Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00844

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00844

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00199 дугаар шийдвэртэй

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 7,013,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Халиун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Т ХХК нь М ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19/00252954 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан хамтран ажилласан. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бизнес плаза төвд байрлах KFC Бизнес плаза салбарт 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цахилгааны хэлбэлзэл, богино холболт үүсч, халуун усны бойлуурын халаагч тень шатаж 2,100,000 төгрөг, салбарын гэрэлд 1,074,000 төгрөг, дулааны хөшиг, хөлдөөгчний удирдлагын самбар, түүнийг засварлах ажлын хөлсөнд 3,065,000 төгрөг, засварын ажил 2,420,000 төгрөг, нийт 8,659,000 төгрөгийн даатгалын тохиолдол үүссэн. Уг даатгалын тохиолдлын хүрээнд бид талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох Ө ХХК-аар шалгуулан цахилгааны хэлбэлзэл, богино холболт нь салбарын гадна байрлах цахилгааны утсанд даралт өгсөн болохыг тогтоож холбогдох дүгнэлтийг гаргуулсан. Гэвч хариуцагч М ХК KFC Бизнес плаза салбарын гадна талд байрлах цахилгаан шугам нь стандартын дагуу хийгдээгүй буюу автомашины зогсоолын дор цахилгаан шугам тавих стандартыг зөрчсөн гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Түүнчлэн дээрх маргааныг шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 9/1249 дуга 49 дугаар шийдвэрээр Т ХХК анх Монцахилгаан угсралт ХХК-аар цахилгааны ажлыг хийлгэхдээ холбогдох ажлыг хэзээ гүйцэтгэсэн нь тодорхойгүй, KFC бизнес плаза салбар хэзээ байгуулагдсан болох нь тодорхойгүй гэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болно. Т ХХК-ийн KFC бизнес плаза салбар анх 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нээгдсэн болохыг Монгол Улсаас гадна Олон Улсын мэдээллийн цахим сайтуудаар мэдэгдэж байсан. Салбарын гадна талбайг автомашины зогсоол хэлбэрээр нээгээгүй, цахилгаан шугамын ажлыг стандартын дагуу 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжлийн байгууллага Монцахилгаан угсралт ХХК-аар хийлгэсэн болохыг хариуцагч М ХК-д 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/99 тоот албан бичгээр мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Тухайн өдөр цахилгааны хэлбэлзэл үүссэн болохыг тогтоосон тул гэрээнд заасан хугацаандаа нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгсөн. Хариуцагч тал машин орох гарах хэсэг биш харин машин оруулахгүй гэж явган хүний замын дагуу тавьсан зам байдаг. Хариуцагчийн үндэслэл болгоод байгаа норм, дүрмийн кабелийг заавал хоолойд сүвэгчлэх заалт 220 кв-д тавигддаг стандарт тул манайд хамааралгүй, кабель 0,4 кВ болно. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХК-аас нийт 7,013,790 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Эд хөрөнгийн даатгалын №19/00252954 тоот гэрээний даатгуулагч Т ХХК-ийн KFC бизнес плаза салбарын барилгын гадна цахилгаан хангамжийн кабельд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр богино залгаа үүссэний улмаас салбарын эд хөрөнгөнд хохирол учирч нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан. Даатгагчаас ирүүлсэн материалуудыг судлаад дараах нөхөн төлбөрийн татгалзах шийдвэрийг гаргасан. Барилгын цахилгаан хангамжийн кабель автомашин гарч орох зогсоолын гарцтай хөндлөн огтлолцсон тул газрын даралтын улмаас ашиглалтын явцад богино залгаа үүссэн болох нь мэргэжлийн байгууллага болох Ө ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. Даатгуулагч цахилгааны кабелийн авто замтай огтлолцуулан угсрах үедээ цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн 2.3.44-д кабель шугам нь автомашины зогсоол ба гараашид машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвлэж тавих ёстой гэж заасныг зөрчин зохих хамгаалалтыг хийлгүй угсарсны улмаас кабель газрын даралт, хөрсний хөдөлгөөнийг даалгүй богино залгаа үүсэж хохирол гарсан нь баримтаар нотлогдсон. М ХК нь даатгуулагчаас ирүүлсэн бусад баримт, ажилтнуудын мэдүүлэг, ослын газар дээрх үзлэг, Ө ХХК-ийн эвдрэлийн шалтгааны акт зэргийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан. Мөн тус нөхөн төлбөрийн шийдвэрийн дараа 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-аас ирүүлсэн албан бичигт цахилгааны шугамыг хийлгэхэд ямар нэг байдлаар автомашин гарах, орох зориулалтаар хийгээгүй гэж байгаа боловч нотлох баримт болох Монцахилгаан угсралт ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн WAY21/19 тоот ажил гүйцэтгэх гэрээний гол хэсэг хавсралт №1, гүйцэтгэх ажлын зураг, хавсралт №2 техникийн нөхцөл зэргийг ирүүлээгүй нь анх кабель шугамыг тавих үед ямар зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжгүй, тухайн ажлыг Монгол улсын холбогдох дүрэм журмын дагуу хийгдсэнийг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Тодруулбал, 220К residence барилга нь Т ХХК-ийн цахилгааны шугам татагдсанаас хойш зогсоолын гарах орох зам хийсэн эсэх эсвэл Т ХХК тус барилгыг баригдаж байх явцад кабель шугамыг татсан нь тодорхойгүй, талууд холбогдох хуулийн хүрээнд хэрхэн тохиролцож ажилласан нь ойлгомжгүй байсан. Энэ мэтчилэн Т ХХК даатгалын гэрээний 5.6, 6.1.2.а-д заасан даатгуулагчийн үүргээ удаа дараа зөрчиж даатгагчийг шаардлагатай мэдээллээр хангаагүй. Нөгөө талаар хэрэв 220K residence Т ХХК-ны цахилгааны шугамыг суурилуулсны дараа барилга болон зогсоолын орох гарах хэсгийг төлөвлөн хийсэн гэж үзвэл Т ХХК тухайн шугамын өмчлөгч, эзэмшигчийн хувьд Барилгын тухай хуулийн 46.1.4-т барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, 46.1.9-т барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүргийнхээ дагуу тухайн байгууллагад албан ёсны шаардлага тавьж цахилгааны шугамын хамгаалалтыг доорх дүрэм журамд нийцүүлэн хийлгэх үүрэгтэй байсан. Үүнд, Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД-43-101-03-ийн 2.3.-д кабель шугам нь угсралтын ба ашиглалтын явцад механик аюултай хүчдэл ба гэмтэл авахаас сэргийлж дараах арга хэмжээг авбал зохино. Иймд эд хөрөнгийн даатгалын гэрээний 4.1.5-т даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэл исэлдэл зэрэг даатгалын зүйлийн шинж чанараас шалтгаалан эсхүл урьдчилан тооцоолох, харах боломжтой зайлшгүй үүсэх шалтгааны улмаас учирсан хохирол, 11.10-т аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан М ХК-иас 3,661,868 /гурван сая зургаан зуун жаран нэгэн мянга найман зуун жаран найман/ төгрөг гаргуулж Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,351,922 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй. Ө ХХК нь кабель шугамын угсралт засварын ажил гүйцэтгэдэг байгууллага бөгөөд тухайн ажлын актад тухайн осол болсон шалтгааныг дурдсан байдаг. Ө ХХК нь тухайн актад ослын шалтгааны талаар дурдсан бөгөөд даатгагчийн зүгээс тухайн тохиолдлын шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд Монгол улсын барилгын норм ба дүрэм-ийн Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03- ийн 2.3.44-д Кабель шугам нь автомашины зогсоол ба гараашид машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвлэж тавих ёстой гэж заасныг зөрчин зохих хамгаалалтыг хийлгүй угсарсны улмаас кабель газрын даралт, хөрсний хөдөлгөөнийг даалгүй богино залгаа үүсэж хохирол гарсан нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлж тодорхойлохын тулд даатгагчийн зүгээс анх кабель суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн Монцахилгаан угсралт ХХК болон Таван богд фүүдс ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны ,4 дүгээр сарын 18-ны өдрийн №АҮ-21/19 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний гол хэсэг болох хавсралт №1 Гүйцэтгэх ажлын зураг, Хавсралт №2 Техникийн нөхцөл зэргийг даатгуулагчаас гаргуулахыг хүссэн. Гэвч даатгуулагчийн зүгээс уг баримтуудыг ирүүлээгүй нь анх кабель шугамыг тавих үед ямар зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжгүй, тухайн ажлыг Монгол Улсын холбогдох дүрэм журмын дагуу хийгдсэнийг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллага Монгол улсын барилгын норм ба дүрэм-ийн Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрмийн Кабель шугам нь автомашины зогсоол ба гараашид машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвлэж тавих ёстой гэсэн стандартыг зөрчсөний улмаас тухайн осол болсон үндсэн шалтгааныг дүгнэж үзээгүйд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан №19/00252594 тоот Эд хөрөнгийн даатгал-ын гэрээний тусгай хамрагдахгүй нөхцөлийн 11.10 дахь хэсэгт Даатгалын зүйлийн зориулалт, аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол гэх заалтын дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах хороо даатгагчийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэх шийдвэрийг гаргасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан №19/00252594 тоот Эд хөрөнгийн даатгал-ын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 3,661,868 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдоржийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Хариуцагч талаас эрсдэл гарсан газар нь барилгын стандарт, нормыг зөрчсөн, автомашины орж, гарах гарц хэсэгт кабелийн шугамыг буруу байршуулсан гэж маргадаг. Тухайн газар нь автомашин орох гарах хэсэг биш, автомашин оруулахыг хориглож хаалт хийсэн, явган зорчигч зорчих хэсэг байдаг. Мон цахилгаан угсралт ХХК-аас гүйцэтгэсэн ажлын зургийг гаргуулж, эрсдэл гарсан газар нь автомашины зорчих хэсэг биш гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Холбогдох норм, дүрмийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 7,013,790 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, байгалийн эрсдэл, бүх төрлийн галын болон тэсэрч, дэлбэрэлтийн эрсдэл, ус чийгний эрсдэл, цахилгааны эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэлтэй эрсдэл, ахуйн эрсдэл, суурин бус тоног төхөөрөмжид учрах эрсдэл зэргийг даатгалын гэрээгээр хамгаалахаар харилцан тохиролцсон байна. /хх.18-24/

4. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ...Т ХХК-ийн Сүхбаатар дуурэг, 1 дүгээр хороо, Бизнес плаза төвд байрлах KFC Бизнес плаза салбарт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цахилгааны гэмтэл гарч даатгуулагчид хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бизнес плаза төвд байрлах KFC Бизнес плаза салбарт 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цахилгааны хэлбэлзэл, богино холболт үүссэнээс 8,659,000 төгрөгийн хохирол гарсан гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...даатгуулагч цахилгааны кабелийн авто замтай огтлолцуулан угсрах үедээ кабель шугам нь автомашины зогсоол ба гараашид машин орох, гарах хэсэгт таарвал кабелийг заавал хоолойд сүвэлж тавих ёстой гэж заасныг зөрчин зохих хамгаалалтыг хийлгүй угсарсаны улмаас кабель газрын даралт, хөрсний хөдөлгөөнийг даалгүй богино залгаа үүсэж хохирол гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

7. Ө ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Кабель шугамын угсралтын ажлын акт-аар тухайн кабель шугамын трассаар авто машины орох гарах гарц огтлолтцсон тул газрын даралт үүсэж ашиглалтын явцад газрын хөрсний шилжилтийн улмаас 1 фазын богино залгаа үүсэж гэмтсэн гэж дүгнэсэн, материалын зардал 815,750 төгрөг, ажлын хөлс 1,020,000 төгрөг, ажлын зардал 100,000 төгрөг, хэмжилт туршилтын зардал 265,000 төгрөг, НӨАТ 220,075 төгрөг нийт 2,420,825 төгрөг гэж дүгнэсэн байна. /хх.57, 58/

8. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 9/1249 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. /хх.14/

9. Анхан шатны шүүх кабел шугам ил биш харин газар доогуур явсан хэсэгт гэмтсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул ердийн элэгдэл хорогдлын улмаас үүдэлтэй, нэхэмжлэгч байгууллага урьдчилан харах боломжтой, зайлшгүй үүсэх шалтгааны улмаас гэмтсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

10. Иймд анхан шатны шүүх хариуцагч М ХК-аас 3,661,868 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд байгуулагдсан №19/00252594 тоот Эд хөрөнгийн даатгал-ын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 3,661,868 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас төлсөн 73,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО