| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03748/и |
| Дугаар | 181/ШШ2022/00475 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2022/00475
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..дүгээр хороо, .. дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө гудамж, .у..гаар байр, ... тоот хаягт оршин суух .. овогт Д.Ж /РД:.../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах БХЗХТБАА-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Хариуцагч БХЗХТБАА итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар БХЗХТБААнаас Д.Ж-ы захирлаар ажилладаг “Тотком сервис” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа БХЗХТБААнаас явуулж барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан.
Д.Ж гэж иргэн хүний хувьд дуудлага худалдаанд орж байгаа барьцаа хөрөнгөөс Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, 7 байр, 10 тоотод байрлах 47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй автомашины гражийн барилгыг төлбөрт тооцож хурааж, битүүмжилж, үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн. Орон сууцны хувьд 1998 оноос хойш Д.Ж болон түүний хүү Ж.Тэлмэн, Ж.Тамир, охин Ж.Онон нарын өмчлөлийн эд хөрөнгө юм.
Нэхэмжлэгч Д.Ж эрх ашиг хөндөгдөж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасны дагуу явуулна, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт дуудлага худалдаанд талуудаас гадна дараах этгээд оролцож болно, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийг нотолж чадах гуравдагч этгээд тус тус хамаарна гэдэгт бид хамаарч байгаа учраас нэхэмжлэл гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад БХЗХТБААнаас үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр явуулахдаа өмчлөгч Д.Ж мэдэгдээгүй. Иргэн гэдэг утгаар нь мэдэгдэл өгөөгүй ба компанийн захирал гэдэг утгаар нь мэдэгдэл өгсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гээд тусдаа субъект юм.
Бид нар 2021 оны 12 дугаар сарын хоёр дахь дуудлага худалдаан дээр маргаагүй, анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан.
Үндсэн шүүхийн шийдвэр нь 1,3 тэрбум төгрөг байдаг. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ, дуудлага худалдаатай холбоотой зүйл ярьж байгаа ч гэсэн эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлснээс хойш 3 жил болж байна. Бид нарыг маргаж байхад анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд орсон байна. Бодит байдлаас харахад тухайн эд хөрөнгийн үнэлгээ буюу хүмүүс хямд байна гэж гомдол гаргадаг, нөгөө талаараа өнөөдрийг хүртэл яагаад зарагдахгүй байгаа юм бэ гэдэг дээр аль аль тал нь дүн шинжилгээ хийгээд шаардлагатай бол дахин үнэлгээ хийж, дуудлага худалдаанд оруулах буюу үндсэн шүүхийн шийдвэрийн төлбөрт хөрөнгө нь хангалттай хүрч хаах зорилготой байгаа. Тиймээс дуудлага худалдаа хүчингүй болох нь хэн хэндээ ашигтай учраас шүүх харгалзаж үзнэ үү. Иймд БХЗХТБААнаас явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч БХЗХТБААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрээр “Тотком сервис” ХХК-иас 1,380,497,189 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан таван үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахаар ажиллагаа явагдсан. 2020 онд үнэлгээн дээр гомдол гаргаад гурван шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3/3732, 3/3764 тоот албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогзол гэх хүнээр гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон албан бичгээ ирүүлсэн учраас дамжуулж өгөх эрхтэйгээр мэдэгдлүүдийг өгсөн. Хоёр дахь дуудлагаар захирал нь ирээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн мэдэгдлийг Б.Ж-д тухай бүрт хаягаар нь очиж гардуулж өгсөн.
Мөн хоёр дахь дуудлага явуулж байх үед Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14882 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх шүүгчийн захирамж ирүүлсэн. Үүний дагуу Д.Ж-тай холбоотой үл хөдлөх эд хөрөнгөд дуудлага худалдаа явуулаагүй, бусад эд хөрөнгө дээр дуудлага худалдааг явуулж хоёр дахь дуудлага худалдаагаар ямар нэгэн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгчид иргэний болон компанийн хувиар мэдэгдлийг гардуулж өгсөн учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 47 м.кв, 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй, дөрвөн автомашины гражийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шүүхийн шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн М.Сонинбаярт олгосон итгэмжлэл /хх32/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх135-137/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/40 тоот албан бичгээр Г.Б, Ч.Орт олгосон итгэмжлэл /хх28/, хариу тайлбар /хх33/, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ГХ2019/00539 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх35/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шүүхийн шийдвэр /хх36-43/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх44/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4/16924 тоот албан бичиг /хх45/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4/16925 тоот албан бичиг /хх46/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4/16927 тоот “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичиг /хх47/, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 16-ны 1101 тоот албан бичиг /хх48/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 12-ны 1198 тоот албан бичиг /хх49/, Д.Ж-ы газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх50/, Тотком сервис ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх51/, Тотком сервис ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх52-53/, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй, дөрвөн автомашины гражийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх54/, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 47 м.кв, 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх55/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх56/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18280888/05 дугаар тогтоол /хх57/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх58-59/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18280888/17 дугаар тогтоол /хх60/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх61/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18280888/09 дугаар тогтоол /хх62-64/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх65/, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 тоот албан бичиг /хх66/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18280888/11 дугаар тогтоол /хх69/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх70/, Эд хөрөнгө хураах тухай 19280888/12 дугаар тогтоол /хх71/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх72/, Эд хөрөнгө хураах тухай 19280888/13 дугаар тогтоол /хх73/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх74-77/, Эд хөрөнгө хураах тухай 19280888/18 дугаар тогтоол /хх78/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх79-80/, Эд хөрөнгө хураах тухай 19280888/19 дугаар тогтоол /хх81/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх82-83/, Эд хөрөнгө хураах тухай 19280888/20 дугаар тогтоол /хх84/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх85-86/, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2373 дугаар БХЗХТБААнд гаргасан хүсэлт /хх87/, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар Шинжээч томилох тухай тогтоол /хх88/, Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх89/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх90-107/, Тотком сервис ХХК-ийн Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93/19 дугаар “Хөрөнгийн үнэлгээ хүргүүлэх тухай” албан бичиг /хх108/, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00966 дугаар тогтоол /хх109-111/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх112/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Тотком сервис” ХХК-ийн захирал Д.Ж-д хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/3477 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх113/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Тотком сервис” ХХК-ийн захирал Д.Ж-д хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/3560 дугаар “Мэдэгдэл” /хх113/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Тотком сервис” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/3560 дугаар “Мэдэгдэл” /хх116/, Сонингийн хуулбар /хх117/, “Тот ком сервис” ХХК-иас С.Цогзолд олгосон итгэмжлэл /хх118/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Тотком сервис” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3762 дугаар “Мэдэгдэл” /хх119/, БХЗХТБААнаас “Тотком сервис” ХХК-ийн захирал Д.Ж-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3764 дугаар “Мэдэгдэл” /хх120/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/6 дугаар тогтоол /хх121/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/7-8 дугаар тогтоол /хх122/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх123/, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1804 дугаар Банк, хадгаламж зээдийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт /хх124/, БХЗХТБААнаас “Тотком сервис” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/4252 дугаар “Мэдэгдэл” /хх125/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Тотком сервис” ХХК-ийн захирал Д.Ж-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/4253 дугаар “Мэдэгдэл” /хх126/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх127/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/01, 12/2-3 тоот тогтоол /хх128-129/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.-ы хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Ж нь шаардах эрхийн үндэслэлээ “Анхны албадан дуудлага худалдааны талаар төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Д.Ж надад мэдэгдээгүй, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй” гэж тодорхойлов.
3. Хариуцагч БХЗХТБААы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр “Тотком сервис” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,373,471,880.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 0023662 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай, 47м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй, 0023718 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй, 000166198 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1295/21 тоот хаягт байршилтай, 344 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй, 000247994 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Орбит /18171/, 88/2 тоот хаягт байршилтай, 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай дуусаагүй барилга, 18630309430755 нэгж талбарын дугаартай, 0232264 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, 12,000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх, 0101001566 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 м.кв талбай бүхий автомашины гражийн зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх зэргийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх36-43/
Төлбөр төлөгч “Тотком сервис” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелээгүй байх тул төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 181/ГХ2019/00593 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх35/
Дээрх гүйцэтгэх хуудсын дагуу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19280888 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх44/
“Тотком сервис” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Д.Ж 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх56/
Хариуцагч БХЗХТБАА нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 47 м.кв, 4 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/05 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/17 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор тус тус битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11280888/18, 11280888/19 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураасан байна. /хх57-61, 71-83/
Төлбөрт хураасан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 47 м.кв, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12*6*3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Д.Ж бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх67-68/
БХЗХТБААнаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Тотком сервис ХХК-иас үнийн санал авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 0023662 гэрчилгээний дугаартай, Д.Ж-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 99,461,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитал банк дахь банкны эрх хүлээн авагч хүлээн зөвшөөрч, харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй, Д.Ж-ы өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12*6*3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрыг 80,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитал банк дахь банкны эрх хүлээн авагч хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх87, 108/
Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй, Д.Жы өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12*6*3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрыг 29,192,934 төгрөгөөр үнэлжээ. /хх88-107/
Төлбөр төлөгч “Тотком сервис” ХХК, өмчлөгч Д.Жн нар дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00966 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх109-111/
БХЗХТБААны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/3559, 3/3560, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3762, 3/3764 дугаар мэдэгдлүүдээр “Тотком сервис” ХХК болон “Тотком сервис” ХХК-ийн захирал Д.Ж нарт шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлжээ. /хх113-123/
БХЗХТБААны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3762, 3/3764 дугаар мэдэгдлүүдийг “Тотком сервис” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/21 тоот албан бичгээр итгэмжлэл олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогзолд гардуулан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх118-120/
Улмаар хариуцагч БХЗХТБАА нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дээрх хөрөнгүүд худалдан борлогдоогүй байна.
5. Зохигчид “Тотком сервис” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэгч Д.Ж дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй, гүйцэтгэх захирлын хувьд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг мэдсэн талаар маргаагүй.
Харин анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар хуульчилсан бөгөөд 66.2-т “Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна.”, 66.3-т “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.
Хариуцагч Банк, хадгаламж зээлийн төлбөр барагдуулах ажлын албанаас Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч “Тотком сервис” ХХК, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Тотком сервис ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ж хүргүүлсэн болох нь “Тотком сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогзолын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамжуулж мэдэгдэнэ” гэх бичвэр, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т “Дуудлага худалдаанд талуудаас гадна эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд; оролцож болох талаах заасан нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцож болохоор зааснаас бус энэ зохицуулалтын дагуу өмчлөгчид заавал мэдэгдэх ёстой гэх агуулгагүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Д.ж Тотком сервис ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд анхны албадан дуудлага худалдааны талаар мэдсэн” гэх тайлбар гаргасан тул нэхэмжлэгч Д.Ж-ы “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул БХЗХТБААнд холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Жы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.Ж-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/14882 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ