Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00794

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00794

 

 

                                    Б.Энэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эхариуцагч МУИСхолбогдуулан гаргасан МУИСзахирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг даалгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Э нь ..., .............их сургуульд багшилж байгаад 2010 онд Монгол Улсад ирж, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш МУИС-ийн захирлын Б/350 тушаалаар МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын ...тэнхимд профессорын зэрэгт ажиллаж байгаа. Б.Э нь тэнхимийн эрхлэгчээр хавсран ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн захиргаанд хүргүүлсэн. Гэтэл уг хүсэлтийг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оүл ойшоож 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар тушаалаар Б.Эыг өөрийн хүсэлтээр бус бусад үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь МУИС-д бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх зүйл хийгээгүй. Уг тушаал нь нэхэмжлэгчийн амьдралын туршид цаашид ажил олгогчтой харилцах, хөдөлмөрлөх эрхэд сөргөөр нөлөөлсөн. Нэхэмжлэгчийг цаашид өөр байгууллагад ажиллахад сөргөөр нөлөөлж, хөдөлмөрлөх эрхэд халдсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын эхний үндэслэл нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй. МУИС-ийн дүрмийн 4.4.3.1 дэх хэсэгт захирал МУИС-ийг төлөөлж сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Хууль, дүрэм, журам зөрчсөн гэх заалт байхгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах аль нэг заалтыг баримтлаагүй, хуулийн зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангасан байх, баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх талаар заасан Хөдөлмөрийн хуульд нийцээгүй.

Эхний үндэслэл, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл байдаг. МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оанхнаасаа хариуцлагын хүрээнд ...тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлнө гэсэн. МУИС-ийн дотоод журмын 9.1.1 дэх хэсэгт “МУИС-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш ажилтан суралцагчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасныг сахилгын зөрчил гэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хурлын тэмдэглэлд захирал “тэнхмийн эрхлэгчийн хувьд хариуцлага хүлээх ёстой” гэж хэлдэг. Тэнхимийн эрхлэгчийн хувьд гэдэг нь аливаа шийдвэр МУИС-ийн дүрмээр тэнхимийн хурал эцсийн шийдвэр гаргах нэгж байдаг. Тэнхимийн эрхлэгч нь шийдвэр гаргадаг нэгж биш байхад ямар нэгэн хариуцлагыг тэнхимийн эрхлэгчтэй холбоотой гэж ярьсан. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын хууль, дүрэм журмаас давсан шийдвэр гаргадаг гэсэн ойлголтыг гишүүдэд өгсөн.

Дараагийн үндэслэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар шаардлага байдаг. Тус байгууллагаас уг баримт бичгийг Б.Эыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага мөн үү гэж тодруулахад Б.Эыг үүрэгт ажлаас чөлөөлөх ганц ч өгүүлбэр байхгүй, шаардлагатай бол шүүхээс дуудаж болно гэдэг. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад хүсэлтэнд хариу өгөхгүй дээрх тушаалыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж тушаал шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс ...тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажилласан ба  2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа нь дуусах ёстой байсан. Гэвч 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавих хугацаа дуусах ёстой байсан боловч өөрөө өргөдлөө өгөхтэйгээ холбогдуулан сайн дураараа тайлангаа тавьсан болохоос биш хугацаа нь дуусаад тайлангаа тавьсан асуудал байхгүй. ...тэнхимийн эрхлэгч нь тэнхимдээ ажиллаж байсан багштай холбогдсон маргаан жилийн хугацаанд үргэлжилсэн. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэхэмжлэгчийг тэнхимийн багшийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн талаар удаа дараа албан шаардлага ирүүлсэн. Шаардлагадаа багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул ажиллах боломжоор хангах үүрэг даалгавар өгсөн. Сургуулийн захиргаанаас тэнхимийн эрхлэгч Б.Эад П.Лбагшийг ажиллах боломжоор хангах талаар удаа дараа хэлэхэд “шаардлага хангасан мэргэшсэн багш биш” гэдэг тайлбар гарган ажиллуулахгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьдаг. Хүний эрхийн Үндэсний Комиссоос багшийн эрх ашгийг хамгаалж, ажиллах боломжоор хангахгүй бол ажил олгогчид хариуцлага тооцохыг сануулж, Боловсролын яамны сайдад хариуцлага тооцох албан бичиг явуулах талаар албан бичиг ирүүлсэн. Б.Э хариуцлагын асуудал яригдах үеэр судалгаа, шинжилгээний ажлаа хийнэ гэх үндэслэлээр тэнхимийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ба 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэнхимийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлсөн. Тэнхимийн эрхлэгчийн албан тушаал нь хавсран гүйцэтгэдэг ажил бөгөөд бие даасан ажлын байрны тодорхойлолттой, тусдаа ажлын байр биш. Тэнхимийн эрхлэгч нар хавсран ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс авдаг. Нэхэмжлэгч профессорын хөдөлмөрийн гэрээгээр сургуульдаа ажиллаж байгаа, тэнхимийн эрхлэгчийн нэмэлт ажил буюу хавсран гүйцэтгэх ажлыг зогсоосон болохоос үндсэн багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг чөлөөлөх шийдвэр гараагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39.1 дэх хэсгийг удирдлага болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. МУИС-ийн дүрмийн 4.4.3.1 дэх заалт багшид хамааралгүй, захирлын бүрэн эрхийн хэмжээнд гарсан тушаал учраас удирдлага болгосон. Тэнхимийн эрхлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй учраас хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-т заасныг баримтлан МУИСхолбогдох МУИСзахирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулах тухай Б.Энэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Энэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.  

 4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1. Үйл баримтын талаар,

4.1.а. Б.Э нь тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас хувийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг, тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн эрхлэгчийн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн талаарх тус тэнхимийн дүгнэлтийн хамт МУИС-ийн захиргаанд явуулсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэтэл МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оуг хүсэлтийг үл ойшоож 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр бус, бусад үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь нэхэмжлэгчийг МУИС-ийн дүрмийн дагуу ажилласны төлөө халагдсан гэж дүгнэгдэх, цаашид өөр байгууллагад ажиллахад нь сөргөөр нөлөөлөх, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан тул уг тушаалыг хүчингүй болгож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн шинэ тушаал гаргуулж өгнө үү. Б/134 дүгээр тушаалын үндэслэлүүд нь нэхэмжлэгчид хамаагүй.

4.1.б. Эхний үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нэхэмжлэгчийг ажлаас халсан шалтгаан байдаггүй.

4.1.в. МУИС-ийн дүрмийн 4.3.1 дэх хэсэг нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлд шууд хамааралгүй. Хууль, дүрэм, журам зөрчсөн гэсэн өөр заалт байхгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй. Ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

4.1.г. МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нь нэхэмжлэгчид өгөөгүй. Захирлын тушаалуудыг МУИС-ийн дүрэм, журмуудыг зөрчсөн гэж ...тэнхимийн хурлаар дүгнэсэн. МУИС-ийн дүрмийн 4.5.4-т “Тэнхимийн шийдвэр гаргах хэлбэр нь тэнхимийн хурал байна” гэж заасан тул тэнхимийн эрхлэгч тэнхимийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

4.1.д. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1/03 дугаар шаардлага байдаг. Нэхэмжлэгч нь ажил олгогчид өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулаагүй, шийдвэрлээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хууль зөрчин тушаал, шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

4.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй тухайд,

4.2.а. Шүүх шийдвэртээ хариуцагчийн тайлбарыг хуулан бичсэн мэт байгаа нь учир дутагдалтай байна. Байгууллага гэсэн хийсвэр зүйлийн эсрэг иргэн хүн эрх ашгаа хамгаалуулахаар хандаж байхад шүүхийн шийдвэрээр хавсран гүйцэтгэж байгаа аливаа хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч нь шүүхээс мэргэжлийн дүгнэлт хүлээж хандсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь зөвхөн хувь хүний асуудал биш, зарчмын асуудал, тэр дундаа мэргэжлийн байгууллага дүрмэндээ мэргэжлийн шаардлага тавьж, хэрэгжүүлж болох эсэхийг тогтоосон шийдвэр байсан. МУИС-ийн дүрмийн 5.6-д “МУИС-ийн багш тухайн салбараар мэргэшсэн, тодорхой чиглэлээр судалгаа явуулдаг, магистр, түүнээс дээш зэрэгтэй байна. Ахисан түвшний сургалтанд оролцох багш докторын зэрэгтэй байна” гэж заасан. Уг дүрмийн дагуу ...бакалавр, магистр, докторын аль ч зэрэггүй, ...гадаад, дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлд ямар ч бүтээлгүй хүнээр эдийн засаг сурах хүсэлтэй оюутнуудад ...бакалавр, магистр, докторын түвшний хичээл заалгуулаагүйн төлөө МУИС-ийн ...тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал гарсан бол дүрмээр багшид тавигддаг салбарын мэргэшлийн шаардлага хамаагүй болдог. Иймд шүүхийн шийдвэрээр байгууллагын дүрмийн шаардлагыг хангаагүй багшаар оюутнуудын эрх ашгийг зөрчүүлэхгүй гэсэн тэнхимийн эрхлэгчийг сургуулийн захирал, Хүний эрхийн Үндэсний Комисстой нийлж ажлаас халсныг дэмжиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан тухайд,

4.3.а. Шүүх хуралдаан даргалагч шүүгч нь МУИС-ийн төгсөгч, цаашлаад МУИС-ийн хуульчдын багийн гишүүнтэй нэг төгсөлтийнх байсан боловч энэ нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлөхгүй гэж тангарагласан тул асуудал болгоогүй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь захиргаандаа мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн утгаараа МУИС-ийн хуулийн сургуулийн эсрэг зарга болж хувирсан. Шүүгч хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан гэж үзэж байна.  Аливаа их сургуулийн зорилго нь хамгийн сайн эрдэмтдийг хамгийн сайн оюутнуудтай учруулах орчинг бүрдүүлэхэд оршдог.

... Иймд Б/134 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Б.Э багшийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 02-нд тэнхимийн эрхлэгчээр ажиллуулах явцад тэнхимийн багш П.Лтухайн мэргэжлээр мэргэшээгүй гэх шаардлагыг тавьж тухайн багшид хичээл заах эрхийг нь олгохгүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн. Хүний эрхийн Комиссоос албан шаардлага ирүүлж багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн учраас багшийг хичээл заах боломжоор хангаж, хичээл заах эрхийг нь нээж өгөх шаардлага тавьсан. Б.Э багш нь 2014 оноос хойш ...тэнхимд ажиллаж байсан багшийг манай тэнхимд тэнцэхгүй багш гэх зүй бус шаардлага тавьсан. Захиргааны зүгээс багшийг ажиллуулах боломжоор хангах үүрэг даалгавар өгсөн боловч багш өөрөө судалгааны ажил хийх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн профессорын багшаар ажиллаж байгаа үндсэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй. Хавсран ажилласан ажилтныг өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн ойлголт байхгүй. Б.Э багшийн хувьд тэнхимийн эрхлэгчийн ажлыг үндсэн ажлын зэрэгцээгээр хавсран гүйцэтгэдэг учраас үндсэн хөдөлмөрийн гэрээ буюу профессортой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэвээр үргэлжилж байгаа учраас багшийн ямар нэгэн хөдөлмөрлөх эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Тэнхимийн эрхлэгч нь үүрэг даалгавар биелүүлэхгүй, тэнхимийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахгүй бол захирал хавсарсан ажлыг зогсоох бүрэн эрхтэй учраас эрхийн хүрээнд зогсоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч МУИСхолбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар “Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох” тухай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

4. Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06-06 дугаартай хөдөлмөрийн гэрээ, МУИСзахирлын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/350 дугаартай тушаалаар МУИС ...тэнхимийн профессороор томилогдон ажиллаж байгаа, тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тус тэнхимийн эрхлэгчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаад тус сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаартай тушаалаар энэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх63-67/

Талууд Б/134 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх талаар маргажээ.

5. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа бол үндэслэл нь тодорхой байх шаардлагатай. Энэ нь хавсран болон үндсэн ажил үүргийн аль алинд нь хамааралтай.

5.а. Ажил олгогчийн Б/134 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/03 дугаар шаардлага, МУИСдүрмийн 4.3.1 дэх хэсэг, Захиргааны зөвлөлийн 2021.04.06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, МУИСзахирлын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар тушаалд үндэслэгдсэн байна. Хариуцагч нь тушаалын үндэслэлээ “тэнхимийн эрхлэгч Б.Э нь тус тэнхимийн багш П.Лмэргэшсэн багш биш гэх үндэслэлээр оюутнуудад хичээл заалгахгүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн, Хүний эрхийн Үндэсний Комиссоос багшийн эрх ашгийг хамгаалж сургуульд шаардлага тавьсны дагуу Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн албан үүргээс нь чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

5.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасан. Талууд хөдөлмөрийн гэрээндээ ажилтаны хавсран гүйцэтгэж буй ажил үүрэгтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

Гэхдээ хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх, уг зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээнд заасан болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журмыг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаардана.  

5.в. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д ..., МУИСхөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын бусад дүрэм журмыг биелүүлнэ гэж заажээ. Тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.5, 9.1-д багш ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тус тус нэрлэн заасан байна. Нэхэмжлэгч дотоод журамд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, МУИСдүрмийн 4.5.5-д зааснаар тэнхимийн эрхлэгч нь “... тэнхимийн сургалт, судалгааны үйл ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай удирдан зохион байгуулах, тэнхимийн багш ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн байдалд дүгнэлт өгөх, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тэнхимийн хичээлийн хуваарь, оюутны сонголтод үндэслэн багш, анги танхимын хүрэлцээ, сургалтын техник тоног төхөөрөмжийн хангамж, хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах ...” чиг үүрэгтэй байна. Түүнчлэн уг дүрмийн 4.5.4, 5.6-т “тэнхимийн шийдвэр гаргах хэлбэр нь тэнхимийн хурал байна. Багш нарын гуравны хоёроос доошгүй ирцтэй хурлаар олонхийн саналаар шийдвэр гаргана”,  “МУИС-ийн багш тухайн салбараар мэргэшсэн, тодорхой чиглэлээр судалгаа явуулдаг, магистр, түүнээс дээш зэрэгтэй байна. Ахисан түвшний сургалтанд оролцох багш докторын зэрэгтэй байна” гэж заасан.

5.г. МУИСзахирлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар тушаалаар ...тэнхимийн нийт багш нарын боловсролын талаарх баримт бичиг нь тус сургуулийн багшийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах ажлын хэсгийг байгуулсан байх ба тус ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр багш П.Лбизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын зэрэгтэй гэж тайлагнажээ. /1хх159-161/ 

5.д. МУИСШинжлэх ухааны Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын ...тэнхимийн 2020 оны 05 дугаар сарын 28, 2020 оны 08 дугаар сарын 26, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар “... МУИС-ийн захиргаанаас ...тэнхимд ...мэргэжлийн бус багшийг тушаалаар томилж байгаа явдал нь Дээд боловсролын тухай хуулийн 13.1, МУИС-ийн дүрмийн 5.6, МУИС-д профессор багш ажиллуулах журмын 2.2 дахь заалтуудыг зөрчиж байгааг ...тэнхимийн багш нар 100 хувь санал нэгтэйгээр эсэргүүцэж, МУИС-ийн захиргаа, хүний нөөцийн газарт болон ШУС-ийн захиргаанд уламжлах, ...тэнхимийн ахлах багш П.ЛМУИС-ийн Бизнесийн сургуульд мэргэжлийн дагуу харьяалагдах тэнхимд нь зохих албан тушаалд багшаар ажиллуулахаар МУИС-ийн захирлын тушаалыг шинээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг ...тэнхимийн багш нарын 100 хувийн саналаар МУИС-ийн захиргаанд уламжлах ..,” шийдвэрийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн “тэнхимийн багш нарын 100 хувийн саналаар МУИС-ийн захиргаанд шаардлага хүргүүлсэн, тэнхимийн эрхлэгч ганцаараа шийдвэр гаргаагүй” гэж тайлбарласныг буруутгах боломжгүй. /2хх30-54, 72-99/

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага нь МУИСзахиралд хандсан байх ба уг шаардлагыг нэхэмжлэгч Б.Эсахилгын зөрчил гаргасныг тогтоосон баримт гэж үзэхгүй. /1хх250/

Нэхэмжлэгч Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хавсран ажилласны нэмэгдлийг зогсоох тухай МУИСзахирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар тушаал нь Хөдөлмөрийн хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Б/134 дугаартай тушаал хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, цаашид өөр байгууллагад ажиллахад сөргөөр нөлөөлнө гэх гомдлыг хангах нь зүйтэй.

6. Харин Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

6.а. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “... өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, хууль зөрчсөн тушаал гаргасан” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МУИСзахиргаанд хүргүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагчид гаргаснаас хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцогдоно. Хуулийн уг зохицуулалтаар нэхэмжлэгч нь тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид гаргаснаас хойш 30 хоногийн дараа ажлын байраа орхих эрхтэй, ажил олгогч нь дээрх хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага, гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан МУИСзахирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/134 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Эыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөхийг хариуцагч МУИСдаалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                              ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                          А.МӨНХЗУЛ