Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00969

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01030 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.П-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э И ХХК, БНСУ-ын иргэн К Х М нарт холбогдох, 25,950,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.П- нь БНСУ-ын иргэн К Х М болон түүний гадаадын хөрөнгө оруулалттай компани болох Э И ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 08 сарын 27-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Э И ХХК, түүний захирал К Х М нар нь БНСУ-аас Enesti компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэх, нэхэмжлэгч Ш.П- нь тэдний оруулж ирүүлсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах тус тусын үүргийг хүлээж хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх гэрээний дагуу Ш.П- нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр 3,000,000 вон, 2019 оны 08 сарын 19-ний өдөр 10,000,000 вон, 4,445,000 төгрөгийг тус тус Э И ХХК болон түүний захирал К Х Мд өгсөн бөгөөд тухай бүр Э И ХХК-ийн захирал К Х Моос кассын орлогын ордерыг бичүүлэн авч байсан. Гэвч хариуцагч нар нь байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй болсон нь илт мэдэгдэж, цаашид гэрээнд заасан Enesti компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирж чадахааргүй болсон тул 2019 оны 08 сарын 27-ны өдрийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс цуцалсан. Улмаар хамтран ажиллах гэрээг цуцалж, оруулсан хөрөнгөө татах тухай хэлцлийг зохигчид 2019 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан. Тус хэлцэлд хариуцаг нар нь Ш.П-гээс дээр дурдсан мөнгийг авч хамтран ажиллаж эхэлснээс хойш тус компанийн нэрээр Ш.П-гийн төлсөн гааль татварын хураамж болох 3,850,515 төгрөгийг нийлүүлээд нийт 37,300,000 төгрөгийг буцаан олгохоор тохиролцсон.

Гэвч хариуцагч нар нь хэлцлийн 2.4.1-т 2019 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 11,360,000 төгрөг төлж барагдуулна, мөн 2.4.2-т 2019 оны 11 сарын 15-ны дотор 25,940,000 төгрөг төлж барагдуулна гэх заалтуудыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Тодруулбал, 37,300,000 төгрөгөөс гааль татварын хураамж 3,850,515 төгрөгийг хасвал үлдэх 33,449,485 төгрөг нь гоо сайхны бүтээгдэхүүний үнэ гэдгийг хэлмээр байна. Иймд хариуцагч нараас 37,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хариуцагч тал 5,000,000 вон өгсөн, үүнийг Монгол төгрөгт шилжүүлбэл /1 вонн 2.27 төгрөг/ 11,350,000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 25,950,000 төгрөгийг хариуцагч нарын хэн аль буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 08 сарын 27-ны өдөр Ш.П-тэй манай компани хамтран ажиллах гэрээ байгуулж, БНСУ-аас Enesti компанийн гоо сайхны бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх үүргийг хүлээсэн, харин оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүргийг Ш.П- хүлээсэн. Мөн түүнээс 13,000,000 вон, 4,445,000 төгрөгийг авсан нь үнэн. Хариуцагч Э И ХХК нь БНСУ-аас 2019 оны 09 сарын 04-ний өдөр, 2020 оны 10 сарын 25-ны өдрүүдэд Монгол улсад гоо сайхны бараанууд оруулж ирсэн ба бараагаа зарж борлуул гэж Ш.П-д хэлэхэд тэрээр ийм их барааг би борлуулж чадахгүй гэсэн. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ Ш.П- биелүүлж, ашиг орлого олохын оронд байнга шахуу мөнгөө авъя гээд байхаар нь БНСУ-д байдаг ээжийнх нь дансаар 5,000,000 воныг шилжүүлж өгсөн. Мөн 2020 оны 03 сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны барааг Ш.П- мөнгөндөө тооцож авсан. Ингээд түүнээс авсан 13,000,000 воноос 5,000,000 воныг буцааж өгсөн тул 8,000,000 вон үлдсэн ба энэ нь Монгол төгрөгөөр тооцвол /1 воныг 2.21 төгрөг/ 17,680,000 төгрөг болж байх бөгөөд үүнээс Ш.П-д өгсөн 17,500,000 төгрөгийн гоо сайхны барааны үнийг хасч тооцвол 180,000 төгрөг үлдэж байна. Ингээд 2019 оны 08 сарын 19-ний өдөр авсан 4,445,000 төгрөг дээр 180,000 нэмж тооцоход 4,625,000 төгрөг болж байна. Хариуцагч Э И ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш.П-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,625,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. БНСУ-ын иргэн К Х М нь Э И ХХК-ийн захирал бөгөөд Ш.П-тэй тус компанийн захирлын хувиар 2019 оны 08 сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, харин К Х М нь иргэний хувиар гэрээ байгуулаагүй тул гэрээнээс үүсэх хариуцлага, үл дагаварыг иргэн хүний хувиар хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин короновирус гарсан, зах зээл хумигдсан хүнд үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж өөрийн оруулсан мөнгөө авахыг урьтал болгож манай компанийг хүнд байдалд оруулсанд гомдолтой байна. Мөн нэг утга бүхий нэхэмжлэлийг компани болон иргэнд давхардуулан нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Иймд БНСУ-ын иргэн К Х Мд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талд маргаангүй төлөх төлбөрийг дурдья, гааль татварын хураамжийн төлбөр 3,850,515 төгрөг юм. Харин 13,000,000 воныг манайх хүлээж авснаа хүлээн зөвшөөрч байгаа, үүнээс 5,000,000 воныг нэхэмжлэгч талд өгсөн. 2019 оны 08 сарын 27-ны өдрийн вонын ханш 2.21 төгрөг байсан, өнөөдрийн ханш 2,51 төгрөг болсон. Манай зүгээс 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 2.21 төгрөгийн ханшаар үлдэгдэл 8,000,000 воныг бодож 17,680,000 төгрөг дээр гаалийн татварын хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,850,515 төгрөгийг нэмэхэд 21,530,515 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч талд өгсөн 9,200,000 төгрөгийг хасвал 12,330,515 төгрөг болно. Үүнд дээр бараа бүтээгдэхүүний 4,445,000 төгрөгийг нэмээд нийт 16,775,515 төгрөгийг нэхэмжлэгч талд өгч болно. Хэрвээ 368 ширхэг шампунийг тухайн үеийн үнээрээ худалдаж аваад үнийн дүнгээсээ хасвал маргаан байхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Э И ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 22,099,485 төгрөг, гаалийн татварт төлсөн 3,850,515 төгрөг, нийт 25,950,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.П-д олгож, хариуцагч К Х Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 287,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э И ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Э И ГХОХХК болон түүний захирал К Х М нар нь надтай байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй болсон нь илт мэдэгдэж, цаашид гэрээнд заасан БНСУ-ын "Enesti" компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирхээргүй болсон тул... гэж тусгасан байдаг. Гэвч компанийн зүгээс ковид цар тахлаас болоод цаг хугацаа алдсан болохоос гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зүйл байгаагүй. Нэхэмжлэгч тал 700 ширхэг шампунь,ангижруулагчийг төлбөртөө тооцож авсан болохоо баталж Солонгос хэлээр дээр бичсэн гар бичмэл хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатардорж нь шүүх хуралдаанд "2020 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.П-д төлбөл зохих 37,3000,000 төгрөгтөө тооцож 17,500,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг шампунь, 300 ширхэг тритмент буюу ангижруулагч өгсөн тул 17,500,000 төгрөгийг хасч тооцох ёстой гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат "...дээрх 400 ширхэг шампунь, 300 ширхэг ангижруулагчийг нэхэмжлэгч төлбөртөө тооцож аваагүй, хариуцагчаас барьцаа болгож авсан гэж няцаасан. Мөн хариуцагч тал дээрх тайлбараа нотолж чадаагүй тул бараа бүтээгдэхүүний үнэ 17,500,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцох боломжгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч тал 400 ширхэг шампунь, 300 ширхэг ангижруулагчийг өөрийнхөө эзэмшил өмчлөлд шилжүүлэн авсан гэдэгт нэхэмжлэгч тал огт маргадаггүй бөгөөд зөвхөн уг 700 ширхэг барааг гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үнээр буюу 13,000 төгрөгөөр бодож авах сонирхолтой болохоо илэрхийлж гаалийн байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж, түүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж үлдсэн. Шүүх ингэж нэхэмжлэгч талын хүсэлтээр шампунь, ангижруулагчийн гаалийн мэдүүлэгт тусгагдсан барааны үнийг хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн байтлаа хариуцагч талын шинжээч томилуулж шампунь, ангижруулагчийн Монгол болон Солонгосын зах зээлийн үнийг тогтоох хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзсан нь илэрхий логикийн алдаатай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэснийг зөрчиж нэхэмжлэгч талд давуу байдал олгосон ноцтой зөрчил гэж үзэж байна.

Мөн шүүх өөрийнх нь хүсэлтийг хангаад хариуцагч талын хүсэлтийг татгалзаад шүүх хуралдаан цааш үргэлжлэхээр болсон өөрт нь ашигтай байдал үүссэн учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг барааг барьцаанд авсан мэтээр урьд гаргасан тайлбараа үгүйсгэсэн ба үүнийгээ харин нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд 700 ширхэг шампунь, ангижруулагчийг барьцаалсан талаарх ямар нэгэн баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй. Нөгөө талаас анхан шатны шүүх 700 шампунь, ангижруулагчийг барьцаалбар гэж үзсэн юм бол үүргийн гүйцэтгэлийг түүгээр хангах эсэхийг шийдвэртэй тодорхой тусгах учиртай байхад орхигдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ш.П- нь хариуцагч Э И ХХК, БНСУ-ын иргэн К Х М нарт холбогдуулан, 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг цуцалж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцэл-ийн дагуу нийт 37,300,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, шүүх хуралдааны явцад шаардлагаа 11,350,000 төгрөгөөр багасгаж, нийт 25,950,000 төгрөг гаргуулахыг хүсчээ. /хх 1, 81/

 

Хариуцагч Э И ХХК нь нэхэмжлэгчийн ээж Т.Алтантуулын БНСУ дахь Нонхёб банкны 356-1066-0897-63 тоот дансаар 5,000,000 воныг шилжүүлж өгсөн /хх39-40/, мөн нэхэмжлэгчид 17,500,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн учир үлдэгдэл 4,625,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж, харин хариуцагч БНСУ-ын иргэн К Х М нь нэхэмжлэгчтэй иргэний хувиар гэрээний харилцаанд ороогүй учир шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ. /хх 28, 29/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Э И ХХК болон Ш.П- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 27-ны өдрийн №1 тоот Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 10 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг цуцлаж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа анх үүссэн, улмаар гэрээний талууд хамтран ажиллах гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь гэрээ цуцалсны үр дагаврыг шаардаж буй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. /хх 5-6, 7/

 

Тодруулбал, Э И ХХК болон Ш.П- нар Монгол улсад ашиг олох зорилгоор БНСУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхээр харилцан тохиролцож /хх 5-6/, Ш.П-гийн зүгээс нийт 13,000,000 вон, 4,445,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө хариуцагчид шилжүүлэн өгсөн /хх 9-11/ боловч талууд гэрээг цуцалсан /хх 7/ байх ба гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Э И ХХК нь Ш.П-д 2019 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 11,360,000 төгрөг, 2019 оны 11 сарын 15-ны өдрийн дотор 25,940,000 төгрөг, нийт 37,300,000 төгрөгийг буцаан шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Э И ХХК-аас 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг цуцлаж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцэл-ийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй байна. Харин БНСУ-ын иргэн К Х М нь иргэний хувиар Ш.П-тэй аливаа гэрээний харилцаанд ороогүй байх тул хамтран ажиллах гэрээ болон уг гэрээг цуцалсантай холбоотой үүрэг хүлээхгүй, түүнд холбогдох шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээний хураамж гэж нийт 13,000,000 вон, 4,445,000 төгрөгийг төлсөн, улмаар хамтран ажиллах гэрээг цуцалж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид түүний оруулсан хураамж буюу 37,300,000 төгрөгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчийн ээж гэх Т.Алтантуулын дансаар 2019 оны 10 сарын 25-ны өдөр 5,000,000 воныг шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин хариуцагчаас 2020 оны 03 сарын 03-ны өдөр нийт 17,500,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн эсэх, шилжүүлэн өгсөн гоо сайхны бүтээгдэхүүний үнэ хэд болох, улмаар үлдэгдэл төлбөр байгаа эсэх талаар маргажээ.

 

Хэргийн 37, 38-р талд Э И ХХК-ийн захирал К Х М болон Ш.П- нарын үйлдсэн бичмэл баримт авагдсан байх ба уг бичгийн нотлох баримтаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 256 ширхэг шампунь, 112 ширхэг ангижруулагч буцаан шилжүүлэн төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Харин дээрх бичгийн нотлох баримтын агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад нийт 368 ширхэг шампунь, ангижруулагчийн үнийн дүн 17,500,000 төгрөг болох агуулга илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэсэн хэдий ч шүүгчийн захирамжийн дагуу Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг-ээр тэдгээр шампунь, ангижруулагчийн үнийг тодорхойлох боломжтой байна. Иймд шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд гэрээгээр харилцан тохиролцсон 37,300,000 төгрөгөөс үлдэх үүргийг тооцвол, 37,300,000 11,450,000 төгрөг /5,000,000 вон х 2.29 төгрөг/ - 860,000 төгрөг /хамтран ажиллах гэрээг цуцлаж оруулсан хөрөнгөө татах тухай хэлцлийн 2.3-т ...борлуулалт хийсэн дүн болох 860,000 төгрөгийг ... буцаан авах мөнгөнөөс хасч тооцно гэсний дагуу/ - 3,736,320 төгрөг /256 ширхэг шампунь х 5.28 ам.доллар х 2,764.18 төгрөг/ - 1,411,760 төгрөг /112 ширхэг ангижруулагч х 4.56 ам.доллар х 2,764.18 төгрөг/ = 19,841,920 төгрөг төлөгдөөгүй үлдэж байна. Воныг шилжүүлэн өгсөн өдөр болох 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар ам.долларыг шампунь, ангижруулагч хүлээлгэн өгсөн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тус тус тооцсон болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Э И ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, тус компаниас 19,841,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.П-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01030 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э И ХХК-аас 19,841,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.П-д олгож, үлдэх 6,108,080 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч БНСУ-ын иргэн К Х М-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.П-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э И ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 287,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР