Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/00056

 

                    

 

 

 

 

 

 

        2022        01         24

                               181/ШШ2022/00056

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, “ХХ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин байрлах, “ГЦ” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 62.204.182 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцож, хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь “ГЦ” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 62.204.182 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“ХХ” ХХК нь “ГЦ” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээгээр “ГЦ” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4.997 ширхэг барилгын туслах бараа материалыг Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд 16 давхар барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөр 193.177.380 төгрөг, борлуулалтын төлбөр 202.500 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 277.000 төгрөг, түрээсэлсэн бараа материалын эвдрэл гэмтлийн төлбөр 6.958.000 төгрөг, нийт 200.614.880 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 124.588.550 төгрөгийг төлж, бартераар 25.000.000 төгрөг, наадмын хөнгөлөлт 4.556.875 төгрөг, хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг төлж нийт 159.145.425 төгрөгийг төлж үлдэгдэл 41.469.455 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу үлдэгдэл 41.469.455 төгрөгийн алдангид 20.734.727 төгрөг болж байна. Иймд Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 41.469.455 төгрөг, алданги 20.734.727 төгрөг, нийт 62.204.182 төгрөгийг хариуцагч “ГЦ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч 2020 оны 01 дүгээр сард төлбөрийн үлдэгдэл 46.469.455 төгрөг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч төлөх график хугацаа тогтоосон албан бичгийг манайд ирүүлсэн. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, бараг хоёр жил орчим болж байгаа тул манай зүгээс алдангийг бууруулах боломжгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж ирүүлсэн. Үүнд:

 “ГЦ” ХХК нь “ХХ” ХХК-д хэв хашмалын түрээсийн төлбөр болох 41.469.455 төгрөгийн өглөгтэй нь үнэн. Дэлхий дахинд Ковид-19 халдварт цар тахал өвчин гарсантай холбоотойгоор үндсэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул бодогдсон хүү алдангийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

 3.Нэхэмжлэгч талаас баримтаар: 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн №19-022 дугаар “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, гэрээний хавсралт, Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын падаанууд,  “ГЦ” ХХК-иас “ХХ” ХХК-д явуулсан 2020 оны 01 дүгээр сарын 16-нд, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгүүд, өөрийн байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэл, хариуцагч байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2020 оны 101/ШЗ2020/20199, 2021 оны 101/ШЗ2021/10035 дугаар шүүгчийн захирамжууд зэргийг баримтаар ирүүлжээ.

Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбараас өөр нотлох баримт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ХХ” ХХКГЦ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 62.204.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: гэрээний дагуу 200.614.880 төгрөг төлөхөөс бэлэн болон бэлэн бусаар 159.145.425 төгрөгийг төлж үлдэх хэсгийг төлөөгүй үндэслэлээр үндсэн төлбөрийн үлдэгдэл 41.469.455 төгрөгийг алданги 20.734.727 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

2.Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 41.469.455 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алдангийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Ковид-19 халдварт өвчин гарсантай холбоотойгоор үндсэн үйл ажиллагаа доголдсон, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Нэг талаас “ХХ” ХХК, нөгөө талаас “ГЦ” ХХК нар 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь хавсралтад заасан нэр бүхий барилга угсралтын ажилд хэрэглэгдэх туслах бараа материалыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаагаар шилжүүлэхээр, Түрээслэгч нь ашигласан хугацааны төлбөрийг хавсралтаар тохиролцсон хэмжээгээр тооцон төлөхөөр 19-022 тоот “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулжээ.  /хэргийн 4-7, 13-15 дах тал/

Дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь хэлэлцэн тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч нийт түрээсийн төлбөр 200.614.880 төгрөг болсноос хариуцагч 159.145.425 төгрөгийг төлсөн, үлдэх 41.469.455 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.  /хэргийн 16, 49, 56/

 

4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т “төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх”-өөр заасан, дээрх анзын тухай тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан “бичгээр” хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.  Нэхэмжлэгч алдангийг 20.734.727 төгрөг /41.469.455 төгрөг *0,5хувь = 207.347 төгрөг * 2020.02-2021.09 сар хүртэл ≈ ИХ232.4 / гэж тооцжээ.

Хариуцагч алдангийг эс зөвшөөрч “үйл ажиллагаа доголдсон”, “санхүүгийн хүндрэлтэй” байгаа гэж тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээг 40 хувиар тооцон багасгаж, хариуцагчаас алдангид 8.293.891 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 49.763.346 төгрөг /үндсэн төлбөр 41.469.455 + алданги 8.293.891/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр зохигчдод хуваарилав.

 

5.Хариуцагч “ГЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А нарт өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэдгээрийн холбоо барих утсаар мэдэгдсэн.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”,  “хэргийн материалтай танилцах” эрхийг шүүхээс удаа дараа хангаж 2021 оны 12 дугаар сарын 10-нд, 2021 оны 12 дугаар сарын 17-нд товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж байжээ. Иймд хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан “ГЦ” ХХК-иас  49.763.346 /дөчин есөн сая долоон зуун жаран гурван мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.440.836 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406.766 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ