Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/00748

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.ЗолзаяаД.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 181/ШШ2022/0386 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч З ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 89,906,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, түүний өмгөөлөгч О.Билгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А ХХК, З ХХК нь зам засах үйл ажиллагаа явуулдаг компани юм. З ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнд заасан тоо хэмжээ бүхий дайргыг З ХХК-д олгосон. Гэрээний нийт үнийн дүн 59,937,980 төгрөгийн дайргыг худалдан борлуулсан. Төлбөрийг 100 хувь буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан тоо хэмжээ бүхий дайргыг А ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 25,660,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21,320,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12,957,980 төгрөгийн дайргыг тус тус падаанаар хүлээлгэж өгсөн. Нийт 59,937,980 төгрөгийг дайргыг гэрээний дагуу хүлээлгэж өгсөн. З ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алданги тооцсон. Гэрээнд төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн хүүтэй алданги тооцохоор заасан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 877 хоногоор тооцож 131,414,021 төгрөгийн алданги гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 29,968,990 төгрөг, нийт З ХХК-аас 89,906,970 төгрөгийг нэхэмжилж байна. З ХХК-ийн падаанаар хүлээж авсан болон манай компанид төлбөр төлөх талаар албан тоот ирүүлсэн талаар тусгагдсан байгаа гэжээ.

 

2. Хариуцагч З ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З ХХК-аас 89,906,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-аас 607,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр дараах 3 үндсэн дүгнэлтийг хийж хариуцагчаас 89,906,970 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

4.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхийн дуудсан өдөр хүрэлцэн ирж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцах, хариу тайлбар өгөх, нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаа хүсэж шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хариу өгөх, цаашид нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болохгүй. Тодруулбал, Д.Л- нь 2021 оны 12 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаасаа гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болсон. Иймээс Э.Ё надад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх эрхийг эдэлж оролцох итгэмжлэлийг өгсөн. Итгэмжлэл өгсөн өдөр шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон тул хэргийн материалтай шууд танилцаад оролцох бэлтгэл, боломжгүй байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болгож хойшлуулсан хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй.

4.б. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэлт гаргаагүй байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/144 дугаартай албан бичгийг өгсөн өдрөөс хойш нэхэмжлэгч А ХХК-тай хариуцагч З ХХК нь төлбөрийг өгсөнд тооцохоор тохиролцсон бөгөөд тухайн нөхцөлтэй холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтэй байсан хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож чадаагүйн улмаас гаргаж өгч чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т шүүхэд урьдаас төдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэвч шүүх тус хэрэгт хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй гаргах нөхцөл боломжоор хангаагүй нь хэргийг нэг талын барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.в. Э.Ё нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр унаж татах, мэдрэлийн ядаргаанд орсон гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гадагш гарах боломжгүй нөхцөлд орсон тул 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүх хурал даргалагч болон шүүгчийн туслах нь зохигчдын эрх үүргийг танилцуулаагүй, мөн эрх үүрэг танилцуулсан хуудсанд гарын үсэг зуруулахдаа хэлж тайлбарлаж өгөөгүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн материалтай танилцах, хариуцагчийн гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбарыг хугацаандаа өгөхгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан товлогдсон. Уг хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л оролцоогүй, харин Э.Ё шинээр итгэмжлэл авч ирээд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр товлон хойшлуулсан. Э.Ё шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан ба Б.Л нь хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд санаатайгаар хүрэлцэн ирээгүй, хэрэгт тайлбар гаргаж өгөөгүйг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж анхан шатны шүүх үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 89,906,970 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

 

3. Хариуцагч З ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Л-д нэхэмжлэлийг гардан авах итгэмжлэлийг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.Ёд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тус тус олгожээ. /хх 14, 26/

 

3.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх 31-32/ Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёд хэргийн материал танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн байна.

 

4. Түүнчлэн, хэргийн 18 дугаар талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагчийн төлөөлөгч Д.Л нар гарын үсэг зурсан байна. Уг баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёд эрх үүргийг нь танилцуулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/0386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,485 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН