Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/02379

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/02379

               Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

 

М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т нь М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14/15 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 тогтоолоор үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Т.Ттай 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 1/17 тоот контрактын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан. Гэвч Зам тээврийн хөгжлийн сайдаас Т.Тыг удаа дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шаардаж биечлэн уулзаж байсан тул тэрээр ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болж, арга буюу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө удирдах албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцооноос хамаарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарт гаргасан. Өөрөөр хэлбэл Т.Т үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргаагүй юм. Монгол Улсын иргэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгож хөдөлмөрлөх эрхтэй бөгөөд харин хэн нэгэн албан тушаалтны дарамт шахалтаар хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулсанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан салбарын сайдын сайтуудад өгсөн ярилцлага, нийтлэл болон сайдаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн албан бичгээс харахад Т.Тыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дараагийн томилогдох хүн нь тодорхой болсон, энэ хүн нь ч томилогдон одоо ажиллаж байна. Дээрх процесс нь он цаг дарааллын хувьд хуульд нийцсэн гэж үзэх үү. Хариуцагч, гуравдагч этгээдийн талаас салбарыг эзэнгүй орхиж болохгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Т.Тын контрактын гэрээний хугацаа дуусгавар болоогүй, тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дараагийн хүнийг томилох асуудлыг ярьж, шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолд Компанийн тухай хуулийн 76.1.8 дахь заалтыг баримталсан байх бөгөөд уг заалт нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор хуульчилсан байна. Гэхдээ энэ асуудлаа хэрэгжүүлэх эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа боловч хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлыг хүчин чадлын хувьд ч,  тухайн харилцааг зохицуулж байгаа харилцааны хувьд ч тэр хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэх, баримтлах ёстой байсан. Т.Тыг чөлөөлөхдөө өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсөн мэтээр тогтоол гарсан. Гэтэл Т.Т өөрийн хүсэл зоригийн дагуу уг өргөдлийг гаргаагүй талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг Т.Т 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт гаргасан. Уг өргөдөлдөө Зам тээвэр хөгжлийн сайд ажлаа өг гэж биечлэн уулзаж шаардлага тавиад байгаа учраас хүсэлтээ өгч байна гэсэн байгаа. Үүний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтыг “...хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдгийг хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ...” гэж тайлбарласан. Гэтэл Т.Тын ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нь ямар нэгэн байдлаар түүний өөрийн хүсэл зориг биш хэн нэгний дарамт шахалт, зүй бус нөлөөллийн улмаас гаргасан гэдэг нь тодорхой харагддаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Тыг ажлаас чөлөөлөх санаа зорилго нь Зам тээврийн сайд болон бусад удирдлагуудад байсан болох нь харагдана. Энэ нь салбарын сайдын сайтуудад өгсөн ярилцлагаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтыг үзлэг хийж баримтжуулсан. Сайд ярилцлагадаа “... Т.Тыг ажлаас чөлөөлнө, дараагийн хүн байгаа...” гэсэн бөгөөд үүнийг зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлд “...Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/973 тоот албан бичгийг хэлэлцсэн байдаг. Уг албан бичигт М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг томилуулах тухай байсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал Т.Тыг чөлөөлөх байсан атлаа дараагийн гүйцэтгэх захиралд томилогдох этгээд сонгох ажиллагаа явагдаж байсан болох нь үүгээр харагдана. Уг албан бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хурлаараа хэлэлцэж, Т.Тыг өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд дэмжинэ гэсэн утгатай хуралдааны тэмдэглэл гарсан. Гэтэл тухайн үед Т.Т өргөдлөө өгөөгүй байсан. Мөн Т.Тын контрактын гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар М ТӨХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан  зүйл байхгүй, харин ч хангалттай биелүүлсэн болох нь нотлогддог. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаар тогтоолоор батлагдсан журмаар контрактын гэрээгээр ажиллаж байгаа гүйцэтгэх захирал доголдол гаргасан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлж урамшуулал олгохгүй, харин сайн ажилласан тохиолдолд урамшуулал олгоно гэсэн байдаг. Энэ журмын 4.1, 4.4 дэх хэсэгт сайн гэж дүгнэгдсэн тохиолдолд цэвэр ашиг төлөвлөгөө биелүүлсэн, төрийн өмчийн ногдол ашгийг бүрэн төлөвлөсөн, өр төлбөргүй ажилласан захиралд урамшуулал олгоно гэж заасан. Хэрэгт авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар Т.Тыг ямар нэгэн байдлаар муу ажилласан гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд Т.Тт урамшуулал олгож байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Тиймээс контрактын гэрээ болон дээрх журамд заасны дагуу үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байсан. Мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/15 контрактын гэрээний 5.2.7, 5.3.1 дэх заалтыг ажлаас чөлөөлөх тогтоолд тус тус барьсан байна. Энэ хоёр заалтын нэг нь ажилтны санаачлагаар, нөгөө нь ажил олгогчийн санаачлагаар гэрээг дуусгавар болгох зохицуулалт байна. Т.Тыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж маргадаг боловч нэхэмжлэгч талаас шахалт үзүүлсний улмаас өргөдөл гаргах болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр 5.3.1-т ”...Төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчээс контрактын гэрээг цуцлах удирдамж чиглэл өгсөн..” бол гэсэн байна. Контрактын гэрээг цуцлая гэдэг шахалтыг хариуцагч талаас үзүүлсэн талаарх үйл баримт нь яг энэ ажлаас чөлөөлсөн тушаал дээр контрактын гэрээний 5.3.1 дэх заалтыг барьсан. Гэрээний 5.2.7-д “...контрактыг гүйцэтгэх захирлын буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлах...” гэж заасан, үүнийг бид ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалжээ гэж харж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт “...Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ хуулийн 37.1.6 дахь заалтыг иш татсанаас үзвэл 37.1.6 дахь заалт нь  “ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан” буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл нь өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан байна. Мөн хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3 дахь заалтууд нь бүгд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Тт тэтгэмж олгосон байдаг. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх заалтыг баримтлаагүй хэдий ч агуулгын хувьд Т.Тыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэтгэмж олгож байгаа нь ажилтанг ажлаас чөлөөлөхдөө цэвэр ажил олгогчийн санаачлага байсан гэдэг нь үүгээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ буюу контрактыг цуцалж байгаа бол тэтгэмж олгохоор хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлага гаргасан бол тэтгэмж олгох зохицуулалт байхгүй. Тэгэхээр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож байгаа ажил олгогчийн санаачлагаар дарамт, шахалтад орж өргөдлөө өгсөн болох нь харагдаж байна. Үндэсний аудитын газраас гаргаж өгсөн аудитын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тайлангаар Т.Т гүйцэтгэх захирлаар 2017 онд ажиллаж байхдаа санхүүгийн зөрчилгүй ажилласан гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр Т.Т гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй, контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн гэдэг нь нотлогдоно. Иймд М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх” тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр салбарын яамны сайдтай хамтран ажиллах боломжгүй тул тодорхой болзол хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж, өргөдлөө гаргасан. Ажил олгогчоос түүний хүсэлтийг хүлээн авч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 тоот “Удирдамж болгох тухай” тогтоол, мөн өдрийн 07 тоот хурлын тэмдэглэлээр “гүйцэтгэх захирал Т.Т нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг цуцлах, өргөдөлд дурдсан тэтгэмжийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх” гэсэн удирдамж чиглэлийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдамж, Т.Тын гаргасан хүсэлтийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. М ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг Төрийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт “...Төрийн өмчийн төлөөлөгч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно...” гэж заасан. М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Т.Тын гаргасан хүсэлт, хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, хурлын тэмдэглэлийн дагуу шийдвэр гаргасан. Т.Т ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн дүрэм, контрактын гэрээний 4.2, 4.5 дахь хэсэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам болон салбарын сайдын зүгээс удаа дараа тавьсан саналын дагуу холбогдох урамшуулал, тэтгэмжийг тус тус олгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй болно...” гэсэн. Эндээс үзвэл Зам, тээвэр хөгжлийн сайдтай санал солилцож, тодорхой нөхцөл болзолтой өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураар ажил олгогч буюу хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд Т.Т өөрөө оролцсон ба тодорхой болзолтойгоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлсэн. Компанийн засаглалын хувьд ч, хөдөлмөрийн харилцааны хувьд ч М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажил олгогч нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн дүрмийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөл юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс гүйцэтгэх захирал Т.Тыг ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн байдлаар шахаж шаардаагүй, дарамт шахалт үзүүлээгүй, түүнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд харин ч түүний өргөдөлд дурдсан нөхцөл болзлыг биелүүлж, холбогдох шийдвэрийг гаргаж ажилласан. Иймд Т.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг хөндөгдөнө гэдэг утгаараа энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Өөрөөр хэлбэл М компани нь 100 хувь төрийн өмчит компани. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.2.3-т “... ТӨХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар  тогтоож өгнө...” гэж заасан ба Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор М ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь Төрийн бодлого зохицуулалтын газар байна гэж заасан. Компанийн тухай хуулийн  62.1-т “... Компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурал байна...”, 75.1-т “... Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна...” гэж хуульчилсан. Т.Тыг М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлж, мөн контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан. Контрактын гэрээг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, 2018 оны 5 дугаар сарын  16-ны өдөр дуусгавар болох байсан. Тиймээс гүйцэтгэх захирал сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх ба хувьцаа эзэмшигчийн өгсөн чиглэлийн дагуу энэ процесс явагдана. Хувьцаа эзэмшигч энэ асуудлыг дангаараа шийдвэрлэхгүйгээр салбарын сайдтай зөвшилцсөний үндсэн дээр томилох чөлөөлөх эрхтэй, үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан.  Гэрээний хугацаа 5 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан учраас хугацаа дуусахаас өмнө санал солилцож, салбарын сайд дараагийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилуулан ажлуулахаа албан бичгээр илэрхийлсэн байна. Тэгэхээр гэрээ дуусгавар болохоос нэг сарын өмнө ярилцсан бөгөөд гэрээг сунгахгүй талаар хэлсэн байна. Салбарын сайдаас ирүүлсэн саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Д.Баттөрийг томилох саналыг зарчмын хувьд дэмжлээ, Т.Тын контрактын гэрээний хугацаа дууссан нөхцөлд эсвэл өөрөө өргөдөл гаргасан нөхцөлд чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Тэгэхээр Т.Т цаашид хамтран ажиллах боломжгүй байна гээд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өргөдлөө гаргасан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрөө санал тавьж энэ саналыг зөвшөөрсөн тохиолдолд чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй болно гэдгээ илэрхийлсэн. Контрактын гэрээ нь ажилтан болон ажил олгогчийн хооронд байгуулагддаг, Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлд ажил олгогчийг тодорхойлсон. Яам нь ажил олгогч биш бөгөөд ажилд томилох, ажлаас чөлөөлөх процессын явцад санал солилцсон асуудал байгаа. Гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан. Төлөөлөн удирдах зөвлөл Т.Тт ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Т.Т өргөдөлдөө зөрүүтэй байр суурьтай байх тул цаашид хамтран ажиллах боломжгүй гээд санал тавьж эдгээр саналыг зөвшөөрсөн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гэж дурдсан. Улмаар Т.Тын асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчээс өгсөн чиглэлийн дагуу түүний гаргасан санал буюу 146.343.620 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Т.Тын контрактын гэрээний хугацаа дуусмагц ажлаас чөлөөлж болох л байсан. Өөрийнх нь хүсэлтийг хүндэтгэн үзэж шийдвэрлэсэн байтал Үндэсний хэмжээний компаниас146.343.620 төгрөг авчихаад, шүүхдэж, би дарамт, шахалтад орсон гэж байгааг ойлгохгүй байна. Өргөдөлдөө дарамт, шахалтад орсон гэж илэрхийлээгүй бөгөөд үзэл бодлын зөрүүтэй байр суурьтай тул хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Т.Тын үзэл бодол, салбарын сайдын байр суурьтай зөрчилдөж байгаа гэдгээ л илэрхийлсэн байна. Тиймээс дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй бөгөөд өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч салбарын сайдын ярилцлагын талаар дурдаж байна. Одоогийн хэвлэл мэдээллийн салбар ямар байгаа билээ. Зөвхөн ганц үгэн дээр биш ярилцлагыг бүхэлд нь уншаад үзэхээр М ТӨХК-д гардаг зөрчил дутагдлыг дурдсан. Салбарын сайд нь цаашид гэрээгээ сунгахгүй талаар урьдчилан ярьсан асуудал байж болно. Үүнийг дарамт шахалт байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бодитой баримт байхгүй байна. Хугацаатай гэрээний хугацаа дуусахаас өмнө ажилтан өөрөө зохих нөхцөл тавьж хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаж, үүнийг ажил олгогч зохих журмын дагуу бүрэн шийдвэрлэсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Тухайн салбарыг эзэнгүй орхиж болохгүй бөгөөд чөлөөлчихөөд томилдог асуудал биш. Дараагийн томилох хүнийг санал болгосон, өөрөөр хэлбэл үндэсний хэмжээний агаарын тээврийн компани удирдлагатай байх хугацаанд дараагийн удирдлагыг хэрхэн сонгох асуудал яригдсан гэсэн үг. Чөлөөлсний дараа дараагийн хүнээ томилох байсан гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Хугацаатай контрактын гэрээ дуусгавар болсноор энэ процесс явагдах боломжтой. Гэхдээ сайд нь дараагийн томилогдох хүнийг дэмжсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар Т.Тын өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл байгаа. Тиймээс сайд зарчмын хувьд дараагийн томилогдох гүйцэтгэх захирлыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл Т.Тын хугацаатай гэрээний хугацаа дуусах гэж байсан бөгөөд ажилтан өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд гэрээг дуусгавар болгох эсвэл гэрээний хугацаа дуусмагц гэрээг дуусгавар болгох гэсэн шийдвэр гарсан бөгөөд нэг сарын өмнө Т.Ттай хамтран ажиллахгүй болохоо мэдэгдсэн хугацаа байсан байх. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бүх төрийн өмчит байгууллагын санхүүгийн тайланг хэлэлцсэний үндсэн дээр өнгөрсөн жилийнхээ тайланг хэлэлцэж, гэрээ сунгах асуудлыг шийдэх ба энэ асуудал нь ихэнхдээ 4,5 саруудад яригддаг. Учир нь тайлан гарахыг хүлээдэг. Төрийн өмчит байгууллагын захирлуудын гэрээ 4,5 саруудад сунгагдахаар байдаг бөгөөд сунгагдахаас өмнө салбар хүрээний сайд нар саналаа ирүүлж эхэлдэг. Энэ нь процесстой бөгөөд тодорхой хугацаатай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 7 хоногт 1 удаа, Төлөөлөн удирдах зөвлөл сард 1 удаа хуралддаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгч, улмаар хуралдаж,  гэрээ сунгах эсэхийг шийддэг процесстой. Сайн ажилласан ч, муу ажилласан ч хугацаатай гэрээ дуусгавар болоход аль нэг нь саналаа ирүүлсэн процесс болсон. Тиймээс Т.Тыг ажлаас чөлөөлсөн тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ  нь:

 

          Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Т.Т М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Т.Т нь М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14/15 дугаар тогтоолоор М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажил олгогчтой хөлсөөр ажиллах гэрээ, контрактын гэрээ тус тус байгуулан ажиллаж байсан бөгөөд түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажилд томилсон тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаар “хөлсөөр ажиллах гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн М ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээ, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” 03/18 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна.

М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоолд “...Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоол, гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээний 5.2.7, 5.3.1, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, дуусгавар болгов” гэжээ.

 

           Нэхэмжлэгч Т.Т М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 тоот тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэлээ 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч шүүх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6581 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тэрээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж нэхэмжлэлээ дахин 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “... Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...” гэсэн дээрх хуулийн заалттай нийцэж байна.

 

   Нэхэмжлэгч нь Т.Тыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Зам тээврийн хөгжлийн сайдаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг удаа дараа шаардаж, биечлэн уулзаж байсан, Т.Тыг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад тус яамны сайдаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт албан бичиг хүргүүлсэн, сайд Ж.Б “news.mn”, “onoodor” сайтад “... М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг солих гэж байна, надад товлосон хүн бий, надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож, М-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна...” гэх зэргээр ярилцлага өгч, тэрээр үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болж, арга буюу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө удирдах албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцооноос хамаарч, өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргаагүй ажлаас чөлөөлсөн дээрх тогтоол нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч тал Т.Тыг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр салбарын яамны сайдтай хамтран ажиллах боломжгүй тул тодорхой болзол хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гэж өргөдөл гаргаж, уг хүсэлтийг үндэслэн М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоолоор түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахим сайтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг мөн өдрийн 183/ШЗ2018/0937 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба дээрх шүүгчийн захирамжийг үндэслэж хийсэн үзлэгт:

http://pcsp.gov.mn, сайтын тогтоолууд хэсгийн 2018 он цэст Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 06 дугаар тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн нь” хэсэгт: Зам тээврийн сайдын саналыг зарчмын хувьд дэмжиж өргөдлөө өгсөн тохиолдолд эсвэл контрактын хугацаа дууссан нөхцөлд холбогдох хууль журамд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтэс /Ц.Баяр-Эрдэнэ/-т даалгав,

News.mn сайтын Эдийн засаг-Ярилцлага хэсгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 04 минутад:

Ж.Б “...М-ийн захирлыг солиход минь ерөнхий сайд нөлөөлөхгүй...” гэсэн гарчиг бүхий ярилцлагаас:

-Цалингийн талаар өмнө нь нэлээд дуулиантайгаар мэдээлж байсан. Та энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

         -Би ямар ч байсан эхний ээлжинд М-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улс төржиж хандаарай. Надад ямар нэгэн шахалт битгий үзүүлээч гэдгийг энэ ярилцлагаараа дамжуулаад хэлчихье.

            Жишээ нь Ерөнхий сайдтай зөвшилцөхгүйгээр, байр суурийг нь сонсохгүйгээр өөрийнхөөрөө томилгоо хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Би чадна гэж бодож байна. Нөгөөтэйгүүр энэ бол 60.0 тэрбумын албан тушаалын наймаа байдаг гэдэг гүтгэлгийг няцаах, бодит байдлаар харуулах том боломж гэдгийг хаана хаанаа мэдэрч байгаа болов уу гэж бодож байна.

-Ийм гүтгэлгийг няцаах таны сонголт бас сонирхол татаж байна. М-ийн даргаар мэргэжлийн хүн томилох уу эсвэл сайн менежер томилох уу гэдэгт ч өрөөсгөл хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ?

-Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй.

Ерөнхий сайдыг томилгоонд оролцохгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

          -Яагаад гэвэл Ерөнхий сайд өөрөө энэ салбарт шинэчлэл хийх, тансаглал, үрэлгэн байдлыг хязгаарлах, тал тохой татах, албан тушаалын “шахаа” гэгчтэй тэмцэх хүсэлтэй байгаа учраас дэмжинэ үү гэхээс санал зөрөх шалтгаангүй. Тиймээс надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож “...М-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна...”,

            http://zarig.mn/6s5 сайтын “... М-ийн захирал Т.Тыг чөлөөлж, Б.Батөрийг томилно...” гэсэн гарчиг бүхий нийтлэлээс “... Т.Тын оронд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөрийг томилуулахаар улс төрийн хүрээнийхэн тохирсон байна. Д.Баттөрийн материал Авлигатай тэмцэх газарт хянагдаж буй бөгөөд удахгүй томилгоог албан ёсоор явуулахаар зэхэж буй аж…”,

            http://unuudur.mn/article/104451 сайтын “ М-ийг эхлээд либералчлах уу, хувьчлах уу” гэсэн гарчиг бүхий нийтлэлээс

“...М компанийн менежментийг сайжруулах хүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баттөрийг тодруулаад байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Тын албан үүргээ гүйцэтгэх гэрээний хугацаа ирэх сарын 16-нд дуусна. Гэтэл Ж.Б сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Т.Тыг чөлөөлөх санал оруулжээ...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх цахим сайтуудад гарсан мэдээллийг туйлын үнэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж тайлбарлаж байх боловч тухайн үзлэгээр бэхжүүлсэн баримтуудыг худал, ташаа мэдээлэл болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т... “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заажээ.

М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөлд “... Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг тоймлон бичиж, цаашид ч бодлогын түвшинд олон ажил хийхээр төлөвлөж байгаа хэдий ч иргэний нисэхийн салбарт салбарын яамнаас барьж буй бодлоготой миний бие гүйцэтгэх захирлын хувиар зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа тул хамтран ажиллахад хүндрэлтэй байна. Зам тээврийн хөгжлийн сайдаас надад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай саналыг удаа дараа тавьсан бөгөөд нэгэнт зарчмын зөрүүтэй байр суурь бүхий салбарын сайдтай хамтран ажиллах боломжгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажилласан хугацаанд ногдох нэг жил 6 сар ашигтай ажиллуулсны урамшуулал болон 3 сарын мөнгөн тэтгэмжийг тус тус олгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Т.Тыг салбарын сайдтай зөвшилцсөн, хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн, улмаар тодорхой болзол хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдлөө өгсөн нь түүний хүсэл зориг мөн, хэн ч дарамталж шахаж шаардаагүй, тэр талаар нотолсон баримтгүй, түүний өргөдөлд дурдсан хүссэн урамшуулал, мөнгөн тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс олгосон гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн /М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн/ зүгээс шахаж дарамтлаагүй ч салбарын сайд хамтарч ажиллахгүй гэж зүй бусаар нөлөөлсөн, удаа дараа уулзсан, түүнчлэн ажил олгогчоос 2016, 2017 оны урамшууллыг олгохгүй байснаас арга буюу урамшуулал, тэтгэмжийг олговол ажлаа өгч болно гэсэн агуулгатай өргөдөл гаргасан, үүнийг ажилтны хүсэл зориг, зөвшилцсөн гэж үзэх үндэслэл биш гэж тус тус маргаж байгаа болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...Ажил олгогч энэ хуулийн 37.1.6-д “...ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан...”, 40.1.1-т “...аж ахуйн нэгж, байгууллага, болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...”, 40.1.2-т “...ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон...”, 40.1.3-т ”...ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн...” гэх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заажээ.

 

Ажил олгогч дээрх тохиолдолд буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд тэтгэмж олгохоор зохицуулсан байхад контрактын гэрээний 4.5-д заасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шаардлагатай гэж үзсэн нөхцөлд захиралд нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 3 сарын үндсэн цалингаас хэтрүүлэхгүй мөнгөн тусламж олгож болохоор заасныг баримталж тэтгэмж олгосон нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй, контрактын гэрээний дагуу ажил олгогчоос 2016, 2017 оны урамшуулалыг олгохгүй байсан тул нэгэнт ажлаас чөлөөлөгдөж байгаа нөхцөлд урамшуулал, мөнгөн тэтгэмж олговол өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдөхөд татгалзахгүй гэж бичсэнээс үзэхэд уг өргөдлийг гаргахад хөндлөнгийн нөлөөлөл, дарамт шахалт байснаас тодорхой болзол тавьж чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, үүнийг үндэслэж гарсан ажил олгогчийн тушаал хөдөлмөрийн хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

Учир нь ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргах бөгөөд Т.Тыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байхад нь салбарын сайд “... М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг солих гэж байна, надад товлосон хүн бий...” гэж сайтад ярилцлага өгснөөс гадна Зам тээврийн хөгжлийн сайдаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт  “...М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийн нэрийг дэвшүүлж байна...” гэсэн агуулга бүхий 01/973 тоот албан бичгийг хүргүүлсэн нь ажилтанг дээрх өргөдлийг гаргахад зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоо байжээ гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай санаачлагыг өөрөө гаргасан, энэ нь ажилтны өөрийн хүсэл зориг байсан гэдэг нь үгүйсгэгдэж байх бөгөөд ажил олгогч ажилтны өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргах байтал 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоол нь ажилтны эрх ашгийг хөндсөн, Хөдөлмөрийн хуульд заасан зохих зүйл заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн хуульд нийцсэн үндэслэл бүхий тушаалгүйгээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй байх тул Т.Тыг М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Т нь М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг дурдаж байна.

 

 Т.Тын сарын үндсэн цалин 8.400.000 төгрөг болох нь контрактын гэрээгээр тогтоогдож байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын сарын 19-нөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 10 дугаар сарын 26 хүртэл 6 сар 7 хоногоор тооцож /8.400.000х6сар/=50.400.000 төгрөг, /8.400.000:21.5х7хоног/=2.734.883 төгрөг нийт 53.134.883 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Т.Тт олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзэв.                                                                                                                                                                                                                                                 

                               ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Тыг М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ТӨХК-иас 53.134.883 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Тт олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч М ТӨХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, М ТӨХК-иас 423.624 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

            5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                      

 

 

                           ДАРГАЛАГЧ                                 Д.ДАВААСҮРЭН