Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2439

 

 

 Т.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М ТӨХК-д холбогдох

 

МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т нь МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14/15 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 дугаар тогтоолоор үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Т.Т-тай 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга 1/17 тоот контрактын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан. Гэвч Зам тээврийн хөгжлийн сайдаас Т.Т-ыг удаа дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шаардаж биечлэн уулзаж байсан тул тэрээр ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болж, арга буюу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө удирдах албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцооноос хамаарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарт гаргасан. Т.Т-ын контрактын гэрээний хугацаа дуусгавар болоогүй, тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дараагийн хүнийг томилох асуудлыг ярьж, шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Т.Т-ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж маргадаг боловч нэхэмжлэгч талаас шахалт үзүүлсний улмаас өргөдөл гаргах болсон гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх заалтыг баримтлаагүй хэдий ч агуулгын хувьд Т.Т-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.  Т.Т гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй, контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Иймд МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх” тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон компанийн ТУЗ-ийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр салбарын яамны сайдтай хамтран ажиллах боломжгүй тул тодорхой болзол хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж, өргөдлөө гаргасан. Ажил олгогчоос түүний хүсэлтийг хүлээн авч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 тоот “Удирдамж болгох тухай” тогтоол, мөн өдрийн 07 тоот хурлын тэмдэглэлээр “гүйцэтгэх захирал Т.Т нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг цуцлах, өргөдөлд дурдсан тэтгэмжийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх” гэсэн удирдамж чиглэлийг компанийн ТУЗ-д өгсөн. Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд Т.Т өөрөө оролцсон ба тодорхой болзолтойгоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс гүйцэтгэх захирал Т.Т-ыг ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн байдлаар шахаж шаардаагүй, дарамт шахалт үзүүлээгүй, түүнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд харин ч түүний өргөдөлд дурдсан нөхцөл болзлыг биелүүлж, холбогдох шийдвэрийг гаргаж ажилласан. Иймд Т.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Контрактын гэрээг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, 2018 оны 5 дугаар сарын  16-ны өдөр дуусгавар болох байсан учраас хугацаа дуусахаас өмнө санал солилцож, салбарын сайд дараагийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилуулан ажлуулахаа албан бичгээр илэрхийлсэн байна. Т.Т нь цаашид хамтран ажиллах боломжгүй байна гээд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өргөдлөө гаргасан. Яам нь ажил олгогч биш бөгөөд ажилд томилох, ажлаас чөлөөлөх процессын явцад санал солилцсон асуудал байгаа. ТУЗөвлөл Т.Т-т ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Т.Т өргөдөлдөө зөрүүтэй байр суурьтай байх тул цаашид хамтран ажиллах боломжгүй гээд санал тавьж эдгээр саналыг зөвшөөрсөн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гэж дурдсан. Улмаар Т.Т-ын асуудлаар ТУЗ хувьцаа эзэмшигчээс өгсөн чиглэлийн дагуу түүний гаргасан санал буюу 146.343.620 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Тиймээс Т.Т-ыг ажлаас чөлөөлсөн тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Т-ыг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан МИАТ ТӨХК-иас 53.134.844 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч МИАТ ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, МИАТ ТӨХК-иас 423.624 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Т-ын контрактын гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусч байсан ба гэрээг сунгах, эсхүл сунгахгүйгээр дуусгавар болгох эрх нь ТӨБЗГ-т /Хувьцаа эзэмшигч/ байсан. Анхан шатны шүүх Т.Т-ын гэрээний хугацаа дуусч байгаад дүгнэлт хийхгүйгээр шууд ажилд эгүүлэн томилсон нь Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг давхар зөрчсөн үйлдэл юм. ТӨБЗГ, ТУЗ түүний гаргасан хүсэлтийн дагуу хуралдаж, холбогдох шийдвэр гаргасан болохыг дурьдах нь зүйтэй. Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр Т.Т биечлэн оролцсон ба салбарын сайдтай зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа тул тохиролцоод өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, үндсэн гурван нөхцлийг биелүүлж өгөх талаар байр сууриа илэрхийлсэнээс бус ямар нэг дарамт, шахалт, хөндлөнгийн нөлөөлөл байгаа талаар огт дурьдаагүй. Т-т олгосон тэтгэмжийн хувьд нэгэнт нөхцөл зааж, өргөдөлдөө дурьдсан тул ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлээр хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх эрхийг ТУЗ-д өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсанчлан Хөдөлмөрийн хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд тэтгэмж олгох зохицуулалт байхгүй тул хурлаар хэлэлцэж, контрактын гэрээний 4.5 дахь хэсгийн дагуу түүнд 3 сарын тэтгэмжийг олгосон. ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоолд “...МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т-ыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлж..." гэж тодорхой заасан байхад зөвхөн Хөдөлмөрийн хуулийн заалтыг зааж бичээгүй гэж тогтоолыг хуульд нийцээгүй гэсэн нь явцуу дүгнэлт болсон гэж үзэж байна. Үүнээс гадна ТУЗ-ийн тогтоолд түүнтэй байгуулсан контрактын гэрээний тодорхой заалтуудад дүгнэлт хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч МИАТ ТӨХК-д холбогдуулан тус компанийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14/15 дугаар тогтоолоор Т.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон     ТУЗ-тэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай  хөлсөөр ажиллах гэрээ,  2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/17 дугаартай контрактын гэрээ тус тус байгуулан ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ТУЗ-ийн  03/18 дугаар тогтоолоор түүнийг ажлаас  чөлөөлсөн байна. Уг тогтоолд Т.Т-ыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, дуусгавар болгохдоо Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэг, ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоол, гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээний 5.2.7, 5.3.1, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ. /хх-ийн 7-27, 30//

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, нэхэмжлэгчийн албан тушаалыг шинж байдлыг харгалзан үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан контрактын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх тул  анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг талуудын хоорондын маргаанд хамааруулан хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч Т.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах журмыг зөрчөөгүй байна.

Талууд контрактын гэрээ байгуулагдсан үйл баримт болон шүүхэд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй, харин ажилтны санаачилгаар контрактыг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

Контрактыг цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт нарийвчлан заагдсанаас гадна хөдөлмөрийн гэрээг цуцлах бусад үндэслэл мөн адил хамаарна. Хөдөлмөрийн турхай хуулийн  зааснаар контрактын гэрээнд хөдөлмөрийн харилцаанд холбогдох заалтууд мөн хэрэглэгдэх боломжтой.     

 Хариуцагч ТУЗ-ийн 03/18 дугаар тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байхаас гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах” үндэслэлд нийцээгүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлөгхдөө өөрийнх нь чөлөөлөгдөх хүсэлт болон хувьцаа эзэмшигчийн  саналыг үндэслэж  байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дах хэсэгт заасан гэрээ цуцлах нөхцөл, хугацааг баримтлах учиртай. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Т.Т-ыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Зам тээврийн хөгжлийн сайдаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг удаа дараа шаардаж, биечлэн уулзаж байсан, Т.Т-ыг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад тус яамны сайдаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт албан бичиг хүргүүлсэн, Зам тээврийн хөгжлийн сайдаас  “news.mn”, “unuudur.mn” сайтад “... МИАТ  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг солих гэж байна, надад товлосон хүн бий, надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож, МИАТ-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна...” гэх зэргээр ярилцлага өгч байсан үйл баримт тогтоогджээ.     /хх-ийн ....73, 91-92/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр http://pcsp.gov.mn, http://zarig.mn, http://unuudur.mn зэрэг цахим сайтуудад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлд дээрх мэдээллүүд тусгагдсан байна. Түүнчлэн ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон компанийн ТУЗ-ийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр гаргасан өргөдөлдөө “...Зам тээврийн хөгжлийн сайдаас надад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай саналыг удаа дараа биечлэн тавьсанаас” шалтгаалж бичсэн болохоо мэдэгдсэнээс үзэхэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэл зоригоор бус, дарамт шахалтын үндсэн дээр бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. /хх-ийн 33, 91-92/

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, контрактыг цуцлах өргөдлөө ажил олгогчийн шахалт шаардлагын үндсэн дээр гаргасан нь тогтоогдсон, өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Иймд анхан шатны шүүх МИАТ ТӨХК нь Т.Т-ыг ажлаас буруу халсан гэж үзэж, Т.Т-ыг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болно. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасны  дагуу Т.Т-ын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 53.134.844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан маргааны талаар ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг гомдлоор  хянадаг ба ажил олгогч нь Т.Т-ын контрактын гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор шийдвэр гаргаагүй, шийдвэрийн хууль зүйн үндэслэл болгоогүй байхаас гадна ТӨБЗГ  2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоол гаргахдаа Т.Т-ын  өөрийн хүсэл зоригоор гаргаагүй гэж үзсэн дээр дурдсан өргөдөлд үндэслэсэн байх тул хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг давхар зөрчсөн  гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчаас  нэхэмжлэгчид олгосон 3 сарын тэтгэмж, урамшуулал нь энэ хэргийн маргааны зүйл болоогүй ба үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах, эсхүл харилцан тооцох эрх нь хариуцагчид нээлттэй тул энэ талаар гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 424 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                             Н.БАТЗОРИГ