Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2456

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай  иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлбөр төлөгч Д.Пүрэвээгээс нийт 43 484 725 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “Ч и ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасныг үндэслэн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.-т заасныг зөрчиж, улмаар өмчлөгч Ч.Ц-гийн эрх ашигт хохирол учруулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна.

Ч.Ц- нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр төлөгч Д.П-ийн 300 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2014/01-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс үзвэл Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнууд нь төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор “М О трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнуудад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн орон сууцнуудыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц-гийн орон сууцнуудыг төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-д санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг судлаж үзэхэд худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр төлбөр төлөгчид шилжүүлэх тухай нэг ч зохицуулалт байхгүй байна.

Ч.Ц-гийн зүгээс энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргаж, хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг хүссэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө гэж дурдаагүй байна гэх үндэслэл, тайлбар хэлж хууль зөрчсөн ажиллагаагаа зөвтгөн тайлбарлаж байна. Тэдний хэлж байгаагаар хэрвээ Ч.Ц-гийн өмчлөлийн орон сууцнууд нь төлбөр төлөгч Д.П-гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө биш юм бол Д.П-гийн төлбөрт тооцон хураах, битүүмжлэх, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах хууль эрх зүйн үндэслэл, мөн шаардлага ч байхгүй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлсэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц- миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.П-гээс 443 484 725 төгрөгийг гаргуулан “Ч и ББСБ”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.П-д гардуулан өгсөн. Энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.П-гээс үнийн санал авахад, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр үнэлсэн.

Өмчлөгч Ч.Ц-г үнийн саналаа өгөхийг 2016 оны 01 дүгээр сары 26-ны өдөр архитектор н.Э, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.П-, түүний үүсгэн байгуулсан “Э А” ХХК-ийн нягтлан бодогч н.Х 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор У нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй.

Өмчлөгч Ч.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр уулзан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “М О трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход эрхийн улсын Ү-2202020601 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 4 тоот хаягт байрлах 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139 100 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 401 300 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 359 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тус тус тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/01421 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01464 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд болох анхны албадан дуудлага хулалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн. Өмчлөгч Ч.Ц- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32017/04355 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01464 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ч.Ц- шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 101/Ш32018/00521 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоотод байрлах эрхийн улсын Ү-2202020601 дугаарт бүртгэлтэй 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө шинжээчийн үнэлсэн үнийн 50 хувиар тооцон 69 550 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 91 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эрхийн улсын Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн мөн байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар бууруулж санал болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д овогтой П-ээс 443 484 725 төгрөгийг гаргуулан “Ч и ББСБ”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах процесс болох мэдэгдэл хүргүүлэх, хугацаа олгох, барьцаа хөрөнгүүдийг хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаанд оруулах, санал болгох хурлаар оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байхад Ч.Ц- удаа дараа шүүхэд хандан санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасалдуулж, саад учруулж байгаа нь манай байгууллагад ихээхэн хохиролтой байна.

Зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаартай, 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202020601 дугаартай, 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орсон бөгөөд 71.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 91 000 000 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу санал болгох хурал зохион байгуулж төлбөрийн үлдэгдэлд үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний 50 хувиар тооцож төлбөрт тооцуулан зөрүү дүнг манай байгууллага төлбөр төлөгч талд буцаан олгохоор шийдвэрлэгдэж талууд хүлээн зөвшөөрсөн. Санал болгох хурал хуульд заагдсаны дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг баримтлан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэрийг эс зөвшөөр гомдол гаргаж байна.

Ч.Ц- нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр төлөгч Д.П-гийн 300 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2014/01-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс үзвэл Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнууд нь төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор “М О трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнуудад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн орон сууцнуудыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц-гийн орон сууцнуудыг төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-д санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний барьцааны зүйл бөгөөд талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцаа хөрөнгийн талаарх нотлох баримтууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэлгүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Ч и ББСБ”ХХК-д санал болгох ажиллагааг явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу явуулсан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд Улсын их хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүх тус хэргийн шүүх хуралдааныг зарлан явуулахдаа Ч.Ц-гийн өмгөөлөгчид шүүх хурлын товын талаар огт мэдэгдэлгүй хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.П, “Ч и ББСБ”ХХК нь 442 300 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоот хаягт байрлах 71,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс авахад үнийн санал өгөхөөс татгалзсан тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон ба үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 899 900 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 63-80 дугаар тал/

 

Хариуцагчийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/5 дугаартай тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ба 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоот хаягт байрлах 71,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 91 000 000 төгрөгөөр худалдан борлогдож, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд борлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон гэж хариуцагч тайлбар гаргасныг үгүйсгээгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өмгөөлөгчөөс тодруулахад үнэн гэсэн болно.

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр санал болгох ажиллагаагаар төлбөр төлөгчид төлбөр төлөх 1 сарын хугацаа олгож, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулж тооцон төлбөр авагчид шилжүүлж, төлбөрийн зөрүү 26 495 275 төгрөгийг төлбөр авагчаас төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 94-95 дугаар тал/

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасантай нийцсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэх заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлт гарсан ба уг дүгнэлтийг Улсын Их хурал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй. Учир нь хариуцагчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр санал болгох ажиллагаа явагдсаны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байх тул тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу явуулсан хариуцагчийн ажиллагааг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ч.Ц-д өөрт нь мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.О

 

                             ШҮҮГЧИД                            Ц.И

                        

                                                                         С.Э