Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 02448

 

        Н.Т, Х.Б , Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С,

      С.Ж , Б.Б , Б.У  нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2018/00286 дугаар шийдвэртэй, Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй, “Б” ХК-д холбогдох

Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 177 436 035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь “Багануур” ХК-д ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан бол 7 сар, 51-70 хувь алдсан бол 9 сар, 71-ээс дээш хувиар алдсан бол 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 25.1 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Миний бие Н.Т нь Багануурын уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 дугаар тушаалаар Белаз маркийн машины жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2000 онд 55 хувиар, 2001 онд 60 хувиар, 2004 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж өөрчлөгдсөн. Иймд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг одоо Белаз машины жолоочийн авч байгаа нэг сарын цалин 3 076 820 төгрөгөөр тооцон 27 691 380 төгрөгийг гаргуулах,

Б.У нь Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тушаалаар ажилд орж, 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2003 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2004 онд 55 хувиар, 2011 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж нэмэгдсэн. Иймд Б.У-д 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг одоо Белаз машины жолоочийн авч байгаа нэг сарын цалин 3 135 858 төгрөгөөр тооцон нөхөн төлбөрт 28 222 722 төгрөгийг,

Б.Б нь Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаар тушаалаар ажилд орж, 1993 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1993 онд тахир дутуугийн 2 дугаар группээр тогтоосон, 2002 онд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, 2008 онд 65 хувь, 2009 онд 70 хувь, 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувь болсон. Иймд Б.Б-д 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг одоо илчит тэрэгний машинчийн авч байгаа нэг сарын цалин 1 919 626 төгрөгөөр тооцон нөхөн төлбөрт 17 276 634 төгрөгийг гаргуулах,

С.Ж нь Багануурын уурхайн захиргааны даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тушаалаар ажилд орж, 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1994 онд тахир дутуугийн 2 дугаар групп тогтоосон, 1995 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 онд 65 хувь, 2003 онд 70 хувь, 2005 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж нэмэгдсэн. Иймд С.Ж-д 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт одоо экскаваторын туслах машинчийн авч байгаа нэг сарын цалин 2 111 471 төгрөгөөр тооцон 19 003 239 төгрөгийг,

С.С нь Багануурын уурхайн захиргааны даргын 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар тушаалаар ажилд орж 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1997 онд тахир дутуугийн 70 хувийн групп тогтоогдсон. 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар, 2003 онд 70 хувь, 2007 онд 65 хувь, 2016 оноос одоог хүртэл 69 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд С.С-т 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт одоо Катын оператор жолоочийн авч байгаа нэг сарын цалин 2 899 709 төгрөгөөр тооцон 26 09 381 төгрөгийг,

Б.О нь Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар тушаалаар ажилд орж 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2004 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувиар, 2006 онд 50 хувь, 2009 онд 55 хувь, 2012 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж өөрчлөгдсөн. Иймд Б.О-т 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт одоо Катын оператор жолоочийн авч байгаа нэг сарын цалин 3 135 858 төгрөгөөр тооцон 28 222 722 төгрөгийг,

Н.Б нь Багануурын уурхайн захиргааны даргын 1978 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тушаалаар ажилд орж 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөл сольсон. 2006 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2007 онд 55 хувь, 2009 онд 60 хувь, 2015 оноос өнөөдрийг хүртэл 55 хувь болж өөрчлөгдсөн. Иймд Н.Б-д 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт одоо ачааны тэрэгний жолоочийн авч байгаа нэг сарын цалин 1 792 565 төгрөгөөр тооцон 16 133 085 төгрөгийг,

Б.Б нь Багануурын уурхайн захиргааны даргын 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 396 дугаар тушаалаар ажилд орж 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2008 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоосон. Иймд Б.Б-т 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг одоо тэсэлгээчний авч байгаа нэг сарын цалин 1 643 208 төгрөгөөр тооцож 14 788 872 төгрөг, нийт 177 436 035 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэж байна. Нэхэмжлэгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэдгийг үгүйсгээгүй, 5 удаа өгсөн тэтгэмжүүдийг хүлээн авснаа зөвшөөрч байгаа. Тухайлбал, Н.Т-ын хувьд 4 удаа тэтгэлэг авах ёстой байснаас нэг удаагийн тэтгэмж авсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50, 55, 60, 65 хувь болж 4 удаа өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн тохиолдол бүрт 9 сарын тэтгэмж буюу нийлээд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхөөс 18 сарын тэтгэмжийг өгөөгүй гэж үзэж байгаа, гэхдээ би 9 сарын тэтгэмж нэхэмжилсэн. Хариуцагч тал сайн дураараа бүх хүмүүст ижил хэмжээний 500 000 төгрөг, 200 000 төгрөг, 100 000 төгрөгийн тэтгэмж өгсөн, бидэнд олгох тэтгэмжүүд буурсан, уг нь амьжиргааны түвшинтэй уялдаад нэмэгдэх ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн чадвар буурсан байсан ч 9 сарын нөхөн төлбөр олгох ёстойг Дээд шүүхийн тайлбарт заасан. Харин нэхэмжлэгч Б.Б, Х.Б нарын нэхэмжлэлийг татан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохируулан, дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг хуульд заасан зохих журмын дагуу нэг удаа олгосон. Компаниа 2007 оноос үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд гарсан 300 гаруй ажилтнуудад 4 удаа нийт 845 468 772 төгрөгийн нөхөн төлбөрүүд олгосон.

Нэхэмжлэгч Б.Б-д 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон байсан учраас 18 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 48 127 төгрөгөөр тооцон 866 289 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 51-70 хувь алдсан бол 9 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 18 сараар олгосон. Үүнээс хойш 2007 онд 365 тушаалаар 2 940 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 4 606 289 төгрөгийн нөхөн төлбөрийг,

Нэхэмжлэгч С.С-т 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон байсан учраас 18 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 38 308 төгрөгөөр тооцон 689 558 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 51-70 хувь алдсан бол 9 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 18 сараар олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 3 449 558 төгрөгийн нөхөн төлбөрийг,

Нэхэмжлэгч С.Ж-д 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон байсан учраас 18 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 48 734 төгрөгөөр тооцон 877 212 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 51-70 хувь алдсан бол 9 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 18 сараар олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 3 637 212 төгрөгийн нөхөн төлбөрийг,

Нэхэмжлэгч Н.Т-д 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон байсан учраас 9 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 174 546 төгрөгөөр тооцон 1 570 915 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 31-50 хувь алдсан бол 7 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 2 сарын тэтгэмж илүү олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 4 330 915 төгрөгийг,

Нэхэмжлэгч Б.У-д 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон байсан учраас 9 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 193 483 төгрөгөөр тооцон 1 741 347 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 31-50 хувь алдсан бол 7 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 2 сарын тэтгэмж илүү олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 470 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 4 011 347 төгрөгийг,

Нэхэмжлэгч Б.О-т 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон байсан учраас 9 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 216 459 төгрөгөөр тооцон 1 948 132 төгрөгийг олгосон. Хуульд зааснаар 31-50 хувь алдсан бол 7 сарын тэтгэмж олгох байсан ч манайх 2 сарын тэтгэмж илүү олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 470 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 4 218 132 төгрөгийг,

Нэхэмжлэгч Н.Б-д 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон байсан учраас 7 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 149 583 төгрөгөөр тооцон 1 047 079 төгрөгийг олгосон. Үүнээс хойш 2007 оны 365 тушаалаар 1 470 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 3 317 079 төгрөгийг,

Нэхэмжлэгч Б.Б-т 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 55 хувиар тогтоогдсон байсан учраас 9 сараар тооцож тухайн үеийн дундаж цалин 332 750 төгрөгөөр тооцон 2 994 746 төгрөгийг олгосон. Үүнээс хойш 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 3 794 746 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олгосон байна.

“Б” ХК эдгээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, аж амьдралд нь хэрэг болох үүднээс улирлын чанартай харуул манааны ажилд ажиллуулдаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нотлогдож байгаа. “Б” ХК-д одоогийн байдлаар 290-ээд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд орсон хүмүүс байдаг, эдгээр хүмүүст үйлдвэрчний хороотойгоо ярьж байгаад компанийн санхүүгийн байдлаас шалтгаалаад тодорхой хэмжээний нөхөн төлбөрүүдийг олгосоор ирсэн. Нөхөн төлбөрүүдийг олгохдоо компанийн захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримталдаг.

Дээрх нэр бүхий хүмүүст нийт 31 362 277 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нар нөхөн төлбөрийг одоо үеийн цалин хөлсөөр тооцож нэхэмжилсэн, нөхөн төлбөрийг 9 сараар тухай бүр нэмэгдүүлж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Т, Б.Б, Н.Б, Б.О, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХК-д хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 177 436 035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч нар нь нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 736 427 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь нэхэмжлэгч Б.Б, Х.Б  нарын нөхөн төлбөрт 7 125 865 төгрөг гаргуулах шаардлагаа сайн дураар татан авсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дутаар зүйлийн 97.1.1-д тэтгэмжийн хэмжээг тодорхой заасан байхад шүүх хариуцагчийн 4 удаагийн тасалж өгсөн 1 960 000, 500 000, 200 000, 100 000 төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Уг мөнгө нь 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээнд хүрэхгүй, хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байхад хариуцагчийг нөхөн төлбөрт олгосон, мөн дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасантай нийцэж байна гэж шийдсэн нь үндэслэлгүй байна.

Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг хөдөлмөрийн чадварын хувь алдалтын хэмжээ өгссөн, буурсан тохиолдолд 1-ээс дээш удаа олгоно гэж тайлбаласан. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн хувь алдалтын хэмжээ нэхэмжлэлд дурдсанаар 4-5 удаа өссөн. Хариуцагчийн олгосон тэтгэмж нь хамтын гэрээний дагуу тэгшитгэн бүх группэд байдаг ажилчдад олгосон тэтгэмж бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг нөхөн төлбөр гэж үзэхгүй байгаа учраас шүүхэд хандсан, гэтэл шүүх нөхөн төлбөр авсан талаараа маргаагүй гэж хэргийнхээ учрыг олохгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хариуцагчийг нэхэмжлэгч нарын ажиллаж байсан үеийн дундаж цалин хөлснөөс тооцож нөхөн төлбөрийг олгосон зөв гэсэн атлаа нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах үеийн цалин хөлсний дунджаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дах хэсэгт заасан "Амьжиргааны өртгийн өөрчлөлтгэй уялдуулан тооцох боломжтой” гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгч тус бүрийн тэтгэврийн дэвтэрт бичигдсэн цалингийн дунджийг тодорхойлсон тэтгэврийн дэвтэр, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дундаж цалингийн лавлагаа бүхий албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргасан нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын авч байгаа цалингийн дундаж болно. Нэхэмжлэгч тус бүрээр тодорхойлж үзвэл:

Нэхэмжлэгч Н.Т-ын сарын дундаж цалинг хариуцагчаас 3 076 820 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 27 691 380 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 50 хувийн группд ороход 1 571 915 төгрөг, 2000 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 55 хувь болон өөрчлөгдсөн тул 9 сарын тэтгэмж олгогдоогүй. 2001 оны 11 дүгээр сарын 08-нд 60 хувь болон өөрчлөгдсөн  9 сарын тэтгэмж олгогдоогүй. 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 65 хувь болон өөрчлөгдсөн мөн 9 сарын тэтгэмж олгогдоогүй бөгөөд нийт 27 сар буюу 3 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч Н.У-гийн сарын дундаж цалинг хариуцагчаас 3 135 858 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 28 222 722 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 2003 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 50 хувийн группд гарахад байгууллагаас 1 сарын тэтгэмж 741 347 төгрөг олгосон. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 55 хувь болон өөрчлөгдсөн тул 9 сарын тэтгэмж олгогдоогүй. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 60 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй бөгөөд нийт 18 сар буюу 2 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч Б.Б-гийн сарын дундаж цалинг хариуцагчаас 1 919 626 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 17 276 634 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн комиссын шийдвэрээр тахир дутуугийн 2 дугаар групп тогтоосон бөгөөд 2 сарын тэтгэмж олгосон. 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувь болж өөрчлөгдсөн тэтгэмж олгооогүй. 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 65 хувь болж өөрчлөглсөн тэтгэмж олгогдоогүй. 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувиар тогтоогдсон тэтгэмж олгогдоогүй бөгөөд нийт 36 сар буюу 3 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч С.Ж-ны сарын дундаж цалинг хариуцагчаас 2 111 471 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 19 003 239 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тахир дутуугийн 2 группд ороход 2 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 877 212 төгрөг олгосон. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 50 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2003 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 70 хувь болоход 9 сарын тэтгэмж олгоогүй. 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй бөгөөд нийт 36 сар буюу 4 удаа нэмэгдэж, багасахад тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч С.С-гийн сарын дундаж цалинг хариуцагчаас 2 899 709 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 26 097 381 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 1997 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 70 хувийн группд орсон бөгөөд тухайн үед 1 сарын тэтгэмж олгосон. 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 65 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 70 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2008 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 65 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2016 оны 10 дугаар сарын 06-ны 69 хувиар хугацаагүй тогтооход 9 сарын тэтгэмж олгоогүй бөгөөд нийт 36 сар буюу 4 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч Б.О-ын сарын дундаж цалинг хариуцагчаас 3 135 858 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 28 222 722 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 45 хувийн группд ороход 1 948 132 төгрөг олгосон. 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 50 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 55 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 60 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй бөгөөд нийт 27 сар буюу 3 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч Н.Б-гийн сарын дундаж цалинг хариуцагчаас 1 792 565 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 16 133 08 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүйд гомдол гаргаж байна. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 50 хувийн группд ороход байгууллагаас 1 047 079 төгрөгийн тэтгэмж олгосон. 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 55 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 65 хувь болж өөрчлөгдөхөд 9 сарын тэтгэмж олгоогүй бөгөөд нийт 27 сар буюу 3 удаа нэмэгдэхэд тэтгэмж олгогдоогүй.

Нэхэмжлэгч Б.Б-т сарын дундаж цалинг хариуцагчаас 1 643 208 төгрөгийн цалинтай гэж тогтоосон. Иймд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 14 788 872 төгрөгийн тэтгэмжийг хангаж шийдвэрлээгүй. 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 55 хувийн группд ороход байгууллагаас 2 994 746 төгрөгийн тэтгэмж олгосон.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Т-д 27 691 380 төгрөг, Б.У-д 28 222 722 төгрөг, Н.Б-д 16 133 085 төгрөг, Б.О-т 28 222 722 төгрөг, С.Ж-д 19 003 239 төгрөг, С.С-т 26 097 381 төгрөг, Б.Б-д 17 276 634 төгрөг, Б.Б-т 14 788 872 төгрөг нийт 177 436 035 төгрөгийг гаргуулж олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж , Б.Б , Б.У  нар нь “Б” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт нийт 177 436 035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн чадварын хувь хэмжээнд тохируулан нөхөн төлбөрийг удаа дараа олгосон гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох”-оор заасан зохицуулалтаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохирох нөхөн төлбөрийг нэг удаа заавал олгох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдах үед авч байсан дундаж цалин хөлс тодорхой бус байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 649 дугаар тогтоолд “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2007, 2011, 2014, 2015, 2017 оны тушаал хэрэгт авагдсан боловч олгосон нөхөн төлбөр нь нэхэмжлэгч нарын тухайн үед тогтоогдсон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохирч байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх тодруулалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай” гэх үндэслэл заан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан уг алдааг залруулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг дахин хянан шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Б” ХК-иас оператор жолооч КАТ, технологийн авто машины завсарчин, төмөр замын цахилгаан галт тэрэгний машинч, краз машины жолооч, экскаваторын машинист, экскаваторын машинисын туслах, тэсэлгээчин зэрэг албан тушаалын цалин, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дээрх албан тушаалуудын дундаж цалингийн тодорхойлолт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч нарт олгосон нөхөн төлбөр тухайн үед тус бүрт тогтоогдсон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохирч байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн тодруулаагүй байна. Тиймээс ажилтан тус бүрийн  нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тухайн үеийн албан тушаалын дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлох баримтуудыг гаргуулсан тохиолдолд хэргийн нотлох баримт болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ. /3 х.х-ийн 91-92 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн агуулгыг тодруулж тус бүрийн тухайн үед авч байсан цалин хөлсний дундаж хэмжээг тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган  томилно” гэж заасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх хуралдаан даргалагч П.Цэцэгдуламыг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болсон тул маргааны үйл баримт, талуудын тайлбарт хууль хэрэглээний дүгнэлт өгөх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2018/00286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШЗ2018/01359 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 045 130 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА