Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00547

 

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2456 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Ц-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : “... инвест ББСБ” ХХК

          Төлбөр авагчид санал болгосон 2018-06-04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Төлбөр төлөгч Д.Пүрэвээгээс нийт 43,484,725 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “... инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн БЗ,СБ,ЧД-ийн ИХАШШ-ийн 2015-08-12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд НШШГГ-аас Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ШШГТХ-ийн 73.3-т заасныг үндэслэн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50%-иар тооцон төлбөр авагчид санал болгосон 2018-06-04-ний өдрийн ажиллагаа нь ШШГТХ-ийн 73.-т заасныг зөрчсөн. Өмчлөгч Ч.Ц-гийн эрх ашигт хохирол учруулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. ...Ч.Ц- нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр төлөгч Д.Пүрэвээгийн 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, төлбөр авагч “... инвест ББСБ” ХХК-тай 2014-01-03-ны өдөр 2014/01-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс үзвэл Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнууд нь төлбөр авагч “... инвест ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм. НШШГГ нь 2016-03-29-ний өдрийн 66-р тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнуудад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн орон сууцнуудыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Гэтэл НШШГГ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц-гийн орон сууцнуудыг төлбөр авагч “... инвест ББСБ” ХХК-д санал болгохдоо ШШГТХ-ийн 73.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50%-иар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. ШШГТХ-ийн холбогдох зүйл заалтуудыг судлаж үзэхэд худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр төлбөр төлөгчид шилжүүлэх тухай нэг ч зохицуулалт байхгүй байна. Ч.Ц-гийн зүгээс энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргаж, хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг хүссэн боловч НШШГГ-ын холбогдох албан тушаалтнууд нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө гэж дурдаагүй байна гэх үндэслэл, тайлбар хэлж хууль зөрчсөн ажиллагаагаа зөвтгөн тайлбарлаж байна. Тэдний хэлж байгаагаар хэрвээ Ч.Ц-гийн өмчлөлийн орон сууцнууд нь төлбөр төлөгч Д.Пүрвээгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө биш юм бол Д.Пүрвээгийн төлбөрт тооцон хураах, битүүмжлэх, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах хууль эрх зүйн үндэслэл, мөн шаардлага ч байхгүй. Иймд БЗ,СБ,ЧД-ийн ИХАШШ-ийн 2015-08-12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд НШШГГ-аас хэрэгжүүлсэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц- миний өмчлөлийн ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууц, мөн ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр .... тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018-06-04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: БЗ,СБ,ЧД-ийн шүүхийн 2015-08-12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.Пүрэвээгээс 443,484,725 төгрөгийг гаргуулан “... инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гурван үл хөдлөх эд хөрөнгийг ШШГТХ-ийн 36.1.1-т заасны дагуу 2016-01-26-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж 2016-01-30-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Пүрэвээд гардуулан өгсөн. Энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул ШШГТХ-ийн 36.5-т заасны дагуу 2016-03-02-ны өдрийн 04/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураасан. ИХ-ийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.Пүрэвээгээс үнийн санал авахад, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Ц-г үнийн саналаа өгөхийг 2016-01-26-ны өдөр архитектор н.Эрдэнэ-очир, 2016-02-23-ны өдөр төлбөр төлөгч Д.Пүрэвээ, түүний үүсгэн байгуулсан “Эрчим Арт” ХХК-ийн нягтлан бодогч н.Хишигдолгор 2016-03-04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй. Өмчлөгч Ч.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016-03-21-ний өдөр уулзан ИХ-ийн 177.1-д заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу 2016-03-29-ний өдрийн 66-р тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход эрхийн улсын Ү-..... дугаарт бүртгэгдсэн ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139,100,000 төгрөгөөр, ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 401,300,000 төгрөгөөр, ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 359,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд ИХ-ийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70%-иар тус тус тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016-04-18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн. СБД-ийн ИХАШШ-ийн 2016-08-10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2016-12-16-ны 001/ХТ2016/01421 тогтоолоор хэвээр үлдээсэн. СБД-ийн ИХАШШ-ийн 2017-05-23-ны өдрийн 1468 дугаар шийдвэрээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017-11-21-ний өдрийн 001/ХТ2017/01464 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Иймд ИХ-ийн 177.1-д заасныг баримтлан, 2017-02-24-ний өдрийн 10:00 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул ИХ-ийн 177.4-т заасны дагуу 2017-03-24-ний өдрийн 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн. Ч.Ц- шүүхэд ШШГА-г бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг БЗД-ийн БЗД-ийн ИХАШшүүх хүлээн авч 2018-01-03-ны 521 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ЧД, 4-р хороо, Бага тойруугийн ... байрны ... тоотод байрлах эрхийн улсын Ү-...... дугаарт бүртгэлтэй 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө шинжээчийн үнэлсэн үнийн 50%-иар тооцон 69,550,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2018-03-16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 91 сая төгрөгөөр худалдан борлогдсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, ЧД, 4-р хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-.... дугаарт бүртгэгдсэн мөн байрны ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2018-06-04-ний өдөр зохион байгуулж, ШШГТХ-ийн 73.3-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50%-иар бууруулж санал болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээд тайлбартаа: БЗ,СБ,ЧД-ийн ИХАШШ-ийн 2015-08-12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.Пүрэвээгээс 443,484,725 төгрөгийг гаргуулан “... инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах процесс болох мэдэгдэл хүргүүлэх, хугацаа олгох, барьцаа хөрөнгүүдийг хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаанд оруулах, санал болгох хурлаар оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байхад Ч.Ц- удаа дараа шүүхэд хандан санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасалдуулж, саад учруулж байгаа нь манай байгууллагад ихээхэн хохиролтой байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орсон бөгөөд 71.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 91 сая төгрөгөөр борлогдсон. ШШГТХ-ийн 73.3-т заасны дагуу санал болгох хурал зохион байгуулж төлбөрийн үлдэгдэлд үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний 50%-иар тооцож төлбөрт тооцуулан зөрүү дүнг манай байгууллага төлбөр төлөгч талд буцаан олгохоор шийдвэрлэгдэж талууд хүлээн зөвшөөрсөн. Санал болгох хурал хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг баримтлан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, ... байр ... тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2456 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5 дугаар зүйлийг хэрэглээгүй, мөн хэрэглэх ёсгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.3 дугаар зүйлийг хэрэглэсэн, буруу тайлбарлаж хэрэглэсэн. ШШГТХ-ийн 73.5-д “Барьцаалагч- төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогуй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан. Тэгвэл Ч.Ц- нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр төлөгч Д.Пүрэвээгийн 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, төлбөр авагч ... инвест ББСБ-тай 2014-01-03-ны өдөр 2014/01-ҮХХ дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Эндээс үзвэл Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнууд нь төлбөр авагч “... инвест” ББСБ-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм. НШШГГ нь 2016-03-29-ний өдрийн 66-р тогтоолоор “Мөнх-оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ч.Ц-гийн өмчлөлийн уг орон сууцнуудад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн орон сууцнуудыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байдаг. Гэтэл НШШГГ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц-гийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр авагч “... инвест” ББСБ-д санал болгохдоо ШШГТХ-ийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ.” гэж заасныг зөрчиж, ШШГТХ-ийн 73.3-д заасныг баримтлан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр буюу шинжээчийн тогтосон үнэлгээний 50%-иар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэж, хууль бус ШГА явуулсан. Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний барьцааны зүйл бөгөөд талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байтал НШШГГ нь ШШГТХ-ийн 73.3-т заасныг үндэслэн Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50%-иар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна. Гэтэл хоёр шатны шүүх хэрэгт авагдсан барьцаа хөрөнгийн талаарх нотлох баримтууд болон ШШГТХ-ийн 73.3, 73.5 дахь хэсгийг зөв хэрэглэлгүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018-04-19-ний өдрийн хуралдаанаас ШШГТХ-ийн 73.3 дахь заалт Монгол улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2018-10-10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд УИХ-аас 2017-06-09-ний өдөр баталсан ШШГТХ-ийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50%-иар бууруулж тооцон олгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12-р дүгнэлтийг 2018-10-25-ны өдөр хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээж зөвшөөрсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Ч.Ц- 2016-06-08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу,... байр,... тоот 3 өрөө, ... тоот 4 өрөө орон сууцыг төлбөр төлөгчид санал болгох 2018-06-04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулахыг шаардсан байна. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “...дурдсан эд хөрөнгө нь “... инвест ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа эд хөрөнгө юм...шүүхийн 2015 оны 5358 дугаар шийдвэрийг биелүүлэх явцад анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг эд хөрөнгийг 2 дахь дуудлага худалдааны тогтоосон үнэлгээний 50%-р шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна...ийм зохицуулалт хуульд байхгүй...миний хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барагдуулах заалт шийдвэрт байхгүй...” гэж тайлбарласан байна.

         Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх46,47-49/

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх  хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   2015-08-12-ны өдөр 5358 дугаартай захирамж гаргаж, “...“... инвест ББСБ” ХХК нь 16,460,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, Д.Пүрвээ нь 442,300,000 төгрөгийг 2015-11-10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн..”-ийг баталжээ. /хх6-7/

        Д.Пүрвээ 442,300,000 төгрөгийг төлөөгүйгээс захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, уг ажиллагааны явцад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу,... байрны ..., ..., ... тоот орон сууцнуудыг   битүүмжлэн, хурааж, үнэлгээ хийлгэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулж , захирамжийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /хх 27, 50-96/

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэлд заасан эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдэж,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ. 

        2018-03-16-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу,... байр,  ... тоот 71,8 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдагдаж, /хх 88/ өмчлөх эрх бусдад шилжсэн ба энэ талаар Ч.Ц- шаардлага гаргаагүй , харин ..., .... тоот орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг эс зөвшөөрч маргажээ.

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу,19А байрны ..., ... тоот орон сууц дуудлага худалдаагаар борлогдоогүй тул хариуцагч нь төлбөрт төлөгчид төлбөр барагдуулах нэг сарын хугацаа олгож, төлөөгүй тохиолдолд эдгээр хөрөнгийг төлбөр авагчид санал болгох талаар 2018-06-04-ний өдөр 24 дугаартай тэмдэглэл /хх 11-13/ үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлээс үзвэл дурдсан хоёр орон сууцыг 449,950,000 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгож, “... инвест ББСБ” ХХК нь зөрүү  26,495,175 төгрөгийг төлбөр төлөгчид олгохоор заажээ.

         Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгоно. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, хөрөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.

      Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03010 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2456 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ