Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/00161

 

2022 03 11 181/ШШ2022/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, Э.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, СБДАХ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч СБДАХ Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014.04.02-ны өдрөөс эхлэн СБДАХнд нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажилласан бөгөөд 2019.07.01-ний өдөр СБДАХны даргаар Б.С гэдэг хүн Сүхбаатар дүүргийн Санхүү, Төрийн сангийн дарга Д.Уын санаачилгаар томилогдон ирээд 30 хоногийн дараа Ахмадын хороонд нярав ажилтай Л.Б бид хоёрыг дуудаж хуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй байгаа тул 2019.07.30-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт буй нярав Л.Бг ажлаас нь халж, намайг дүүргийн СТСХ дарга Д.У зөвлөж өөр ажилд шилжүүлнэ гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Ахмадын хорооны даргын №15 тушаалыг өгсөн.

Д.У даргатай уулзахад Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлсэн. Ажил хүлээж аваад 7 хоног өнгөрсний дараа ажлын байр сул орон тоо биш ажилтан нь жирэмсний амралт аваад явсан, ажлын түр орон тоо болохыг мэдсэн. Энэ тухай СДСТС дарга Д.Ут ...би байнгын орон тооны ажлын байранд шилжин ажиллана энэ ажлын байр түр ажлын байр байна гэхэд Чи энэ өгсөн ажлыг хэл ам гаргалгүй хийж бай таны өмнөх ня-бо эрхлэгчтэйгээ таарамж муутай байсан эргэж ажилдаа орохгүй гэсэн та тайван ажиллаж болно. Таныг ажлын байраар хангах ажлыг би мэддэг юм явж ажлаа хий гэсэн тул арга буюу удирдах хүмүүсийн тушаал даалгаврыг дагаж Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн ня-богоор ажилласан.

Гэтэл 2020.04.30-ны өдрөөс тасалбар болгон гэнэт ажлаас халж, өмнө нь ажиллаж байсан Г.Ог Хөдөлмөрийн хуулийн 35.1.4-т зааснаар ажилд нь эгүүлэн авсан. Энэ тухай Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн дарга Д.Ут мэдэгдэхэд ...Одоо ямар ч орон тоо алга. Г.Ог ажилдаа буцаж орно гэж санасангүй таныг ажлаар хангах боломжгүй боллоо... гэсэн.

СБДАХны дарга Б.С, СДСТС дарга Д.У нар төрийн албан хаагчид байж боломгүй шударга бус байдлаар хуйвалдан намайг байнгын ажлын байрнаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл өөр ажилд түр шилжүүлж байна гэж итгүүлж ажлаас халсан тул миний өмнөх ажлын байр одоо ч хэвээр байгаа. Иймд СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн тушаалаар өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй тул СБДАХны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 11 215 396 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч СБДАХ НҮТТБ-ын дарга Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Згийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байгаа тул нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.З нь СБДАХнд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тус хорооны даргын тушаал шийдвэрүүдийн төслийг бичих, ажилчдын цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг бодож олгох, Нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийх зэрэг ажлыг хийж байсны хувьд өөрийнхөө ээлжийн амралтын тушаалыг гаргаад ээлжийн амралтын мөнгөө авч, ажлаас чөлөөлсөн 2019.07.26-ны өдрийн 15 дугаар тушаалыг гаргасан байх боломжтой. Мөн Нийгмийн даатгалын дэвтэрт нь ажлаас чөлөөлсөнийг бичсэн, ажлаа хүлээлгэж өгсөн тул ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй байх ямарч боломжгүй байна.

СБДАХны дарга Б.С нь Э.Зг дуудаж хуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй гэдгээ хэлсэн гэдгийг нэхэмжлэлдээ бичсэн байгаа тул Э.З нь ажлаасаа чөлөөлөгдөөд 130-р цэцэрлэгт ажилд орсоноо мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, 2014.05.01-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, СБДАХны даргын 2019.07.22-ны өдрийн 11 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, СБДАХны цалин олгох тухай хүснэгт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.08.01-ний өдрийн Б/21 дүгээр Э.Зг ажилд авах тухай тушаал, 130-р цэцэрлэгийн нягтлангийн ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.04.27-ны өдрийн Б/09 дүгээр Т.О-г ажилд эгүүлэн авах тухай тушаал, тус шүүхийн 2020.05.25-ны өдрийн 7151 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас СБДАХ НҮТТБ-ын гэрчилгээ, дүрэм, СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн 14/Б дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Бгийн мэдүүлэгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч СБДАХ НҮТББ-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.З нь намайг ажлаас хуйвалдааны журмаар хууран мэхэлж шилжүүлэх ажлыг гол зохион байгуулагч нь СДСТС дарга Д.У гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар СДСТС дарга Д.Уыг татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч биш гэж үзэн уг хариуцагчаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.З нь өөр ажилд түр шилжүүлж байна гэж итгүүлж ажлаас чөлөөлсөн тул шилжүүлсэн 130-р цэцэрлэгийн ажлаас чөлөөлөгдсөнөөр өмнөх ажилдаа эргэж орох эрхтэй гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал нэхэмжлэгчийг өөр ажилд түр шилжүүлээгүй, ажлаас чөлөөлөх тушаал үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Э.З нь 2014.04.22-ны өдрөөс СБДАХ-д нягтлан бодогч зохион байгуулагчаар ажилласан байх бөгөөд СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-17х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч Э.З нэхэмжлэлдээ ...2019.07.01-ний өдөр СБДАХны даргаар Б.С гэдэг хүн томилогдон ирээд 30 хоногийн дараа Ахмадын хороонд нярав ажилтай Л.Б бид хоёрыг дуудаж хуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй байгаа тул 2019.07.30-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт буй нярав Л.Бг ажлаас нь халж, намайг дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Утай зөвлөж өөр ажилд шилжүүлнэ гэж хэлээд Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Ахмадын хорооны даргын №15 тушаалыг өгсөн.

Д.У даргатай уулзахад Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлсэн. Ажил хүлээж аваад 7 хоног өнгөрсний дараа ажлын байр сул орон тоо биш ажилтан нь жирэмсний амралт аваад явсан, ажлын түр орон тоо болохыг мэдсэн... гэж бичсэн, /хх-1-3х/

Э.Згийн Нийгмийн даатгалын дэвтэрт ...СБДАХны ажлаас чөлөөлсөн 2019.07.26-ны өдрийн 14 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгт нягтлан бодогчоор түр авч ажиллуулав. Эрхлэгчийн 2019.08.01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар, мөн 130-р цэцэрлэгт нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөв, Эрхлэгчийн 2020.04.27-ны өдрийн Б/02 тоот тушаалаар гэж дараалсан бичилт хийгдсэн, /хх-8х/

Гэрч Л.Бгийн мэдүүлэгт Э.З нь намайг хуурч, мэхэлж ажлаас шилжүүлсэн гэсэн байна, энэ талаар таньд мэдэх зүйл байна уу гэсэн асуултад хуураагүй, тийм зүйл мэдэхгүй, асуухад цэцэрлэгт нягтлангаар шилжүүлэн ажиллуулах болсон гэсэн, ахмадын хороонд ажиллуулахгүй гэсэн. Нэг өдөр адилхан халагдаж ажлаа өгсөн, 2 тийшээ болсон гэж хариулсан байдал, /хх-80-82х/,

Э.Згийн шүүхэд гаргасан СБДАХны даргын 2019.07.26-ны өдрийн 15 дугаар тушаал /хх-17х/-д Э.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.08.01-ний өдрийн Б/21 дугаар тушаал /хх-15х/-д нягтлан бодогч Г.О нь жирэмсний амралт авсан тул оронд нь Э.Зг авч ажиллуулсан талаар бичсэн зэргийг харьцуулан шинжлэн судлахад Э.Зг ажлаас чөлөөлөгдсөн байдлаа болон 130-р цэцэрлэгт түр ажилд томилогдсон байдлаа 2019 оны 08 сард мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын нэхэмжлэгч Э.Зг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020.05.14-ны өдөр Нийслэлийн архивын газраас хуулбарлан авч мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй болох нь нэхэмжлэгч тушаалыг эх хувиас нь хуулбарлаж нотариатаар гэрчлүүлж шүүхэд гаргасан байдал, хариуцагч талын архивт хадгалагдаж байгаа тушаалын дугаар 14/Б байгаа зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч СБДАХ НҮТББ-ыг нэхэмжлэгч Э.Зг өөр ажилд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын 130-р цэцэрлэгийн ажлаас чөлөөлөгдсөнөөр өмнөх ажилдаа эргэж орох эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.З нь энэхүү ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг анх тус шүүхэд 2020.05.18-ны өдөр гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2020.05.25-ны өдрийн 7151 дугаар захирамж /хх-21-22х/-аар тогтоогдож байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 08 дугаар сараас 2020.05.18-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.З нь уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасны дагуу шүүх Э.Згийн гомдол гаргах хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Э.Згийн СБДАХ НҮТББ-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Згийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Згийн СБДАХ НҮТББ-д холбогдуулан гаргасан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Згийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА