Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00249

 

2022 02 17 181/ШШ2022/00249

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, Э.Х -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, НШШГГ холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шинжээч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар магадлалаар Э.Хаас 210 425 015 төгрөг гаргуулж, ХХБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу НШШГГ-араас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө буюу төлбөр төлөгч Э.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1-р байр б10 тоот /одоогийн хаягаар Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 41 байрны 10 тоот/, 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 307 993 000 төгрөгөөр үнэлсэн талаархи мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авлаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоол нь дээрх хотын төвийн А зэрэглэлийн 131.3 мкв талбайтай, 5 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Уг үнэлгээний тайлан нь зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ ижил төстэй орон сууцтай харьцуулаагүй нь үнэлгээ үндэслэл муутай болжээ.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Э.Х, ХХБ ХХК нараас үнийн санал аваагүй, үнийг тохиролцуулах ажиллагаа хийгээгүй. Үнийг санал авах мэдэгдэл явуулсныг хавтаст хэргээс харсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулахаар хуульчилсан байхад НШШГГтай хамтран ажиллах гэрээтэй, уг байгууллагын эрх ашгийн дагуу, шахалтаар ажил олдог байгууллагаа Мөнх оргил трейд ХХК-ийг томилсон нь хууль зөрчсөн төдийгүй Мөнх оргил трейд ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох, шинжээчээр томилогдон дүгнэлт гаргасан Э.Эрдэнэбаатарын үнэлгээ хийх эрхийг 3 сараар түдгэлзсэн байхад дүгнэлт гаргасан байна. Шинжээчээр ажилласан Ч.Дт шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй.

Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулна... мөн хуулийн 55.7-д ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Э.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1-р байр б10 тоот /одоогийн хаягаар Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 41 байрны 10 тоот/, 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэрээр Э.Хаас 212 405 290 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 байр, б10 тоот хаягт байршилтай 131.3 мкв талбайтай таван өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Шинжээч МОТ ХХК -ийн дүгнэлтээр СБД **** эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, таван өрөө орон сууцыг 307 993 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/18944 тоот албан бичгээр мэдэгдсэн, тайланг хуулбарлан өгсөн.

Шинжээчээр МОТ ХХК -ийг томилсон бөгөөд үнэлгээний тайланг С.Д гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ажиллагааг Б.Э, Ч.Д нарт хийсэн бөгөөд тогтоолыг танилцуулж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгч Э.Хт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19809 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/3 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн оршин суух хаягруу хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Хын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021.09.15-ны өдрийн 9/221 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.31-ний өдрийн 589 дугаар магадлал, 2021.06.08-ны өдрийн 21280563 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021.08.17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.09.01-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.01-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.10.15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.10.21-ны өдрийн 12000 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас 2021.05.18-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021.05.18-ны өдрийн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.31-ний өдрийн 589 дугаар магадлал, 2020.12.16-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтэст явуулсан мэдэгдэл, уг бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, 2021.09.01-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, 2021.09.07-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүд, 2021.09.15-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт хүлээлцсэн баримт, шинжээчээр оролцуулахаас татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, МОТ ХХК -ийн итгэмжлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг, №36/ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.10.01-ны өдрийн 4-155/18944 дугаар Мэдэгдэл, тэмдэглэл, 2021.10.15-ны өдрийн 4-155/19809 дугаар Мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 11/3 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.10.29-ний өдрийн Анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021.03.24-ны өдрийн А/45 дугаар Түр журам батлах тухай тушаал, хавсралт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам, шинжээчийн жагсаалт зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан  үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Х нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээч МОТ ХХК -тай хамтран ажиллах гэрээтэй тул хөндлөнгийн этгээдээр үнэлгээг тогтоолгосон гэж үзэх боломжгүй, төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, үнэ тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, шинжээч Ч.Дт шинжээчээр томилсон тогтоол танилцуулаагүй, шинжээчээр ажиллах эрхгүй этгээдийг томилсон буюу шинжээч Б.Э-ын үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч8 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. НШШгазрын 2021.10.01-ний өдрийн 4-155/18944 тоот Мэдэгдэл-ээр төлбөр төлөгч Э.Хт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, 2021.10.01-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулсан байна. /хх-127-128х/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д шүүхэд гомдол гаргах хугацааг 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гэж тодорхойлсон бөгөөд 55.3-д шийдвэр гүйцэтгэгчийг хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахыг үүрэгжүүлсэн тул төлбөр төлөгч Э.Хыг үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна. Э.Х нь 2021.10.01-ний өдөр үнэлгээний тайлантай танилцаж, шүүхэд анх 2021.10.14-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2021.10.21-ны өдөр хүлээн авахаас татгалзсан /хх-40-41х/ бөгөөд дахин 2021.10.26-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-1, 42х/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2983 дугаар шийдвэрээр Э.Хаас 210,425,015.91 төгрөгийг гаргуулж, ХХБ ХХК олгож, ЧХХ ХХК-иас 1 192 526 143 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК -д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.31-ний өдрийн 589 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ. /хх-23-31, 61-77х/

3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Э.Хын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1-р байр б10 тоот, 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Зохигч энэ талаар маргаагүй. /хх-82-88х/

 

4. НШШГГ нь 2021.09.07-ны өдрийн 4-155/16535 тоот албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч Э.Хт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоох үнийн саналаа 2021.09.10-ны өдрийн дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг Э.Х өөрийн биеэр хүлээн авсан байх боловч үнийн санал ирүүлээгүй байна. /хх-90х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлөгч Э.Х орон сууцаа 508,0 сая төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч, үнийн санал өгөөгүй гэж маргаж байх тул үйлдлээ нотлох зарчмын дагуу нэхэмжлэгч хүлээлгэж өгснөө нотлоогүй тул үнийн санал өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, үнэ тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна. /хх-93х/

 

5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр МОТ ХХК -ийг томилж, шинжээч МОТ ХХК нь СБД **************талбай бүхий 5 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 307, 993 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-98-126х/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр МОТ ХХК -ийг шинжээчээр ажиллуулсныг хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй /хх-161-167х/ тул нэхэмжлэгчийн ...хамтран ажиллах гэрээтэй, хөндлөнгийн этгээд гэж үзэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.  

 

Шинжээч МОТ ХХК -ийн хөрөнгийн үнэлгээчин Ч.Д нь үнэлгээг гүйцэтгэж тайланг бичсэн байх бөгөөд НШШГГ нь үнэлгээчин Ч.Даас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллийг тодруулж, шинжээчээр томилох тухай тогтоолыг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг хариуцлагыг тайлбарласан болох нь Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-95-97х/

Шинжээч Ч.Д нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх-126/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, орон сууцны үнэлгээг тогтоохдоо өртөгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан зах зээлийн хандлагын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч 307,993,000 төгрөгөөр үнэлжээ. Мөн Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй орон сууцтай ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо 3 худалдахаар зарлагдаж байгаа орон сууцны үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.  

Иймд нэхэмжлэгч талын шинжээч Ч.Дт шинжээчээр томилсон тогтоол танилцуулаагүй, эрхгүй этгээдийг шинжээч томилсон гэх гомдол үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Э.Х нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Хын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Хын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан СБД ****** талбай бүхий 5 өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Э.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА