Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/00386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Самбуугийн гудамж, М плаза .... авхарт байрлах “А” ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. дугаар хороолол, Алтайн .., Шинэ дэлхий телевизийн байр, .. тоотод байрлах “З” ХХК /РД:.../-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 89,906,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь “З” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 89,906,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“А” ХХК, “З” ХХК нь зам засах үйл ажиллагаа явуулдаг компани юм. “З” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу нисэхийн хөндийд байсан төсөл дээр гэрээнд заасан тоо хэмжээ бүхий дайргыг “З” ХХК-д олгосон. Гэрээний нийт үнийн дүн 59,937,980 төгрөгийн дайргыг худалдан борлуулсан. Төлбөрийг 100 хувь буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан тоо хэмжээ бүхий дайргыг “А” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 25,660,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21,320,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12,957,980 төгрөгийн дайргыг тус тус падаанаар хүлээлгэж өгсөн. Нийт 59,937,980 төгрөгийг дайргыг гэрээний дагуу хүлээлгэж өгсөн. “З” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алданги тооцсон. Гэрээнд төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн хүүтэй алданги тооцохоор заасан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 877 хоногоор тооцож 131,414,021 төгрөгийн алданги гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 29,968,990 төгрөг, нийт “З” ХХК-иас 89,906,970 төгрөгийг нэхэмжилж байна. “З” ХХК-ийн падаанаар хүлээж авсан болон манай компанид төлбөр төлөх талаар албан тоот ирүүлсэн талаар тусгагдсан байгаа гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 607,485 төгрөг төлсөн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Л.Галбадрахад олгосон итгэмжлэл, “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, “З” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-н өдрийн 20/144 тоот “Хүсэлт гаргах нь” албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд “З” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “А” ХХК нь “З” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 59,937,980 төгрөгийн дайргыг худалдан борлуулсан. “З” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцсон. Иймд “З” ХХКнь гэрээнд заасны дагуу 89,906,970 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч “З” ХХКд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

4. Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу “А” ХХК нь худалдан авагч буюу “З” ХХК чанар, стандарт шаардлагад нийцсэн, гэрээнд заасан тоо хэмжээ бүхий дайргыг худалдан авагч талд падаанаар хүлээлгэж өгөх, худалдан авагч тал нь гэрээний дагуу дайргыг хүлээн авсны дараа падааныг үндэслэн нийлүүлэгч талын нэхэмжлэхийн дагуу төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр,  нийлүүлэгч тал нийлүүлэлтийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр худалдан авагч талд алданги төлөх, худалдан авагч тал төлбөр төлөх хугацааг хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр нийлүүлэгч талд алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-9/

Зохигчдын дээрх тохиролцооноос дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу нэхэмжлэгч “А” ХХКнь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 25,660,000 төгрөгийн дайрга, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21,320,000 төгрөгийн дайрга, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12,957,980 төгрөгийн дайрга буюу нийт 59,937,980 төгрөгийн үнэтэй дайргыг “З” ХХК-д нийлүүлжээ.

Гэрээний зүйлийг шилжүүлэн авсан худалдан авагч тал гэрээгээр тохиролцсоны дагуу үнийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй болохоо зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан ““З” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/144 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул үүргээ зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З” ХХК-иас 59,937,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй.

Зохигчид Худалдах, худалдан авах гэрээний Алданги хэсэгт “...худалдан авагч тал төлбөр төлөх хугацааг хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр нийлүүлэгч талд алданги төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тооцоход 131,414,021.15 /59,937,980х0,5%х877/ төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 29,968,990 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч“З” ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 59,937,980 төгрөг, алданги 29,968,990 төгрөг, нийт 89,906,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ал” ХХК-д олгох үндэслэлтэй.

 

5. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндонгийн гаргасан хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн хүсэлтийг хүлээн авч, тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан бөгөөд уг шүүх хуралдааны товтой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон биечлэн танилцаж, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-иас 607,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “З” ХХК-иас 89,906,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““З” ХХК-иас 607,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ