Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/00199

 

 

 

 

 

 

 

       2022         02        14

                                 181/ШШ2022/00199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Т Б Ф” ХХК-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “М Д” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын гэрээний үүрэгт 7.013.790 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:  

                                           

1.Нэхэмжлэгч нь “М Д” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 7.013.790 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Т Б Ф” ХХК нь “М Д” ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19/00252954 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан хамтран ажилласан. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд “Т Б Ф” ХХК-ийн Сүхбаатар дуурэг, 1 дүгээр хороо, Бизнес плаза төвд байрлах KFC Бизнес плаза салбарт 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цахилгааны хэлбэлзэл, богино холболт үүсч, халуун усны бойлуурын халаагч тень шатаж 2.100.000 төгрөг, салбарын гэрэлд 1.074.000 төгрөг, дулааны хөшиг, хөлдөөгчний удирдлагын самбар, түүнийг засварлах ажлын хөлсөнд 3.065.000 төгрөг, засварын ажил 2.420.000 төгрөг, нийт 8.659.000 төгрөгийн даатгалын тохиолдол үүссэн. Уг даатгалын тохиолдлын хүрээнд бид талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллага болох “А Э” ХХК-иар шалгуулан цахилгааны хэлбэлзэл, богино холболт нь салбарын гадна байрлах цахилгааны утсанд даралт өгсөн болохыг тогтоож холбогдох дүгнэлтийг гаргуулсан болно. Гэвч хариуцагч “М Д” ХК KFC Бизнес плаза салбарын гадна талд байрлах цахилгаан шугам нь стандартын дагуу хийгдээгүй буюу автомашины зогсоолын дор цахилгаан шугам тавих стандартыг зөрчсөн гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Түүнчлэн дээрх маргааныг шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 9/1249 дуга 49 дугаар шийдвэрээр “Т Б Ф" ХХК анх “М Ц У” ХХК-аар цахилгааны ажлыг хийлгэхдээ холбогдох ажлыг хэзээ гүйцэтгэсэн нь тодорхойгүй, KFC бизнес плаза салбар хэзээ байгуулагдсан болох нь тодорхойгүй гэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болно. Тодруулбал, “Т Б Ф” ХХК-ийн KFC бизнес плаза салбар анх 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нээгдсэн болохыг монгол улсаас гадна олон улсын мэдээлэлийн цахим сайтуудаар мэдэгдэж байсан бөгөөд салбарын гадна талбайг автомашины зогсоол хэлбэрээр нээгээгүй, цахилгаан шугамын ажлыг стандартын дагуу 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжлийн байгууллага “М Ц У” ХХК-аар хийлгэсэн  болохыг хариуцагч “М Д” ХК-д 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/99 тоот албан бичгээр мэдэгдсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч “М Д” ХХК-аас нийт 7.013.790 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн өдөр цахилгааны хэлбэлзэл үүссэн болохыг тогтоосон тул гэрээний . Үүний дагуу гэрээнд заасан хугацаандаа нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгсөн. Хариуцагч тал машин орох гарах хэсэг биш харин машин оруулахгүй гэж явган хүний замын дагуу тавьсан зам байдаг. Хариуцагчийн үндэслэл болгоод байгаа норм, дүрмийн “кабелийг заавал хоолойд сүвэгчлэх” заалт 220 кв-д тавигддаг стандарт тул манайд хамааралгүй, кабель 0,4 кВ болно гэв.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Эд хөрөнгийн даатгалын №19/00252954 тоот гэрээний даатгуулагч “Т Б Ф” ХХК-ийн KFC бизнес плаза салбарын барилгын гадна цахилгаан хангамжийн капельд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр богино залгаа үүссэний улмаас салбарын эд хөрөнгөнд хохирол учирч нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан. Даатгагчаас ирүүлсэн материалуудыг судлаад дараах нөхөн төлбөрийн татгалзах шийдвэрийг гаргасан. Барилгын цахилгаан хангамжийн кабель автомашин гарч орох зогсоолын гарцтай хөндлөн огтлолцсон тул газрын даралтын улмаас ашиглалтын явцад богино залгаа үүссэн болох нь мэргэжлийн байгууллага болох “А Э” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон буюу даатгуулагч цахилгааны кабелийн авто замтай огтлолцуулан угсрах үедээ цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн 2.3.44-д “кабель шугам нь автомашины зогсоол ба гараашд машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвэлж тавих ёстой гэж заасныг зөрчин зохих хамгаалалтыг хийлгүй угсарсаны улмаас кабель газрын даралт, хөрсний хөдөлгөөнийг даалгүй богино залгаа үүсэж хохирол гарсан нь баримтаар нотлогдсон. “М Д” ХК-ийн хувьд тухайн тохиолдлын хүсэлтийг шийдвэрлэхээр материал бүрдүүлэлт хийх үедээ кабель шугамын анхны зураг төсөл, ажлын гүйцэтгэлийн актыг бидэнд ирүүлэхийг бизнес плаза салбарын хариуцсан менежерээс удаа дараа хүссэн боловч “...манайд тийм баримт байхгүй юм байна...” гэж тайлбарлаад ирүүлээгүй учраас даатгуулагчаас ирүүлсэн бусад баримт, ажилтнуудын мэдүүлэг, ослын газар дээрх үзлэг, “А Э” ХХК-ийн эвдрэлийн шалтгааны акт зэргийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан. Мөн тус нөхөн төлбөрийн шийдвэрийн дараа 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр “Т Б Ф” ХХК-аас ирүүлсэн албан бичигт цахилгааны шугамыг хийлгэхэд ямар нэг байдлаар автомашин гарах, орох зориулалтаар хийгээгүй гэж байгаа боловч нотлох баримт болох “М Ц У” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн WAY21/19 тоот ажил гүйцэтгэх гэрээний гол хэсэг хавсралт №1, гүйцэтгэх ажлын зураг, хавсралт №2 техникийн нөхцөл зэргийг ирүүлээгүй нь анх кабель шугамыг тавих үед ямар зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжгүй, тухайн ажлыг Монгол улсын холбогдох дүрэм журмын дагуу хийгдсэнийг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Тодруулбал, 220К residence барилга нь “Т Б Ф” ХХК-ийн цахилгааны шугам татагдсанаас хойш зогсоолын гарах орох зам хийсэн эсэх эсвэл “Т Б Ф” ХХК тус барилгыг баригдаж байх явцад кабель шугамыг татсан нь тодорхойгүй, талууд холбогдох хуулийн хүрээнд хэрхэн тохиролцож ажилласан нь ойлгомжгүй байсан. Энэ мэтчилэн “Т Б Ф” ХХК даатгалын гэрээний 5.6, 6.1.2.а-д заасан даатгуулагчийн үүргээ удаа дараа зөрчиж даатгагчийг шаардлагатай мэдээллээр хангаагүй.

Нөгөө талаар хэрэв 220K residence “Т Б Ф” ХХК-ны цахилгааны шугамыг суурилуулсны дараа барилга болон зогсоолын орох гарах хэсгийг төлөвлөн хийсэн гэж үзвэл “Таван богд фүүдс” ХХК тухайн шугамын өмчлөгч, эзэмшигчийн хувьд Монгол Улсын Барилгын тухай хуулийн 46.1.4-т “барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, 46.1.9-т “барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих” үүргийнхээ дагуу тухайн байгууллагад албан ёсны шаардлага тавьж цахилгааны шугамын хамгаалалтыг доорх дүрэм журамд нийцүүлэн хийлгэх үүрэгтэй байсан. Үүнд, Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД-43-101-03-ийн 2.3.-д кабель шугам нь угсралтын ба ашиглалтын явцад механик аюултай хүчдэл ба гэмтэл авахаас сэргийлж дараах арга хэмжээг авбал зохино. Үүнд: хөрсний шилжилт ба кабель, түүний бүтээцийн температурын өөрчлөлтөөс гарах хэв гажилтаас үүсэх шилжилтийг хүрэлцээтэй нөхөхөөр бодолцон уртынх нь дагуу нөөцтэй авах ёстой, 2.3.44.-т кабель, шугам автомашины зогсоол ба гараашд машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвэлж байршуулах ёстой гэх заалтуудыг зөрчин механик гэмтлээс сэргийлж хамгаалалт хийлгээгүй нь хохирол гарах шууд шалтгаан болсон. Иймд эд хөрөнгийн даатгалын гэрээний 4.1.5-т даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэл исэлдэл зэрэг даатгалын зүйлийн шинж чанараас шалтгаалан эсхүл урьдчилан тооцоолох, харах боломжтой зайлшгүй үүсэх шалтгааны улмаас учирсан хохирол, 11.10-т “аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол” гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын гадна цахилгааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, уг ажлын төсөв,  “М Ц У” ХХК-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн албан тоот, “М Д” ХК-д хандсан 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн албан тоот, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгийн даатгалын гэрээ зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Эд хөрөнгийн даатгалын гэрээ, Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрмийн холбогдох хэсэг, даатгалын нөхөн төлбөрийн нийцэл шалгах хуудас зэргийг ирүүлжээ.

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/14481 тоот шүүгчийн захирамжаар нөхөн төлбөр хүссэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны албан тоот, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн кабель шугамын угсралтын ажлын акт, фото зураг,  2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гадна цахилгааны ажлын төсвийн тооцоо,  цахилгаанчин М.О-ын гараар бичсэн дүгнэлт, “С И” ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэх хуулбар хувиар, “А Э” ХХК-тай хийсэн гэрээ, түүний хавсралт, нэхэмжлэхийг хуулбар хувиар, Засварын ажлын тайлан, нэхэмжлэх зэргийг баримтаар бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Т Б Ф” ХХК-иас “М Д” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 7.013.790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгч даатгалын тохиолдол үүссэн, гэрээнд заасан эрсдэлд хамаарна, норм дүрмийн заалт нэхэмжлэгчийн кабельд тавигдах шаардлага биш, норм дүрэм хамааралгүй гэж тайлбарлав.

Хариуцагч “А Э” ХХК-ийн дүгнэлтээр шалтгааныг тогтоохдоо тухайн кабел “машины орох гарах гарц хэсэг”-т хамаарч байгааг дурдсан тул анхнаасаа нэхэмжлэгч норм, дүрмийн 2.3.44-т заасныг зөрчсөн, гэрээний тусгай нөхцлийн 11.10, заасан “аюулгүй ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлд,  ерөнхий нөхцлийн 4.1.5-д  заасан “ердийн элэгдэл хорогдол, зэврэлт, исэлдэл зэргээр урьдчилан тооцоолох, зайлшгүй үүсэх шалтгаан” тул нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарна гэж маргав.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 2.1.“Т Б Ф” ХХК болон “М Д” ХК нар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар даатгуулагчийн өмчлөл, эзэмшлийн нийт 37.297.661.530 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг байгалийн, цахилгааны, ус чийгний, ахуйн эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 39.535.521 төгрөг төлөхөөр тохиролцож 19/00252594 тоот “эд хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулжээ. /хх 17-24, 33-40/

Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2.2.2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр даатгуулагчийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах KFC Бизнес плаза салбарт цахилгааны гэмтэл гарсны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан, “А Э” ХХК-иас хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын актад гэмтлийн шалтгааныг “богино залгаа үүссэн” гэж дүгнэсэн үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 57, 58/

2.3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нөхөн төлбөр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус хүссэн, хариуцагч олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, улмаар тус байгууллагаас 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 9/1249 албан бичгээр “нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй” гэж хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 14-16, 56/

3.Хэрэгт баримтаар авагдсан “А Э” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын актад кабель гэмтсэн шалтгаан нөхцлийг тогтоохдоо “тухайн кабел шугамын трассаар авто машины орох, гарах гарц огтлолцсон тул газрын даралт үүсч ашиглалтын явцад газрын хөрсний шилжилтийн улмаас богино залгаа үүсч гэмтсэн” гэж дурджээ. Хариуцагч энэ дүгнэлтэд тухайн кабел “авто машины орох, гарах гарц огтлолцсон” гэдгийг тогтоосон тул Монгол Улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД43-101-03 стандартын 2.3.44-т заасан “кабел шугам нь автомашины зогсоол ба гараашд машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвэгчилж тавих ёстой” гэснийг зөрчсөн, улмаар нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарна гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тухайн кабель 0,4 кв тул дээрх норм, дүрэм маргааны энэ тохиолдолд хамаарахгүй, түүнчлэн машины орц, гарц хэсэг биш гэж тайлбарласан. /хх 73-75/

Талуудын хоорондох даатгалын гэрээний тусгай нөхцлийн 11-д даатгалын тохиолдолд хамаарахгүй нөхцлүүдийг нэрлэн зааснаас 11.10-д “даатгалын зүйлийн зориулалт, аюулгүй ажиллагааны  шаардлага зөрчснөөс үүдэлтэй хохирол” гэж заажээ.

Нэхэмжлэгч автомашины орц, гарц хэсэг биш, тухайн хэсгээр тээврийн хэрэгсэл орж гардаггүй гэж тайлбарлах боловч дээрх тайлбараа дэмжих баримт ирүүлээгүйгээс гадна “А Э” ХХК-ийн тухайн  кабелийг засварлахад авсан ажлын фото зурагт машины орох гарахад хэрэглэгддэг хаалтны зураг тусгагдсан байх тул энэ тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /хх 58, 62/

Харин талуудын үндэслэл болгосон “А Э” ХХК-ийн актад тухайн кабель барилгын норм, дүрэм зөрчсөн байсан эсэх талаар огт дурдаагүй тул анхнаасаа кабелийг барилгын норм, дүрмийн дагуу тавиагүй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн тухай хариуцагчийн тайлбар баримтгүй, тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд маргааны энэ тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах гэрээний 11.10-д заасан нөхцөл хангагдаагүй байна.

4.Түүнчлэн хариуцагч гэрээний 4.1.5-д “ердийн элэгдэл хорогдол, урьдчилан тооцоолох боломжтой зайлшгүй шалтгааны улмаас үүссэн хохирол” гэж хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан нэг үндэслэл хэмээн тайлбарласан.

Талуудын хоорондох гэрээний 4.1-д даатгалд хамаарахгүй нөхцлүүдийг заахдаа 4.1.5-д “даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэлт, исэлдэл зэрэг даатгалын зүйлийн шинж чанараас шалтгаалан эсхүл урьдчилан тооцоолох, харах боломжтой зайлшгүй үүсэх шалтгааны улмаас хохирол учирсан” бол олгохгүй байхаар тохиролцжээ. Мөн гэрээний 3.4-т цахилгааны эрсдэлд “цахилгааны өндөр хүчдэл, хэвийн биш эсхүл хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгааны шитний гэмтэл, гал хамгаалагч, хуваарилагч, тусгаарлагчийн гэмтэл эсхүл доголдол, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс үүдэлтэй эрсдэл” хамаарна гэж заажээ.  Маргааны энэ тохиолдолд кабел шугам ил биш харин газар доогуур явсан хэсэгт гэмтсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул  ердийн элэгдэл хорогдлын улмаас үүдэлтэй нэхэмжлэгч байгууллага урьдчилан харах боломжтой, зайлшгүй үүсэх шалтгааны улмаас гэмтсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд гэрээний 4.1.5-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг дэмжих өөр бичгийн баримт авагдаагүй тул шүүх хамаарахгүй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч хохиролд: бойлер халаагч тень шатсан 2.100.000 төгрөг, салбарын гэрэл шатсан 1.074.000 төгрөг, дулааны хөшиг, хөлдөөгчний удирдлагын самбар, түүнийг засварласан ажлын хөлс 3.065.000 төгрөг, “Асралт мед” ХХК-ийн засварын ажлын хөлс 2.420.000 төгрөг нийт 8.659.000 төгрөгний хохирол учирснаас гэрээний дагуу өөрийн хариуцах хэсэг 10 хувь болох 865.900 төгрөг, татвар 779.310 төгрөгийг хасч үлдэх 7.013.790 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талуудын хоорондох гэрээний 5.2.5-д “даатгалын зүйлийг сэргээн засварлах зардал даатгалын зүйлийн орлуулах боломжит үнийн дүнгийн болон өртөг үнийн 90 хувиас бага бол нөхөн сэргээх, засварлах зардлыг даатгагчид нөхөн төлөх”-өөр,  гэрээний тусгай нөхцлийн 7-д “даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг хохирлын 10 хувь” гэж тохиролцжээ. 

Хэрэгт баримтаар “А Э” ХХК-ийн засварын зардлын тооцоо 2.420.825 төгрөг гэсэн баримт авагдсан, мөн тус компанийн хийсэн ажлын акт авагдсан тул шүүх энэ зардлыг гаргуулах нь зүйтэй. /хх 57-62, 63/ Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.100.000 төгрөгөөр бойлер, тень худалдан авсан нэхэмжлэх авагдсан, нэхэмжлэгч байгууллагын цахилгаанчин гэх н.О-ын 2020 оны 9 дүгээр сарын 26-нд цахилгааны улмаас шатсан зүйлийн жагсаалтад “бойлуур, тень”  гэж тусгагдсан байх тул энэ зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хх 64, 72/

Хэрэгт баримтаар авагдсан гэрэл худалдан авсан гэх 1.074.000 төгрөгийн нэхэмжлэх гэсэн баримтад хүлээн авагч байгууллага тусгагдаагүй тул шүүх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас энэ хэрэгт шууд хамааралтай, даатгалын тохиолдлын улмаас учирсан шууд хохиролд хамаарах баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ. /хх 71/

Мөн “С И” ХХК-ийн гэмтэл тодорхойлсон үзлэг оношилгоо хийсэн акт, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул үнэлэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. /хх 65-69 / Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/14481 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчаас хохирлын талаарх дээрх баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан. Тухайн өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “зарим эх баримтыг даатгалд эх хувиар өгсөн” талаар дурдсан, хариуцагчийн зүгээс “зарим баримт анхнаасаа хуулбараар манайд ирсэн” гэж тайлбарлаж байснаас гадна уг баримтууд хэрэгт авагдснаас хойш нэхэмжлэгч баримтыг хуульд заасан шаардлага хангуулах, нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх бүрэн боломжтой атал ирүүлээгүй болно. Үүнээс гадна тухайн баримтуудыг анхнаасаа нэхэмжлэгч өөрөө бүрдүүлж хариуцагч байгууллагад хүргүүлж байсан тул дахин өөрөө олж авах, гаргаж өгөх, цуглуулах боломжтой баримт гэж үзнэ. /хх 50-52, 53-54/

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 3.661.868 төгрөг /2.420.825  +2.100.000 төгрөг = 4.520.825 - өөрийн хариуцах хэсэг 10% = 4.068.742 төгрөг - татвар 406.874 төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “М Д” ХК-иас 3.661.868 /гурван сая зургаан зуун жаран нэгэн мянга найман зуун жаран найман/ төгрөг гаргуулж “Т Б Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.351.922 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ