Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/00054

 

 

 

 

 

 

 

      2022          01         24

                                 181/ШШ2022/00054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, Д.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “СЯ”-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.832.539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С нь СЯ-д холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч, урьд эрхэлж байсан Монголын үндэсний музейн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.832.539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.С Монголын Үндэсний музейн захирлаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар томилогдсон бөгөөд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5-8 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан. Тус музейн захирлаар ажиллаж байх хугацаандаа Үндэсний музейг “Улсын тэргүүлэх музей” болгон хөгжүүлэх зорилго тавьж ажиллаж ирсэн бөгөөд тус музейгээс эрхлэн гаргадаг “Музей судлал”, “Нүүдэлчдийн өв судлал” “Музейн мэдээлэл” сэтгүүлүүд, “Монгол орны хадны зураг”, “ХХ зууны Монгол улс” каталогуудын ерөнхий редактороор ажиллаж байсан.

Гэтэл Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Энэхүү тушаалыг миний бие дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.1.тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсан. Миний бие тус музейн захирлаар ажиллах хугацаанд буюу 2013 оноос 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг ч удаа гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй.

Энэ үндэслэлээр ажил олгогч гэрээг цуцлахад Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан байх, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг шаарддаг. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2.2, 3.2.3, 3.2.5, 3.2.7-г зөрчсөн гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т “Гэмт хэрэг авлигатай холбоотой асуудалд холбогдсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тус тус нотлогдсон”, 3.2.3-т “Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль, хяналтын байгууллагын актаар нотлогдсон”, 3.2.5-д “Удирдах ажилтан ёс зүйн зөрчил давтан гаргасан нь баримтаар нотлогдсон”, 3.2.7-д “Хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан нотлогдсон” байхыг шаардана. Нэхэмжлэгчийг гэмт хэрэг болон авлигатай холбоотой асуудлаар нотлогдон тогтоогдсон хууль хяналтын байгууллагын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан. Мөн миний бие удирдах ажилтны ёс зүйн зөрчил 2 удаа гаргаагүй, ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулаагүй тул Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй.

1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан” гэжээ. Миний бие Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш. Мөн энэ үндэслэлээр гэрээг цуцлахад хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч ийм зөрчил гаргасан талаар эрх бүхий байгууллагын актаар нотлогдон тогтоосон баримт байхгүй.

Хариуцагч гэрээг цуцлах үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг үндэслэл болгож, нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн. Гэтэл албан бичигт Соёлын сайдад ямар нэгэн гэмт хэрэг, авлига албан тушаалын гэмт хэрэг биш, харин зөрчил илэрсэнд арга хэмжээ авах, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх гэсэн хуулийн шаардлагын дагуу яамнаас бүх төрлийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэсэн чиглэлийг өгсөн албан бичиг юм. Энэ албан бичигт дурдагдсан, хоорондоо хамаарал бүхий хүмүүсийг ажилд томилж, ашиг сонирхлын зөрчил, авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ  аваагүй гэж дурдсан. Гэтэл уг бичигт дурдагдсан хүмүүс нэхэмжлэгчтэй төрөл, садангийн холбоогүй болох нь тэдгээрийн овог, нэр өөр байгаагаас харагдана. Тус байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогчийн хамаарал бүхий хүмүүс гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Мөн албан бичигт дурдсан худалдан авах ажиллагааны тухайд нэхэмжлэгч музейн захирал тул Өмч хамгаалах зөвлөлөөс сонгон шалгаруулж оруулж ирсэн компанитай гэрээг байгуулсан. Өмч хамгаалах зөвлөлөөс шалгаруулсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулахгүй гэх эрх нэхэмжлэгчид байхгүй. Түүнчлэн албан бичигт хэзээ, хэн өмч хамгаалах зөвлөлд ажиллаж байсан талаар дурдагдсан байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгчийн нэр байхгүй.

1.3.Миний бие Соёлын сайдын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлсэн байхад ажлаас халсан. Хариуцагч ээлжийн амралтын мэдэгдэх хуудас өгөөгүй, амраагүй байсан гэж байгаа ч амралтын хуваарь баталсан сайдын тушаал хүчинтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдахаар заасныг зөрчсөн. Иймд намайг ээлжийн амралттай байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Үндэсний музейн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговрын тухайд тушаал 2021 оны 7 дугаар сарын 22-нд гарсан ч ээлжийн амралтын олговроо авсан, амралтын хугацаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс дуусах байсан тул энэ хугацаанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4.832.539 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Үндэсний музейн албан тушаалтнуудад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчсөн 26 удаагийн үйлдлийг илрүүлсэн байхаас гадна хоорондоо хамаарал бүхий 8 иргэнийг ажил, албан тушаалд хууль бусаар томилсон болохыг тогтоосон. Тус хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот албан бичгээр дээр дурдсан зөрчлийг арилгаж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг 2021 оны 7 дугаар сарын 23-ны дотор ирүүлэхийг СЯанд үүрэг болгосон. Ийнхүү Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар  Монголын Үндэсний музейн захирал Д.Стай 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 5/8 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дараах үндэслэлүүдээр тайлбарыг гарган хүргүүлж байна. Үүнд:

2.1.Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчил гаргасан гэж үзсэн. Хэрэгт авагдсан түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд гэрээг шууд цуцлах зөрчлийг нэрлэн зааж өгснөөс 3.2.3-т “Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон”, 3.2.7-д “Хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон” гэж заасныг үндэслэн Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” болон уг дүрмийн холбогдох зүйл, заалтуудыг Д.С зөрчсөн нь тогтоогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Монголын Үндэсний музейн захирал Д.С Б.О-ийг нягтлан бодогчоор, Б.О-ийн ах, дүүсийн хүүхэд болох Б.Э-ыг Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албанд мерчиндайзингийн ажилтнаар, Ц.У-ыг Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргаар, нягтлан бодогч Б.О-ийн ээжийнх нь төрсөн ах, дүүс болох Г.Б-г Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэст нарийн бичгийн даргаар, Г.Ш-г Аюулгүй байдал, үйлчилгээний албанд харуулаар, нарийн бичгийн дарга Г.Б-ийн төрсөн эгчийн нөхөр буюу хүргэн ах С.Э-ыг харуулаар, Аюулгүй байдал үйлчилгээний албаны дарга Ц.У-ын хадам аав Н.Э-г үзмэр харагчаар тус тус томилсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний музейн батлагдсан орон тоо нь 61 /одоо ажиллаж байгаа нь 58/, түүний 9 орон тоонд зөвхөн нягтлан бодогч Б.О-ийн хамаарал бүхий этгээдүүд ажиллаж байгаа болохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээ”-г заасан байдаг бөгөөд 7.2.4-т “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтад хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх”, 7.2.5-д “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ музейн захирал Д.С хэрэгжүүлж ажиллаагүй байна. Авлигатай тэмцэх газрын албан бичигт зөрчил удаа дараа гарсан болох нь дурдагдсан тул тушаалд давтан гэж бичсэн болно.

2.2.Д.С “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” мөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”-ыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтэс тогтоосон. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хуульд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлахгүйгээс зөвхөн нягтлан бодогч Б.Оийн хамаарал бүхий компаниудаас үнийн санал авч, тэднийг сонгон шалгаруулах замаар зохион байгуулсан байна. Учир нь нягтлан бодогч Б.Оийн төрсөн эцэг М.Б-ийн үүсгэн байгуулсан “В П Э” ХХК, “Ц м” ХХК, түүний төрсөн дүү Б.Оийн “Ц У” ХХК, Ц.У-ын нөхөр Б.З-ын “Ц М” ХХК-иудыг шалгаруулж, гэрээ байгуулсан болохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон. Музейн захирал Д.С гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахаасаа өмнө сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн дагуу зохион байгуулсан эсэхийг хянаагүй, гарсан зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч тэднийг өөгшүүлэн, хамаарал бүхий этгээдүүдтэй олон удаагийн гэрээ байгуулсан байна. Д.Сын энэ үйлдэл Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад дурдсан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасныг зөрчсөн байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар Үндэсний музей хэт нэг хүнээс хамааралтай болчихсон, зөвхөн түүний хамаарал бүхий этгээдүүд ажил, албан тушаалд томилогдож, бараа, ажил үйлчилгээ нийлүүлдэг болох нь тогтоогдсон байна.

2.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас халсан” гэсэн нь үндэслэлгүй гэжээ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасан байдаг бөгөөд ажил олгогчийн зүгээс мэдэгдэх хуудас олгоогүй байсан. Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарахаас 4 өдрийн өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр СЯны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чоос Д.Сын туслах Т.Н руу ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарсан эсэх талаар лавласан байдаг бөгөөд “Ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарч батлагдаагүй” талаар Т.Нд эргэж мэдэгдсэн байдаг. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоогүй байтал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлсэн” гэсэн нь үндэслэлгүй. Иймд Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд: 3.1.Нэхэмжлэгч талаас баримтаар иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 дүгээр тал/, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/14 тоот тушаалын хуулбар /хэргийн 5 дугаар тал/, Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалын хуулбар /хэргийн 6 дугаар тал/, мөн сайдын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалын хуулбар, хавсралтын хамт /хэргийн 7-8 дугаар тал/, Вайбераар “Ээлжийн амралт”-ын хуудас ирүүлсэн гэх баримт /хэргийн 9 дүгээр тал/, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хэргийн 10-14 дүгээр тал/, Д.Сын 2013-2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд /хэргийн 15-22 дугаар тал/, нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын цалингийн тооцооны карт /хэргийн 23 дугаар тал/зэргийг ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан ба улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт хавсаргасан /хэргийн 30-32 дугаар тал/, нэхэмжлэгч Д.Саас Н.Н-д олгосон 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Итгэмжлэл” /хэргийн 34 дүгээр тал/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М-тэй байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хэргийн 41-42 дугаар тал/, Д.Сын ажиллаагүй хугацааны цалингийн тооцоо гэх баримт /хэргийн 123 дугаар тал/, Д.Сын “Хас банк” ХХК  дах дансны хуулга /хэргийн 124 дүгээр тал/ зэргийг ирүүлсэн.

 3.2.Хариуцагч талаас баримтаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 28 дугаар тал/, хариу тайлбар /хэргийн 30 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2402 дугаар итгэмжлэл /хэргийн 37 дугаар тал/,

СЯны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Тайлбар гаргах нь” гэх гарчиг бүхий тайлбар, “Скайтел” ХХК-ийн 90097595 дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 61-62, 108 дугаар тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар /хэргийн 98-102 дугаар тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 дүгээр албан бичгийн хуулбар /хэргийн 103-106 дугаар тал/, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” /хэргийн 107 дугаар тал/, Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаар тушаалын хуулбар /хэргийн 109 дүгээр тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ны “Флаш дискт үзлэг хийлгэх тухай” хүсэлт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл” гэх баримт хуулбараар /хэргийн 111-112 дугаар тал/, Монголын Үндэсний музейн захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/177, Б/173, Б/174, Б/172, Б/176, Б/175, Б/170 тоот Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга гишүүдэд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд /хэргийн 113-119 дүгээр тал/, Монголын Үндэсний музейгээс Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 249 дүгээр албан бичиг /хэргийн 120 дугаар тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/13105 дугаар албан бичиг /хэргийн 121 дүгээр тал/, СЯнаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/2700 дугаар албан бичиг /хэргийн 122 дугаар тал/ зэргийг ирүүлжээ.

3.3.Шүүхийн журмаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/13396 дугаар шүүгчийн захирамжаар  хариуцагчаас Хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 63-79 дүгээр тал/, СЯнаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/538 дугаар албан бичиг, түүний дагуу ирүүлсэн хариу /хэргийн 80-81, 95-96, 82-92  дугаар тал/, Соёлын сайдын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, хавсралтын хамт /хэргийн 93-94 дүгээр тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шүүгчийн захирамжид хариу ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 06/13083 дугаар албан бичиг /хэргийн 97 дугаар тал/ зэргийг бүрдүүлсэн.  

Хариуцагч талын хүсэлтээр хэрэгт баримтаар ирүүлсэн флаш дискэнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн “Үзлэгийн тэмдэглэл” зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.С СЯанд холбогдуулан Монголын Үндэсний музейн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.832.539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна. 

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл гаргасныг тогтоосон баримтгүй, мөн Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан хоёр асуудал нэхэмжлэгчид хамааралгүй, түүнчлэн ээлжийн амралтаа эдэлж байсан гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан “ноцтой зөрчил” болон “ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл” гаргасан болох нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон гэж тайлбарлав. Мөн үйлдэл удаа дараа гаргасан болох нь уг албан бичигт дурдагдсан тул тушаалд “давтан” гэж дурдсан, тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй гэж тайлбарлаж байна. 

 

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2013 оны 7 дугаар сараас Монголын Үндэсний музейд ажиллах болсноор хөдөлмөрийн харилцаа үүссэн, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын Б/14 тоот тушаалаар Үндэсний музейн захирлаар томилогдсон, улмаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5-8 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрээ, тушаал зэргээр тогтоогдож байна. /хэргийн 5, 10-14, 15 дах тал/

 Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 2.1.2, 3.1, 3.1.1.а, 3.1.2.а, 3.1.2.г, 3.1.2.д, 3.1.7.в, 3.1.7.г дэх хэсэг, Д.Стай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.1, 3.2.2, 3.2.3, 3.2.5, 3.2.7, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг захиргааны санаачилгаар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хэргийн 6, 109 дэх тал/

Нэхэмжлэгч Д.С Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд Төрийн үйлчилгээний албан хаагч байх болох нь Хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.2, 1.4, 3.2.6-т дэх заалт, ажилтныг томилох чөлөөлөх, гуравдагч этгээдтэй Монголын Үндэсний музейг төлөөлж гэрээ байгуулах эрхийг эдэлж төсвийг захиран зарцуулдаг зэргээр тогтоогдож байна. 

 

4.Хоорондоо хамаарал бүхий албан хаагчдыг албан тушаалд томилсон зөрчлийн тухайд: Энэ зөрчлийг ажил олгогч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчилд тооцсон, талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.7-д хамаарна, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 2.1.2, 3.1, 3.1.1.а, 3.1.2.а, 3.1.2.г, 3.1.2.д, 3.1.7.в, 3.1.7.г дэх хэсэг хамаарна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 3.2.5-д “удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан хоёр удаа гаргасан нь баримтаар нотлогдсон”, 3.2.7-д “хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон” бол цуцлахаар заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн  захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1-д “Төрийн албан хаагч дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас 3.1.2.а-д “...олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;”, 3.1.7.в-д “хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах” үүрэгтэй гэжээ. Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот албан бичигт нэхэмжлэгч өөрийн байгууллагад ажилтныг томилохдоо хоорондоо хамаарал бүхий 8 иргэнийг ажилд томилсон болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний 3.2.5, 3.2.7 болон дээр дурдсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзнэ.  

Нэхэмжлэгч ажилтнуудын хоорондоо хамаарал бүхий этгээдүүд гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй, улмаар зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байх боловч ажилтныг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд энэ нөхцөл байдлыг мэдэх боломжтой гэж үзэх тул энэ тайлбар үндэслэлгүй.

Гэвч ажил олгогч тухайн зөрчлийн талаар тодруулахаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан, улмаар бүртгэх байгууллагаас хариуг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/9820 тоот албан бичгээр буцаан хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд энэ зөрчлийг гаргасан болохыг захиргаа бүртгэх байгууллагаас лавлагааг авснаар 2020 оны 11 дүгээр сард мэдсэн атлаа Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирснээр 2021 оны 7 дугаар сард тушаал гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /хэргийн 80-92, 95-96 дах тал/

 

5.Бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй, гүйцэтгэгчийг сонгохдоо өөрийн хамаарал бүхий этгээдийг сонгон шалгаруулсан зөрчлийн тухайд:

Энэ зөрчлийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл”-д тооцсон. Үүнээс гадна Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2.2, 3.2.3-д нэрлэн заасан “ноцтой зөрчил” буюу мөн хуулийн 40.1.4-д заасан “ноцтой” зөрчилд давхар хамаарна гэж хариуцагч тушаалын үндэслэлийг тайлбарлаж байна.

Талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 3.2.2-т “Гэмт хэрэг, авлигатай холбоотой асуудалд холбогдсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон”, 3.2.3-т “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар тогтоогдсон” бол гэрээг цуцлахаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн албан бичигт “Монголын Үндэсний музейн захирлын ... тушаалаар... Өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүдэд .... нарыг томилсон, ... сонгон шалгаруулалтыг явуулсан, ... сонгон шалгаруулалт явуулахдаа нягтлан бодогч Б.Оийн хамаарал бүхий .... хуулийн этгээдийг шалгаруулж, гэрээг байгуулсан” талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтан, төсвийн шууд захирагчийн хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл гаргасан”  энэ үйлдэл тогтоогдсон гэж үзнэ. /хэргийн 103-106 дах тал/

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтыг хариуцдаггүй, Өмч хамгаалах зөвлөл сонгон шалгаруулснаар шалгарсан хуулийн этгээдтэй төсвийн захирагчийн хувиар гэрээг байгуулсан, үүргээ хэрэгжүүлсэн тул өөрт хамааралгүй гэж тайлбарлах боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” захиалагчийн үүрэг тул энэ тайлбар үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр Авлигатай тэмцэх газрын албан бичигт нэг удаагийн бус олон удаагийн худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулснаар гэрээ байгуулсан, зарим тохиолдолд шууд худалдан авалтыг нэхэмжлэгч хийсэн талаар тусгагдсан байх тул өөрт хамааралгүй, зөрчил гаргаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн энэ зөрчил Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т нэрлэн заасан “ноцтой” зөрчилд хамаарч байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Нэхэмжлэгч энэ зөрчлийг “эрх бүхий этгээдээс тогтоосон баримтгүй” буюу Авлигатай тэмцэх газрын албан бичиг мөнгө санхүүгийн хувьд эрх бүхий этгээд биш, түүнчлэн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан” биш гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Монголын Үндэсний музейн хувьд төсвийн шууд захирагч, батлагдсан төсвийг Төсвийн тухай хуулиар захиран зарцуулах эрхтэй этгээд тул “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан” биш гэсэн тайлбар үндэслэлгүй. Авлигатай тэмцэх газрын албан бичигт түүнийг нэрлэн зааж зөрчлийг дурдсан байх тул хууль хяналтын эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил дээрх байдлаар тогтоогдсон хэдий ч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т ажилтан “ээлжийн амралттай байгаа” хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан, хэрэгт авагдсан  Соёлын сайдын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалаар нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлсэн болох нь тогтоогдсон тул захиргаа ажилтантай байгуулсан гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа хуульд заасан дээрх зохицуулалтыг зөрчжээ. Хэрэгт авагдсан ээлжийн амралтын хуваарь баталсан Б/08 тоот тушаалд ажил олгогчийн зүгээс өөрчлөлт ороогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  /хэргийн 93-94, 124 дэх тал/

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдэлж эхлээгүй байсан, ажилтанд мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарлах боловч дээрх тайлбарыг дэмжих бичгийн баримт авагдаагүйгээс гадна ажилтанд ээлжийн амралтын мөнгийг захиргаа шилжүүлсэн, түүнчлэн амрах хугацааг өөрчилсөн аливаа шийдвэр захиргааны зүгээс гарсан баримтгүй байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

            Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

7.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцвол нэг өдрийн дундаж цалин хөлс 85.767 /2021 оны 5, 6, 7 сараас тооцов/ төгрөг, нийт 102 хоног  /2021.08.31-ний өдрөөс 2022.01.24-ний өдөр хүртэлх хугацаанаас бүх нийтийн амралтын өдрийг хасав/ байх тул олговор 8.748.234 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч 4.832.538 төгрөг гаргуулахаар шаардсан тул олговрыг нэхэмжлэлийн хүрээгээр тооцон олгох нь зүйтэй.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул түүний урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.С-ыг Монголын Үндэсний музейн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.832.538 /дөрвөн сая найман зуун гучин хоёр мянга таван зуун гучин найман/ төгрөгийг СЯ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 92.270 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ