Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, Энхтайваны гудамж, .... тоот хаягт оршин суух, .. овогт Б.Э /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, Их сургуулийн гудамж ... байрлах, МСургууль /РД:..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: М сургууль итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эхариуцагч М сургуульд  холбогдуулан М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас хувийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие дэлхийн топ 100 сургуулийн нэг болох Монгол Улсын Засгийн Газраас татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад үнэгүй санхүүжиж сургадаг Манчестерийн их сургууль, Ланкастерын их сургуульд багшилж байгаад 2010 онд Монгол хүүхдүүдэд туслах зорилгоор эх нутагтаа ирсэн. Түүнээс хойш санхүүгийн тэнхимд профессороор 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш МУИС-ийн захирлын Б/350 тушаалаар МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхимд профессорын зэрэгт ажиллаж байгаа. Эдийн засгийн өмнөх тэнхимийн эрхлэгчийн хувийн хүсэлтийг үндэслээд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/361 тоот тушаалаар С.Дөлбадрахыг тэнхимийн эрхлэгчээс чөлөөлөх, Б.Э миний бие тэнхимийн эрхлэгчээр ажиллуулах тухай тушаалаар тэнхимийн эрхлэгчээр хавсран ажиллаж байгаад тус үүрэгт ажлаас мөн хувийн чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн захиргаанд хүргүүлсэн.

Энэхүү ажлыг хийхэд 2 жилийн хугацаатай байдаг. Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлыг онц сайн биелүүлсэн гэсэн дүгнэлтээ МУИС-ийн захиргаа руу явуулсан.  Миний хүсэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт ажилтан санаачилсан, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт өргөдлөө ажил олгогчдоо өгнө гэж заасны дагуу тэнхмийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэтэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх энэхүү хүсэлтийг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг үл ойшоож сар гаруй хугацаанд хүлээлгэсний дараа 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр бус бусад үндэслэлээр үүрэгт ажлаас минь чөлөөлсөн.

Би МУИС-д бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ямар ч буруу зүйл хийгээгүй. Энэхүү тушаал нь миний амьдралын туршид цаашид ажил олгогчтой харилцах, хөдөлмөрлөх эрхэд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гарсан. Би МУИС-ийн дүрмийг чанд сахиж ажилласан, өс хонзондоо намайг ажлаас халсан. МУИС-ийн дүрмийн дагуу ажилласныхаа төлөө халагдсан гэж дүгнэгдэх, цаашид өөр байгууллагад ажиллахад сөргөөр нөлөөлж, хөдөлмөрлөх эрхэд халдсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б/134 тоот тушаалын үндэслэл нь надад ямар ч хамааралгүй хууль, дүрмийн заалт байсан.

Уг тушаалын эхний үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасан байдаг. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын эхний үндэслэл надтай ямар ч хамааралгүй, чөлөөлж байгаа шалтгаан нь юм шиг байна. МУИС-ийн дүрмийн 4.4.3.1 дэх хэсэгт захирал нь МУИС-ийг төлөөлж сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Намайг ажлаас халсан үндэслэлээ гэж хэлсэн. Хууль, дүрэм, журам зөрчсөн гэх ямар ч заалт байхгүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлах аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх гэсэн Хөдөлмөрийн тухай хуультай нийцэхгүй байгаа юм. Үндэслэлд дурдсан нэг шалтгаан нь захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл гэсэн байгаа. Хэргийн материалд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл авагдсан байгаа. Түүнд ямар ч хууль зүйн мэдлэггүй хүмүүсийн цуглаан юм шиг ярьсан. МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нь анхнаасаа хариуцлагын хүрээнд Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлнө гэсэн байдаг. Сахилгын шийтгэл гэдэг нь өөрийн гэсэн тодорхойлолттой. МУИС-ийн дотоод журам 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан, журмын 9.1.1 дэх хэсэгт МУИС-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш ажилтан суралцагчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасныг сахилгын зөрчил гэнэ гэж заасан. Би журам, сахилгын зөрчил зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй. Хурлын тэмдэглэл уншихаар захирал үг хэлэх бүртээ тэнхмийн эрхлэгчийн хувьд хариуцлага хүлээх ёстой, тэнхимийн эрхлэгчийн хувьд гэдэг нь аливаа шийдвэр М сургууль дүрмээр тэнхимийн хурал эцсийн шийдвэр гаргах нэгж байдаг. Тэнхимийн эрхлэгч бол шийдвэр гаргадаг нэгж биш, ямар нэгэн хариуцлагыг тэнхимийн эрхлэгчтэй холбоотой гэж ярьсан байна. Захиргааны зөвлөлийн нэг гишүүн Ч.Энхбаяр нь Хүний эрхийн комиссын шийдвэр нь ямар ч хууль, журам, шийдвэрээс дээгүүр гэсэн үг үү гэж асуухаар өөр нэг захирал нь тийм гэж хариулсан. Түүнийг ямар ч бусад хуулийн мэргэжилтэн, бусад захирлууд залруулахгүй, комисс нь Монгол улсын хууль, дүрэм журмаас давсан шийдвэр гаргадаг гэсэн ойлголтыг гишүүдэд өгч байгаа юм. Б/134 дугаартай тушаалын бас нэг үндэслэл Монгол улсын Хүний эрхийн комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар шаардлага гэсэн байгаа. Энэ байгууллагатай очиж уулзахад энэхүү баримт бичиг нь Б.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага мөн юм уу гэсэн тодруулга авсан. Тэгэхэд тухайн байгууллага та уншаад үз, таныг үүрэгт ажлаас чөлөөл гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй байна, шаардлагатай бол шүүхээс дуудаж болно гэсэн.

Би өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад миний хүсэлтэд хариу өгөхгүй байж байгаад огт нийцэхгүй тушаал гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хүсэлтэд хэрхэн хариулсан талаар тайлбар өгөхгүй, танилцуулаагүй, шийдвэрлээгүй байж Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж тушаал шийдвэр гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 тоот тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгуулж, Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу өмнөх тэнхимийн эрхлэгчид яаж ажлаа өгдөг байсан тэр журмын дагуу чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.   

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.На, Л.Э нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Б.Э багшийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Томилогдсоноос хойш МУИС-ийн дүрмийн 4.5.2 дахь хэсэгт зааснаар захирал тэнхимийн эрхлэгчийг сонгож томилох эрхтэй байдаг учраас тэнхимийн эрхлэгчийг хоёр жилийн хугацаатай томилдог. Хоёр жилийн хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусах ёстой байсан. Б.Э багшийг эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн хугацаа бол 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн.

 

Нэхэмжлэгч тайлбартаа Эдийн засгийн тэнхим хангалттай сайн үнэлгээ өгсөн гэж байна. Тухайн багшийн хувьд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавих хугацаа дуусах ёстой байсан боловч өөрөө өргөдлөө өгөхтэй холбогдуулан сайн дураараа тайлангаа тавьсан болохоос биш хугацаа нь дуусаад тайлангаа тавьсан асуудал байхгүй. Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч өөрийн тэнхимд ажиллаж байсан багштай холбогдсон маргаан нэг жилийн хугацаанд үргэлжилсэн. Багшийг ажиллуулахгүй байх талаар гэрч мэдүүлсэн байдаг. Энэ багшийн хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэдэг талаар удаа дараа Хүний эрхийн комисст хандаж, үүнтэй холбоотой манайд Хүний эрхийн комиссын гишүүдээс албан шаардлага ирсэн байдаг. Албан шаардлага дээр багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байгаа тул ажиллах боломжоор ханга гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тэнхимийн эрхлэгч Б.Э-ад удаа дараа сургуулийн захиргаанаас багшийг ажиллах боломжоор хангана уу гэж хэлэхэд шаардлага хангасан мэргэшсэн багш биш гэдэг тайлбарыг гаргаж, ажил олгогчийн эрхийг эдэлж ажиллуулахгүй гэдэг хууль бус шаардлагыг буцаад сургуульд хэлсэн. Үүнтэй холбоотой Хүний эрхийн комиссоос багшийн эрх ашгийг хамгаалж, ажиллах боломжоор хангахгүй бол ажил олгогчид хариуцлага тооцохыг сануулж, Боловсролын яамны сайдад хариуцлага тооцох албан бичиг явуулна гэж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг шаардлагыг тавьсан. Багш өөрөө Хүний эрхийн комиссоос шаардлага ирсэн талаар мэдэж байсан, ажил олгогчоос удаа дараа уулзаж байсан.

 

Хариуцлагын асуудал яригдах үеэр Б.Э багш би судалгаа, шинжилгээний ажлаа хийх учраас гэдэг үндэслэлээр тэнхимийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тухайн тэнхимийн эрхлэгч хавсран гүйцэтгэгчээр ажил олгогчоос өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд сонгож томилдог албан тушаал учраас тухайн хүнийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр чөлөөлсөн.

 

Тэнхимийн эрхлэгч гэх албан тушаал нь бие даасан ажлын байрны тодорхойлолттой, тусдаа бие даасан ажлын байр биш, тэнхимийн багш нар дундаас 2 жилийн хугацаатайгаар ажилладаг хавсран гүйцэтгэдэг ажил юм. Бүх тэнхимийн эрхлэгч нар хавсран ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг авдаг. Б.Э багшийн хувьд профессороор хөдөлмөрийн гэрээтэй сургуульдаа ажиллаж байгаа. Ажил үүрэг хэвийн явагдаад, Б.Э  багш судалгаа, шинжилгээний ажил хийхээр захиргааны чөлөө авсан байгаа.

 

МУИС-ийн захирлын хувьд тэнхимийн эрхлэгчийн нэмэлт ажил буюу хавсран гүйцэтгэх ажлыг зогсоосон болохоос үндсэн багштай байгуулсан профессорын хөдөлмөрийн гэрээний дагуу чөлөөлөх шийдвэр гараагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39.1 дэх хэсгийг удирдлага болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн хуулиар хавсран ажиллах ажил нэмэгдэл хөлсөөр ажиллах учраас нэмэлт хөлс гэсэн  зүйлийг ярьсан. Дүрмийн 4.4.3.1 дэх заалт надад хамааралгүй заалт гэж нэхэмжлэгч хэлж байна. Энэ нь багшид хамааралгүй, өөрөөр хэлбэл захирлын бүрэн эрхийн хэмжээнд гарсан тушаал учраас энэхүү заалтыг удирдлага болгосон. Тэнхимийн эрхлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй учраас хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            3. Нэхэмжлэгчээс М сургууль захирлын нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх, 9/, М сургуульн 2021 оны 10 дугаар сарын 19-ний 1/1634 тоот “Хариу өгөх тухай” албан бичиг /1хх, 118/, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаар магадлал /1хх, 240-247/, М сургууль-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6/1784 тоот “Хариу өгөх тухай” албан бичиг /1хх, 249/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/1213 тоот “Хариу өгөх тухай” албан бичиг /1хх, 250/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Хариуцагчаас М сургууль 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1089 тоот “Итгэмжлэл”, хариу тайлбар, М сургуульзахирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны А/199 тоот “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаал /1хх, 48/, М сургууль хөдөлмөрийн дотоод журам /1хх, 49-62/, М сургууль  Б.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1хх, 63-65/, М сургуульийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/350 дугаар “Б.Батмөнхийг зөвлөх профессороор, Б.Э-ыг профессороор ажиллуулах тухай” тушаал /1хх, 66/, М сургуульийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр “Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох тухай” тушаал /1хх, 67/, М сургууль Шинжлэх ухааны сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7/49 тоот МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хүргүүлсэн албан бичиг /1хх, 68-77/, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/03 тоот шаардлага /1хх, 78-79/, М сургууль  2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/22 тоот “Бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхимийн эрхлэгч нарын цалин, нэмэгдэл, цагийн ачааллыг тогтоох тухай” тушаал /1хх, 80-81/, М сургууль  Удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний 08 дугаар “Дүрэм батлах тухай” тогтоол /1хх, 82/, М сургууль  дүрэм /1хх,83-90/,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр М сургуульБ.Э-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийг солих тухай” Шинжлэх ухааны сургуульд гаргасан хүсэлт /1хх, 98/, М сургууль 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1634 тоот албан бичиг /1хх, 118/, М сургууль Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1990 дугаар “Хариу өгөх тухай” албан бичиг, М сургууль Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын  гишүүн Ж.Хунанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/319 дугаар “Хариу өгөх тухай” албан бичиг зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Лхамсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу М сургууль-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 1/119 дугаартай “Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай” албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1655 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/881 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2037 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/47 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, ММ сургууль-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай тэмдэглэл, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Эдийн засгийн тэнхимийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №20/02 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №20/03 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №20/11 дугаар хурлын тэмдэглэлүүдийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

           

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э-ын М сургууль-д холбогдуулан гаргасан М сургууль-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Би 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ М сургууль-ийн захиргаанд өгсөн. Гэвч ажил олгогчийн санаачилгаар Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлүүлэхийг даалгуулах хүсэлтэй байна” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“...Хүний эрхийн Үндэсний комиссын шаардлага биелүүлэхгүй, тэнхимийн багш П.Лхамсүрэнгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учраас МУИС-ийн захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоосон. Нэхэмжлэгч Б.Э тэнхимийн эрхлэгчээс чөлөөлөгдөөд бүрэлдэхүүн сургуульдаа профессороор үндсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байгаа” гэж тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь М сургууль захирлын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/350 дугаар “Б.Батмөнхийг зөвлөх профессороор, Б.Э-ыг профессороор ажиллуулах тухай” тушаалаар 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимд профессороор томилогдож, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 06-06 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /1хх-66, 63-65/

 

Улмаар, М сургуульзахирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/361 дүгээр “С.Дөлбадрахыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчээр ажиллуулах тухай” тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр “Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох тухай” тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

 

М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/03 дугаар шаардлага, МУИС-ийн Дүрмийн 4.3.1 дэх хэсэг, Захиргааны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, МУИС-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хавсран ажилласны нэмэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэжээ. /1хх-67/

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Ядмаагийн Төмөрбаатарыг М сургууль захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянжаргалын Очирхуягийг ММ сургууль захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /2хх, 22/

 

Нэхэмжлэгч энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Тушаалыг бүрэлдэхүүн сургуульд хүргүүлсэн. Бүрэлдэхүүн сургуулийн захиргаа нэхэмжлэгчид тушаалыг танилцуулсан” гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчид уг тушаалыг гардуулан өгсөн баримтгүй, түүнчлэн шүүхэд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй тул нэхэмжлэгч Б.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Э нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захиргаанд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “МУИС-ийн ШУС-ийн НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны хурлын шийдвэрийг үндэслэн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, доктор С.Даваасүрэнг шинэ эрхлэгчээр томилж өгнө үү” гэх хүсэлтийг, тэнхимийн хурлын тэмдэглэлийн хамт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх, 98/

 

5. Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч Б.Э-ыг М сургууль Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чөлөөлөгдсөн талаар, шүүхэд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй.

 

М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр “Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох тухай” тушаалд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч болон ажилтны санаачилгаар цуцлахад баримтлах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй эсэхэд маргав.

 

6. Нэхэмжлэгч Б.Э нь М сургууль холбогдуулан М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр “Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас хувийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Б.Э нь М сургууль захирлын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/350 дугаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн профессороор томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад МУИС-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/361 дүгээр тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд томилогджээ.

 

М сургууль захирлын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар “Бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхимийн эрхлэгч нарын цалин, нэмэгдэл, цагийн ачааллыг тогтоох тухай” тушаалын 1 дүгээр заалтад “...Тэнхимийн эрхлэгчид тухайн тэнхимд харьяалагдах багшийн тоо 15 хүртэл бол 80,000 төгрөг, 15-25 хүртэл бол 100,000 төгрөг, 25-аас дээш бол 150,000 төгрөгийн нэмэгдэл сар бүр олгох” гэж заажээ. /1хх-80-81/

 

М сургууль дүрмийн 4.5.2-т “Тэнхимийн эрхлэгчийг тэнхимийн үндсэн орон тоон дээр ажиллаж буй багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор нарын 50-иас дээш хувийн ирцтэй хурлаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчээс МУИС-ийн захирал сонгон томилно”, 4.5.3-т “Тэнхимийн эрхлэгчийг 2 жилийн хугацаагаар томилно. Эрхлэгч бүрэн эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ажлын тайлангаа тэнхимийн үндсэн орон тооны багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор нарын хуралд хэлэлцүүлнэ. Эрхлэгчийн ажлыг нууц санал хураалтаар үнэлэх ба олонх нь хангалттай гэж үзвэл 2-оос ихгүй удаа үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болно.” гэж тус тус зааснаас үзвэл М сургууль Тэнхимийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх нь тус сургуулийн захирлын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Э нь М сургууль  Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа, харин Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаал нь үндсэн ажлын зэрэгцээ хавсран гүйцэтгэх ажил болох нь тогтоогдож байна.

 

М сургууль Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн багш П.Лхамсүрэнгийн хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1/03 дугаар шаардлагад “...МУИС-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2037 дугаар албан бичгээр Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатарт “...эдийн засгийн тэнхимийн багш нарын “МУИС-ийн дүрэм журмын дагуу эдийн засгийн магистрын зэрэггүй багшаар оюутнуудад эдийн засгийн хичээл заалгах боломжгүй” гэсэн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон уг хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2 дахь заалттай нийцэхгүй байна”, “багш П.Лхамсүрэнг ажил, үүргээ гүйцэтгэх боломжоор хангах, хөдөлмөрийн гэрээгээр талуудын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэх чиглэлийг өгсөн байх боловч тэнхимийн эрхлэгч Б.Э нь үүнийг биелүүлээгүй байна...Дээрхээс үзэхэд МУИС-ийн Эдийн засгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Лхамсүрэн нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл үндсэн цалингаа авч байх боловч түүнийг тус тэнхимийн эрхлэгч Б.Э багшийн ажлаар нь хангахгүй байна. Энэ нь ...багш П.Лхамсүрэнгийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг үндэслэн багш П.Лхамсүрэнг ажлаа хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах, цаашид энэ төрлийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг давтан гаргуулахгүй байх арга хэмжээ авахуулахаар Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж байна...” гэжээ. /1хх-78-79/

 

М сургууль 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/119 тоот “Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай” албан бичгээр Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Б.Э-д “...Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд багш П.Лхамсүрэнд цагийн ноогдол хуваарилж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дотор баталгаажилт хийхийг даалгасан” байна. /2хх, 12/

 

            Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, эсхүл ажил олгогч гаргаснаар гэрээ цуцлагдах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд хуульчилсан.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүйн улмаас түүнийг тус сургуулийн захирлын  2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалаар Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоосон байх бөгөөд уг тушаал нь Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох агуулгагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э-ын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт Тэнхимийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа талаар тэмдэглэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон боловч дээрх үндэслэлээр М сургууль захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Э нь М сургууль Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн профессорын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, М сургууль захирал нь МУИС-ийн дүрмийн 4.5.2-т заасан чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч Б.Э-ыг М сургууль Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоосныг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 6-8, 10-18, 41-47, 123-239, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд байгаа баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-т заасныг баримтлан М сургуульд холбогдох М сургуульзахирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э-ыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах тухай Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ