Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00863

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00863

 

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/00255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 415,616,244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Х ХХК 2007 оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хоёр компанийн удирдлагууд олон жил найз нөхдийн харилцаатай явсан, олон удаа мөнгө зээлж, эргүүлж төлдөг байсан. Э ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 110,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж 05 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг мөнгийг 2014 оны эхээр эхлээд 50,000,000 төгрөг зээлж, дараа нь 60,000,000 төгрөг нэмж авсан. Сүүлийн мөнгийг олгосон өдрөө нэгтгээд дээрх 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ мөнгийг хол зайтай биш, ойрхон хугацаанд өгсөн гэдгээ гэрч мэдүүлсэн. Хариуцагч зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-22020155108 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамжны 14-А тоот хаягт байрлах 138 м.кв граж, 166,75 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Х ХХК-ийн хашаан дотор байгаа ажлын байран дахь бүх тоног төхөөрөмжийг барьцаалсан боловч 2015 онд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал ...манай компани Хаан банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа тул танай байгууллагад барьцаалсан дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын гэрчилгээгээ аваад банканд барьцаалж, банкнаас зээл гарангуут танай мөнгийг бүрэн барагдуулъя... гэж хэлээд барьцаалуулсан зүйлээ чөлөөлүүлж авсан. Банкнаас зээлээ авсан хэрнээ нэхэмжлэгчид зээлийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлийн хүү нэг сарын 3,300,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш Э ХХК хүүгийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд эхний нэг жил илүү хүүнд 44,232,000 төгрөг төлсөн боловч 2015 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй. Үүнээс хойш төлөхгүй явсаар 2017 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн акт үйлдсэн. Нийтдээ зээл, зээлийн хүүг төлөөгүй 76 сар болж байна. Гэрээнд заасан нэг сарын хүү 3,300,000 төгрөгийг 76 сараар тооцоход хүү 250,800,000 төгрөг болно. Үүнээс Э ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 37 удаагийн үйлдлээр төлсөн мөнгөний тавин хувь болох 14,875,000 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцон үндсэн зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүүд 235,925,000 төгрөг, нийт 345,925,000 төгрөгийг шаардаж байна. Хэрэгт баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж тэмдэглэгдсэн тул эрхгүй этгээдээс зээл олгосон тухай тайлбар үндэслэлгүй.

Х ХХК болон Э ХХК нар 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 08 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1,188 м.кв талбайтай обьектыг нэг сарын 8,500,000 төгрөгөөр түрээсэлсэн. Гэрээг бичгээр сунгаагүй ч 2014 оны 9 дүгээр сараас түрээсийн төлбөрийг нэг сард 6,000,000 төгрөг болгон амаар тохиролцож бууруулсан. Гэрээгээр түрээслэгч Э ХХК түрээсийн талбайг ашигласан хугацааны дулаан, цахилгаан, халуун хүйтэн ус, ус халаасны болон бохир ус зайлуулсны хөлсийг сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч Э ХХК 2015 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг бүрэн төлөхөө больсон. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл нийт 84,566,244 төгрөгийг төлөөгүй.

Тооцоо нийлсэн актад энэ дүнг тусгаж баталгаажуулсан байгаа. Үүнээс хойш хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр төлсөн мөнгөний тавин хувь болох 14,875,000 төгрөгийг энэ тооцооноос хасч, үлдэх 69,691,244 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хөрөнгийн тодорхой хэсгийг түрээсэлсэн тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Мөн гэрээг бичгээр сунгаагүй ч амаар тохиролцон сарын түрээсийг бууруулж, 2016 оны 6 дугаар сар дуустал түрээсийн зүйлийг ашиглаж байгаад хүлээлгэж өгөлгүй хаяад явсан байдаг.

Хариуцагчийн 37 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгө гүйлгээний утга байгаагүй тул орж ирсэн мөнгийг 50 хувийг зээлд, 50 хувийг түрээсийн төлбөрт тооцож хасдаг байсан гэдэг. Талууд төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн цагдаад гомдол гаргасныг 2019 онд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Хариуцагчаас 2017 оноос хойш бэлнээр мөнгө хүлээн аваагүй, дандаа дансаар авсан. Бэлэн бусаар 1,966,000 төгрөгийн чулуун тавцан хийлгэсэн нь үнэн. Хэрэгт баримтаар ирүүлсэн дэвтрүүдэд гарын үсэг зурагдсан баримтгүйгээс гадна зарим тэмдэглэгээнд төлсөн гэж, зарим тэмдэглэгээнд төлөх гэж бичсэн, зөвхөн өөрсдийн дотооддоо хэрэглэж байсан тооцооны дэвтэр байна.

Иймд Э ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,825,000 төгрөг, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,691,244 төгрөг, нийт 415,616,244 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Х ХХК-ийн захирал болох Г.Ж-тай 1995 онд айл хөрш бууж, танилцаж, гэр бүлийн найзууд байсаар ирсэн. Мөн тэр үеэс эхлэн өндөр хүүтэй мөнгө зээлж авч, хугацаанд нь хүүгийн хамт буцаан төлдөг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад 2014 онд зээлсэн барьцаат зээлийн гэрээний төлбөр, түрээсийн гэрээний төлбөрүүдийг нэхэмжилсэн байна. Хариуцагч талаас дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь бид 110,000,000 төгрөг зээлсэн, бодит үйлдэл байхгүй, тодорхой хугацаанд бага хэмжээгээр мөнгө зээлж, түүнийгээ буцаан төлсөөр ирсэн. Зээлсэн мөнгийг Х ХХК-ийн дансанд хийх гэхээр байгууллагын дансаар авахаар татвар өндөр төлөх болно. Тиймээс манай ажилтанд бэлнээр өгчих гээд өгүүлдэг байсан.

2011 оноос хойш зээлж байсан мөнгөнүүдээ буцаан төлөлт хийдэг байсан. 50,000,000 төгрөгийн хүүнд сард 2,000,000 төгрөг төлдөг байсан. Дараа нь 10,000,000 төгрөг нэмж зээлээд хүүнд нэг сард 2,400,000 төгрөг төлдөг байсан. Сүүлд нэмж 50,000,000 төгрөг авахдаа өмнөх зээлээ нэмээд 110,000,000 төгрөг болгож 2014 онд гэрээг хийсэн. Гэрээ байгуулсан энэ өдөр бодитоор 110,000,000 төгрөг өгөөгүй гэдгээ гэрч мөн мэдүүлсэн. 2017 оноос өмнө мөнгийг бэлнээр төлж байсан. Хариуцагч сар бүр тогтмол мөнгө шилжүүлдэг байсан. Хариуцагчийн зүгээс нийтдээ 2011-2021 оны хооронд 227,629,200 төгрөгийг зээлд төлсөн. Зээлийн гэрээнээс давсан дүнг буцаан төлсөн тул бүрэн төлж дууссан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллага зээл олгох эрхтэй этгээд биш байна. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ломбард тул үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг хийсэн, уг гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Мөн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аваагүй эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх тул хэлцэл анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хууль зөрчсөн хэлцэл байна. Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ санхүүгийн баримт үйлдээгүй. Мөн үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тохиролцоогүй тул төлсөн мөнгийг хүүнд биш үндсэн зээлд тооцох ёстой.

Түрээсийн гэрээний тухайд манай чулуун тавцангийн үйлдвэрлэл ажиллаж эхлээд нилээдгүй нэр хүндтэй болж, ашиг орлого сайжирсны дараа Х ХХК 150 орчим сая төгрөгөөр сендвичээр барьсан өөрсдийн өмчлөлийн дотор тохижилт хийгдээгүй хоосон байр түрээсэлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар саналыг тавьсан. Мэдээж хэрэг бид бусдын өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа тул тухайн цаг хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн. Тус ажлын байрыг түрээсэлж байх үедээ олон удаа засвар хийж, тохижуулсан. Бид ашиглалтын зардлыг түрээсийн төлбөрт багтааж төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй. Мөн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болно. Түрээсийн зүйлийг 2016 оны 5 дугаар сард Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Түрээсийн гэрээний асуудлаар эрүүгийн журмаар шалгаагүй, энэ прокурорын тогтоолд тусгагдаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг байрыг хүлээлгэн өгсөн 2016 оны 5 дугаар сараас хойш тоолоход гурван жил дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-аас 152,468,244 /Нэг зуун тавин хоёр сая дөрвөн зуун жаран наяман мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 263,148,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,236,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 920,291 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/14475 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх талаас нь үнэлээгүй. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагчийн зүгээс дээрх мөнгөн дүнг төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй. Мөн шүүх барьцаат зээлийн гэрээтэй холбоотой дүгнэлт хийхдээ хүчин төгөлдөр барьцаат зээлийн гэрээ гэж дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дансны хуулгаар тухайн мөнгөн дүн давхцаагүй, мөнгө төлсөн гэдгийг баримтаар хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн.Хариуцагч Э ХХК нь Х ХХК-тай 2011 оноос бэлнээр мөнгө зээлж зээлийн харилцаатай ирсэн. 2011 онд 60,000,000 төгрөг зээлсэн. Мөн онд 41,284,000 төгрөг, 2012 онд 7,200,000 төгрөг тус тус төлсөн /дэвтэрт бичигдсэн/ 2013, 2014 онуудад мөнгө төлөөгүй. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэмж 50,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө төлсөн 48,484,000 төгрөгийг бүгдийг нь 60,000,000 төгрөгийн хүү байсан гэж тооцсон. Ингээд өмнө зээлсэн 60,000,000 нэмээд 50,000,000 төгрөг авснаар 110,000,000 төгрөг болсон. 2014 онд зээлийн гэрээ хийснээс 26,400,000 төгрөг, 2015 онд 17,349,000 төгрөг, 2016 онд 7,300,000 төгрөг, 2017 онд 5,000,000 төгрөг, 2018 онд 18,669,200 төгрөг, 2019 онд 7,500,000 төгрөг, 2020 онд 5,000,000 төгрөг, 2021 онд 5,000,000 төгрөг, нийт 92,218,200 төгрөг төлсөн. Мөн уг дэвтэрт бичигдээгүй бэлнээр Х ХХК-ийн ресторан дээр аваачиж өгсөн мөнгийг нэмж тооцоход 227,629,200 төгрөг болно. Зарим мөнгийг өөрийн үйл ажиллагаа явуулдаг байсан газарт бэлнээр авдаг байсан. Бид 2018 оноос хойш л нэхэмжлэгч хуулийн этгээдийн дансаар мөнгө шилжүүлдэг болсон. 2014 онд бичгээр байгуулсан барьцаат зээлийн гэрээ бол тухайн үед бэлнээр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй, өмнө зээлсэн мөнгийг бичгээр гэрээ байгуулж баримтжуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан ба 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахад 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу бид нийт 149,600,000 төгрөг төлөх байснаас 92,218,200 төгрөг төлсөн.

Дээрх гүйлгээнүүдийн зарим нь дансны хуулга болон дэвтрийн бичилтээр давхар нотлогдоно Бидний зээлийн харилцаанд бэлэн мөнгө зээлэх үед болон эргүүлэн төлөх үед ямар ч бичгээр үйлдсэн баримт байхгүй. Хариуцагч хуулийн этгээдийг зүгээс 2011 оноос хойш хөтөлдөг байсан зээл эргэн төлсөн талаар гар бичмэл бүхий 12 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар нь өгсөн, өөрт байгаа нотлох баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Дээрх баримтыг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрснөөр эсхүл дансны хуулганы давхцалаар давхар нотлогдоогүй гэдэг үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Нэхэмжлэгчийн дансны хуулгын талаар хариуцагчийн зүгээс 2018 оноос өмнө болон хойш хэд хэдэн удаа зарим тохиолдолд өдөр бүр нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал болон хамаарал бүхий этгээдийн дансанд мөнгө шилжүүлж байсан талаар гар бичмэл байдаг. Дээрх үйл баримтыг давхар нотлох зорилгоор нэхэмжлэгчийн дансны хуулгыг заасан хугацаагаар сараар авахыг хүсэхэд өөр бусад хувийн нууцтай холбоотой мэдээлэл гарна гэдэг үндэслэлээр бидэнд нотлох баримт гаргаж өгөөгүй. Ингэж гаргаж өгөөгүй үйлдэлээс болж бид татгалзлын үндэслэлийг нотолж чадахгүйд хүрсэн.

Гэрч Л.Г- ... 2017 онд тооцоо нийлсэн акт үйлдэх үед түрээслэхээ больсон байсан, үүнээс хойш түрээслээгүй гэж хэлсэн, хариуцагч тал ... түрээсийн төлбөрийг төлж дууссан, өөр төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй, 2016 оноос хойш дахиж түрээслээгүй, нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн бүх мөнгө барьцаат зээлийн гэрээний төлбөр гэх тайлбар,гэрч Л.Г-гийн мэдүүлгээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мөнгө төлсөн гэдэг хариуцагчийн өгсөн дэвтэрт дээрх хугацаанд 6,700,000 төгрөг төлсөн нь хасагдаж тооцсон эсэх нь тодорхойгүй байна

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 286 дугаар зүйлд Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэж заасан гэрээний үндэслэлээр шаардсан. Дээрх хуульд заагдсан гэрээний дагуу зээлдэгч нь хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулах эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь Барьцаат зээлийн гэрээ байх бөгөөд зээлдэгч тал нь зээлдүүлэгчид өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээг барьцаанд өгч байсан. Зээлдүүлэгч барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зохих төрийн байгууллагад бүртгүүлээгүй ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авч, үүргийг эс гүйцэтгэвэл тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байх хэлцэл хийсэн. Хэлцэл хийсэн уг үйлдвэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.8 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул тухайн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зохих төрийн байгууллагад бүртгүүлээгүй, мөн барьцаалах эрхгүй хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зэрэг гэрээний гол нөхцөл хүчин төгөлдөр бус байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бус шаардах эрхгүй гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Тооцооллын тухайд: Талуудын хооронд байгуулсан 110,000,000 төгрөг барьцаат зээлийн гэрээний эхний авсан 60,000,000 төгрөгт төлсөн төлбөрийг хасч тооцоогүй. Талуудын хооронд 2011 онд зээлдүүлсэн 60,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн дүнг хасч тооцоогүй.

Түрээсийн объектыг үл хөдлөх эд хөрөнгийг газар бүртгүүлэх байсан, хэсэгчлэн түрээсэлсэн ч бүртгүүлэх боломжтой байхаар хуульчилсан. Түрээсийн гэрээний төлбөрийг 2014 онд өөрчилж 1 сарын 6,000,000 төгрөг болгосон, гэрээг талууд 2016 онд цуцалсан. Хариуцагч түрээсийн төлбөрийг бүгдийг төлж төлбөр тооцооны асуудалгүй болсон. 2016 оноос хойш түрээслүүлэгч нар түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, төдийгүй түрээсийн байранд өөр түрээслэгч оруулсан нь түрээсийн гэрээг аль хэдийн цуцалсан харагдаж байна. Түрээсийн төлбөрийг хугацаа алдахгүй төлж байсан талаарх кассын 2 дэвтэр зэргээс харахад түрээсийн гэрээний харилцаа 2016 онд дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар түрээсийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түрээсийн гэрээний төлбөрийг шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс цагдаад гомдол гаргах үед түрээсийн төлбөрийг шаардсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тайлбарлах боловч 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1052 дугаартай прокурорын тогтоолоос түрээсийн төлбөрөөр хохирсон, залилуулсан гэх агуулга байдаггүй. Тооцооллын тухайд шүүх нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс 14,875,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй, дээрх мөнгөн дүн нь хариуцагч нэхэмжлэгчид төлсөн зээлийн гэрээний мөнгөн дүн болно. Түрээсийн гэрээний төлбөрийг бүгдийг төлж дууссан. Нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн дээрх мөнгөн дүнг хэдээс хэдэн оны мөнгөн дүн болохыг тодорхой заагаагүйгээс болж тооцоолол зөрсөн. Мөн нэхэмжлэгч санхүүгийн дэвтэртэй уг дэвтрийг шүүхэд өгч болно гэсэн боловч өгөөгүй.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 44 удаагийн үйлдлээр төлсөн мөнгийг бүгд төлсөн гэх агуулгатай тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. 2018 онд 18,500,000 төгрөг, 2019 онд 7,500,000 төгрөг, 2020 онд 5,000,000 төгрөг, 2021 онд 5,000,000 төгрөг зэрэг төлбөрүүдийг гүйлгээний утга хэсэгт Жн, Ж гэсэн агуулгатай байдаг. Манайх нэгэнт түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх ойлголт байхгүй. 2017 онд өөрсдөө тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан, эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй.

 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан

1.1. Зээлийн гэрээний үүрэгт 345,925,000 төгрөг,

1.1.а. Зээл 110,000,000 төгрөг,

1.1.б. Хүү 235,925,000 төгрөг, нийт 345,925,000 төгрөг,

1.2. Түрээсийн гэрээний үүрэгт 69,691,244 төгрөг, нийт 415,616,244 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1. Х ХХК, Э ХХК нар нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 110,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нэг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай эгүүлэн төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-22020155108 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэгт байрших 138 м.кв гарааш, 166,75 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ажлын байран дахь бүх тоног төхөөрөмж зэргээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцож 05 тоот барьцаат зээлийн нэртэй гэрээг байгуулжээ. /1хх9-10/

 

А.2. Зохигч 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлд байх Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд байрлах 1,188 м.кв талбайг үйлдвэрийн байр, оффисийн зориулалтаар 12 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч сард 8,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр 8 тоот түрээс нэртэй гэрээг байгуулжээ. /1хх6-7/

 

А.3. Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр тусгагдсан.

 

А.4. Гэрээний талууд барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлсөн үйл баримтад маргаангүй.

 

А.5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт тооцоо нийлэх акт үйлдэх хүртэлх хугацаанд 44,232,000 төгрөг хүлээн авсан, 1,966,000 төгрөгийн чулуун тавцанг хүүд тооцон авсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нийт 37 удаагийн гүйлгээний тавин хувь болох 14,875,000 төгрөгийг зээлийн үүрэгт тооцон хүлээн авсан гэж тус тус тайлбарласан.

 

А.6. Түрээсийн гэрээний зүйлийг хариуцагч 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаагаар эзэмшиж, ашигласан үйл баримтад талууд маргаагүй.

 

А.7. Харин түрээсийн төлбөрийг амаар тохиролцож 2014 оны 9 дүгээр сараас эхлэн сарын 6,000,000 төгрөг болгон бууруулсан, энэ дүнгээр тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

А.8. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 263,148,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт

1.1.а. Зээл 110,000,000

1.1.б. Хүү 235,925,000 төгрөг /3,300,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 76 сараар тооцоход 250,800,000 төгрөг төлсөн, хүүд төлсөн 14,875,000 төгрөгийг хасч тооцсон/ нийт 345,925,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх Зохигчид зээлийн гэрээг нэг жилийн хугацаагаар, сарын 3 хувийн хүүтэйгээр байгуулсан, үүнээс хойш гэрээний хугацааг сунгасан баримтгүй тул хариуцагч үндсэн зээл 110,000,000 төгрөг, хүү 39,600,000 төгрөг, нийтдээ 149,600,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 82,777,000 төгрөг төлөх үүрэг үлдсэн гэж дүгнэснийг хариуцагч эс зөвшөөрч нийт 149,600,000 төгрөг төлөх байснаас 92,218,200 төгрөг төлсөн нь дансны хуулга болон гар бичмэл бүхий 12 ширхэг тэмдэглэлийн дэвтрийн бичилтээр нотлогдсон гэж гомдол гаргажээ.

 

В.2. Нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 69,691,244 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүхээс Талуудын хооронд тооцоо нийлсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн актад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 84,566,240 төгрөг гэж тусгагдсанаас өөрөөр төлбөл зохих дүн, төлсөн дүн, түрээсийн хугацааны талаар дэмжих бичгийн баримт авагдаагүй. Хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн тухай тайлбараа дэмжих баримтыг ирүүлээгүй тул шүүх хүлээн зөвшөөрч тооцоо нийлж байсан энэ дүнгээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцох нь зүйтэй. Энэ дүнгээс нэхэмжлэгч хариуцагчийн дансаар төлсөн 14,875,000 төгрөгийг хасч тооцсон гэж тайлбарласан, шүүх зээлийн гэрээний үүргийг тооцохдоо нэхэмжлэгчийн тооцсон аргын дагуу 14,875,000 төгрөгийг зээлээс хасч тооцоогүй тул хасч, хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 69,691,244 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, түрээсийн төлбөрийг 2014 онд өөрчилж 1 сарын 6,000,000 төгрөг болгосон, гэрээг талууд 2016 онд цуцалсан. Хариуцагч түрээсийн төлбөрийг бүгдийг төлж төлбөр тооцооны асуудалгүй болсон гэж гомдол гаргажээ.

 

В.3. Анхан шатны шүүх талуудын хооронд ердийн зээлийн гэрээ байгуулагдсан байхад барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгох гэрээ байгуулагдсан гэж хуулийг буруу хэрэглэжээ. Талуудын зээлийн гэрээ барьцаагүй, энгийн бичгийн хэлбэртэй, хүү тохиролцсон зээлийн гэрээ байх бөгөөд агуулгын хувьд хууль зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх талуудын зээлийн гэрээний үүргийг зөв тооцоолж, зөв дүгнэсэн. Гэрээ хэдийгээр 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан байх боловч хариуцагч хүү төлөх зэргээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 92,218,200 төгрөг төлсөн нь дансны хуулга болон гар бичмэл бүхий 12 ширхэг тэмдэглэлийн дэвтрийн бичилтээр нотлогдоно гэж маргах боловч гар бичмэл дэвтэрт талуудын гарын үсэг зурагдаагүй тул уг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй байх шаардлагад нийцээгүй, тухайн зээлд төлбөр төлж байсан баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

В.4. Харин түрээсийн гэрээний хувьд гэрээний зүйлийг хариуцагч 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаагаар эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сараар дуусгавар болсон боловч төлбөр төлж байсан баримтуудаас үзэхэд түрээсийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэх боломжгүй.

 

Хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгох шүүхийн шийдвэрт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 71,441,244 төгрөг байгаа талаар нэхэмжлэгч тодорхойлсон. Дээрх 71,441,244 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 14,875,000 төгрөгийг хасч тооцоход 56,566,244 төгрөгийн түрээсийн гэрээний үүрэг үлдсэн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас нийт 139,343,244 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна. Мөн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт орох юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан төлбөрөө бүрэн төлсөн гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/00255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 286 дугаар зүйлийн 286.1 гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1 гэж, 152.468.244 /Нэг зуун тавин хоёр сая дөрвөн зуун жаран наяман мянга хоёр зуун дөчин дөрвөн/ гэснийг 139,343,244 гэж, 263.148.000 гэснийг 276,273,000 гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 920.291 гэснийг 854,666 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 930,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД