Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01094

 

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/00056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт нийт 62,204,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х- ХХК нь Г- ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээгээр Г- ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4,997 ширхэг барилгын туслах бараа материалыг Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд 16 давхар барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөр 193,177,380 төгрөг, борлуулалтын төлбөр 202,500 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 277,000 төгрөг, түрээсэлсэн бараа материалын эвдрэл гэмтлийн төлбөр 6,958,000 төгрөг, нийт 200,614,880 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 124,588,550 төгрөгийг төлж, бартераар 25,000,000 төгрөг, наадмын хөнгөлөлт 4,556,875 төгрөг, хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг төлж нийт 159,145,425 төгрөгийг төлж үлдэгдэл 41,469,455 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу үлдэгдэл 41,469,455 төгрөгийн алдангид 20,734,727 төгрөг болж байна. Иймд Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 41,469,455 төгрөг, алданги 20,734,727 төгрөг, нийт 62,204,182 төгрөгийг хариуцагч Г- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г- ХХК нь Х- ХХК-д Х-ын түрээсийн төлбөр болох 41,469,455 төгрөгийн өглөгтэй нь үнэн. Дэлхий дахинд Ковид-19 халдварт цар тахал өвчин гарсантай холбоотойгоор үндсэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул бодогдсон хүү, алдангийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан Г- ХХК-аас 49,763,346 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,440,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406,766 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх алдангид 8,293,891 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.а.Талууд үлдэгдэл тооцоогоо нийлж, 2020 оны 01 дүгээр сард алданги оруулахгүйгээр 46,469,455 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Түүнээс хариуцагч компани 5,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Түүнчлэн тухайн цаг хугацаанд цар тахлын нөлөөлөл үүссэн тул төлбөр гүйцэтгэх үүргийг саатуулаад байсан. Гэвч Х- ХХК нь тухайн үлдэгдлээс алданги тооцож нэхэмжилсэн нь талуудын хооронд хожим тооцоо нийлсэн, тэгэхдээ алданги тооцох нөхцөл тусгаагүй, илэрхийлж байгаагүй байдалтай нийцэхгүй байсан. Хариуцагчийн хувьд энэ талаар шүүхэд холбогдох тайлбарыг шударгаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх тухайн асуудлыг дүгнэхдээ 2020 оны 02 дугаар сараас хойш талууд дахин алдангийн асуудлаар тохиролцсон ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад холбогдох нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй алданги нэхэмжлэх эрхтэй гэж гэрээний ерөнхий заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэнд гомдолтой баина. Талуудын хоорондын захидал харилцаагаар хүсэл зоригийн илэрхийлэг дамжуулагдаж, хүлээн авагдсан нөхцөл байдлыг тооцон үзвэл, нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй байна. Түүнчлэн тухайн хугацаанд цар тахлын хүчин зүйлийн үйлчлэл байсан бодит нөхцөл байдал, нийтэд илэрхий үйл баримтыг шүүх дүгнээгүй.

4.б.Г- ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эрдэнэчимэг би тухайн өдөр коронавирусын халдвар авч эмчлүүлж байсан талаараа шүүхэд утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талын төлөөлөгч О.Ариунжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, хариуцагчийн эзгүйд хуралдааныг явуул гэсэн санал, хүсэлт гаргасан нь хэргийн оролцогчийн хувьд хариуцагч талыг оролцуулж мэтгэлцүүлэхгүй байхаар хичээсэн, буруу тайлбар гэж үзэж байна. Эрүүл мэндийн цахим системээс аливаа иргэн коронавирусын халдвар авсан эсэхийг шууд шалгах мэдэх боломжтой байдаг байхад оролцуулаагүйд гомдолтой байна. Иймд алдангид 8,293,891 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Г- ХХК-аас гаргасан давж заалдах годлыг бүхэлд нь хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хоорондын гэрээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдаад. гурван жил гаруй хугацаа болсон. Г- ХХК гэрээний үндсэн дүн болох 41,469,455 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээ байгуулагдаад өнөөдрийн байдлаар гурван жил, гурван сар болж байна. Гэтэл бүгдийг цар тахалтай хамааруулан тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулахад 2019 онд цар тахал байгаагүй. 2020 онд цар тахал гарсан. 2021 оны 04 дүгээр сар хүртэл цар тахалтай байсан ч түүнээс хойш эдийн засаг сэргэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Г- ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 62,204,182 төгрөг гаргуулах нэхэмжилийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 20,734,727 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах, аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материалыг түрээслүүлэх, хариуцагч Г- ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд актын дагуу хүлээлгэж өгөхөөр тохиролцож, хариуцагч нь барилгын туслах материалыг тодорхой хугацаанд ашигласан болох нь талуудын тайлбар, Барилгын туслах материал түрээслэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-6-р тал/

4.а.Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

5.Нэхэмжлэгч Х- ХХК нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 41,469,455 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г- ХХК нь зөвшөөрсөн. Харин хариуцагч нь ковид 19 цар тахлын улмаас компанийн санхүүгийн байдал муудсан гэх үндэслэлээр алдангиас татгалзсан.

5.а.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

5.б.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Г- ХХК-аас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 20,734,727 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй тул алдангийн тохиролцоо байхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд ковид 19 цар тахлын улмаас хариуцагч Г- ХХК-ийн санхүүгийн байдал хэрхэн, яаж муудсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

6.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 40 хувиар багасгаж, хариуцагчаас 8,293,891 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Иймд хариуцагч Г- ХХК-аас нийт 49,763,346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

7.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх журамтай. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 42-р тал/

Энэ хугацаанд шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, хариуцагч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 65-67, 69, 79-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвшөөрөхгүй хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх атал /8,293,891 төгрөгт тооцогдох улсын тэмдэгийн хураамж 147,652 төгрөг болно/ улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 259,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 406,766 төгрөгийн 147,652 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 259,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН Г.ДАВААДОРЖ