Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/00364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Цагдаагийн гудамж, Прогресс төв, .. давхарт, .. тоотод байрлах, ХЗХ /РД:.../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, Алтайн .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, ..овогт Х.Г /РД:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,573,821.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ХЗХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

 

/Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З ХЗХ нь хариуцагч Х.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,573,821.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Хувхүү овогтой Х.Г нь З ХЗХ-оос 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг №09 дугаартай гэрээ байгуулж, 1,2 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд тус зээлийн үлдэгдэл 1,373,529.63 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 379,094.31 төгрөг, нийт 1,752,623.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

            Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 хувийн хүүтэй итгэлийн зээл 1,188,999.31 төгрөгийг авсан бөгөөд төлбөрөө төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлсээр байгаа тул хуримтлагдсан хүү 1,623,198.04 төгрөг, нийт 2,821,197.35 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Хувхүү овогтой Х.Ггээс нийт 4,573,821.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

            Хувхүү овогтой Х.Г миний бие 2017 онд З ХЗХ-г үүсгэн байгуулалцаж, хоршооны даргаар Г.Тэрбиш сонгогдсон. Би элсэн орохдоо 50000 төгрөг хандивласан. Анх байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавьж 300,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлээ Төрийн банкны дансаар гэрээний дагуу төлж дуусгаад байшингийн бичгээ чөлөөлүүлж авсан. Дараа нь 2,000,000 төгрөгийг дахин зээлж, графикийн дагуу төлж дуусгасан. Би зээл авах бүртээ Голомт банкны дансанд 3,000,000 төгрөгийн 10 хувь болох 300,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн 10 хувь болох 200,000 төгрөгийг тус тус хадгаламж болгож өгсөн.

            Миний бие 2018 оны байдлаар 3 хувийн хүүтэй, 500,000 төгрөгийн зээл авсан. Мөн адил 10 хувийг суутгал болгон авч үлдсэн. Энэ 500,000 төгрөгийг төлж чадаагүй. Учир нь зээл гаргах бүрт авч үлдэж байсан 10 хувийн мөнгөнөөс буюу эрсдэлийн сангаас авахаар тохирсон.

            Тухайн үед зээлээс авч үлдсэн мөнгөө 3 хувийн хүүтэй зээлж, эргэлтэнд оруулж өсгөж байгаа гэж хурал дээр ярьж танилцуулдаг байсан. 2017 оноос 2021 он хүртэл хандивласан мөнгөнийхөө хүүг нэхэж байсан удаа байхгүй. Мөнгө тушаасан баримтуудыг тухай бүрт хадгалж байгаад зээлээ төлж дуусаад хаясан. Төрийн банкны болон Голомт банкны дансыг олон жил болсон болохоор санахгүй байна. Нягтлантай нь уулзаж баримтуудаа нэхэхэд байхгүй гэсэн.

            Миний бие зээлээ шударгаар төлж дуусгасан байхад 5 жилийн дараа надаас нотлох баримтгүй мөнгө нэхэж, баримтыг маань устгасанд Хадгаламж зээлийн хоршоонд гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгч тусална уу гэжээ.

            3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 88,132 төгрөг төлсөн баримт, З ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №25 дугаар тогтоол, З ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.Түвшинд олгосон итгэмжлэл, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Гүндэгмаагаас Х.Г-д олгосон итгэмжлэл, Х.Ггийн Отгонбаярын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 25 гудамж, 46 тоот хаягт байрлах өвлийн сууцны зориулалттай 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаар “Зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаар “Барьцааны гэрээ”, Х.Г-гийн зээлийн тооцоо /1,2 хувь/, Х.Г-гийн зээлийн тооцоо /3 хувь/,   2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Кассын зарлагын ордер, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Зээл хүссэн өргөдөл, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Кассын зарлагын ордер, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээл хүссэн өргөдөл, 2017 оны 10 дугаар сарын 31-ний Бэлэн мөнгөний зарлагын баримт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зээл хүссэн өргөдөл, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Кассын зарлагын ордер, Кассын орлогын ордер, Бэлэн мөнгө хүссэн өргөдөл, Зээл хүссэн өргөдөл, З ХЗХ-ны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 3 хувьтай зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь /хх39-43/,  ЗЗ ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №01 дугаар “Шуурхай зээл олгох тухай” тогтоол, З ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 06 дугаар саын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2317 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, Тайлбар, Х.Г-гийн зээлийн тооцоо, З ХЗХ-ны тодорхойлолт, Х.Ггийн Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З ХЗХ-ны хариуцагч Х.Г-гээс 4,573,821.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,502,822 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,070,999.29 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч З ХЗХ нь шаардах эрхийн үндэслэлээ “Х.Г-тэй зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй 4,573,821.29 төгрөгийн үлдэгдэлтэй тул гэрээний дагуу шаардах эрхтэй” гэж тодорхойлов.

3. ХариуцагчХ.Г “Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлээ шударгаар төлж дуусгасан байхад 5 жилийн дараа надаас нотлох баримтгүй мөнгө нэхэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “З ХЗХнь хариуцагч Х.Г-д холбогдуулан 4,573,821.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/04624 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Г нь З ХЗХ-ны гишүүнээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр элсэж орсон болох нь “З ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл, Х.Г-гийн хадгаламж, зээлийн хоршооны гишүүний дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх4-5/

Зээлдүүлэгч З ХЗХ нь зээлдэгч Х.Г-тэй харилцан тохиролцож дараах зээлүүдийг зээлийн гэрээ байгуулан олгожээ.

4.1. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 500,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь зээлийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд үндсэн зээлд 500,000 төгрөг, зээлийн хүүд 30,000 төгрөг, нийт 530,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх43, 54-55/

4.2. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 500,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь зээлийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд үндсэн зээлд 500,000 төгрөг, зээлийн хүүд 30,000 төгрөг, нийт 530,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож, түүнд 500,000 төгрөгийг олгосон болох нь зээл хүссэн өргөдөл, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх28-30, 33, 39/

4.3. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 300,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх41, 50-51/

4.4. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 200,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож, түүнд 200,000 төгрөгийг олгосон болох нь бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх31, 42, 52-53/

4.5. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 100,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож, түүнд 100,000 төгрөгийн зээлийг олгосон болох нь зээл хүссэн өргөдөл, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх34-37, 48-49/

4.6. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №09 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг бичгээр байгуулж, 3,000,000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд үндсэн зээлд 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 450,000 төгрөг, нийт 3,450,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх14-15, 17-19/

Х.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 270,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийн хадгаламж байршуулж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадгаламжаас зээл төлөх хүсэлт гаргасны дагуу З ХЗХ нь 570,000 төгрөгийн хадгаламж, 322,970.27 төгрөгийн хадгаламжийн хүү, нийт 892,970.27 төгрөгийг зээлийн дүнгээс хасч тооцож, түүний хадгаламжийг хаасан байна.

5. Зохигчид Х.Г З ХЗХ-ны гишүүнээр элссэн, мөн зээлийн гэрээ байгуулсан үйл баримт, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин хариуцагч Х.Г зээлийн гэрээний үүргийг биелүүлж дууссан эсэх, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэхийг тус тус заасан.

Хадгаламж зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдана.

Хэрэгт З ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд  тухайн хоршоо нь улсын бүртгэлд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй ба өөр баримт хэрэгт авагдаагүй тул тус хоршоо нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан гэж үзэхгүй.

6.1. Нэхэмжлэгч З ХЗХ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.” заасны дагуу хоршооны гишүүн Х.Г -д  З ХЗХ-ны гишүүн Х.Г-эй 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг тус тус зээлийн гэрээ байгуулан олгосон, хариуцагч зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч З ХЗХ нь дээрх зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус бэлнээр Х.Г-д олгосон болох нь хэрэгт авагдсан зээл хүссэн өргөдөл, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Г-гээс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 88,999.31 төгрөг, зээлийн хүүд 147,827.85 төгрөг, нийт 236,827.16 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 877,000 төгрөг, нийт 1,377,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, зээлийн хүү 503,400 төгрөг, нийт 803,400 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 300,000 төгрөг, нийт 500,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 125,000 төгрөг, нийт 225,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Х.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 345,561.70 төгрөг, зээлийн хүүд 47,500 төгрөг, нийт 402,061.70 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,311,732 төгрөг, зээлийн хүүд 450,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Х.Г-гийн зээлийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байна. /хх20-21/

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар заажээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Зохигчдын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 02-ны, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болохоор тохирсон учир “З ХЗХ-нд гэрээний үүргийг шаардах эрх уг өдөр үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу 3 жилийн хугацааг тоолоход 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус дуусчээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дээрх гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэн, хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Иймд хариуцагч Х.Г-гээс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 236,827.16 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 1,377,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт нийт 803,400 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт нийт 500,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2,917,227.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хариуцагч Х.Г нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 125,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Х.Г-гээс уг зээлийн гэрээний үүрэгт 225,000 төгрөгийг хариуцагч З ХЗХ-нд олгох үндэслэлтэй.

6.2. Нэхэмжлэгч З ХЗХ нь хариуцагчХ.Г-гээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,373,529.73 төгрөг, зээлийн хүүд 428,541.28 төгрөг, нийт 1,802,071.71 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Х.Г нь З ХЗХ-оос 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №09 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг бичгээр байгуулж, 3,000,000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Г нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд үндсэн зээлд 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 450,000 төгрөг, нийт 3,450,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх14-15, 17-19/

Зээлийн гэрээний 1.5-д гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байх боловч гэрээний 1.6-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бичээгүй байх тул нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэх тул зохигчдыг зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар зээлдэгчээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Зээлийн гэрээний 2.2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний хугацаа дууссан өдрөөс барьцаа хөрөнгийг худалдаж зээл, хүүгийн өр төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж заасан байх тул зохигчдыг зээлийн гэрээний хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.Г нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 850,500 төгрөг, зээлийн хүүд 333,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 73 дугаар талд авагдсан зээлийн тооцооны баримтаар тогтоогдож байна.

Х.Г  нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 270,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийн хадгаламж байршуулж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадгаламжаас зээл төлөх хүсэлт гаргасны дагуу “З ХЗХ нь 570,000 төгрөгийн хадгаламж, 322,970.27 төгрөгийн хадгаламжийн хүү, нийт 892,970.27 төгрөгийг үндсэн зээлээс 775,970.27 төгрөгийг, зээлийн хүүгээс 117,000 төгрөгийг хасч тооцож, түүний хадгаламжийг хаасан байна.

Хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадгаламжаа хааж, зээл төлөх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу түүний хадгаламжийн 892,970.27 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд уг зээлийн гэрээний дагуу хариуцагч Х.Г-гээс үндсэн зээл 1,256,529.73 төгрөг, зээлийн хүү 117,000 төгрөг, нийт 1,373,529.73 төгрөгийг гаргуулж З ХЗХ-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Г-гээс зээлийн гэрээний үүрэгт 1,502,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-гээс 38,995 төгрөгийг гаргуулж З ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.Г-гээс 1,502,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,070,999.29 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-гээс 38,995 төгрөгийг гаргуулж “З ХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХЦЭЦЭГ