Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/00160

 

2021 02 10 181/ШШ2022/00160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 8-р танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, ОЭЭЖ ХХК  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, МД ХК   холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр, алданги 45 213 292 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 987 804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь дохиолол, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд МД ХК -тай 2019.03.22-ны өдөр №90C1920003931 тоот Даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын зүйлийн нийт үнэлгээ 180 000 000 төгрөг бөгөөд даатгалын хураамж болох 990 000 төгрөгийг манай компани цаг тухайд нь төлсөн.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020.03.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 03 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31 113 000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон тул манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөрөө авахаар МД ХК -д өгсөн.

Гэвч МД ХК нь хууль болон гэрээнд заасан нөхөн олговрыг бүрэн олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хууль зөрчсөн тул манай компани нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос уг асуудлыг шалгаж, Даатгагч нь хохирол үнэлэгч компанийн тогтоосон үнэлгээний тайлангийн дүнгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг хасаж тооцсон нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн байна. №90С1920003931 дугаартай Даатгалын гэрээний 12-р зүйлийн 4, 13-р зүйлийн 3-т тус тус заасныг үндэслэн даатгагч хууль болон гэрээнд заасан нөхцлийн дагуу хохирлыг хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргаж, учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, шийдвэрийн хэрэгжилтийг 2020.06.08-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо болон даатгуулагч компанид хариу мэдэгдэхийг үүрэг болгосон боловч МД ХК нь өнөөг хүртэл нөхөн төлбөрийг олгохгүй янз бүрийн шалтаг тоочин төлбөр төлөхөөс зайлсхийж байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020.03.30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийж, хохирлын хэмжээг 31 113 000 төгрөгөөр тогтоосон ба НХ ХХК -ийн нэхэмжлэлтэй ОЭЭЖ ХХК -д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрээр 31 113 000 төгрөгийн хохирол учирсныг баталгаажуулсан.

Мөн даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй тул зарим нөхөн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувьтай тэнцэх алданги тооцсон. Хугацаа хэтэрсэн нийт хугацааны алданги болох 51 241 731.70 төгрөг үүнээс хуульд заагдсаны дагуу 15 071 097.56 төгрөг төлөх ёстой.

Манай компани нь НХ ХХК -тай 2017.11.08-ны өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээний 1.6-д зааснаар гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдаж, дараагийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан боловч гэрээний хугацааг 2019.11.01-ний өдрөөс 1 жил гэж заасан байгаа тул хариуцагчийн даатгалын зүйл биш гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцлагын даатгалын гэрээнд даатгалын зүйлийг харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан бөгөөд даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохиролцсон тул даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт зааснаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд МД ХК -иас даатгалын нөхөн төлбөр 30 142 195.12 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 15 071 097.56 төгрөг, нийт 45 213 292.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, Г.Дэлгэрсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгалын гэрээний тухайд: МД ХК нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОЭЭЖ ХХК -тай 90С1920003931 тоот Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулж, ОЭЭЖ ХХК -ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал-ын хүрээнд, харин даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд тус тус гэрээгээр тохиролцсон эрсдэлүүдээс даатгасан. Даатгалын гэрээний хавсралт 2-оор ОЭЭЖ ХХК -аас дохиолол хамгаалалтын үйл ажиллагааны үйлчилгээг авч байгаа гэрээт 164 байгууллага байхаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг.

Үйл баримтын тухайд: Даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 3 дугаар давхраас 26 ширхэг гар утас хулгайд алдагдсан гэмт хэрэг гарсан бөгөөд одоо харъяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа.

Номин их дэлгүүрийн 1-5 давхрын хамгаалалтыг НХ ХХК -тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу хариуцаж байсан ОЭЭЖ ХХК нь уг гэрээнд заасан 49 объектыг хамгаалалтдаа авч, гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 26 ширхэг гар утас алдагдсан байна гэсэн дүгнэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хийж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ОЭЭЖ ХХК -аас 31 113 000 төгрөг гаргуулан НХ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба шүүхийн уг шийдвэрийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлийн тухайд:

1. Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90С1920003931 тоот Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан үйл баримт болоод тухайн даатгалын гэрээнд заасан 1 жилийн хугацааны дотор нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК -тай Дохиолол хамгаалалтын гэрээ байгуулан хамтран ажилладаг НХ ХХК -д 31 113 000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад маргахгүй. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

Гэхдээ энэ үйл баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул МД ХК -аас даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Учир нь, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоосон ба энэхүү хавсралтаар НХ ХХК -тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ээр хүлээсэн ОЭЭЖ ХХК -ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг МД ХК даатгаагүй юм. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ байгуулагдах үед НХ ХХК болон ОЭЭЖ ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй, байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан тул ирээдүйд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүсэх эсэх нь тодорхойгүй байсан үүрэг нь даатгалын зүйл байх ямар ч боломжгүй юм.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т зааснаар хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол даатгалын зүйл байж болохоор заасан тул талууд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот даатгалын гэрээгээр ОЭЭЖ ХХК -ийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгт ажпын хариуцлагаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх агуулга бүхий гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээнд заасан даатгалын зүйл нь тухайн гэрээг байгуулж байх цаг хугацаанд хэдийнээ бий болчихсон байсан буюу манай тохиолдолд ОЭЭЖ ХХК болон НХ ХХК -ийн хооронд байгуулагдсан байсан гэрээний үүргийн буюу НХ ХХК -ийн өмнө гэрээгээр хүлээсэн ОЭЭЖ ХХК -ийн хариуцлага байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан даатгалын зүйл болох НХ ХХК , УБ хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа ОЭЭЖ ХХК -ийн үйл ажиллагаа нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохгүй юм.

Даатгалын тохиолдол нь даатгалын гэрээ байгуулагдах үед талуудын тохиролцож тодорхойлсон, гэрээндээ нэрлэн заасан даатгалын зүйлд даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлийн улмаас хохирол учирсан үед бий болдог.

Манай тохиолдолд даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй буюу даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг талууд тохиролцож, тодорхойлсоноос хойш 8 сар 10 хоногийн дараа НХ ХХК болон ОЭЭЖ ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээнээс хохирол учирсан болох нь хэргийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул МД ХК нь даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй болсон тухай: ОЭЭЖ ХХК нь НХ ХХК -тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр ОЭЭЖ ХХК нь ямар тохиолдолд хариуцлага хүлээх, ямар тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар тодорхой зохицуулсан байна.

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас НХ ХХК -ийн эд хөрөнгөнд хохирол учирсанд ОЭЭЖ ХХК -ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд л нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээхээр байна. Гэтэл ОЭЭЖ ХХК -ийг тус тохиолдолд гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй байх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн энэ талаар даатгалын гэрээгээр тодорхой зохицуулж өгсөн байдаг. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гуравдагч этгээдээс шаардсан хохирлыг нөхөн төлөхгүй гэдгээ илэрхийлж шүүхээр гэм буруугаа тогтоолгосны дараа даатгагч нь нөхөн төлбөр олгохоор заасан. Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж маргасан шүүхийн шийдвэр ирүүлэх шаардлагатай талаар манай компанийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №01/1019 албан тоотоор мэдэгдсэн. Тус албан тоотын дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2020/03031 шийдвэрийг ирүүлсэн боловч тус хэрэгт нэхэмжлэгч нь Дохиолол хамгаалалтын гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар огт маргаагүй, зөвхөн хохирлын үнэлгээнд маргаж оролцсон байна.

Ийнхүү даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу НХ ХХК -ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон. Нэгэнт даатгуулагч даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч НХ ХХК -ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

 

2. Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж Даатгалын тухай хуулийн 12.6.14.4, 13.5.13.4-т тус тус заасан.

ОЭЭЖ ХХК -ийн хамгаалалтын обьектод нэвтэрч, 26 ширхэг гар утсыг хулгайлсан үйл явдалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг нэхэмжпэгч мэдэж байгаа, энэ нь даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байгааг мэдсээр байж даатгалын зүйлд хамаарахгүй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцан арилгах өөрийн үүргийг МД ХК -аар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

МД ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Г.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК нь МД ХК -тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №90С1920003931 Хариуцлагын даатгал-ын гэрээг байгуулсан. Тухайн даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тус тус даатгуулсан.

Дээрх даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ОЭЭЖ ХХК -тай дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилладаг НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэгч нь нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчээс нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дараа манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас даатгуулагчийн бүрдүүлж ирүүлсэн нөхөн төлбөрийн баримт материал, хэргийн бодит байдлыг бүрэн судлалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804.88 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхөн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул даатгагчийн зүгээс хамтын ажиллагаагаа хүндэтгэн хүсэлтийг хүлээн авч даатгалын нөхөн төлбөрийг асуудлыг дахин судлахад шаардлагатай нэмэлт баримт бичгийг бүрдүүлж өгөх талаар албан ёсоор мэдэгдсэн болно. Тухайн мэдэгдлийн дагуу бүрдүүлж ирүүлсэн даатгуулагчийн баримт материалыг дахин судлан үзэхэд нэмэлт баримтууд болон даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хэд хэдэн үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Тухайлбал,

1. Даатгалын тохиолдол бий болоогүй тухай

Талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу Даатгалын зүйл гэж даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг-ыг хэлнэ. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн өөрийн үзүүлж буй үйлчилгээ буюу харуул хамгаалалтын үйлчилгээнд алдаа гаран, тухайн алдаанаас үүдэн үйлчлүүлэгчид хохирол учирсан бол даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгоно.

Хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтооход юуны өмнө даатгуулагчид гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага үүссэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Хэрэв гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага даатгуулагчид үүсээгүй бол хариуцлагын даатгалын гэрээний даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Нэхэмжлэгч хариуцлага алдсан эсэх талаараа МД ХК -д ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №02/90 албан тоотдоо ...гэмт хэрэг гарах явцад тус этгээдүүд дохиоллын системд өртөхгүй байдлаар үйлдлээ хийсэн бөгөөд тус үйлдэл нь камерын бичлэгээр нотлогддог, бидний зүгээс эрсдэл үүссэн дариуд дохиоллын системийг шалгахад ямар нэг алдаа гараагүй хэвийн ажиллагаатай байсан болно гэж тайлбарласан байна. Хэрэв нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, түүний үзүүлж буй ажил үйлчилгээний доголдлоос шалтгаалахгүйгээр хохирол гарсан бол даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй буюу энэ тохиолдолд даатгалын тохиолдол үүсээгүй байна.

2. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй болсон тухай

ОЭЭЖ ХХК нь НХ ХХК -тай 2021 оны 03 дугаар сарын 01- ний өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр ОЭЭЖ ХХК нь ямар тохиолдолд хариуцлага хүлээх, ямар тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар тодорхой зохицуулсан байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас НХ ХХК -ийн эд хөрөнгөд хохирол учирсанд ОЭЭЖ ХХК -ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд л нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээхээр байна. Гэтэл ОЭЭЖ ХХК -ийг тус тохиолдолд гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй байх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн энэ талаар даатгалын гэрээгээр тодорхой зохицуулж өгсөн байдаг. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гуравдагч этгээдээс шаардсан хохирлыг нөхөн төлөхгүй гэдгээ илэрхийлж шүүхээр гэм буруугаа тогтоолгосны дараа даатгагч нь нөхөн төлбөр олгохоор заасан. Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж маргасан шүүхийн шийдвэр ирүүлэх шаардлагатай талаар манай компанийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №01/1019 албан тоотоор мэдэгдсэн. Тус албан тоотын дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрийг ирүүлсэн боловч тус хэрэгт нэхэмжлэгч нь Дохиолол хамгаалалтын гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар огт маргаагүй, зөвхөн хохирлын үнэлгээнд маргаж оролцсон байна.

Ийнхүү даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу НХ ХХК -ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон.

Нэгэнт даатгуулагч даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч НХ ХХК -ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

3. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн тухай

Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол-д даатгалын нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын нөхөн төлбөрт шаардаж буй хохирол нь хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бөгөөд талууд даатгалын гэрээ байгуулахдаа гэмт хэргийн шинж, зорилготой үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар харилцан тохиролцсон тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдол нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байна.

НХ ХХК -тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу хүлээх ОЭЭЖ ХХК -ийн хариуцлага нь даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл биш тул 26 ширхэг гар утас хулгайлагдсан үйл баримттай холбоотойгоор МД ХК - аас нөхөн төлбөр гэж олгосон 987,804.88 төгрөг нь олгогдох ёсгүй мөнгө байсан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК -аас 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулж МД ХХК -д олгож өгнө гэв.

 

ОЭЭЖ ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбат, өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус компани нь МД ХК -тай 2019 оны 03 сарын 22-ны өдөр №90С1920003931 тоот Даатгалын гэрээ /Ерөнхий хариуцлагын даатгал/ байгуулж, өөрийн бусдад үзүүлж байгаа харуул хамгаалалтын үйлчилгээний хариуцлага болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тус тус даатгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилладаг НХ ХХК -ийн Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүр салбарт нийт 31 113 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдаж, эд хөрөнгийн хохирол учирсан.

Даатгалын тохиолдол болсон даруйд манай компанийн зүгээс Монгол даатгал ХХК-д мэдэгдэж, улмаар тус компаниас шинжээчид ирж, газар дээр нь ажиллаж, шаардлагатай бүх ажиллагаануудыг хийсэн. Мөн манай компани өөрийн зүгээс холбогдох бүх материалуудыг бүрдүүлж өгсөн.

Даатгагч тал манай компанийн бүрдүүлж өгсөн материалуудыг хянан үзээд даатгалын тохиолдол болсон гэж үзэн даатгалын нөхөн төлбөр гэж 987 805 /Есөн зуун наян долоон мянга найман зуун тав/ төгрөгийг манай компанид олгосон.

Гэвч олгосон нөхөн төлбөр нь Даатгалын гэрээний дагуу олгох ёстой хэмжээнээс дутуу байсан тул бүрэн гүйцэд олгохыг шаардаж удаа дараа албан бичиг явуулсан боловч даатгагч нь гэрээний үүргээ зөрчиж, нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй тул даатгуулагчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хянан шийдвэрлэж, Монгол даатгал ХХК-ийг хууль зөрчсөн болохыг тогтоож, нөхөн олговрыг бүрэн олгохыг Монгол Даатгал ХХК-д даалгасан.

Гэтэл Монгол Даатгал ХХК нь даатгалын тохиолдол болоогүй мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж, улмаар өмнө төлсөн нөхөн төлбөрөө буцаан нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.

Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсныг хэрэгт хавсарган өгсөн.

Талуудын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалын гэрээний 12-р зүйлийн 12.1.3 дахь хэсэгт Даатгапын зүйл гэж даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ гэсний дагуу манай компани нь "НХ ХХК -тай байгуулсан Дохиолол Хамгаалалтын гэрээний дагуу хамгаалуулагчийн объектуудын аюулгүй байдлыг ханган эд хөрөнгийг нь аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, хамгаалах үүрэг хүлээсэн байдаг ба энэ үйлчилгээгээ /үүрэг хариуцлагаа/ бүхэлд нь даатгуулсан болно. Өөрөөр хэлбэл хамгаалж буй объектынхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээг хамгаалагч тал авах үүрэгтэй болно. Энэ үүргээ биелүүлээгүйгээс эд зүйл алдагдаж гэрээт компанид их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ манай компанийг харуул хамгаалалтын үйлчилгээндээ алдаа гаргаагүй тул гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага үүсээгүй гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн нь огт үндэслэлгүй болно.

Дээр дурдсанчлан Дохиолол Хамгаалалтын гэрээний дагуу хамгаалагч талын гол үүрэг нь хамгаалуулагчийн эд хөрөнгийг гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх, бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах бөгөөд объектоос эд зүйл алдагдсан л бол хамгаалагч тал хариуцлага хүлээх ёстой байдаг.

Мөн сөрөг нэхэмжлэлд: Хамгаалагч тал үүргээ биелүүлээгүйгээс болж эд хөрөнгийн хохирол учирсныг хуулийн байгууллага нотлоогүй, даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу НХ ХХК -ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон гэх мэтээр үндэслэл муутай зүйлүүдийг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх манай компанийг Дохиолол Хамгаапалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс НХ ХХК -д эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг тогтоож, МУ-ын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэх бөгөөд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэн, манай компаниас 31 113 000 /Гучин нэгэн сая нэг зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж, НХ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Тиймээс сөрөг нэхэмжлэлд дурдсан 2020 оны 3 сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч НХ ХХК -ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн аливаа хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Даатгалын гэрээ-нд даатгалын тохиолдлыг Харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан болно. Гэрээнд заасны дагуу даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохирсон болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр, Санхүүгийн Зохицуулах хорооны 2020.05.28-ны өдрийн 9/2304 тоот албан бичиг, ОЭЭЖ ХХК -иас МД ХК -д хүргүүлсэн албан бичгүүд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.03.11-ны өдрийн 27ж1/1390 тоот албан бичиг 3 ш фото зураг, ХААН банкны дансны хуулга, 2019.12.01-ний өдрийн №N11/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тодорхойлсон албан бичиг, бүртгэлийн гэрчилгээ 3ш, 2017.11.08-ны өдрийн NH/17/208 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МД ХК -иас ОЭЭЖ ХХК -д хүргүүлсэн албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Мөрдөгчийн 2020.03.16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК  нь хариуцагч МД ХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алданги 45 213 292 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, даатгалын нөхөн төлбөрт олгосон 987 804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

ОЭЭЖ ХХК нь МД ХК -тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-г байгуулж, тохиролцсон эрсдэлүүдээс Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал-ын хүрээнд даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг, Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг тус тус даатгаж, даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, дээрхи гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Даатгалын гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу даатгалын хураамж 900 000 төгрөгийг даатгуулагч ОЭЭЖ ХХК цаг тухайд нь төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

ОЭЭЖ ХХК  нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2020.03.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 03 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31 113 000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр 30 142 195 төгрөг, алданги 15 071 097 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч МД ХК нь даатгалын зүйлд хохирол учраагүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй, нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөрт олгосон 987 804 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргаж байна.

 

ОЭЭЖ ХХК -тай 2019.12.01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээ-тэй харилцагч НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө цонхоор нь үл таних этгээд нэвтэрч, 3-р давхарт байрлах гар утасны лангуунаас 28 ширхэг гар утас хулгайлж, 31 113 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүхийн шийдвэрээр ОЭЭЖ ХХК -ийг НХ ХХК -тай байгуулсан 2019.12.01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэн 31 113 000 төгрөгийг гаргуулж НХ ХХК -д олгосон болох нь 2019.12.01-ний өдрийн №N11/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, Мөрдөгчийн 2020.03.16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 28 ширхэг гар утасны зах зээлийн үнийг 2020.03.13-ны өдрийн байдлаар 31 113 000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 110-116, 73-84, 22-23х/

 

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан байх бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгосон шийдвэр гаргасан байна. /хавтаст хэргийн 24 хуудас/

Хариуцагч МД ХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй боловч төлбөрийг төлөөгүй байна.

 

Хариуцагч МД ХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлөхөөс дараах үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1. Даатгалын зүйлд хохирол учраагүй гэх татгалзлын тухайд,

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-ний 2 дугаар хавсралтын 109-д НХ ХХК -ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын зүйлийг тодорхойлсон.

Хариуцагч үүнд маргаагүй боловч ОЭЭЖ ХХК -ийн НХ ХХК -тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу явуулж буй үйл ажиллагаа даатгалын зүйлд хамааралгүй гэж тайлбарлаж байна.

 

ОЭЭЖ ХХК нь 2017 оноос хойш гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн лавлагаа, бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 189-192 хуудас/

ОЭЭЖ ХХК нь НХ ХХК -тай 2017.11.08-ны өдрийн NH/17/208 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ-г гэрээний 1.5-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.6-д гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахад талууд гэрээг сунгах болон цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь анхны заагдсан нөхцөл, хугацаагаар дахин сунгагдсанд тооцно гэж заажээ. /хавтаст хэргийн 228-230х/

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээг МД ХК -тай даатгалын гэрээ байгуулах үед үйлчилж байсан бөгөөд уг гэрээний сунгагдсан хугацааг дуусахад харилцагч НХ ХХК -тай 2019.12.01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээ-г байгуулж, гэрээний 1.5-д гэрээний хугацааг 2019.11.01-ний өдрөөс эхлэн 1 жил гэж тохиролцсон гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 110-113 хуудас/

 

ОЭЭЖ ХХК -ийн НХ ХХК -тай байгуулсан 2017.11.08-ны өдрийн болон 2019.12.01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээ-нүүдийг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд мөн МД ХК -тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Даатгалын гэрээ-ний 2 дугаар хавсралтын 109-д НХ ХХК -ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын зүйлийг тодорхойлон тохиролцсон байдлаас үзэхэд ОЭЭЖ ХХК -ийг дээрхи гэрээний дагуу НХ ХХК -д харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсны улмаас даатгалын зүйлд хамруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-ний 2 дугаар хавсралтын 109-д НХ ХХК -ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын зүйлийг тодорхойлсон тул НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Номин их дэлгүүр салбарыг даатгалын зүйл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч МД ХК нь ОЭЭЖ ХХК -тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Даатгалын гэрээ байгуулахад НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт ОЭЭЖ ХХК -ийг харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул даатгалын зүйлд хохирол учраагүй, нэхэмжлэгчийг даатгалын гэрээний 13.6.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

2. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй гэх татгалзлын тухайд,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр ОЭЭЖ ХХК -ийг НХ ХХК -тай байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө цонх, модон хаалгыг эвдэж, 28 ширхэг гар утас хулгайд алдагдсан болохыг тогтоож, ОЭЭЖ ХХК -иас 31 113 000 төгрөгийг гаргуулж НХ ХХК -д олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 22-23 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу ОЭЭЖ ХХК нь Дохиолол хамгаалалтын гэрээ-гээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас НХ ХХК -д 31 113 000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

 

Даатгалын гэрээ-ний Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг даатгасан тул дээрхи шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь даатгалын тохиолдолд хамаарч байна.

Иймд хариуцагчийн даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.13.4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн гэх татгалзлын тухайд,

Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.13.4-д Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заажээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-гээр Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд даатгалын зүйл-ийг даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг гэж, даатгалын эрсдэл-ийг бусдын амь нас, эрүүл мэндэд учруулж болох хохирол, бусдын эд хөрөнгөд учруулж болох хохирол гэж тус тус тохиролцсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах тул даатгалын эрсдэл-ийг талууд бусдын эд хөрөнгөд хохирол учруулж болох бүх эрдлийг хамааруулж тохиролцсон байна.

Иймд хариуцагчийн хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрхи үндэслэлээр хариуцагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул НХ ХХК -д учирсан хохирол болох 31 113 000 төгрөгнөөс МД ХК -ийн нөхөн төлбөрт олгосон 987 804 төгрөг /хх-85х/-ийг хасч, ОЭЭЖ ХХК -ийн нэхэмжилсэн 30 142 195 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-ний 9.1-д Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг Даатгуулагчид төлнө гэж тохиролцжээ.

Ийнхүү талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч МД ХК нь даатгалын гэрээний 13.5.4-д заасан хугацаанд нөхөн төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрхи хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг гэрээний үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алданги 15 071 097 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-ний дагуу даатгуулагч ОЭЭЖ ХХК -тай дохиолол хамгаалалтын гэрээтэй НХ ХХК -ийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020.03.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хулгайн хэрэг гарч нийт 31 113 000 төгрөгийн хохирол учруулсан даатгалын тохиолдол бий болсоны улмаас МД ХК -ийг нөхөн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөн тул дахин дүгнэх шаардлагагүй юм.

Иймд хариуцагч МД ХК -ийн даатгалын тохиолдол бий болоогүй, нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэх үндэслэлээр ОЭЭЖ ХХК -ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нөхөн төлбөрт олгосон 987 804 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар МД ХК -иас 45 213 292 /дөчин таван сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун ерөн хоёр/ төгрөг гаргуулж ОЭЭЖ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 016 төгрөгийг, МД ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 258 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК -иас 384 016 /гурван зуун наян дөрвөн мянга арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОЭЭЖ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА