Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00979

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00979

 

 

 

                                 Э.Знэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Зхариуцагч “СДАХ” НҮТББ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Булганмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: СДАХны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,215,396 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгана.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.З 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс СДАХнд нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Тус хорооны дарга Б.Снярав Л.Б, Э.З нарыг хуучин удирдлагатай ажиллаж байсан гэх үндэслэлээр Л.Бг ажлаас нь халж, Э.Зг дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяртай зөвлөж өөр ажилд шилжүүлнэ гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал өгсөн. Улмаар Э.Зг Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлсэн. Нэхэмжлэгч ажлаа хүлээж аваад 7 хоног өнгөрсний дараа уг ажлын байр жирэмсний амралттай хүний  түр орон тоо болохыг мэдсэн. Энэ талаар хэлэхэд  “өгсөн ажлыг хэл ам гаргалгүй хийх, өмнөх ня-бо эрхлэгчтэйгээ таарамж муутай байсан эргэж ажилдаа орохгүй, тайван ажиллаж болно” гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч удирдах хүмүүсийн тушаал даалгаврыг дагаж уг ажилд ажилласан. Гэтэл нэхэмжлэгчийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гэнэт ажлаас нь халж, өмнөх ажилтан Г.Ог ажилд нь эгүүлэн авсан. СДАХны дарга Б.С, ...хэлтсийн дарга Д.Унар шударга бус байдлаар хуйвалдан нэхэмжлэгчийг байнгын ажлын байрнаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өмнөх ажлын байр хэвээр байгаа. Иймд СДАХны даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Э.Зг өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Э.З СДАХнд ажиллаж байхдаа өөрийн ээлжийн амралтын тушаалаа гаргаж ээлжийн амралтын мөнгийг авч, ажлаас чөлөөлөх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалыг гаргасан байх боломжтой. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн талаар бичсэн, ажлаа хүлээлгэж өгсөн тул ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээгүй байх ямарч боломжгүй. Ахмадын хорооны дарга Б.Схуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй талаар хэлсэн гэдгийг нэхэмжлэлдээ бичсэн тул Э.З ажлаасаа чөлөөлөгдөж 130 дугаар цэцэрлэгт ажилд орсон гэдгээ мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Шүүх: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.ЗСДАХ НҮТББ-д холбогдуулан гаргасан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Знэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Э.Здавж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1. Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан удаа дараагийн тайлбараар Э.Зг Чингэлтэй дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын өрөөнд дуудаж өөр ажилд шилжүүлэх гэж байгаа мэтээр ойлгуулж өөр ажилд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 492 дугаар магадлалд гомдол гаргах хугацааг зөрчсөн дүгнэлтийг хийхдээ нөхцөл байдлын талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн. Уг магадлал хүчин төгөлдөр болсон. Хариуцагч талаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч төөрөгдүүлсэн нөхцөл байдал болсон талаар маргадаггүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийг түр ажилд томилж байгаа мэтээр дуудан уулзаж, ажлаас халаагүй, дүрэм журамд заасны дагуу ингэх ёстой мэтээр ойлгуулж хугацаа өнгөрүүлж эрх ашгийг нь хохироосныг нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцлагатай ажил албан тушаал эрхэлдэг хүмүүсийн үгэнд итгэж явсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нь Ахмадын хорооны ажилтанг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ахмадын хорооны дарга нь шинэ баг, бүрэлдэхүүнээр ажиллана, чамтай ажиллах боломжгүй гэдгийг тодорхой хэлсэн бөгөөд Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай ярилцаад өөр ажил, албан тушаалд санал болгож, дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Үүний дагуу Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нэхэмжлэгчийг цэцэрлэгчийн нярвын ажилд түр ажиллах эсэхийг асуухад хүлээн зөвшөөрч тухайн ажилд орсон. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нэхэмжлэлийн агуулга, түр ажлын байранд орсон гэдгээ 7 хоногийг дараа мэдсэн гэх тайлбар, бусад холбогдох нотлох баримтуудаар тогтоогддог. Байгууллагын нягтлан бодогч, нярваар ажиллаж байсан учраас хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоод шинээр хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа гэдгийг тодорхой мэдэж байсан. Хуурагдсан гэдэг тайлбар гаргадаг боловч түүнийг нотлох баримт байдаггүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.З хариуцагч “СДАХ” НҮТББ-д холбогдуулан тус хорооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл, хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Нэхэмжлэгч Э.З 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс СДАХны нягтлан бодогч-зохион байгуулагчаар ажиллаж байгаад тус хорооны даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 130 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас  чөлөөлөгджээ. /хх8-12, 17-18/

4.а. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь “.., шинээр томилогдсон дарга хуучин удирдлагын багт ажиллаж байсан хүмүүстэй ажиллах боломжгүй гэж санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай хуйвалдан өөр ажилд түр шилжүүлж байна гэж итгүүлэн цэцэрлэгийн нягтлангийн ажлын байранд шилжүүлсэн ..,” гэж тайлбарласан.

4.б. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч хуулийн дээрх хугацааг хэтрүүлж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэжээ.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр СДАХны нягтлан бодогч-зохион байгуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Л.Бгийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар Э.Зг нягтлан бодогчийн ажилд томилох тухай тушаал зэргээр нэхэмжлэгчийг СДАХны нягтлан бодогч-зохион байгуулагчийн ажлаас цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд шилжүүлсэн бус харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, шинээр өөр ажилд томилсон болох нь тогтоогдож байна. /хх8, 15, 81-82/

Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар Э.Зг нягтлан бодогч Г.Огийн жирэмсний амралттай байх хугацаанд нягтлан бодогчийн ажилд ажиллуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байранд жирэмсний амралттай байгаа Г.Огийн оронд түр хугацаагаар ажиллахаар болсон гэдгээ мэдэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан “ажлаа хүлээж аваад 7 хоногийн дараа уг ажлын байр жирэмсний амралттай хүний  түр орон тоо болохыг мэдсэн” гэх тайлбараар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн, нэхэмжлэгчийг 2019 оны 07 дугаар сард СДАХ нягтлан бодогч-зохион байгуулагчийн ажлаас нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Ахмадын хорооны дүрмийн 6.5 дахь хэсэгт заасныг баримтлан чөлөөлсөн, 130-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд түр томилогдсон байдлыг нэхэмжлэгч мэдсэн, гэх дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. /хх15/

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хэлэх бөгөөд хууль мэдэхгүй байх, бусдын үгэнд итгэх зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

5.б. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн учраас уг тушаалын талаар шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “хариуцагч тал нэхэмжлэгчийг өөр ажилд түр шилжүүлж байна гэж төөрөгдүүлсэн нөхцөл байдлын талаар маргадаггүй байхад шүүх дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.НЯМБАЗАР

                     ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                            А.МӨНХЗУЛ