Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 136/шш2022/00066

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2022/00066

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, .... тоотод оршин суух, Дэндэв овогт С.Д //-гийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Д, өмгөөлөгч Ж.Ж;

Прокурор: Э.А;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь С.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Самбуугийн өргөмөл охин болох нотлогдож нөхөн олговор олгох материалыг 2020 онд бүрдүүлж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлснээр Зууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зууны мэдээ 108 дугаартай сонинд зарлагдсан тул нөхөн олговрын мөнгийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч С.Днэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Д миний бие тус шүүхэд хандаж нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шаардлагыг нэмэгдүүлж байна. гэжээ.

Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн хэргийн материалыг аваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлд улсын архиваас материал аваад өгсөн. Дараа нь тухайн баримтад нас зөрүүтэй бичигдсэн байна гэж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөх мэдэгдсэн. Намайг 2020 оны 10 дугаар сард Цагаатгалын албан материал өгөхөд энэ тухай юу хэлээгүй. Энэ бол төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс гарсан үр дагавар юм. Дараа нь цагаан сараар 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зууны мэдээ сонинд нөхөн олговор олгох тухай зарлагдсан байсан. Дорноговь аймгийн Иххэт суман Дэлгэрэхийн Самбуу гэх хүн байдаг юм билээ. Улсын архиваас энэ хүний талаар мэдээлэл гарч ирээд зөрүүтэй байдал үүссэн. Манай аав бол Дорноговь аймгийн Мандах суманд оршин сууж байсан Жамбалын Самбуу гэх хүн юм. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд нөхөн олговор 40,000,000 төгрөгийг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нөхөх олговор олгох үндэслэл нь С.Дэлгэрмаагийн өргөж авсан аав Самбуу нь 1938 онд улс, төрийн хэлмэгдэлд хэлмэгдэж 10 жилийн хорих ялыг эдэлж байсан. Тухайн хүний хувьд шоронгоос гарч ирээд нэхэмжлэгч С.Дэлгэрмааг өргөж авсан. Тухайн үед С.Дэлгэрмааг 5 настай байх үед өвчний улмаас нас барсан. Ийм учраас нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт авсан баримтуудаар Самбуугийн үрчлэн авсан өргөмөл охин болох нь тогтоогдож байна. Иймд тухайн нөхөн олговрыг авах эрхтэй. Хэргийн хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудал яригддаг. Энэ бол төрийн албан хаагчийн хайхрамжгүй буруутай үйл ажиллагаанаас үүдэж үүссэн нөхцөл байдал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 08 дугаар сард албан ёсоор аймгийн цагаатгах комисст өгсөн байдаг. Цагаатгах комиссоос тухайн материалыг хүлээж аваад тодорхой хугацаагаар хянаад иргэний бүртгэл, мэдээллийн албанд хандаж албан ёсны Жамбалын Самбуу гэх хүний тодорхойлолтыг авахад Улсын иргэний бүртгэлийн газрын ажилтан 1956 онд төрсөн хүнийг 1965 онд төрсөн гэж буруу бичсэнээр хэргийг шийдвэрлэх хугацааг алдагдуулсан. Энэ бол төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас цагаатгах үйл ажиллагаа цалгардаж цаг хугацаа алдсан нөхцөл байдал үүссэн байдаг. Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн боломжтой гэв.

Прокурор Э.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн үрчилж авсан У.Самбуу нь улс төрийн хэрэгт баривчлагдан БНМАУ-ын Бүх цэргийн Дээд шүүхийн 1938 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих" ялаар шийтгүүлсэн байна. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгалын комиссын 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 106 тоот магадлалаар Ж.Самбууг Байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Архивын Ерөнхий газрын лавлагаа, Зууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэлмэгдэгчдийн нөхөх олговор авах иргэдийн жагсаалт, С.Дэлгэрмаагийн төрсний гэрчилгээний лавлагаа, С.Дэлгэрмааг хэлмэгдэгч Ж.Самбуугийн үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, Өмнөговь аймгийн Манлай сумын хүн амын тооллогын баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжилсэн нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг төрөөс гаргуулж түүнд олгох, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэл гаргах хэтэрсэн хугацааг сэргээх шаардлагыг хүлээн авч хэтэрсэн хугацааг сэргээх нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч С.Дэлгэрмаагийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн нь нотлогдохгүй, харин Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтэрсэн байх ба үүнийг Цагаатгалын комиссоос хянаж үзээд нэхэмжлэл гаргах, нөхөх олговрыг авах эрхтэй гэж үзэж Зууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэлмэгдэгчдийн нөхөх олговор авах иргэдийн жагсаалтад хэвлүүлсэн нь харагдаж байна. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх2/, Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт /хх3/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/350 дугаартай албан бичиг /хх4/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай албан бичиг /хх5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 670 дугаартай албан бичиг /хх6/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3679 дугаартай албан бичиг /хх7, 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай магадлалын хуулбар /хх8-10/, Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5025 дугаартай лавлагаа /хх11/, Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5024 дугаартай лавлагаа /хх12/, Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5026 дугаартай лавлагаа /хх13/, Дорноговь аймгийн улсын архивын 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай лавлагааны хуулбар /хх14/, 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийдвэрийн хуулбар /хх15-16/, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаартай албан бичгийн хуулбар, хавсралт 12 хуудас баримтын хуулбар /хх104-116/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай албан бичиг /хх34/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны07 дугаар сарын 27-ны өдрийн 08/571 дугаартай албан бичиг /хх35/, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай албан бичгийн хуулбар, хавсралт 16 хуудас баримтын хуулбар /хх132-149/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, хавсралт 5 хуудас баримтын хуулбар /хх150-155/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.Дэлгэрмаа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Жамбалын Самбуугийн нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэлмэгдэгч Жамбалын Самбуу нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай магадлалаар Жамбал овогтой Самбууг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан тус тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-10/ болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3679 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хэлмэгдэгч Ж.Самбуугийнд үрчлэгдсэн өргөмөл охин мөн болох нь Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2021/00317 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна./хх-69-99/

Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам-д энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж журмын 4.9-т заасны дагуу Ж.Самбуу нь Зууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 108/6585/ дугаарт нийтлэгдсэн, ийнхүү нийтэлснээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрч, ямар нэг гомдол санал ирээгүй байна.

Дорноговь аймгийн сум дундын 1-р шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Жамбал овогтой Самбуугийн нөхөх олговор 1,000,000 төгрөгийг хэлмэгдэгчийн дүү Ж.Гонгорт олгон шийдвэрлэж байжээ.

Хэлмэгдэгч Ж.Самбууд С.Дэлгэрмаагаас өөр үр хүүхэд байхгүй болох нь Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5025 дугаартай лавлагаа /хх11/, Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5024 дугаартай лавлагаа /хх12/, Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03-4/5026 дугаартай лавлагаа /хх13/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй. гэж заажээ. Нэхэмжлэгч нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу дээрх хуулийн хугацааг хэтрүүлэн шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Тухайн үед Дорноговь аймгийн Цагаатгалын албанаас ямар нэгэн материалыг өгөөгүй. 2020 оны 12 дугаар сард аймгийн архиваас авсан баримт бичигт 1965 онд төрсөн хүнийг 1956 онд төрсөн гэж насны зөрүүг бичсэн талаар 31-ний өдөр мэдэгдсэн. Би 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн хэргийн материалыг аваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлд улсын архиваас материал аваад өгсөн. Тэрнээс хойш надтай огт холбогдоогүй. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь миний биш харин төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт ...Ж.Самбуугийн нөхөх олговрын нэхэмжлэгч С.Дэлгэрмаад холбогдох материалыг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 207 тоот албан бичгээр ирүүлснийг хэлмэгдэгсдийн мэдээллийн нэгдсэн санд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн байна. Уг ирүүлсэн баримтад хэлмэгдэгчид холбогдох мэдээллийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Улсын комиссын ажлын албанаас өдөр тутмын сонинд нийтлэх боломжгүй тухай хариуг иргэн С.Дэлгэрмаа болон Дорноговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст 2021 оны 176 тоот албан бичгээр уламжилсан болно. Харин Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот албан бичигт хавсаргасан Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот залруулга бичгийг үндэслэн Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын дагуу, мөн иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүйг харгалзан Зууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №108/6585 дугаарт нөхөх олговрын бүрдүүлбэр хангасан иргэдийн нэрсийн жагсаалтын хэлмэгдэгчийн хүүхэд хэсгийн 16 дугаарт С.Дэлгэрмаагийн нэрийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд сонинд нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд Улсын комиссын ажлын албанд өөр нэхэмжлэгч ирж бүртгүүлээгүй, нэхэмжлэлийн маргаан гаргаагүй болно. /хх-132/ гэжээ.

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай ...иргэн С.Дэлгэрмаагийн хүсэлтийн дагуу архивын тасгийн архивч Б.Баянбатаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгосон 584 тоот архивын лавлагаанд Жамбалын Самбуу, 56 настай гэж буруу бичсэнийг залруулж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05 тоот архивын лавлагааг дахин олгов. гэх албан бичиг/хх-152/-ийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж, Дорноговь аймгийн Засагд даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05 дугаартай Архивын тодорхойлолт/хх-153/-ыг ... Жамбалын Самбуу 65 настай эрэгтэй, ... гэж засварлаж дахин олгожээ.

Дээрх баримтаас үзэхэд С.Дэлгэрмаа нөхөх олговор гаргуулах тухай материалаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст 2020 оны 9 дүгээр сард буюу тус комиссоос материалыг хянан шалгаад өдөр тутмын сонинд нийтлэх боломжтой хугацаанд өгсөн байна. Харин тус комиссоос архивын тодорхойлолтод хэлмэгдэгч Ж.Самбууг 66 биш 56 настай гэж бичсэн зөрүүтэй мэдээллээс шалтгаалан өдөр тутмын сонинд нийтлээгүй байна. Тус алдаатай тодорхойлолтыг Дорноговь аймгийн Архивын тасгаас дахин гаргуулах, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст илгээх зэрэг ажиллагаа хийгдэх явцад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд дээрх үйл явдалд нэхэмжлэгч С.Дэлгэрмааг буруутгах боломжгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар С.Дэлгэрмаагийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Самбуугийн нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, түүнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

Нөхөх олговор олгохыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн оршин суух Дорноговь аймгийн Сайншанд сумын санхүүгийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар С.Дэлгэрмаагийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Самбуугийн нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дэндэв овогт Сэржийн Дэлгэрмаа /РД:ЕЮ59051308/-д 40,000,000 /Дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА