Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00847

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       ЗТХЗХ-ны нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00364 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЗТХЗХ-ны хариуцагч Х.Гд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,573,821 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Х.Ггээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,573,821.29 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х.Г  2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ЗТХЗХ-оос 3,000,000 төгрөг, 1,2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Уг зээлийн үлдэгдэл 1,373,529.63 төгрөг, хуримтлагдсан хүүг 379,094.31 төгрөг, нийт 1,752,623.31 төгрөг байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 хувийн хүүтэй итгэлийн зээл 1,188,999.31 төгрөг авч, төлбөрөө төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлсэн тул хуримтлагдсан хүү 1,623,198.04 төгрөг, нийт 2,821,197.35 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

   2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Х.Г нь 2017 онд ЗТХЗХ-г үүсгэн байгуулалцсан. Хоршоонд элсэж орохдоо 50,000 төгрөг хандивласан.  Анх үл хөдлөх хөрөнгөө барьцаалж 300,000 төгрөгийн зээл авч, зээлээ төлж дуусган хөрөнгөө суллаж авсан. Дараагийн удаа 2,000,000 төгрөг зээлдэн авч, графикийн дагуу төлж дуусгасан. Хариуцагч нь зээл авах бүрт Голомт банкны дансанд 3,000,000 төгрөгийн 10 хувь болох 300,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн 10 хувь болох 200,000 төгрөгийг хадгаламж болгож өгсөн. 2018 онд 500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдэн авч, 10 хувийг суутгуулсан. 500,000 төгрөгийг төлж чадаагүй, зээл гаргах бүрт авч үлдэж байсан 10 хувийг эрсдэлийн сангаас авахаар тохиролцсон. Тухайн үед зээлээс авч үлдсэн мөнгийг 3 хувийн хүүтэй зээлж, эргэлтэнд оруулан өсгөж байгаа гэж танилцуулдаг байсан. 2017-2021 он хүртэл хандивласан мөнгөний хүүг шаардаж байгаагүй. Хариуцагч нь авсан зээлээ шударгаар төлж дуусгасан байхад 5 жилийн дараа нотлох баримтгүй мөнгө шаардсан. Нэхэмжлэгч тал мөнгө төлсөн баримтыг устгасанд гомдолтой байна. Хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.Ггээс 1,502,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,070,999.29 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЗТХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ггээс 38,995 төгрөгийг гаргуулж ЗТХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Үйл баримтын талаар,

4.1.а. Х.Г хоршооноос хэд, хэдэн удаа зээл авсан. Эхлээд зээлээ хугацаандаа төлж байгаад сүүлд авсан зээлээ огт төлөөгүй. Хоршооны гүйцэтгэх захирал, зээлийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уулзаж зээлээ төлөхийг шаардсан. Ах, дүү хамаатан садангийнхаа нэр дээр их хэмжээний зээл аваад төлөхгүй хугацаа алдаж байгаад дүгнэлт хийж Цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Гэвч Х.Ггийн хаяг тодорхойгүй, утсаа авахгүй байсан. Прокуророос уг асуудалд иргэний шүүхэд хандах нь зүйтэй гэсэн бичиг өгсөн. Х.Гтэй ажил дээр нь очиж уулзахад ээж өвчтэй, тооцоо нийлээд удахгүй төлье гэсэн хариу өгч байсан. Харин зээлийн хүүг зогсоож өгөхийг хүссэн.

4.2. Хөөн хэлэлцэх хугацааны талаар,

4.2.а. Хуулийн байгууллага шалгасан нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй. Мөн хариуцагчтай уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан тул Иргэний хуулийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,070,999.29 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй талаар,

4.3.а. Тус шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсон. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралд хариуцагч хэргийн материалтай танилцах, тооцоо нийлэх санал тавьсан учир шүүгчийн захирамжаар хурлыг хойшлуулсан. Ингээд Х.Гтэй тооцоо нийлж шүүгчийн захирамжийг биелүүлэхэд бэлэн байгаа талаар мэдэгдэхэд хариуцагч үл тоож, хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хурлын товыг мэдсэн атлаа ирээгүй. Гэтэл шүүх хариуцагч талын тайлбар, захирамжийн биелэлтийг огт анхаарахгүй хариуцагчид ашигтай хэлбэрээр хэргийг шийдэж нэхэмжлэлийн шаардлагаас 3,070,999.29 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй тул үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй, бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ЗТХЗХ хариуцагч Х.Гд холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,752,623.31 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,821,197.35 төгрөг, нийт 4,573,821.29 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “авсан зээлээ төлөөд дуусгасан, тухайн үед мөнгө тушаасан баримтуудаа зээлээ төлж дуусгаад хаясан, нэхэмжлэгч миний зээл төлсөн баримтыг устгасан, зээлээ шударгаар төлж дуусгасан байхад 5 жилийн дараа мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

3. Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

3.а. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 хувийн хүүтэй итгэлийн зээл авсан” гэж үндсэн зээлд 1,188,999.31 төгрөг, зээлийн хүүнд 1,623,198.04 төгрөг, нийт 2,821,197.35 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 500,000 төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 500,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 300,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3,000,000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 200,000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 100,000 төгрөгийн зээлийн гэрээнүүд авагдсан байна. /хх14-15, 46-55, 71-74/

 Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн өргөдөлд заасан хэмжээний зээл авсан, эсхүл уг дүн нь хариуцагчийн дээр дурьдсан зээлүүдийн үлдэгдэл дүн болох эсэх нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. 

3.б. Хэргийн 71-72 дугаар тал дахь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн тооцооллын хүснэгт нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн агуулгатай байхад шүүх хариуцагчид гардуулж, мэтгэлцүүлэх ажиллагаа явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

4. Түүнчлэн, ЗТХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тогтоолоор Х.Гг тус хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр бүртгэсэн байх ба түүний хоршоон дахь гишүүнчлэл хэвээр эсэх, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан цаг хугацаа зэргийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. /хх4/

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00364 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,086 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   А.МӨНХЗУЛ