Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00293

 

 

 

 

 

 

 

   2022        02         23 

181/ШШ2022/00293

   

 

  

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “ЗБДС”-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Батлан даалтын гэрээний үүрэгт 192.111.920 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.О, Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь ЗБДС-д холбогдуулж батлан даалтын гэрээний үүрэгт 192.111.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Г Б” ХХК, ЗБДС, “Э” ХХК тус тус 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БДГ2105015815 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. ЗБДС “Г Б” ХХК-аас “Э” ХХК-д олгосон 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2105015815 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн төлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр батлан даалт гаргасан.

Батлан даалтын гэрээний 1.3-т “батлан даагч энэ гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө /төлөгдөөгүй зээлийг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй/ хариуцлага хүлээнэ”, 1.4-т “батлан даагчийн батлах дээд хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувь байна”, 3.1.2-т “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах эрхтэй”, 3.1.3-т “банк барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгөөс тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулан авах эрхтэй” гэж заасан байдаг. Зээлдэгч “Э” ХХК зээлийн гэрээгээр сар бүр төлбөр төлж 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусгах хуваарьтай байсан боловч зээл, хүүг төлөөгүй. “Г Б” ХХК-иас зээлдэгчээс зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр зээлдэгчээс хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 1.781.688.929 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Батлан даалтын гэрээ нэг зээлд хамаарах ба дээрх шийдвэрээр ЗГ2105015815 тоот зээлийн дагуу үндсэн зээл 749.988.994 төгрөг, хүү 109.135.589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.444.725 төгрөг, нийт 863.579.309,65 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгөөс нийт 1.406.689.432 төгрөг хангуулсан. Зээлийн төлбөрт төлсөн уг мөнгөнөөс 2105015815 тоот зээлийн төлбөрт үндсэн зээл 384.223.841 төгрөг үлдсэн байна. ЗБДС БДГ2105015815 тоот батлан даалтын гэрээгээр ЗГ2105015815 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувиар батлан даалт гаргасан тул 384.223.841 төгрөгийн тавин хувь болох 192.111.920 төгрөгийг гаргуулж “Г Б” ХХК-д олгуулж өгнө үү.

Төлбөр төлөгчөөс төлбөрт тооцон өгсөн хөрөнгөнөөс өөр барьцаалсан хөрөнгө байгаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй хэдий ч дахин нэмж төлбөр төлөөгүй, мөн өөр 6 иргэн, хуулийн этгээдэд 396 сая гаруй төгрөгийн өртэй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариу өгсөн. Манай байгууллагаас явсан, хариуцагчаас ирсэн баримтуудад зээлийн 33,3 хувьд батлан даалт гаргахаар тусгагдсан байдаг боловч гэрээндээ 50 хувь гэж бичигдсэн тул бид гэрээний дагуу тооцон шаардаж байгаа. Шүүхийн шийдвэрт хоёр зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн, батлан даалт гаргаагүй нөгөө зээлийн гэрээ түрүүлж байгуулагдсан байсан тул эхэлж олгосон зээлийн үлдэгдэлийг төлсөн 1.406.689.432 төгрөгөөс бүрэн хасч тооцсон. Мөн шүүхийн шийдвэрт тусгагдсан тэмдэгтийн хураамжийг хассан. Үлдсэн дүнгээс гэрээгээр нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар төлөхөөр тохирсон тул энэ дарааллаар хасч тооцсон гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: “Г Б” ХХК-иас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.781.688.929 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр хангуулахаар нэхэмжлэл гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 102/ШШ2016/03207 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр ЗБДСд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул энэ нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэснийг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Нэгэнт шүүхийн шийдвэртэй тул гаргаж өгөх боломжгүй байна.

Үүнээс гадна “Г Б” ХХК батлан даалтын гэрээний үүрэгт 192.111.920 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БДГ2105015815 дугаар батлан даалтын гэрээний 1.4-т “үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь байна” хэмээн тусгасан нь уг гэрээг боловсруулсан мэргэжилтний техникийн алдаа байсан.  Гэрээнд батлан даах хэмжээг 33.33 хувь гэж бичих ёстой байтал 50 хувь хэмээн андууран бичиж гэрээнд тусгасан. Энэ нь анх гэрээ байгуулахаас өмнө “Г Б” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №03/1312 дугаар батлагдсан зээлийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт “Э” ХХК-д 750.000.000 төгрөгийн Чингис бондын эх үүсвэртэй оёдлын төслийн зээл олгохоор шийдвэрлэсний 250.000.000 төгрөг буюу зээлийн нийт дүнгийн 33.3 хувьд зээлийн батлан даалт гаргаж өгнө үү хэмээн анх батлан даалт гаргуулахыг хүссэн. Уг албан бичгийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн батлан даалтын хороо хуралдан 34 дугаар шийдвэрийг гаргаж “Г Б” ХХК-аас “Э” ХХК-д олгох 750.000.000 төгрөгийн 250.000.000 төгрөг буюу 33,33 хувийг батлан даахаар шийдвэрлэж 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 33 дугаар зээлийн батлан даалтын хорооны тогтоол гарсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч “Э” ХХК-ийн захирал Г.М-ийн бөглөсөн батлан даалт хүсэгчийн өргөдөлд батлан даалтын хэмжээ гэсэн хэсэгт 250.000.000 төгрөг хэмээн бичсэн байдаг. Мөн батлан даалтын гэрээний 2.1-д “батлан даалтын шимтгэлийг батлан даалтын хэмжээний 3 хувиар тооцон нэг удаа 7.500.000 төгрөгийг зээлдэгчээс авна” гэсэн бөгөөд шимтгэл тооцохдоо батлан даалтын хувийг 33,33 хувиар тооцоолон гэрээнд тусгаж, уг шимтгэлийг төлүүлсэн. Зээлийн мэдээллийн санд 33,33 хувиар явдаг, манай авсан шимтгэлийн хувь хүртэл 33,3 хувиар тооцож авсан байдаг. Түүнчлэн төлбөрт төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхлээд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэж хасах байтал ба банкнаас эсрэгээр тооцож хасан үлдэгдэл дүнгийнхээ 50 хувиар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд “Г Б” ХХК-аас батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БДГ2105015815 тоот “батлан даалтын гэрээ”, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2105015815 тоот “Зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэр, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “зээлийн төлбөрт тооцож барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээ”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/3874 тоот албан тоот, “Г Б” ХХК-иас ЗБДС-д хүргүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/1035 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09/2901 тоот, ЗБДСгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/365 тоот ирүүлсэн хариу, зээлийн хүү тооцооллын хүснэгт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргийг ирүүлжээ. /хх 6-37, 69-72, 79,80/

Хариуцагчаас нотлох баримтаар: эрх олгох итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлыг томилсон ЗБДС-ийн удирдах зөвлөлийн тогтоол, ЗБДС-ийн дүрэм, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шүүхийн шийдвэр, Батлан даалт хүсэгчийн өргөдөл, “Г Б” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/1312 тоот хүсэлт, ЗБДС-ийн банкинд хүргүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2/363 тоот албан бичиг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн хорооны хурлын протокол хуулбар хувиар тус тус ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь ЗБДС-д холбогдуулж батлан даалтын гэрээний үүрэгт 192.111.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ батлан даалтын гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч дахин төлбөр төлөөгүй үндэслэлээр батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувийг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, анх 33,33 хувиар батлан даахаар тохиролцсон ч гэрээнд техникийн алдаа гарсан, түүнчлэн үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч баримтлаагүй гэж тайлбарлав.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1.“Г Б” ХХК, “ЗБДС”, “Э” ХХК нар 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, Батлан даагч нь “Г Б” ХХК, “Э”  ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2105015815 тоот зээлийн гэрээний үүргээ зээлдэгч “Э”  ХХК биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэхээр тохиролцож БДГ2105015815 тоот “Батлан даалтын гэрээ”-г байгуулжээ. Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д нийцсэн гэрээ байна.

2.2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр  “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК, “ЗБДС”-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.781.688.929 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулах тухай хэргийг шийдвэрлэжээ. Зохигчид шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад маргаагүй.

2.3.Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2016/01385 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлдэгч “Э” ХХК-иас барьцаа хөрөнгөнөө нэр бүхий гурван үл хөдлөх хөрөнгө, 41 нэр төрлийн оёдлын тоног төхөөрөмж зэргийг нийт 1.406.689.432 төгрөгийн төлбөр тооцон өмчлөх эрхээр тохиролцсон, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043746, Ү-2205023649, Г-2205001125 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг “Г Б” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, “Г Б” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө шилжүүлэх гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэх байгууллагад явуулсан албан бичиг, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. Энэ үйл баримтад мөн маргаагүй.

3.Хариуцагч “ЗБДС”-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж тайлбарласан.

Дээрх 2016 оны 102/ШШ2016/03207 дугаар шүүхийн шийдвэрт “Э” ХХК үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа тохиолдолд түүний гүйцэтгэх үүргийг “ЗБДС”-гаас шаардах эрх үүснэ. Ийм эрх үүссэн болохыг нэхэмжлэгч “Г Б” ХХК баримтаар нотлоогүй гэж дүгнэн үндсэн үүрэг гүйцэтгэгч “Э” ХХК-иас зээлийг гаргуулж, харин “ЗБДС”-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/878 дугаар хариу мэдэгдэх хуудаст “Төлбөр төлөгч “Э” ХХК болон үүсгэн байгуулагч Г.Мийн өмчлөлд эзэмшилд барьцаа хөрөнгөнөөс бусад орлого, эд хөрөнгө тогтоогдоогүй, хүн хуулийн этгээдэд нийт 6 гүйцэтгэх баримт бичгийн 396.261.245 төгрөгийн төлбөртэй” талаар дурдсан байна. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.6, 3.1.2-д “зээлдэгч зээл төлөх үүрэг зөрчигдснөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг Зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч үүргийг хариуцахаар” тохиролцсон, дээрх байдлаар зээлдэгч банкны зүгээс зээл төлүүлэх ажиллагааг өөрийн зүгээс гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч батлан даагчаас шаардах эрхтэй байна.

4.Батлан даалтын гэрээний 1.4-т батлан заах хэмжээг “үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь” байхаар тохиролцжээ. Хариуцагч үүнийг техникийн шинжтэй алдаа гарсан анхнаасаа  үндсэн зээлийн 33,3 хувьд тооцон батлан даалт гаргасан байсан гэж тайлбарлав.

Хэрэгт баримтаар авагдсан Г Б-аас ЗБДСд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн албан бичигт “Э” ХХК-д 750.000.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсний 250.000.000 төгрөгт буюу нийт зээлийн 33,3 хувьд батлан даалт гаргах тухай дурдсан, анх зээлдэгч “Э” ХХК-ийн удирдлагаас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “ЗБДС”-д гаргасан өргөдөлдөө мөн адил 750.000.000 төгрөгний 250.000.000 төгрөгт батлан даалт хүссэн байна. Мөн гэрээний 2.1-д “батлан даагч батлан даалтын шимтгэлийг батлан даасан хэмжээний 3 хувиар тооцон нэг удаагийн хураамжид 7.500.000 төгрөг төлөх”-өөр тусгагджээ.  Энэ төлсөн 7.500.000 төгрөгийг батлан даасан хэмжээ үндсэн зээлийн 33,3 хувь буюу 250.000.000 төгрөгөөс тооцсон болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас шүүх хуралдааны явцад дээрх үйл баримтуудыг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн гэрээнд 50 хувь гэж тусгагдсан үндэслэлээр 50 хувиар тооцон нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна. Иймд шүүх энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар дэмжих баримтаар тогтоогдсон үндэслэлтэй, батлан даалтын гэрээний 1.4-т “50 хувь” гэж техникийн алдаатай бичигдсэн гэж үзлээ.

2.Зохигчид мөн зээлийн үлдэгдэл тооцсон аргад буюу үүрэг гүйцэтгэх дарааллын талаар маргаж байна.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт хоёр зээлийн үлдэгдлийг шийдвэрлэснээс төлбөрт тооцон авсан 1.406.689.432 төгрөгөөс түрүүлж олгосон эхний зээлийг, тэмдэгтийн хураамжийн хамт хасч, батлан даалт гаргасан ЗГ2105015815 тоот зээлийн гэрээний үлдэгдлийг тооцсон. Ийнхүү тооцохдоо гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар хассан гэж тайлбарлав.Хариуцагч үндсэн зээлийг эхэлж хасах ёстой гэж маргав.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж, 216.3-т “шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд адил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр зээлдэгч “Э” ХХК-ийн хоёр зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн батлан гаргаагүй зээлийн гэрээ 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан, уг зээлд 918.109.619 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 9.224.344 төгрөг төлөхөөр шийдвэрт тусгагдсан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч төлөгдсөн 1.406.689.432 төгрөгөөс эхэлж энэ зээл, хураамжийг хасч тооцсонг буруутгах боломжгүй.Ийнхүү тооцвол батлан даалт гаргасан ЗГ2105015815 тоот зээлд  479.355.469 төгрөг /1.406.689.432-9.224.344- 918.109.619/ төлөгдсөн гэж үзнэ.

 Харин энэ дүнгээс нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө” гэж заасантай нийцэхгүй тул 479.355.469 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөх ЗГ2105015815 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 749.998.994 төгрөгөөр хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 270.643.525 /749.998.994-479.355.469/ төгрөг байна. Үүнээс гэрээгээр батлан даасан хэмжээ болох 33,3 хувиар тооцож 90.124.293 төгрөгийг /270.643.525*33,3%/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй  этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид болоод зэлэдэгч “Э” ХХК-ийн зүгээс энэ талаар санал хүсэлт гараагүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан “ЗБДС”-гаас 90.124.293 /ерэн сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөг гаргуулж, “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101.987.627 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.118.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 608.571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ