Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00711

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/00054 дугаар шийдвэртэй

Д.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Санд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,832,539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.С Монголын Үндэсний музейн захирлаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар томилогдсон бөгөөд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5-8 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан. Гэтэл Соёлын сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Энэхүү тушаалыг миний бие дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсан. Миний бие тус музейн захирлаар ажиллах хугацаанд буюу 2013 оноос 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг ч удаа гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2.2, 3.2.3, 3.2.5, 3.2.7-г зөрчсөн гэж дурдсан. Нэхэмжлэгчийг гэмт хэрэг болон авлигатай холбоотой асуудлаар нотлогдон тогтоогдсон хууль хяналтын байгууллагын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Мөн миний бие удирдах ажилтны ёс зүйн зөрчил 2 удаа гаргаагүй, ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулаагүй тул Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан” гэжээ. Би Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш. Мөн энэ үндэслэлээр гэрээг цуцлахад хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч ийм зөрчил гаргасан талаар эрх бүхий байгууллагын актаар нотлогдон тогтоосон баримт байхгүй. Хариуцагч гэрээг цуцлах үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг үндэслэл болгож, нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн. Гэтэл албан бичигт соёлын сайдад ямар нэгэн гэмт хэрэг, авлига албан тушаалын гэмт хэрэг биш, харин зөрчил илэрсэнд арга хэмжээ авах, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх гэсэн хуулийн шаардлагын дагуу яамнаас бүх төрлийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэсэн чиглэлийг өгсөн албан бичиг юм. Уг бичигт дурдагдсан хүмүүс нэхэмжлэгчтэй төрөл, садангийн холбоогүй болох нь тэдгээрийн овог, нэр өөр байгаагаас харагдана. Тус байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогчийн хамаарал бүхий хүмүүс гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Мөн албан бичигт дурдсан худалдан авах ажиллагааны тухайд нэхэмжлэгч музейн захирал тул Өмч хамгаалах зөвлөлөөс сонгон шалгаруулж оруулж ирсэн компанитай гэрээг байгуулсан. Өмч хамгаалах зөвлөлөөс шалгаруулсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулахгүй гэх эрх нэхэмжлэгчид байхгүй. Би соёлын сайдын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалаар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлсэн байхад ажлаас халсан. Хариуцагч ээлжийн амралтын мэдэгдэх хуудас өгөөгүй, амраагүй байсан гэж байгаа ч амралтын хуваарь баталсан сайдын тушаал хүчинтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдахаар заасныг зөрчсөн. Иймд намайг ээлжийн амралттай байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Үндэсний музейн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговрын тухайд тушаал 2021 оны 07 дугаар сарын 22-нд гарсан ч ээлжийн амралтын олговроо авсан, амралтын хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс дуусах байсан тул энэ хугацаанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,832,539 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Үндэсний музейн албан тушаалтнуудад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчсөн 26 удаагийн үйлдлийг илрүүлсэн байхаас гадна хоорондоо хамаарал бүхий 8 иргэнийг ажил, албан тушаалд хууль бусаар томилсон болохыг тогтоосон. Тус хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот албан бичгээр дээр дурдсан зөрчлийг арилгаж, Авлигын эсрэг тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг 2021 оны 07 дугаар сарын 23-ны дотор ирүүлэхийг Санд үүрэг болгосон. Ийнхүү Соёлын сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Монголын Үндэсний музейн захирал Д.Стай 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 5/8 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар Дүрэм батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг Д.С зөрчсөн нь тогтоогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Монголын Үндэсний музейн захирал Д.С Б.Оийг нягтлан бодогчоор, Б.Оийн ах, дүүсийн хүүхэд болох Б.Эыг Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албанд мерчиндайзингийн ажилтнаар, Ц.Уыг Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргаар, нягтлан бодогч Б.Оийн ээжийнх нь төрсөн ах, дүүс болох Г.Бг Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэст нарийн бичгийн даргаар, Г.Шг Аюулгүй байдал, үйлчилгээний албанд харуулаар, нарийн бичгийн дарга Г.Бгийн төрсөн эгчийн нөхөр буюу хүргэн ах С.Эыг харуулаар, Аюулгүй байдал үйлчилгээний албаны дарга Ц.Уын хадам аав Н.Эг үзмэр харагчаар тус тус томилсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний музейн батлагдсан орон тоо нь 61 /одоо ажиллаж байгаа нь 58/, түүний 9 орон тоонд зөвхөн нягтлан бодогч Б.Оийн хамаарал бүхий этгээдүүд ажиллаж байгаа болохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээ”-г заасан байдаг бөгөөд 7.2.4, 7.2.5-д заасан хуулиар хүлээсэн үүргээ музейн захирал Д.С хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Д.С мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”-ыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтэс тогтоосон. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хуульд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлахгүйгээс зөвхөн нягтлан бодогч Б.Оийн хамаарал бүхий компаниудаас үнийн санал авч, тэднийг сонгон шалгаруулах замаар зохион байгуулсан байна. Учир нь нягтлан бодогч Б.Оийн төрсөн эцэг М.Бгийн үүсгэн байгуулсан “Вай пи эм” ХХК, “Цэрэн манду” ХХК, түүний төрсөн дүү Б.Оийн “Цагаан уул” ХХК, Ц.Уын нөхөр Б.Зын “Цэгц мэргэн” ХХК-уудыг шалгаруулж, гэрээ байгуулсан болохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон. Музейн захирал Д.С гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахаасаа өмнө сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн дагуу зохион байгуулсан эсэхийг хянаагүй, гарсан зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч тэднийг өөгшүүлэн, хамаарал бүхий этгээдүүдтэй олон удаагийн гэрээ байгуулсан байна. Д.Сын энэ үйлдэл Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасныг зөрчсөн байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар Үндэсний музей хэт нэг хүнээс хамааралтай болчихсон, зөвхөн түүний хамаарал бүхий этгээдүүд ажил, албан тушаалд томилогдож, бараа, ажил үйлчилгээ нийлүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас халсан гэсэн нь үндэслэлгүй гэжээ. Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарахаас 4 өдрийн өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзоригоос Д.Сын туслах Т.Намуун руу ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарсан эсэх талаар лавласан байдаг бөгөөд ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарч батлагдаагүй талаар Т.Намуунд эргэж мэдэгдсэн байдаг. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоогүй байтал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлсэн гэсэн нь үндэслэлгүй. Иймд Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Сыг Монголын Үндэсний музейн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,832,538 /дөрвөн сая найман зуун гучин хоёр мянга таван зуун гучин найман/ төгрөгийг Снаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 92,270 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж  шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы давж заалдах гомдлын агуулга: ... Шүүхийн шийдвэрийн “2021 оны 07 дугаар сард тушаал гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар”-аар заасан хугацааг хэтрүүлсэн гэж" үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот зөрчил арилгуулах тухай албан бичигт Д.С нь удаа дараагийн зөрчил гаргасан бөгөөд дээрх зөрчлийн дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн дээрх үйлдэл нь Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан “Ноцтой зөрчил”-д орох тул Хөдөлмөрийн гэрээний дагуу гэрээг цуцалсан. Уг АТГ-ын албан бичиг нь Соёлын сайдын Б/12 дугаар тушаалд дурдсан гэрээг цуцалсан үндэслэлүүдийн нэг нь юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 5-д 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Авилгатай тэмцэх газрын албан бичигт түүнийг нэрлэн зааж зөрчлийг дурдсан байх тул хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж үзнэ” гэсэн атал шүүхийн шийдвэрийн 4-т “зөрчлийг 2020 оны 1,1 дүгээр сард мэдсэн атлаа Авилгатай тэмцэх газраас албан бичиг ирснээр 2021 оны 07 дугаар сард тушаал гаргасан нь” зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор, сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байна гэсэн нь хоорондоо, уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байна гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ээлжийн амралтаа эдэлсэн байхад ажлаас халсан” гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасан байдаг. Ажил олгогчийн зүгээс санхүү болон ажилтанд мэдэгдэл олгоогүй байсан. Д.С нь ээлжийн амралтын цалин, мөнгийг “Төсвийн шууд захирагчийн хувьд” өөрийн удирдаж буй байгууллагаас гаргуулан авсан бөгөөд хариуцагчийн зүгээс Соёлын сайдын мэдэгдлийн дагуу ээлжийн амралтын мөнгийг бодуулах ёстой гэж үзэж, ээлжийн амралтын мөнгө олгогдсон нь журмыг зөрчсөн байна гэж үзэж энэ талаарх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг анхан шатны шүүх хангаж өгөөгүй. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот зөрчил арилгуулах тухай албан бичигт Д.С нь удаа дараагийн зөрчил гаргасан бөгөөд дээрх зөрчлийн дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Дээрх үйлдэл нь Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан “Ноцтой зөрчил”-д орох тул Хөдөлмөрийн гэрээний дагуу гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ээлжийн амралтаа эдэлсэн байхад ажлаас халсан” гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарахаас 4 өдрийн өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сны төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг руу Д.Сын туслах Т.Намуун ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарсан эсэх талаар лавласан байдаг бөгөөд “ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гарч батлагдаагүй” талаар Намуунд эргэж мэдэгдсэн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д заасан хуулиар хүлээсэн үүргээ музейн захирал Д.С хэрэгжүүлж ажиллаагүй байна. Д.Сын энэхүү үйлдэл нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад дурдсан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн херенгеер бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасныг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчлийн тохиолдол бүрийг зааж өгсөн бөгөөд гэрээний 3.2.3, 3.2.7-д заасныг үндэслэн Д.Стай байгуулсан хеделмерийн гэрээг цуцалсан. Мөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг Д.С нь удаа зөрчсөн нь тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Анхан шатны шүүх хуралдаан Д.Сыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эсэхийг тодруулахаар хойшилж байсан бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 06/13083 дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Үндэсний түүхийн музейн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэг шалгагдаж байна гэсэн болохоос Д.Сыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн хариу өгөөгүй. Авлигатай тэмцэх газраас С руу явуулсан гэх албан бичигт худалдах, худалдан авах ажиллагааг эрхлэн явуулсан комиссын албан тушаалтнуудыг хэзээний худалдах, худалдан авах ажиллагаатай холбогдуулан шалгаж байгааг нэг бүрчлэн дурдсан байдаг бөгөөд Д.Сыг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй. Соёлын сайд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаараа ээлжийн амралтын хуваарийг баталсан. Анхан шатны шүүхээс уг хуваарь нь өөрчлөгдсөн эсэхийг тодруулахаар Снаас нотлох баримт гаргуулахад хуваарь өөрчлөгдөөгүй гэсэн тайлбар гаргасан. Снаас Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 166 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ээлжийн амралтын олговор олгох тухай” журмыг баримталсан гэдэг. Хөдөлмөрийн тухай хууль болон тухайн журамд зааснаар заавал ээлжийн амралтын тухай мэдэгдлийг авсны дараа ээлжийн амралтыг олгоно гэсэн заалт байхгүй. Д.С нь хуваарьт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд үүний дагуу ээлжийн амралтын олговрыг олгосон санхүүгийн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Бүх ажилтнуудын харилцан хамаарал бүхий этгээд, хамаатан садан болохыг захирал нь судлах боломжгүй. С нь хамаарал бүхий этгээдүүд гэдгийг тогтоосон албан бичиг манай байгууллагад ирээгүй гэдэг боловч хамаарал бүхий этгээдүүд байсан гэх баримтыг өөрсдөө хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Д.С нь Санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,832,539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Монгол Улсын Сны сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цуцалж, уг тушаалдаа ажил олгогчийн итгэлийг алдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй, гүйцэтгэгчийг сонгохдоо өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулсан, хоорондоо хамаарал бүхий албан хаагчдыг албан тушаалд томилсон зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэл заасан байна. /хх.6/

4а. Ажил олгогч дээрх тушаалдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.2, 3.1, 3.1.1.а, 3.1.2.а, 3.1.2.г, 3.1.2.д, 3.1.7.в, 3.1.7.г дэх хэсэг, Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1, 3.2.2, 3.2.3, 3.2.5, 3.2.7, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгийг тус тус баримталжээ. /хх.6, 109/

5. Хөдөмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Хөдөлмөрийн гэрээг “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж, 40.1.5-д “Хөдөлмөрийн гэрээг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж тус тус заасан бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг, ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох юм. Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгодог.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл гаргасныг тогтоосон баримтгүй, мөн Авилгатай тэмцэх газрын албан бичигт дурдсан хоёр асуудал нэхэмжлэгчид хамааралгүй, түүнчлэн ээлжийн амралтаа эдэлж байсан” гэж тайлбарлажээ.

7. Нэхэмжлэгч шүүхэд “...мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш” гэсэн тайлбар гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.С Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд Төрийн үйлчилгээний албан хаагч  болох нь Хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.2, 1.4, 3.2.6-т дэх заалт, ажилтныг томилох чөлөөлөх, гуравдагч этгээдтэй Монголын Үндэсний музейг төлөөлж гэрээ байгуулах эрхийг эдэлж төсвийг захиран зарцуулдаг болох нь тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            8. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1-д “Төрийн албан хаагч дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас 3.1.2.а-д “...олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, 3.1.7.в-д “хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах үүрэгтэй” гэж, Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “”гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 3.2.5-д удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан хоёр удаа гаргасан нь баримтаар нотлогдсон”, 3.2.7-д “хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон бол цуцлана” гэж тус тус заажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.С ажилтнууд хоорондоо хамаарал бүхий этгээдүүд гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй, улмаар зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд уг нөхцөл байдлыг мэдэх боломжтой байсан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч өөрийн байгууллагад ажилтныг томилохдоо хоорондоо хамаарал бүхий 8 иргэнийг ажилд томилсон болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний 3.2.5, 3.2.7 болон дээр дурдсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна. 

10. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 3.2.2-т Гэмт хэрэг, авилгатай холбоотой асуудалд холбогдсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, 3.2.3-т байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар тогтоогдсон бол гэрээг цуцлахаар тохиролцжээ.

11. Хэргийн 103-106 дугаар талд Авилгатай тэмцэх газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/6479 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичиг авагдсан, уг албан бичигт Монголын Үндэсний музейн захирлын ... тушаалаар... Өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүдэд .... нарыг томилсон, ... сонгон шалгаруулалтыг явуулсан, ... сонгон шалгаруулалт явуулахдаа нягтлан бодогч Б.Оийн хамаарал бүхий .... хуулийн этгээдийг шалгаруулж, гэрээг байгуулсан талаар дурдсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтан, төсвийн шууд захирагчийн хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл гаргасан энэ үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу биш байна.

12. Авилгатай тэмцэх газрын албан бичигт нэг удаагийн бус олон удаагийн худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулснаар гэрээ байгуулсан, зарим тохиолдолд шууд худалдан авалтыг нэхэмжлэгч хийсэн талаар тусгагдсан байх тул нэхэмжлэгч сонгон шалгаруулалтыг хариуцдаггүй, Өмч хамгаалах зөвлөл сонгон шалгаруулснаар шалгарсан хуулийн этгээдтэй төсвийн захирагчийн хувиар гэрээг байгуулсан, үүргээ хэрэгжүүлсэн тул өөрт хамааралгүй, зөрчил гаргаагүй талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

13. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Соёлын сайдын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалаар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлсэн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. 

14. Хэрэгт Монгол Улсын Соёлын сайдын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал авагдсан, нэхэмжлэгч Д.Сыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс амраахаар хуваарь гарсан байгаа боловч Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “...1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасны дагуу мэдэгдэл өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 15. Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-д “Авилгатай тэмцэх газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны 06/6479 дугаартай ирсэн албан бичгийн дагуу Монголын үндэсний музейн захирал Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогджээ.

Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байсан талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч музейн захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь тогтоогдсон. Ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй.

16. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/00054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Санд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,832,539 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

                                               ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

               Ц.ИЧИНХОРЛОО