Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 202/МА2021/00023

 

 

 

 

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2021/00194 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Холбооны *-*** тоотод оршин суух, Д овогт С-ийн Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Э.А /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ажаа Ж-ын С миний өргөж авсан эцэг, Өлгий хийдэд лам байж байгаад лам нарын эсэргүү хэргээс 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж 10 жилийн хорих ял эдэлж байсан. 10 жил шоронд байж байгаад ирээд намайг 1959 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөж авсан гэсэн. Миний дээр 2 ах байдаг байсан боловч нэг нь 5 настай, 1 нас 6 сартай байхдаа өнгөрсөн гэж хэлсэн. Манай аав Ж.С намайг сургуульд ороход буюу 1960 онд нас барсан. Хамт амьдарч байсан ээжийнх нь дүү Г, Ц, Ц, С нарыг би мэднэ. Нөхөх олговор 1 000 000 төгрөгийг Г гэдэг хүн авсан. Г нь намайг өргөж авсан аавын эгч Ц гэдэг хүний ганц хүү байж байгаад 2016 онд нас барсан. Иймд нөхөх олговор 40 000 000 төгрөг олгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор Т.Цанхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэлмэгдэгч Ж.С нь улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж ял эдэлсэн, түүнийг цагаатгасан болох нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хүн амын тооллого, үрчилж авсан баримтуудаар нэхэмжлэгч С.Д нь хэлмэгдэгч Ж.С-ийн үрчилж авсан хүүхэд мөн бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” мөн тул нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Гэвч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгагдсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн  хугацаанд байна” гэх заалтаар С.Д-ийн нэхэмжлэл гаргах хугацаа дууссан үед нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахад саад болсон, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй. Иймд С.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Ж.Ж нар давж заалдсан гомдолдоо: “...Уг иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан эргэлзээгүй байдлаар судлан дүгнэж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын С нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн, түүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаар магадлалаар цагаатгасан байна. Нэхэмжлэгч С.Д нь Ж.С-ийн үрчилж авсан хүүхэд мөн болох нь Дорноговь аймгийн Улсын архивын 1998 оны 05 сарын 22-ны өдрийн 69 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна. Монгол Улсын Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай албан бичигт “Хэлмэгдэгч Ж-ын С болон хүүхэд С.Д нарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн байр, орон сууц болон орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт Хэлмэгдэгсдийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй гэж дүгнээд С.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С-ийн үрчилж авсан хүүхэд тул тэрээр 13 дугаар зүйлийн 13.2.2 “улс төрийн хилс хэрэгт холбогдогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг”-т заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэсэн атлаа энэ бүхий л нотолгоог С.Д нь хэдийгээр хуульд заасны дагуу нөхөх олговор авах эрхтэй боловч хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш жилийн хугацаанд байна гэж заасныг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай илтэд хууль зөрчих нэг нөхцөл болсон байна. Өөрөөр хэлбэл С.Д-г 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд дээрхи хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, түүний хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл огт тогтоогдохгүй байна хэмээн үзэж энэ талаарх шаардлагатай нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн цаг хугацааны байдлаар үгүйсгэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасан шүүхээс шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэсэн заалттай зөрчилдөж улмаар шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос ч энэ бүхий л ач холбогдолтой баримтыг тодорхойлж дүгнэж чадаагүй хэмээн үзэж байгаа болно. Иймд энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдгээр шалтгаан нөхцөлийг харгалзахгүй хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Хавтаст хэргийн 33, 17 дугаар хуудсанд авагдсан цагаатгах комисст хандаж зохих ёсны ажиллагааг хийлгэсэн баримт байгаа. Үүнтэй уялдуулаад цагаатгах комиссын зохих ёсны буруутай үйл ажиллагаа байгаа. С.Д цагаатгах комисст 2021 оны 09 дүгээр сард материалуудаа өгсөн, түүнээс хойш ямар нэг сураг чимээгүй байж байгаад 10 сард архивын лавлагаа буруудсан байна гэж тодруулга ирээд архиваас авч явуулсан. Архивын ажилтан 1956 он гэхийг 1965 он гэж андуурч бичсэн байдаг. Үүнээс хойш хариугүй байж байгаад 2021 оны 05 дугаар сард хэвлэл мэдээллээр зарлагдаад ирсэн ийм нөхцөл байдал байгаа болохоор төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагааны нөхцөл байгаа юм. С.Д-г 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд дээрхи хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, түүний хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл огт тогтоогдохгүй байна хэмээн үзэж энэ талаарх шаардлагатай нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн цаг хугацааны байдлаар үгүйсгэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасан шүүхээс шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэсэн заалттай зөрчилдөж улмаар шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос ч энэ бүхий л ач холбогдолтой баримтыг тодорхойлж дүгнэж чадаагүй хэмээн үзэж байгаа болно. Иймд энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хэргийн анхан шатны шүүх С.Д-ийн нөхөх олговор олгох нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 194 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан Ж.С ял эдэлсэн, түүнийг цагаатгасан, хүн амын тооллогоор хүүхэд үрчлэн авсан бичгийн нотлох баримтуудаар С.Д нь Ж.С-ийн хүүхэд гэж тогтоогддог. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.С-ийн нөхөх олговрыг нэхэмжлэх хүн мөн байна гэж тогтоож өгсөн. Гэвч Ж.С нь 1938 оны 10 дугаар сарын 22-ны 37 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн, түүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 6 сарын 26-ны өдрийн 106 дугаар магадлалаар цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан, энэ хуулийг зөрчсөн. Уг хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дагаж мөрдөгдсөн байдаг. Иймд анхан шатны шүүхээс С.Д-г 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэл гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дүгээр зүйлд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн энэ заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын зүгээс шүүх зохих хуулийг зөв хэрэглэсэн учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий субъект мөн эсэх, тогтооход шаардлагатай нотлох баримтууд дутуу байгаа үүнийг шинээр гаргаж авахад шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй гэж бодож байгаа. Тиймээс нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд уг заалт хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 194 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Д нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокуророос нэхэмжлэл гаргах хугацаа дууссан үед нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргахад саад болсон, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж татгалзсан тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч “...С.Д-г хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл огт тогтоогдохгүй байна хэмээн үзэж, шаардлагатай нотлох баримтуудыг нэг удаа хойшлуулах гэсэн заалтыг зөрчсөн, прокурор энэ бүхий л ач холбогдолтой баримтыг тодорхойлж дүгнэж чадаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал анхан шатны шүүхээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх ба онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхийн санаачилгаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх учиртай.

 

Тодруулбал Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт гэсэн гарчигтай, ”Зууны мэдээ” сонины 2021-05-28-ны өдийн №108/6585/ дугаар /1хх-3/-т, хэлмэгдэгчийн хүүхэд гэх хэсгийн 16-д нэхэмжлэгч С.Д бичигдэж, “...С-ийн Д-г нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн, хэлмэгдэгч С Ж-ын хүүхэд” гэж нийтэд мэдээлсэн байх ба нэхэмжлэгч С.Д анхан шатны шүүх хуралдаанд “...цагаатгалын албанд 2020 оны  9, 10 дугаар сард ковид өвчин гарахын өмнө өгсөн, 10 дугаар сард архивын газрын 3 лавлагааг өгсөн, түүнээс хойш ковид гарч нэмэлтээр явуулсан материал нь шуудангаар очихгүй, нааш, цааш явж оны өмнө очсон. Зарим материалыг буруу явуулсан байсныг би хөдөө байдаг болохоор мэдээгүй. Ковидоос шалтгаалж, 40 дүгээр тогтоол очихгүй хоцорсон, Цагаатгалын алба хэзээ УБ руу явуулсын, цагаатгалд миний үндсэн хувь бүгд байсан, УБ руу өгч явуулсан гэж ярьдаг, Аймгийн бүртгэл мэдээллийн ажилтны буруугаас хүний нас, оныг сольж бичсэн хариуцлагагүй явдлаас хамаг материал буруу болсон. УБ хотын цагаатгалын алба Дэлгэрэхийн С гэдэг хүнийг татаж аваад хугацаа авсан, улсын архивт Дэлгэрэх гэдэг хүний өрхийн бүртгэл тусдаа байсан, манай ажаа Мандах суманд байсан, ийм асуудлаас хугацаа хоцорсон” гэсэн тайлбар гаргажээ.  

 

Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй учир нэхэмжлэгч С.Д-ийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан ”Зууны мэдээ” сонинд нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс 30 хоногийн дараа нэхэмжлэгч С.Д-аас харьяалах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэх гэсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба нэхэмжлэгчийг шүүхэд “нөхөх олговор” гаргуулах нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэнтэй холбоотой түүний тайлбарт дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт болох учир Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.Д “нөхөх олговор авах” нэхэмжлэлээ 2021-06-29-ний өдөр шүүхэд гаргасан шалтгаан нөхцөл нь холбогдох эрх бүхий төрийн байгууллагатай холбоотой эсэхийг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.  

 

Мөн хэлмэгдэгч Ж.С нь нэхэмжлэгч С-ийн Д-г үрчилж авсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүйн гадна холбогдох архивын лавлагаа нь хуулбар хувь байгаагаас үзэхэд үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхээс шалгаж, тогтоох нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.  

 

Давж заалдах шатны шүүхээс дурдсан эдгээр нөхцөл байдлыг залруулах, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2021/00194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Ж.Ж нараас гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

           

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                          Н.БОЛОРМАА