Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00892

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00892

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Зээлийн батлан даалтын санд холбогдох

Батлан даалтын гэрээний үүрэгт 192,111,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Г.Оюун-Эрдэнэ, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г ХХК, Зээлийн батлан даалтын сан, Э ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн батлан даалтын сан Г ХХК-аас Э ХХК-д олгосон 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн төлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр батлан даалт гаргасан.

Батлан даалтын гэрээний 1.3-т батлан даагч энэ гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ, 1.4-т батлан даагчийн батлах дээд хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувь байна, 3.1.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах эрхтэй, 3.1.3-т банк барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгөөс тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулан авах эрхтэй гэж заасан байдаг.

Г ХХК-иас зээл төлөхийг зээлдэгч Э ХХК-аас удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр зээлдэгчээс хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 1,781,688,929 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Батлан даалтын гэрээ нэг зээлд хамаарах ба дээрх шийдвэрээр ЗГ2105015815 тоот зээлийн дагуу үндсэн зээл 749,988,994 төгрөг, хүү 109,135,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,444,725 төгрөг, нийт 863,579,309 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгөөс нийт 1,406,689,432 төгрөг хангуулсан. Зээлийн төлбөрт төлсөн уг мөнгөнөөс 2105015815 тоот зээлийн төлбөрт үндсэн зээл 384,223,841 төгрөг үлдсэн байна. Зээлийн батлан даалтын сан батлан даалтын гэрээгээр ЗГ2105015815 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувиар батлан даалт гаргасан тул 384,223,841 төгрөгийн 50 хувь болох 192,111,920 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгуулж өгнө үү.

Төлбөр төлөгчөөс төлбөрт тооцон өгсөн хөрөнгөнөөс өөр барьцаалсан хөрөнгө байгаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй хэдий ч дахин нэмж төлбөр төлөөгүй. Манай байгууллагаас хариуцагчид явуулсан болон ирсэн баримтуудад зээлийн 33,3 хувьд батлан даалт гаргахаар тусгагдсан байдаг боловч гэрээндээ 50 хувь гэж бичигдсэн тул бид гэрээний дагуу тооцон шаардаж байгаа. Шүүхийн шийдвэрт хоёр зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн, батлан даалт гаргаагүй нөгөө зээлийн гэрээ түрүүлж байгуулагдсан байсан тул эхэлж олгосон зээлийн үлдэгдэлийг төлсөн 1,406,689,432 төгрөгөөс бүрэн хасч тооцсон. Мөн шүүхийн шийдвэрт тусгагдсан тэмдэгтийн хураамжийг хассан. Үлдсэн дүнгээс гэрээгээр нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар төлөхөөр тохирсон тул энэ дарааллаар хасч тооцсон.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 102/ШШ2016/03207 дугаар шүүхийн шийдвэрээр Г ХХК-иас Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,781,688,929 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэснийг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн гэж үзэж байна.

Үүнээс гадна Г ХХК батлан даалтын гэрээний үүрэгт 192,111,920 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн батлан даалтын гэрээний 1.4-т үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь байна хэмээн тусгасан нь уг гэрээг боловсруулсан мэргэжилтний техникийн алдаа байсан. Гэрээнд батлан даах хэмжээг 33.33 хувь гэж бичих ёстой байтал 50 хувь хэмээн андууран бичиж гэрээнд тусгасан. Энэ нь анх гэрээ байгуулахаас өмнө Г ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/1312 дугаар батлагдсан зээлийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт Э ХХК-д 750,000,000 төгрөгийн Чингис бондын эх үүсвэртэй оёдлын төслийн зээл олгохоор шийдвэрлэсний 250,000,000 төгрөг буюу зээлийн нийт дүнгийн 33.3 хувьд зээлийн батлан даалт гаргаж өгнө үү хэмээн анх батлан даалт гаргуулахыг хүссэн. Уг албан бичгийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн батлан даалтын хороо хуралдан 34 дугаар шийдвэрийг гаргаж Г ХХК-аас Э ХХК-д олгох 750,000,000 төгрөгийн 250,000,000 төгрөг буюу 33,33 хувийг батлан даахаар шийдвэрлэж 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 33 дугаар зээлийн батлан даалтын хорооны тогтоол гарсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Э ХХК-ийн захирал Г.Майцэцэгийн бөглөсөн батлан даалт хүсэгчийн өргөдөлд батлан даалтын хэмжээ гэсэн хэсэгт 250,000,000 төгрөг хэмээн бичсэн байдаг.

Мөн батлан даалтын гэрээний 2.1-д батлан даалтын шимтгэлийг батлан даалтын хэмжээний 3 хувиар тооцон нэг удаа 7,500,000 төгрөгийг зээлдэгчээс авна гэсэн бөгөөд шимтгэл тооцохдоо батлан даалтын хувийг 33,33 хувиар тооцоолон гэрээнд тусгаж, уг шимтгэлийг төлүүлсэн.

Түүнчлэн төлбөрт төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхлээд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэж хасах байтал ба банкнаас эсрэгээр тооцож хасан үлдэгдэл дүнгийнхээ 50 хувиар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Г ХХК-аас батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн батлан даалтын сангаас 90,124,293 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,987,627 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,118,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 608,571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 101,987,627 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Уг мөнгийг шүүх хасаж шийдсэн үндэслэлээ батлан даалтын гэрээний техникийн шинжтэй алдаа болон зээлийн үлдэгдэл тооцсон арга буюу үүрэг гүйцэтгэх дарааллын талаар тайлбарласан нь шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 тоот шийдвэрийн дагуу Э ХХК-аас 1,781,688,929 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 9,224,344 төгрөг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгөөс нийт 1,406,689,432 төгрөгийн үүргийг хангуулсан. Ийнхүү үлдэгдэл 384,223,841 төгрөг төлөгдөөгүй байсан. Банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахдаа 21051007868 тоот зээл рүү 918,109,620 төгрөг, 2105015815 тоот зээлрүү 479,355,467 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 9,224,345 төгрөг тус тус суутгасан.

2105015815 тоот зээл рүү 479,355,467 төгрөг төлөгдөхөд үндсэн зээлэнд 365,775,153 төгрөг, үндсэн хүүд 109,135,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,444,425 төгрөг тус тус төлөгдсөн. Шүүх шийдэхдээ тухайн үед төлөгдсөн хүүг төлөгдөх ёсгүй байсан гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг тайлбарласан байна.

Банк Э ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2105015815 тоот зээлийн гэрээ байгуулсныг, уг зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж тохиролцсоныг анхаараагүй. Учир нь талууд гэрээнд заасан нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан ба уг дарааллыг зээлдэгч зөвшөөрсөн, мөн шүүхийн шийдвэрээр өмнө нь баталгаажсан байтал ийнхүү шүүхээс шийдсэн нь илтэд банкинд хохиролтой байна.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т батлан даах хэмжээг Үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь байхаар тохиролцсон. Гэрээний үндсэн гол нөхцөл нь батлан даах хэмжээ бөгөөд уг нөхцлийг талууд тохиролцож, гэрээний бүх заалтыг хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Иймд банк гэрээнд заасны дагуу хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гэж дүгнэж, 33,33 хувийг батлан даахаар тогтоосон гэж зөв дүгнэсэн. Г ХХК болон зээлдэгч нарын батлан даалт гаргуулах тухай өргөдөл, Г ХХК руу явуулсан бичиг, Г ХХК болон Зээлийн батлан даалтын сангийн шийдвэрээр тус тус 33,33 хувийн батлан даалт гаргасан байна гэдэг нь тогтоогддог. Г ХХК нь уг баримтуудын талаар маргадаггүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу тооцоолсон. Нэхэмжлэгч талаас гэрээгээр өөр дарааллын талаар тохиролцсон учраас Иргэний хуульд заасан дараалал хамаагүй гэж тайлбар гаргадаг. Хуульд тодорхой заасан бол түүнийг зөрчиж гэрээ байгуулах ёсгүй. Хуулийг зөрчиж гэрээ байгуулсан бол гэрээ юм уу эсвэл гэрээний тухайн нөхцөл хүчингүй болох ёстой.

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Э ХХК-аас шаардсан атлаа үндсэн зээлийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас шаардаж байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдуулж батлан даалтын гэрээний үүрэгт 192,111,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г ХХК, Зээлийн батлан даалтын сан, Э ХХК-ууд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр батлан даагч Зээлийн батлан даалтын сан нь Г ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2105015815 тоот зээлийн гэрээний үүргээ зээлдэгч Э ХХК биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс төлөх үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон. Г ХХК болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Э ХХК нь уг гэрээнд оролцсон нь батлан даалтын гэрээний үүрэг түүнд үүсэхгүй, уг гэрээний үүрэг гүйцэтгэгч болохгүй юм.

 

4.а. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр Э ХХК-аас 1,781,688,929 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ батлан даалтын үүрэг үүсэх болоогүй талаар дүгнэжээ. Зээлийн батлан даалтын сан нь батлан даагчийн хувьд гэрээгээр нөхөх хариуцлага хүлээсэн тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй нэхэмжлэлээр үүссэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

Зээлдүүлэгч нь батлан даалтын гэрээний 1.6, 3.1.2-д зээлдэгч зээл төлөх үүрэг зөрчигдснөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагчаас шаардах эрхтэй гэж тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

4.б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Э ХХК 1,406,689,432 төгрөгийг Г ХХК-д төлсөн үйл баримтад зохигч маргаагүй.

 

4.в. Дээрх шүүхийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр Э ХХК-аас хоёр зээлийн гэрээний үүрэгт холбогдох хэргийг шийдвэрлэсэн ба батлан даалт гаргасан ЗГ2105015815 тоот зээлийн үүрэгт 479,355,469 төгрөг төлөгдсөн, 384,223,841 төгрөг төлөгдөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлажээ.

 

4.г. Шүүхийн шийдвэрээр төлөх ЗГ2105015815 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 749,998,994 төгрөгөөс барьцаа хөрөнгөөр хангуулсан 479,355,469 төгрөгийг хасч үндсэн зээлийн үлдэгдлийг 270,643,525 /749,998,994-479,355,469/ төгрөгөөр тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалалд тогтоосон зохицуулалттай нийцсэн боловч батлан даалтын гэрээгээр хариуцлагын хэмжээг тохиролцсон хувийг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4.д. Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 /тавь/ хувь байна гэж тохиролцсон байх ба талууд гэрээний тохиролцооны талаар маргавал шүүх тайлбарлах учиртай. Гэрээнд хариуцлагын хэмжээ 33.3 хувь байхыг 50 хувь гэж бичсэн нь техникийн алдаатай гэж анхан шатны шүүх буруу дүгнэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 1.4 дэх хэсгийг үгийн шууд утгаар тайлбарлавал батлан даагч нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувиар тооцож хариуцлага хүлээхээр байна. Иймд ЗГ2105015815 тоот гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр 270,643,525 төгрөгийн 50 хувь болох 135,321,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчид явуулсан албан бичиг, хурлын протоколыг үндэслэн гэрээний нөхцөлийг тодорхойлохгүй. Учир нь талууд гэрээ байгуулахдаа хариуцлагын хэмжээг тохиролцохдоо хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тодорхой илэрхийлсэн байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...90,124,293 /ерэн сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ёрэн гурван/ төгрөг... гэснийг ...135,321,762 төгрөг... гэж, ...101,987,627 төгрөгийг... гэснийг ...56,790,158 төгрөгийг... гэж,

2 дахь заалтын ...608,571 төгрөг... гэснийг ...834,559 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,889 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА