Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/00255

 

 

 

 

 

 

 

        2022         02        18

                               181/ШШ2022/00255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт байрлах, “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Э Э” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 415.616.244 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гэрч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:  

                                            

1.Нэхэмжлэгч “Х Б” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 345.925.000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 69.691.244 төгрөг, нийт 415.616.244 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Х Б” ХХК 2007 оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хоёр компанийн удирдлагууд олон жил найз нөхдийн харилцаатай явсан, олон удаа мөнгө зээлж, эргүүлж төлдөг байсан. “Э Э” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 110.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж 05 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг мөнгийг 2014 оны эхээр эхлээд 50 сая төгрөг зээлж, дараа нь 60 сая төгрөг нэмж авсан байдаг. Сүүлийн мөнгийг олгосон өдрөө нэгтгээд дээрх 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ мөнгийг хол зайтай биш, ойрхон хугацаанд өгсөн гэдгээ гэрч мэдүүлсэн.  Хариуцагч зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-22020155108 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамжны 14-А тоот хаягт байрлах 138 мкв граж, 166,75 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Х Б” ХХК-ийн хашаан дотор байгаа ажлын байран дахь бүх тоног төхөөрөмжийг барьцаалсан боловч 2015 онд “Э Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал “...манай компани Хаан банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа тул танай байгууллагад барьцаалсан дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын гэрчилгээгээ аваад банканд барьцаалж, банкнаас зээл гарангуут танай мөнгийг бүрэн барагдуулъя...” гэж хэлээд барьцаалуулсан зүйлээ чөлөөлүүлж авсан гэдэг. Банкнаас зээлээ авсан хэрнээ нэхэмжлэгчид зээлийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлийн хүү нэг сарын 3.300.000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш “Э Э” ХХК хүүгийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд эхний нэг жил илүү хүүнд 44.232.000 төгрөг төлсөн боловч 2015 оны 3 дугаар сараас хойш төлөөгүй. Үүнээс хойш төлөхгүй явсаар 2017 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Нийтдээ зээл, зээлийн хүүг төлөөгүй 76 сар болж байна. Гэрээнд заасан нэг сарын хүү 3.300.000 төгрөгийг 76 сараар тооцоход хүү 250.800.000 төгрөг болно. Үүнээс “Э Э” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 37 удаагийн үйлдлээр төлсөн мөнгөний тавин хувь болох 14.875.000 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцон үндсэн зээл 110.000.000 төгрөг, зээлийн хүүд 235.925.000 төгрөг, нийт 345.925.000 төгрөгийг шаардаж байна. Хэрэгт баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж тэмдэглэгдсэн тул эрхгүй этгээдээс зээл олгосон тухай тайлбар үндэслэлгүй.

1.2.“Х Б” ХХК болон “Э Э” ХХК нар 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 08 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1.188 мкв талбайтай обьектыг нэг сарын 8.500.000 төгрөгөөр түрээсэлсэн. Гэрээг бичгээр сунгаагүй ч 2014 оны 9 дүгээр сараас түрээсийн төлбөрийг нэг сард 6.000.000 төгрөг болгон амаар тохиролцож бууруулсан байдаг. Гэрээгээр түрээслэгч “Э Э” ХХК түрээсийн талбайг ашигласан хугацааны дулаан, цахилгаан, халуун хүйтэн ус, ус халаасны болон бохир ус зайлуулсны хөлсийг сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч "Э Э” ХХК 2015 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг бүрэн төлөхөө больсон. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл нийт 84.566.244 төгрөгийг төлөөгүй.

Тооцоо нийлсэн актад энэ дүнг тусгаж баталгаажуулсан байгаа. Үүнээс хойш хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр төлсөн мөнгөний тавин хувь болох 14.875.000 төгрөгийг энэ тооцооноос хасч, үлдэх 69.691.244 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэсэн тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Мөн гэрээг бичгээр сунгаагүй ч амаар тохиролцон сарын түрээсийг бууруулж, 2016 оны 6 дугаар сар дуустал түрээсийн зүйлийг ашиглаж байгаад хүлээлгэж өгөлгүй хаяад явсан байдаг.

Хариуцагчийн 37 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгө гүйлгээний утга байгаагүй тул орж ирсэн мөнгийг 50 хувийг зээлд, 50 хувийг түрээсийн төлбөрт тооцож хасдаг байсан гэдэг. Талууд төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн цагдаад гомдол гаргасныг 2019 онд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Хариуцагчаас 2017 оноос хойш бэлнээр мөнгө хүлээн аваагүй, дандаа дансаар авсан. Бэлэн бусаар 1.966.000 төгрөгийн чулуун тавцан хийлгэсэн нь үнэн. Хэрэгт баримтаар ирүүлсэн дэвтрүүдэд гарын үсэг зурагдсан баримтгүйгээс гадна зарим тэмдэглэгээнд “төлсөн” гэж, зарим тэмдэглэгээнд “төлөх” гэж бичсэн, зөвхөн өөрсдийн дотооддоо хэрэглэж байсан тооцооны дэвтэр байна.

Иймд “Э Э” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345.825.000 төгрөг, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.691.244 төгрөг, нийт 415.616.244 төгрөгийг гаргуулж, “Х Б” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.“Х Б” ХХК-ийн захирал болох Г.Ж-тай 1995 онд айл хөрш бууж, танилцаж, гэр бүлийн найзууд байсаар ирсэн. Мөн тэр үеэс эхлэн өндөр хүүтэй мөнгө зээлж авч, хугацаанд нь хүүгийн хамт буцаан төлдөг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад 2014 онд зээлсэн барьцаат зээлийн гэрээний төлбөр, түрээсийн гэрээний төлбөрүүдийг нэхэмжилсэн байна. Хариуцагч талаас дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь бид 110.000.000 төгрөг зээлсэн, бодит үйлдэл байхгүй, тодорхой хугацаанд бага хэмжээгээр мөнгө зээлж, түүнийгээ буцаан төлсөөр ирсэн. Зээлсэн мөнгийг “Х Б” ХХК-ийн дансанд хийх гэхээр байгууллагын дансаар авахаар татвар өндөр төлөх болно. Тиймээс манай ажилтанд бэлнээр өгчих гээд өгүүлдэг байсан.

2011 оноос хойш зээлж байсан мөнгөнүүдээ буцаан төлөлт хийдэг байсан. 50 сая төгрөгийн хүүнд сард 2 сая төгрөг төлдөг байсан. Дараа нь 10 сая төгрөг нэмж зээлээд хүүнд нэг сард 2,4 сая төгрөг төлдөг байсан. Сүүлд нэмж 50 сая төгрөг авахдаа өмнөх зээлээ нэмээд 110.000.000 төгрөг болгож 2014 онд гэрээг хийсэн гэдэг. Гэрээ байгуулсан энэ өдөр бодитоор 110 сая төгрөг өгөөгүй гэдгээ гэрч мөн мэдүүлсэн. 2017 оноос өмнө мөнгийг бэлнээр төлж байсан. Хариуцагч сар бүр тогтмол мөнгө шилжүүлдэг байсан. Хариуцагчийн зүгээс нийтдээ 2011-2021 оны хооронд 227.629.200 төгрөгийг зээлд төлсөн. Зээлийн гэрээнээс давсан дүнг буцаан төлсөн тул бүрэн төлж дууссан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллага зээл олгох эрхтэй этгээд биш байна. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ломбард тул үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг хийсэн, уг гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Мөн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аваагүй эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх тул хэлцэл анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хууль зөрчсөн хэлцэл байна. Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ санхүүгийн баримт үйлдээгүй. Мөн үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тохиролцоогүй тул төлсөн мөнгийг хүүнд биш үндсэн зээлд тооцох ёстой.

2.2.Түрээсийн гэрээний тухайд манай чулуун тавцангийн үйлдвэрлэл ажиллаж эхлээд нилээдгүй нэр хүндтэй болж, ашиг орлого сайжирсаны дараа “Х Б” ХХК 150 орчим сая төгрөгөөр сендвичээр барьсан өөрсдийн өмчлөлийн дотор тохижилт хийгдээгүй хоосон байр түрээслэж үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар саналыг тавьсан. Мэдээж хэрэг бид бусдын өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа тул тухайн цаг хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн. Тус ажлын байрыг түрээслэж байх үедээ олон удаа засвар хийж, тохижуулсан. Бид ашиглалтын зардалыг түрээсийн төлбөрт багтааж төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй. Мөн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болно.  Түрээсийн зүйлийг 2016 оны 5 дугаар сард

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Түрээсийн гэрээний асуудлаар эрүүгийн журмаар шалгаагүй, энэ прокурорын тогтоолд тусгагдаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг байрыг хүлээлгэн өгсөн 2016 оны 5 дугаар сараас хойш тоолоход гурван жил дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, түрээсийн гэрээ, тооцоолол, барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн акт, чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1052 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/01161 дүгээр эрэн сурвалжлах шийдвэр, хаяг олж тогтоосон тухай Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд, Хаан банкны дансны хуулгууд зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /1хх 5-15, 151, 212-250, 2хх 1-28/

Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, түрээсийн гэрээ цуцлах тухай 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 80 тоот албан бичиг, 16 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, кассын бүртгэлийн 2013 оны дэвтэр, кассын бүртгэлийн 2014 оны дэвтэр зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /1хх 25, 152-184/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр: гэрч Л.Ж-ийн өгсөн мэдүүлэг, /1хх 50-55/

Хариуцагч талын хүсэлтээр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас баримтаар гаргуулсан 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Л.Жамъянсүрэнгийн анх гаргасан өргөдөл, эрүүгийн хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгууд, Л.Ж-ийн өгсөн гэрчийн мэдүүлэг, И.Гантулгын мэдүүлэг, Н.Г-ын мэдүүлэг /1хх 56-78/, Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015108 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа баримтууд /1хх 79-124/, “Хаан банк” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 50/13378 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50/245 албан тоотуудаар баримтаар гаргуулсан дансны хуулгууд /1хх 139-148,192-197/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас ирүүлсэн лавлагаа /1хх 209/ зэргийг бүрдүүлсэн.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х Б” ХХК “Э Э” ХХК-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 345.925.000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 69.691.244 төгрөг нийт 415.616.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: Зээлийн гэрээг 2014 онд бичгээр байгуулсан, ломбард тул тусгай зөвшөөрөл шаардахгүй, зээл, хүүг бүрэн төлж дуусгаагүй тул гаргуулна гэж тайлбарласан.

Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, гэрээний зүйлийг 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ашигласан, төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлэх актаар баталгаажуулсан, эрүүгийн журмаар хандаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: 2014 онд гэрээг бичгээр байгуулахдаа тухайн өдөр бодитоор 50 сая төгрөг зээлсэн, 2011 онд зээлсэн 60 сая төгрөгийг гэрээнд нэмж тусгасан, барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ санхүүгийн баримт үйлдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан тул зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, үүрэг гүйцэтгэх дарааллыг анхнаасаа тохиролцоогүй тул төлсөн мөнгийг хүүнд биш үндсэн зээлд эхэлж тооцно, нийтдээ 227.629.200 төгрөгийг зээлд төлсөн тул бүрэн төлж дуусгасан гэж тайлбарлав.

Түрээсийн гэрээний тухайд:  гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 4 дүгээр сараас эхэлж тоологдох тул дууссан гэж тайлбарлав.  

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            3.1. Нэг талаас “Х Б” ХХК, нөгөө талаас “Э Э” ХХК нар 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 110.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нэг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай эргүүлэн төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-22020155108 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэгт байрших 138 мкв гараш, 166,75 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ажлын байран дах бүх тоног төхөөрөмж зэргээс хангуулахаар тохиролцож 05 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулжээ. /1хх 9-10/

3.2.Мөн “Х Б” ХХК, “Э Э” ХХК нар 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд байрлах 1188 мкв талбайг үйлдвэрийн байр, оффисийн зориулалтаар 12 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч сард 8.500.000 төгрөгийн хөлс төлөхөөр 8 тоот “Түрээсийн гэрээ”-г байгуулжээ.

            4.Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй ч, хариуцагч тухайн өдрөө 110.000.000 төгрөгийг бүрэн аваагүй, өмнөх өр болох 60.000.000 төгрөгийг нэмж тусгасан, түүнчлэн нэхэмжлэгч зээлийн үйл ажилагаа эрхлэх эрхгүй этгээд атлаа зээл олгосон, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй хэрнээ барьцаат зээлийн гэрээ байгуулж хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул дээрх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргав.

            4.1.Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх”, 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх”-д тусгай зөвшөөрөл шаардахаар, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д энэ төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд “ломбард” гэдэгт хэн алин нь маргаагүй тул хуулиар тогтоосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамаарахгүйгээс гадна “Х Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” эрхлэхээр тусгагдсан тул эрхгүй этгээдээс зээл олгосон тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн зохигчид барьцаат зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд анхнаасаа бүртгүүлээгүй, мөн гэрээнд тусгагдсан хөрөнгийг нэхэмжлэгчид бус гуравдагч этгээдэд барьцаалсан үйл баримтад зохигчид маргаагүй тул хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй байтал үл хөдлөх хөрөнгө барьцаалж гэрээг хийсэн, улмаар гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хамаарна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Гэрч Л.Ж-ээс “2014 онд эхлээд 60 сая төгрөг зээлсэн, удаагүй нэмж 50 сая төгрөг зээлсэн, нийлүүлээд гэрээнд 110 сая төгрөг гэж тусгасан” гэж мэдүүлсэн,  гэрч И.Г-аас шүүх хуралдааны явцад “2011 оноос эхэлж мөнгө зээлсэн, хүүг төлдөг байсан ч үндсэн зээл үлдсэн, 2014 онд сүүлд 50 сая төгрөг зээлэхдээ өмнөх үлдэгдэл 60 сая төгрөгийг нэмж бичсэн” гэж тус тус мэдүүлсэн, зохигчид зээлийн мөнгөн хөрөнгийн дүнд маргаагүй харин эхний 60 сая төгрөгийг хэзээ өгсөн үйл баримтад маргасан тул шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, мөнгөн хөрөнгө болох 110.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзнэ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

4.2.Зохигчид зээлийн гэрээг нэг жилийн хугацаагаар, сарын 3 хувийн хүүтэйгээр байгуулсан, үүнээс хойш гэрээний хугацааг сунгасан баримтгүй тул хариуцагч  үндсэн зээл 110.000.000 төгрөг, хүү 39.600.000  төгрөг, нийтдээ 149.600.000 төгрөг төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хүү тооцох үндэсгүй.

Нэхэмжлэгч зээлийн хүүнд тооцоо нийлэх акт үйлдэх хүртэлх хугацаанд 44.232.000 төгрөг хүлээн авсан, бартер хэлбэрээр 1.966.000 төгрөгийн чулуун тавцанг хүүнд тооцон авсан гэж шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч тайлбарласан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 37 удаагийн гүйлгээний тавин хувь болох 14.875.000 төгрөгийг хүлээн авсан гэж тус тус тайлбарласан. Хариуцагч 2011-2021 оны хооронд зээл, хүүнд нийт 227.629.200 төгрөгийг төлсөн тул зээлийг бүрэн төлж дуусгасан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 40 удаагийн гүйлгээгээр 33.500.000 төгрөг хариуцагч төлжээ.  /1хх 240-250, 2хх 1-28/ Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн нэгдүгээр хавтаст хэргийн 152-182 дах талд авагдсан төлбөр төлсөн баримтууд нэхэмжлэгчийн ирүүлсэн дансны хуулга дахь баримтуудтай давхацсан. Мөн хэргийн 139-148, 192-197 дахь талд авагдсан “ХААН банк” ХХК-иас баримтаар гаргуулсан дансны хуулга, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн 59-73 дах талд авагдсан төлбөр төлсөн баримтууд мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн баримттай давхцаж байна. Харин хэргийн 58 дах талд авагдсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 2.000.000 төгрөг гэсэн дүн бүхий баримт нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн дансны хуулгатай давхцаагүй, уг мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэдэгт хуралдааны явцад маргаагүй тул хариуцагчийн төлбөл зохих дүнгээс хасч тооцох нь зүйтэй. Энэ дүнг нэмбэл хариуцагч нийтдээ дансаар 35.500.000 /33.500.000+2.000.000/ төлжээ. Энэ төлсөн дүнгээс 14.875.000 төгрөгийг хариуцагчийн төлөх түрээсийн гэрээний төлбөрт хасч тооцож нэхэмжилсэн гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан тул үлдэх хэсгийг шүүх хариуцагчийн төлбөл зохих зээлийн үлдэгдлээс хасах нь зүйтэй. /35.500.000 - 14.875.000 = 20.625.000/

Дээрхийг нэгтгэвэл хариуцагч зээлд нийт 82.777.000 төгрөг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /149.600.000 –төлсөн 44.232.000 – бартер 1.966.000 -  дансаар 20.625.000/  

Хариуцагч зээлд нийтдээ 227.629.200 төгрөг төлсөн гэж тайлбарласан ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Хариуцагч талаас ирүүлсэн дэвтэр, гар бичмэл дэх тэмдэглэлд нэхэмжлэгчийн гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэгээ байхгүй, зөвхөн хариуцагч байгууллага дотооддоо хөтөлж байсан төлбөр тооцооны талаар тусгасан баримт байх тул шүүх баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж төлбөрөөс хасч тооцох боломжгүй гэж үзсэн болно.

5.Түрээсийн гэрээний тухайд: зохигчид гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй ч, хариуцагч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, дээрх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргав.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022037 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжид байрлах нийт 4.051 мкв талбай бүхий өөрийн өмчлөлийн хөрөнгөнөөс нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагчид 1.188 мкв талбай хэсгийг буюу хөрөнгийг бүхэлд нь бус хэсэгчилж тодорхой хэсгийг гэрээний дагуу эзэмшиж, ашиглуулахаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх” хуульд заасан шаардлага маргааны энэ тохиолдолд хамаарахгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй.

5.1.Түрээсийн гэрээний зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаагаар эзэмшиж, ашигласан үйл баримтад хариуцагч маргаагүй. Харин зөвхөн сүүлийн нэг сар буюу 2016 оны 6 дугаар сард түрээсийн зүйлийг ашиглаагүй, гэрээ цуцлах мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сард өгсөн байсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хаяж явсан тул энэ өдөр хүртэл төлбөрийг тооцсон, түүнчлэн гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй, албан бичгийг хүлээн аваагүй гэж тайлбарлав. Харин түрээсийн төлбөрийг амаар тохиролцож 2014 оны 9 дүгээр сараас нэг сард 6.000.000 төгрөг болгон бууруулсан, энэ дүнгээр тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй болно.

Талуудын хооронд тооцоо нийлсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн актад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 84.566.240 төгрөг гэж тусгагдснаас өөрөөр төлбөл зохих дүн, төлсөн дүн, түрээсийн хугацааны талаар дэмжих бичгийн баримт авагдаагүй, хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн тухай тайлбараа дэмжих баримтыг ирүүлээгүй тул шүүх хүлээн зөвшөөрч тооцоо нийлж байсан энэ дүнгээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцох нь зүйтэй. Энэ дүнгээс нэхэмжлэгч хариуцагчийн дансаар төлсөн 14.875.000 төгрөгийг хасч тооцсон гэж тайлбарласан, шүүх зээлийн гэрээний үүргийг тооцохдоо нэхэмжлэгчийн тооцсон аргын дагуу 14.875.000 төгрөгийг зээлээс хасч тооцоогүй тул хасч, хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 69.691.244 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний болон тогтоосон хугацааны турш гүйцэтгэх үүрэг”-ээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заажээ. Хариуцагч түрээсийн гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн журмаар шалгасан асуудал түрээсийн гэрээнд хамааралгүй, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр  тооцоо нийлсэн акт үйлдсэн, 2017 оны 12 дугаар сараас хойш сар бүр тодорхой хэмжээгээр хариуцагч өнөөг хүртэл төлбөр төлсөн баримтууд авагдсан, түүнчлэн нэхэмжлэгч анх цагдаагийн байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хандсан өргөдөлд “түрээс”-ийн талаар дурдсан, 2019 оны 8 дугаар сарын 27-нд прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж байсан зэргээс үзвэл Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас зээлийн болон түрээсийн гэрээний үүрэгт нийт 152.468.244 /82.777.000+69.691.244/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 263.148.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь, хэмжээгээр тооцон зохигчдод хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Э Э” ХХК-иас 152.468.244 /Нэг зуун тавин хоёр сая дөрвөн зуун жаран наяман мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  263.148.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.236.032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 920.291 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

                       

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/14475 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ