Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/01030

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 5 дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, А овогт Ш гийн П /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Х...ын гудамж, ... тоот хаягт оршин байх, Э... ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Х...ын гудамж, ... тоот хаягт оршин суух, К /Паспортын дугаар .../, Монгол улсад оршин суух үнэмлэхний дугаар № .../ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 25,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.П гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.П нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К болон түүний гадаадын хөрөнгө оруулалттай компани болох Э... ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Э... болон түүний захирал К нар нь Солонгос улсаас E компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэх, нэхэмжлэгч Ш.П нь тэдний оруулж ирүүлсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах тус тусын үүргийг хүлээж хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх гэрээний дагуу Ш.П нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 вон, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 вон, 4,445,000 төгрөгийг тус тус Э... ХХК болон түүний захирал К д өгсөн бөгөөд тухай бүр Э... ХХК-ийн захирал К оос кассын орлогын ордерыг бичүүлэн авч байсан. Гэвч Э... ХХК болон түүний захирал К нар нь байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй болсон нь илт мэдэгдэж, цаашид гэрээнд заасан E компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирж чадахааргүй болсон тул 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс цуцалсан. Улмаар хамтран ажиллах гэрээг цуцалж, оруулсан хөрөнгөө татах тухай хэлцлийг зохигчид 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Тус хэлцэлд Э... болон түүний захирал К нь Ш.П гээс дээр дурдсан мөнгийг авч хамтран ажиллаж эхэлсэнээс хойш тус компанийн нэрээр Ш.П гийн төлсөн гааль татварын хураамж болох 3,850,515 төгрөгийг нийлүүлээд нийт 37,300,000 төрөгийг буцаан олгохоор тохиролцсон. Гэвч хариуцагч нар нь хэлцлийн 2.4.1-т 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 11,360,000 төгрөг төлж барагдуулна, мөн 2.4.2-т 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 25,940,000 төгрөг төлж барагдуулна гэх заалтуудыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Тодруулж хэлэхэд 37,300,000 төгрөгөөс гааль татварын хураамж 3,850,515 төгрөгийг хасвал үлдэх 33,449,485 төгрөг нь гоо сайхны бүтээгдэхүүний үнэ гэдгийг хэлмээр байна. Иймд Э... ХХК, К нараас 37,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хариуцагч тал 5,000,000 вон өгсөн, үүнийг Монгол төгрөгт шилжүүлбэл /1 вонн 2.27 төгрөг/ 11,350,000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хасвал нэхэмжлэлийн шаардлага 25,950,000 төгрөг болгож байгаа тул шаардлагаа 11,350,000 төгрөгөөр багасгаж, 25,950,000 төгрөг болгож байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох 25,950,000 төгрөгийг бид дээрх 2 хариуцагчийн хэн аль буруутай этгээдээс нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Э ХХК, К нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ш.П тэй манай компани хамтран ажиллах гэрээ байгуулж, Солонгос улсаас E компанийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирэх үүргийг хүлээсэн, харин оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүргийг Ш.П хүлээсэн. Мөн түүнээс 13,000,000 вон, 4,445,000 төгрөгийг авсан нь үнэн. Хариуцагч Э... ХХК нь Солонгос улсаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Монгол улсад гоо сайхны бараанууд оруулж ирсэн ба бараагаа зарж борлуул гэж Ш.П д хэлэхэд тэрээр ийм их барааг би борлуулж чадахгүй гэсэн. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ Ш.П биелүүлж, ашиг орлого олохын оронд байнга шахуу мөнгөө авъя гээд байхаар нь Солонгост байдаг ээжийнх нь дансаар 5,000,000 воныг шилжүүлж өгсөн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны барааг Ш.П мөнгөндөө тооцож авсан. Ингээд түүнээс авсан 13,000,000 воноос 5,000,000 воныг буцааж өгсөн тул 8,000,000 вон үлдсэн ба энэ нь Монгол төгрөгөөр тооцвол /1 воныг 2.21 төгрөг/ 17,680,000 төгрөг болж байх бөгөөд үүнээс Ш.П д өгсөн 17,500,000 төгрөгийн гоо сайхны барааны үнийг хасч тооцвол 180,000 төгрөг үлдэж байна. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан 4,445,000 төгрөг дээр 180,000 нэмж тооцоход 4,625,000 төгрөг болж байна. Хариуцагч Э... ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш.П гийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,625,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К нь Э... ХХК-ийн захирал бөгөөд Ш.П тэй тус компанийн захирлын хувиар 2019 оны 08 дугаар сарын 27-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан, харин иргэн К нь иргэний хувиар гэрээ байгуулаагүй тул гэрээнээс үүсэх хариуцлага, үл дагаварыг иргэн хүний хувиар хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин короно вирус гарсан, зах зээл хумигдсан хүнд үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж өөрийн оруулсан мөнгөө авахыг урьтал болгож манай компанийг хүнд байдалд оруулсанд гомдолтой байна. Мөн нэг утга бүхий нэхэмжлэлийг компаниас болон иргэн надаас давхардуулан нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд иргэн К надад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ш.П тэй хариуцагч Э... ХХК нь хэлцэл байгуулж бүтээгдэхүүн оруулж ирэхээр болсон. Нэхэмжлэгч талд маргаангүй төлөх төлбөрийг дурдья, гааль татварын хураамжийн төлбөр 3,850,515 төгрөг юм. Харин 13,000,000 воныг манайх хүлээж авснаа хүлээн зөвшөөрч байгаа, үүнээс 5,000,000 воныг нэхэмжлэгч талд өгсөн. Гол маргаж байгаа зүйл нь өмнөх шүүх хуралдаанаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийг шинжээч томилж тогтоолгохыг хүссэн, яагаад гэвэл гаалийн мэдүүлгээр нэг бүрийн үнийг бодитоор гаргах боломжгүй. К д миний бие та тухайн оруулж ирсэн гоо сайхны бараа бүтээгдэхүүний Солонгост байгаа зах зээлийн үнийн дүнг гаргаад өг гэхэд тэрээр Монгол төгрөгөөр тооцвол нэг барааны үнэ 46,000 төгрөг болж байна гэсэн. Тэгэхээр нь Солонгос улсад 46,000 төгрөгөөр зарагдаж байгаа зүйлийг гаалийн мэдүүлгээр та яаж 13,000 төгрөг болгож оруулж ирсэн бэ гэхэд тэрээр би E компанитай олон жил хамтарч ажилласан болохоор бонус болгож надад хямдхан өгсөн гэж тайлбарласан. Монголд их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирж байхад нэхэмжлэгч тал гацаасан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн воны ханш 2.21 төгрөг байсан, өнөөдрийн ханш 2,51 төгрөг болсон. Манай зүгээс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2.21 төгрөгийн ханшаар үлдэгдэл 8,000,000 воныг бодож 17,680,000 төгрөг дээр гаалийн татварын хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,850,515 төгрөгийг нимэхэд 21,530,515 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч талд өгсөн 9,200,000 төгрөгийг хасвал 12,330,515 төгрөг болно. Үүнд дээр бараа бүтээгдэхүүний 4,445,000 төгрөгийг нэмээд нийт 16,775,515 төгрөгийг нэхэмжлэгч талд өгч болно. Хэрвээ 368 ширхэг шампунийг тухайн үеийн үнээрээ худалдаж аваад үнийн дүнгээсээ хасвал маргаан байхгүй. Нэхэмжлэгчид өгсөн 5,000,000 воныг 11,350,000 төгрөгөөр буюу 1 воныг 2.27 төгрөгөөр тооцож байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.П нь хариуцагч Э... ХХК, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К нарт холбогдуулан гэрээний үүрэгт 25,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч Э... ХХК нь ... тус компани нь Солонгос улсаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Монгол улсад гоо сайхны бараанууд оруулж ирсэн ба бараагаа зарж борлуул гэж Ш.П д хэлэхэд тэрээр ийм их барааг би борлуулж чадахгүй гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчид 5,000,000 воныг шилжүүлж өгсөн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны барааг Ш.П мөнгөндөө тооцож авсан. Нэхэмжлэгчид өгсөн 5,000,000 воныг 11,350,000 төгрөгөөр буюу 1 воныг 2.27 төгрөгөөр тооцож байгаа гэж, хариуцагч К нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К нь Э... ХХК-ийн захирал бөгөөд Ш.П тэй тус компанийн захирлын хувиар 2019 оны 08 дугаар сарын 27-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан, харин иргэн К нь иргэн хүний хувиар гэрээ байгуулаагүй тул гэрээнээс үүсэх хариуцлага, үл дагаварыг иргэний хувиар хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.П , хариуцагч Э... ХХК нар нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 тоот Хамтран ажиллах гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр Э... ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын E компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэх, нэхэмжлэгч Ш.П нь тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад зарж борлуулах, ашгийг талууд 50, 50 хувиар хувааж авах гэж тохиролцсон байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.П нь хариуцагч Э... ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Бүгд Найрамдах Солонгос улсаас гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж чадахгүй нь илт боллоо гэх үндэслэлээр хамтран ажиллах гэрээг цуцалснаар зохигчид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээг цуцалж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцэл-ийг байгуулж, хариуцагч Э... ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11,360,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 25,940,000 төгрөг, нийт 37,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.П д төлж барагдуулахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан тул 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг цуцалж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцэл-ийн үүргийг шаардаж байна гэх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл нэхэмжлэгч Ш.П нь хариуцагч Э... ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаарджээ.

 

Хэрэгт авагдах шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Ш.П нь гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гоо сайхан хөрөнгө оруулалт гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 воныг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 воныг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4,445,000 төгрөгийг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Э... ХХК-ийн нэрээр гаалийн татварт 3,850,515 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Э... ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09, 19-ний өдрүүдийн Кассын орлогын ордер, Улаанбаатар дахь Гаалийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн татвар төлсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна. Хариуцагч Э... ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 воныг Бүгд Найрамдах Солонгос улсын НОНХЁБ банкин даь Т.А ын ...дугаар дансаар дамжуулан нэхэмжлэгч Ш.П д /Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ буцаан төлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа /1 воныг 2.27 төгрөгөөр тооцож/ 11,350,000 төгрөгөөр багасгажээ.

 

Хариуцагч Э... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа бүтээгдэхүүнийг оруулж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн, гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар зохицуулна. Өөрөөр хэлбэл гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч Э... ХХК нь нэхэмжлэгч Ш.П гээс 13,000,000 вон, 4,445,000 төгрөгийг хүлээн авсан, гаалийн татварт компанийн өмнөөс 3,850,515 төгрөгийг төлүүлсэн талаар маргаагүй, улмаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11,360,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 25,940,000 төгрөг, нийт 37,300,000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцэл, Э... ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот баталгаагаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Э... ХХК нь дээрх төлбөрөөс 5,000,000 вон буюу 11,350,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 25,950,000 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч Ш.Пүрэсүрэн нь гаалийн татварт 3,850,515 төгрөгийг хариуцагч Э... ХХК-ийн өмнөөс төлсөн нь гаалийн татвар төлсөн баримтаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э... ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 22,099,485 төгрөг, гаалийн татварт төлсөн 3,850,515 төгрөг, нийт 25,950,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.П д олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч Э... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.П д төлбөл зохих 37,300,000 төгрөгтөө тооцож 17,500,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг шампунь, 300 ширхэг тритмент буюу ангижруулагч өгсөн тул 17,500,000 төгрөгийг хасч тооцох ёстой гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ... дээрх 400 ширхэг шампунь, 300 ширхэг ангижруулагчийг нэхэмжлэгч төлбөртөө тооцож аваагүй, хариуцагчаас барьцаа болгож авсан гэж няцаасан. Мөн хариуцагч тал дээрх тайлбараа нотолж чадаагүй тул бараа бүтээгдэхүүний үнэ 17,500,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцох боломжгүй байна.

Харин Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К нь нэхэмжлэгч Ш.П тэй иргэний хувиар хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Э... ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 22,099,485 төгрөг, гаалийн татварт төлсөн 3,850,515 төгрөг, нийт 25,950,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.П д олгож, хариуцагч К д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР