нийт хохирлын үнэлгээний дүн 884,000 төгрөг гэж үнэлжээ. /хх.40-47/

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Ы дүгнэлтдээ “...Ачихдаа урьдчилж мэдэгдээгүй тул эзэмшигч байлцаж эд хөрөнгөө хүлээлцэх боломжгүй байсан. Тээвэрлэлтийн явцад гарсан хохирол гэдгийг үнэлж болохуйц бол хохирлыг барагдуулах нь зүйтэй...” гэсэн байна.  /хх.115/

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх учиртай. Иймд хариуцагч байгууллага хохирлыг төлөх үүрэгтэй.

9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан

9.а. Нэхэмжлэгч С.Б нь газрыг хуульд заасан журмын дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаагүй үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, маргаан бүхий ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байх тул хохирогчийн гэм буруу нөлөөлсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 0-р хороо, бээжингийн гудамж Б дэлгүүрийн автобусны буудлын нутаг дэвсгэрт ТҮЦ-ийг 2 жилийн хугацаанд ажиллуулж байсан.

 9.б. ТҮЦ-т гарсан бүх эвдрэл гэмтэл нүүлгэн шилжүүлэх үед үүссэн гэж үзэх боломжгүй байхаас гадна нэхэмжлэгчийн буруутай байдлыг харгалзан хохирлыг 50 хувиар бууруулан хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй.

10. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албанаас 411,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00469 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Б албанаас 411,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 27,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 27,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО