| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2021/01189/И |
| Дугаар | 182/ШШ2022/00651 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2022/00651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: М.Г-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, М., хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гэрч С.Э, Г.Нямбаяр, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Г нь анх 2010 онд “ГН” ОУТББ-д ажилд орсон, ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл нийтдээ 11 жил энэ байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөсөн ажилтан юм. Ажил олгогчийн зүгээс 2021.02.26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Энэ ажлаас халсан, захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 сарын өмнө буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Энэ процесс явагдаагүй байдаг. Шууд ажлаас халагдсан тушаалыг танилцуулж, ажлыг нь өөр хүнд хүлээлгэж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д болон Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.14.-т заасан зохицуулалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар ажлаас чөлөөлж байгаа бол 1 сарын өмнө заавал бичгээр мэдэгдэнэ, мэдэгдлийг таницуулж гарын үсэг зуруулахаар заасан. Бичгээр мэдэгдсэн үйл баримт байхгүй. Бичгээр мэдэгдээгүй юм бол амаар мэдэгдээд танилцуулаад гарын үсэг зурж танилцуулсан процессоо баталгаажуулсан юм уу гэхээр бас тийм процесс байхгүй. Хариуцагч тал 2021.01.29-ний өдөр мэдэгдсэн гэж тайлбарладаг, хуульд зааснаар хамгийн багадаа нэг сараас өмнө мэдэгдсэн байхыг шаардаж байгаа. Иргэний хуулийн 71., 72., 73. дугаар зүйлүүдэд хугацаа тоолох журмыг зохицуулсан. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар жил, хагас жил, сар, улирлаар тогтоосон хугацааг дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан. Тэгэхээр 2021.01.29-нд мэдэгдсэн гэж үзвэл дараа сарын буюу 2021.02.29-нд дуусах бөгөөд тус сард 29 гэсэн хоног байхгүй. 73.2-т зааснаар хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэсэн.
Өөрөөр хэлбэл, 2021.01.29-ний өдөр гэдэг нь 2021.02.29-ний өдөр хүрч байж дуусгавар болно. Гэтэл 29-ний өдөр гэж 02 сард байхгүй учраас 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тушаал гарсан байх ёстой. Энэ тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх хуульд заасан үндэслэл үүсэх юм. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж үзнэ. 2021.01.29-нд дотоод сүлжээнд мэдээлэл бичсэнээр мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д зааснаар мэдэгдсэн гэж үзэхгүй, 1 сарын хугацаа дуусаагүй байхад ажлаас нь халсан нь үндэслэлгүй болсон.
2.Энэ байгууллагад ажилтны орон тоог цөөрүүлсэн үйл явдал бодитоор болоогүй нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл, 2021.02.26-ны өдөр нэр бүхий ажилчдыг түүний дотор М.Г-ыг ажлаас чөлөөлсний дараа 2021.03.01-ний өдөр яг энэ ажлын байранд шинээр ажилтан авсан үйл явдал тогтоогддог. Бид ч гэсэн тухайн үед орон тоо бодитоор цөөрсөн үйл баримт байхгүй гэдгийг мэдэж байсан. Энэ нь тухайн байгууллагад ажилчдын орон тоог цөөрүүлсэн үйл явдал бодитоор болоогүй гэдгийг харуулж байна. 5 хоногийн дараа шинээр ажилтан авах байсан бол яах гэж ажилтнаа халсан гэдэг асуудал ойлгомжгүй. Д.А-ийг, М.Г-ыг ажлаас чөлөөлсний дараа ажилд авсан байдаг. Энэ талаар хариуцагч тал маш олон янзаар тайлбарлаж байна. Түүнийг ажилд томилсон тушаалаас нь харахад цомхотгосон гэх Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчаар томилсон. Д.А-ийг ажилтан З.У-ын оронд авсан гэж нэг тайлбарлаад, эсхүл З.У гэж хүн шилжсэн, оронд нь Т.Э гэж хүн ирсэн, Т.Э гэж хүний оронд авсан болсон. Гэтэл кейс хариуцсан ажилтан Ж.Р-ааг хаана ажиллаж байгааг шүүх тодруулахаар түүний оронд Д.А-ийг авсан гэж байна. Тэгэхээр М.Г-ны орон тоог цөөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэв М.Г-ыг орон тоог цөөрүүлж халсан юм бол шинээр хэнийг ч авах боломжгүй байсан. Хариуцагч байгууллагын санхүүжилт буурсан тул орон тоог цөөрүүлэх болсон гэдэгч энэ талаар ямар ч баримт гаргаагүй. Гэрч Т.Б-ийн мэдүүлэгээс харахад 2021 онд бүтэн ажиллах ажилчдын цалин хөлс, зардлын төсөв нь батлагдсан байсан. Мөн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байхад санхүүжилт буурах боломжгүй. Хүүхэд нэмэгдвэл боловсон хүчин шаардлагатай болно. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй байна.
3.Дараагийн нэг үндэслэл нь, үзэл бодол нийлдэггүй, тавьсан хууль бус шаардлагыг нь биелүүлдэггүй ажилчдыг халсан зүйл харагддаг. Өөрөөр хэлбэл, 5 байсныг 4 болгосон, цомхотголд хамаарсан нь яагаад М.Г байсан, түүнийг онцолж орон тооны цомхтголд оруулсан бэ гэдэгт нэхэмжлэгч гомддог.
Хөдөлмөрийн дотоод журмаараа ажилтанг авч үлдэх зарчмуудыг заасан.
Олон жил ажилласан туршлага, ур чадвар, хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлага зэргийг харгалзаж ажилтанг авч үлдэнэ гэж заасан. Энэ зарчмыг М.Г дээр баримтлаагүй. М.Г-г ямарч үндэслэлгүйгээр бусад ажиллаж байсан хүмүүсээс ямарч шалгуургүйгээр орон тооны цомхотголд оруулсан. Хариуцагч нь М.Г хамгийн муу оноотой байсан, үүнийг үндэслээд халсан гэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.9-д ажилдаа хандаж байгаа хандлага, ур чадвар, ажилдаа хандах сэтгэл энэ бүгдийг харгалзана гэсэн байдаг. Гэтэл уг зохицуулалтаар дүгнэсэн зүйл байхгүй. Мөн тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хагас жилээр, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн байна. Гэтэл ингэж дүгнэсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн. Хэрэв нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг хагас жилээр нь дүгнээд, жилээр нь дүгнээд энэ хоёрын нийлбэрээр дүгнэсэн бол үнэлгээ өөр байсан байхыг үгүйсгэхгүй. М.Г-ыг нэг л удаа жилийн эцсээр дүгнэсэн үнэлгээгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тийм учраас М.Г-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021.02.26-наас 2022.02.26-ныг хүртэл 12 сарын цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Нийгэм хамгааллын сайдын тушаалын дагуу аргачлалаар тооцоход 12 сарын цалин нь 15 000 000 орчим төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмжид 5 318 460 төгрөгийг авсан, энэ талаар маргаангүй. Одоо ажил эрхлээгүй байгаа бөгөөд ямар нэгэн мөнгө авах гээд байгаа зүйлгүй болно. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч байгууллагаас газраас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, М.Я нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь хүмүүнлэгийн, олон улсын төрийн бус байгууллага юм. Нэхэмжлэгч М.Г-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
“ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт нь өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар багассан байдаг. Үүнээс улбаалаад байгууллагын хүний нөөцийг цөөрүүлэх шаардлага гарсан бөгөөд тус байгууллагын захирлын “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” А/005/21 тоот тушаал болон “Зарим ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” А/007/21 тоот тушаалууд тус тус гарсан. Захирлын А/005/21 тоот тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон зэргээс тус байгууллагын ажилчдын орон тоог хасах, ажилчдын тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.
Нэхэмжлэгч М.Г-д огт мэдэгдэлгүйгээр ажлаас халж, ажлыг өөр хүнд өгсөн асуудал байхгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн. Энэ нь 2021.01.29-ний өдрийн мэдэгдлийг, тушаалуудын хамт “Доксвейв” дотоод сүлжээндээ нээлттэй тавьж байршуулан ажилчдад танилцуулан, байгууллагын Хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа ажилтан тус бүрийг дуудаж уулзаад, танилцуулсан байдаг. Энэ сүлжээгээр тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан. М.Г уг мэдэгдэлтэй 2021.01.29-ний өдөр танилцаад 2021.02.02-ны өдөр байгууллагын хүний нөөцийн менежер Г.Н-т хандан “мэдэгдлийг цуцалж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдөл гаргасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Энэхүү өргөдлөөс харвал байгууллага нь тус ажилтанд мэдэгдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн байгууллага нь ажилчдын орон тоог цөөрүүлэхдээ 2020.01.01-нээс 2020.12.31-ний өдрийг хүртэл хугацааны ажилчдын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшингийн үнэлгээг харьцуулан гаргасны үндсэн дээр М.Г-ны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тухайн салбарт Орон нутгийн хөгжил хөтөлбөрийн зохицуулагч /ОНХХЗ/ болон Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчаар /ХИТХЗ/ нийт 5 хүн ажилладаг. Энэ 5 хүнийг байгууллагаас үнэлсэн байдаг. ОНХХЗ З.У 63,35 хувийн үнэлгээтэй, ХИТХЗ Ж.Р 67,2 хувийн үнэлгээтэй, ХИТХЗ Ж.Н 66,5 хувийн үнэлгээтэй, ХИТХЗ М.Г 52,6 хувийн үнэлгээтэй, ОНХХЗ О.Гэрэлчимэг 54 хувийн үнэлгээтэй гарсан. Энэ үнэлгээгээр Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасах, ажилчдын тоог цөөрүүлэх тохиолдолд эхний ээлжинд мэргэшил, дадлага туршлагатай, хөдөлмөрийн бүтээмж давуу ажилтанг ажил албан тушаалд авч үлдэх зарчмын дагуу манай байгууллага тухайн үнэлгээг гаргасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.4-т заасны дагуу ажилтан тус бүрт 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Энэ нь 2 110 ам.доллар буюу 5 318 460 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн.
М.Г ажилдаа эргэж орох сонирхолтой байсан бол “тухайн мөнгийг би авахгүй, ажилдаа эргэж орно” гэж маргах байсан. Гэтэл тус тэтгэмжийг авснаараа тус байгууллагад эргэж орох сонирхол байхгүй нь харагдаж байна. Мөн 2021.02.24-ний өдөр “ГН” ОУТББ-д М.Г нь “миний бие орон тооны цомхотголд хөдөлмөрийн маргаан хийхгүй” гэж өөрийн гарын үсгийг зураад өргөдөл гаргасан байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасны дагуу ажилтны орон тоог цөөрүүлсэн тул М.Г-ы хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
М.Г-ны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хагас, бүтэн жилийг харьцуулаад гаргаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд “Ковид-19” өвчний үед хөл хорио тогтоосноос ажилтны хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх ямар ч боломжгүй байсан. Хөл хориотой учраас ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс бүтэн жилээр гүйцэтгэлийн үнэлгээг хийхээс өөр арга байхгүй тул уг үнэлгээг ажилтнуудад гаргасан юм. 2021.02.02-ны өдөр нэр бүхий ажилчид 2021.01.18-ны өдрийн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас халагдах болсныг 2021.01.18-ны өдрөө мэдсэн байсан гэсэн үг. Иймд уг тушаалыг 1 сарын өмнө мэдэгдээгүй гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тодорхой хугацаанд буюу нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн хэрэгжилт нь ажил олгогч ажилтанд дараагийн ажлын байрыг олгох боломжийг хангаж өгөхөөр зохицуулсан байдаг. М.Г нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд гомдол гаргаж, бусад ажилчдаас доогуур байгаагүй гэж маргасан боловч уг байдлаа өөрөө нотлох баримтаар нотлоогүй байдаг. Манай байгууллага “Ковид-19” вирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад онцгой нөхцөл байдал үүссэн учраас байгууллага үйл ажиллагаандаа аудит хийж ажилтны тоог цөөл гэсэн тушаалын дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулсан.
Захирлын Б/044/21 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг болон 40.5.-д заасныг зөрчөөгүй, хуульд орон тоо цөөрүүлсэн, хассан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 1 сарын өмнө гэж заасан, хоногоор заагаагүй, 2021.02.26-ны өдөр Баасан гараг буюу ажлын өдөр байсан тул уг өдрөөр тасалбар болгон тушаал гарсан нь үндэслэлтэй. 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч 30 хоног гэдэг дээр ач холбогдол өгөөд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж байгаа, бичгээр гэж хэлээгүй. Мөн энэ хуульд заасны дагуу хэлцэл хийнэ гэж заасан. Бид 2021.01.29-ний өдөр мэдэгдээд 2021.03.01-ний өдөр гэхэд хөдөлмөрийн харилцаагаа бүрэн дуусгасан. Мэдэгдлийг аваад ажилтнууд 2021.02.02-ны өдөр хариу өгсөн. Хариу өгсөн учраас байгууллагаас энэ хүмүүст дараагийнхаа ажлыг олох боломжийг олгож өгөх ёстой. Нхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага, хувь хүн өөрөө төлөх үүрэгтэй. Яагаад гэвэл байгууллагаас тэтгэмжийг нь өгч байгаа нь та нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөрэй гэсэн үг. Гэтэл нийгмийн даатгалаа төлөөгүй нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин авъя гэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин гэдгээ юу гэж ойлгож байна вэ, шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцно гэсэн. М.Г өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа бол энэ тухай баримтаа гаргах ёстой. Энэ хүмүүс хангалттай хэмжээгээр тэтгэмжээ аваад гарсан. Өөрөөр хэлбэл, мэдэгдлийг огт мэдээгүй байсан бол өөр байх. Түүнээс биш мэдэгдсэнээсээ хойш 1 сар хүлээх ёстой гэдэг хууль байхгүй. Мэдэгдлийг аваад хариу өгөөд ажилтнууд, ажил олгогч нар ойлголцоод тэтгэмж, тусламжаа, ажлын байрны тодорхойлолттойгоо аваад, гомдол санал байхгүй гээд харилцаа дууссан учир 2021.02.26-ны өдөр ажлуудаас нь чөлөөлсөн үйл баримт л болсон. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа 3 дугаар сар гарах гэж байсан учраас 2 сардаа багтаад асуудлаа шийдвэрлэсэн, бид нэг сар гэдгийг тухайн сараа дуусахаас өмнө гэж үзэж байгаа. Хуульд заасан 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх мэдэгдлээ хуулийн дагуу мэдэгдсэн байна. Шүүх бол эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эсвэл эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хэрэв энэ хүмүүсийг ажилд эргүүлж авсан тохиолдолд энэ байгууллагын эрх ашиг тодорхой хэмжээгээр хохирох эрсдэл үүсэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, “ГН” ОУТББ-ын Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 тоот тушаал 2017.09.15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт, Нууц хадгалах гэрээ /1хх 4-21/, 2016.07.04-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөөх Хүүхэд хамгааллын бодлогыг баримтлах тухай амлалт бичиг”, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 22-24/ зэргийг,
Хариуцагч талаас нотлох баримтаар, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021.01.04-ний өдрийн А/001/21 тоот тушаал, цалингийн хүснэгт бүхий хавсралт, 2021.01.29-ний өдрийн А/005/21 тоот тушаал, түүний хавсралт, А/007/21 тоот тушаал, түүний хавсралт, 2021.02.09-ний өдрийн А/009/21 тоот тушаал, түүний хавсралт, байгууллагын орлогын дэлгэрэнгүй тайлан, 2021.02.26-ны өдрийн М.Г-ны тойрох хуудас /1хх 43-55/, захирлын 2020.08.26-ны өдрийн А/178/20 тоот тушаал, түүний хавсралт, 2021.02.26-ны өдрийн А/011/21 тоот тушаал, түүний хавсралт, 2021.02.23-ны өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай и-мэйл, М.Г-ны “ГН” ОУТББ-д гаргаж байсан өргөдөл /1хх 63-71/, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын томилолтын хуудас, орчуулгын хамт, Гадаадын иргэн, харьяатын газрын 2021.06.17-ны өдрийн 148 дугаартай, “Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл” /1хх 97-100/, 2020.06.20-нд баталсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам /1хх 104-135/, гадаад хэл дээрх “Covid-19” нөхцөл байдлын талаарх үйл ажиллагааны удирдамж, /3-р хэвлэл/ 1-р хагасын тойм, 2-р хагасын төлөвлөлт”, “Covid-19 үеийн үйл ажиллагааны удирдамж /3-р хэвлэл/, жилийн эхний хагасыг тоймлох болон 2-р хагасыг төлөвлөх нь” гэсэн 2020.07.13-ны өдрийн “ГН” ОУТББ-ын дотоод сүлжээнд байршуулсан зарлал, түүнийг “АРФА” ХХК-иас орчуулсан баримтууд, 2021.03.19-ний өдрийн 056/21 тоот М.Г-ны тодорхойлолт, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас Гадаадын иргэн харьяатын газарт явуулсан 2021.04.12-ны өдрийн 092/21 тоот албан бичиг, 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын дэлгэрэнгүй тайлбар /2хх 39-54х/, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019.06.17-ны өдрийн А/146/19 тоот “М.Г-ыг сэлгүүлэн ажиллуулах тухай тушаал”, 2019.11.13-ны өдрийн Б/033/19 тоот тушаал, түүний хавсралт /3хх 16-18/, 2021.02.02-ны өдрийн “ГН” ОУТББ-ын Монгол салбарын захиралд хүргүүлэх шаардлага” гэх гадаад хэл дээрх баримт, орчуулгын хамт /3хх 23-27/, Д.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар /3хх 28/, Хүний нөөцийн албанаас 2020.01.01-нээс 2020.12.31-ний хоорондох хугацааны М.Г-ны үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэсэн тухай маягт, М.Г-ны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан /3хх 29-44/, .... нарын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт баримтууд /3хх 45-105/, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021.02.26-ны өдрийн В/037/21 тоот “Ажилтан З.У-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2021.02.05-ны өдрийн З.У-ын ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл, 2021.02.17-ны өдрийн Г.-ын өргөдөл, захирлын 2021.02.25-ны өдрийн А/010/21 тоот “Албан тушаал, ажлын байрны өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралт, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийн 2021.03.31-ний өдрийн Б/062/21 тоот “Ажилтан Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2021.03.01-ний өдрийн Б.Б-ийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл /3хх 132-138/, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүний нөөцийн албаны зөвлөлийн хурлын 2021.01.03-ны өдрийн 01/21 тоот тэмдэглэл, хариуцагч байгууллагаас Zangia.mn сайтад байршуулсан ажлын байрны зар /3хх154-165/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2021.08.24-ний өдрийн 182/ШЗ2021/07838 дугаар захирамжийн дагуу “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /1хх 147-228/, “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийн 2021.06.07-ны өдрийн Б/117/21, 2021.04.01-ний өдрийн Б/066/21, 2021.05.03-ны өдрийн Б/088/21, 2021.06.02-ны өдрийн Б/115/21, 2021.04.05-ны өдрийн Б/073/21, 2021.05.03-ны өдрийн Б/090/21, 2021.07.21-ний өдрийн Б/140/21, 2021.05.25-ны өдрийн Б/110/21, 2021.06.23-ны өдрийн Б/129/21, 2021.07.23-ны өдрийн Б/155/21, 2021.06.02-ны өдрийн Б/114/21, 2021.04.01-ний өдрийн Б/065/21, 2021.05.03-ны өдрийн Б/089/21, 2021.03.01-ний өдрийн Б/048/21, 2021.06.02-ны өдрийн Б/116/21 тоот ... нарыг ажилд томилсон, туршилтын хугацаагаар ажилд томилсон, туршилтын хугацааг дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг сунгасан, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд /1хх 229-250, 2хх 1-37/, тус шүүхийн шүүгчийн 2021.03.29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /2хх 72-73, 3хх 6-9/,
Хариуцагч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2021.09.13-ны өдрийн 182/ШЗ2021/08547 дугаар захирамжийн дагуу 2021 оны 03-07 дугаар сарын тус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын тоо ба “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний талаарх мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “Хөлсөөр ажиллах гэрээ”-тэй ажилтнуудын дэлгэрэнгүй бүртгэл /2хх 74-75/, ... нарын хариуцагч байгууллагатай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ”, “Ажлын байрны сургалт зохион байгуулах гэрээ” /2хх 76-250, 3хх 1-3/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан, урьд эрхэлж байсан “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2021.02.26-ны өдрөөс 2022.02.26-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажлаас халж байгаа үед 1 сарын өмнө буюу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх журмыг зөрчсөн, 2021.01.29-ний өдөр дотоод сүлжээнд мэдээлэл бичсэнээр мэдэгдлийг хуулийн 40.5.-д зааснаар мэдэгдсэн гэж үзэхгүй, 1 сарын хугацаа дуусаагүй байхад ажлаас нь халсан, Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.14-д заасан мэдэгдлийн бичгээр үйлдэж, заавал гарын үсэг зуруулах шаардлагыг зөрчсөн, орон тоо цөөрүүлсэн нөхцөл байдал үүсээгүй, М.Г-ыг ажлаас чөлөөлсний дараа уг ажилд шинээр ажилтан авч ажиллуулсан, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтны ажлыг хагас жилээр, бүтэн жилээр заавал дүгнэх ёстой, гэтэл хагас жилээр дүгнээгүй атлаа бүтэн жилээр нэг удаа үнэлсэн нь журмаа зөрчсөн гэж тодорхойлон тайлбарлаж мэтгэлцсэн.
2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, байгууллагын санхүүжилт 30-40 хувиар багассан “ГН” олон улсын хамтын ажиллагааны төвөөс өгсөн “Байгууллагын дунд хугацааны стратеги боловсруулах тухай” удирдамжийг үндэслэн бүтцийн өөрчлөлт хийсэн тухай захирлын 2021.01.29-ний өдрийн А/005/21 тоот тушаал гарч, үүний дагуу орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон, ингэснээр 14 ажилтан цомхотголд орсон, тус өдөр бүх ажилчдын дотооддоо хэрэглэдэг “Доксвейв” сүлжээндээ мэдэгдлийг тушаалуудын хамт байршуулсан, М.Г мэдэгдэлтэй танилцсан учир 2021.02.02-ны өдөр нэр бүхий ажилчдын хамт захирлын тушаал нь үндэслэлгүй, хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан байдлаар харагдана, 5 ажилтны 2020.01.01-ний өдрөөс 2021.12.30-ны өдрийн хоорондох хугацааны ажлын үр дүнг үнэлсэн бөгөөд М.Г нь хамгийн бага үнэлгээг авсан, 2021.02.26-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирлын Б/044/21 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг болон 40.5.-д заасныг зөрчөөгүй, хуульд орон тоо цөөрүүлсэн, хассан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 1 сарын өмнө гэж заасан, хоногоор заагаагүй, 2021.02.26-ны өдөр Баасан гараг буюу ажлын өдөр байсан тул уг өдрөөр тасалбар болгон тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Нэхэмжлэгч М.Г нь 2010 оноос хойш тус байгууллагад тасралтгүй ажилласан бөгөөд хамгийн сүүлд “ Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2021.02.26-ны өдөр уг ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Энэ нь “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 тоот тушаал, М.Г болон ажил олгогч байгууллагын хооронд байгуулсан 2017.09.15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт, “Нууц хадгалах гэрээ”, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021.03.21-ний өдрийн 056/21 тоот “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын М.Г-ны ажилласан байдлын талаарх тодорхойлолт, захирлын 2019.06.17-ны өдрийн “М.Г-ыг сэлгүүлэн ажиллуулах тухай” А/146/19 тоот тушаал /1хх 5-24, 2хх 51, 3хх 16/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.
3.2. Хариуцагч “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын 2021.03.21-ний өдрийн 056/21 тоот М.Г-ны ажилласан байдлын талаарх тодорхойлолтод М.Г нь 2010 оны 10 дугаар сараас Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн судалгааны ажилтнаар, 2011 оны 04 дүгээр сараас “Ш” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар, 2015 оны 05 дугаар сараас “Ш” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Санхүү, эд хөрөнгийн бүртгэлийн ажилтнаар, 2018 оны 09 дүгээр сараас “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Нийгмийн хөгжлийн мэргэжилтнээр, 2019 оны 06 дугаар сараас “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхдийн эрх хамгааллын зохицуулагчаар томилогдон ажилласан тухай тодорхойлсон бөгөөд, захирлын 2019.06.17-ны өдрийн А/146/19 тоот тушаалаар М.Г-ыг “Тахилт” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтнээр сэлгүүлэн ажиллуулжээ.
Хэрэгт нэхэмжлэгч М.Г болон ажил олгогч байгууллагын хооронд байгуулсан 2017.09.15-ны өдрийн “Ш” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт эд хөрөнгө хариуцсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ” авагдсан бөгөөд харин “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажил албан тушаалд ажиллуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21., 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан ажилтан, ажил олгогч нарын хооронд бичгээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авагдаагүй байна.
Хуульд заасан ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны нэгэн адил, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Түүнчлэн, ажил олгогч байгуллагын захирлын 2019.11.13-ны өдрийн Б/033/19 тоот “Байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тушаалаар 2020.01.01-ний өдрөөс эхлэн Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн, Бизнес хөгжлийн мэргэжилтнийг Орон нутгийн хөгжлийн зохицуулагч, Хүүхдийн эрх, хамгааллын мэргэжилтэн, кэйс хариуцсан мэргэжилтнийг Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч гэж албан тушаалын нэршлийг өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгч М.Г-ны эрхэлж байсан албан тушаалын нэршил Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч гэж нэрлэгдэн, хамгийн сүүлд уг албан тушаалаас буюу “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
3.3.Ажил олгогч байгууллагын захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 тоот тушаалаар М.Г-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг болон захирлын А/005/21, А/007/21 тушаалуудыг үндэслэж, байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг 2021.02.26-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
Хариуцагч “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019.11.13-ны өдрийн Б/033/19 тоот “Байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тушаалаар 2020.01.01-ний өдрөөс эхлэн 3 хэлтэстэй, 8 албатай, “Сайхан сэтгэл төв”-тэй байхаар баталж, хэрэгт авагдсан 2020 оны 1-12 сар, 2021 оны 1, 2 дугаар саруудын тус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, шимтгэл ногдуулалтын баримтуудаар /1хх 147-208/ нийт 126-162 орон тоотойгоор ажиллаж байсан байх бөгөөд тус газрын захирлын 2021.01.29-ний өдрийн А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар байгууллагын зохион байгуулалтын бүтцийг 4 хэлтэс, 9 алба, 7 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Сайхан сэтгэл төв” гэсэн нэгжтэй байхаар, 3 дугаар хавсралтаар албан тушаалуудын нэршлийг өөрчилсөн буюу өмнө нь байсан Орон нутгийн хөгжлийн зохицуулагч, Захиргааны ажилтан, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч /кейс/, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч зэрэг албан тушаалуудыг Орон нутгийн хөгжлийн зохицуулагч гэсэн нэг нэршилтэй болгон өөрчилж, тушаалын 3 дахь заалтаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тус тус шийдвэрлэсэн байна.
Дээрхээс үзэхэд, хариуцагч байгууллага нь дотоод нэгжийн зохион байгуулалтын хувьд Стратеги төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авалтын албыг шинээр нэмж байгуулсан, хэрэгт авагдсан 2021 оны 3-7 дугаар саруудын тус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, шимтгэл ногдуулалтын баримтуудаар /1хх 209-228/ нийт 113-134 ажилтан, түүн дотор 2021 оны 3 дугаар сард 91 үндсэн ажилтан, 4-7 дугаар сард 89-104 үндсэн ажилтан ажиллажээ.
Мөн хариуцагч байгууллагын захирлын 2021.01.29-ний өдрийн А/007/21 тоот “Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын 1 дэх заалтаар 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 14 ажилтны хөдөлмөрийн гэрээг 2021.02.26-ны өдрөөр цуцлахаар заасан бөгөөд үүнд “Т” Орон нутгийн хөгжлийн зохицуулагч нэхэмжлэгч М.Г орсон байна.
4.Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан орон хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
Нэхэмжлэгч М.Г-ны ажиллаж байсан нэгж болох “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт 2021.01.04-ний өдрийн хариуцагч байгууллагын захирлын А/001/21 тоот “2021 оны цалин батлах тухай” тушаалаар Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч 2 ..., кэйс хариуцсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч 1 ..., Орон нутгийн хөгжлийн зохицуулагч 2 ... ажилтны цалинг баталсан, 2021.02.09-ний өдрийн А/009/21 тоот “2021 оны цалинг шинэчлэн батлах тухай” тушаалаар Орон нутгийн хөгжлийн зохицуулагч 4 ... ажилтны цалинг баталсан байна./ 1хх 43-45, 51-53/
Ажил олгогч байгууллагын захирлын А/005/21, А/007/21 тоот тушаалуудын үндэслэл болсон тус байгууллагын 2021.01.18-ны өдрийн 01/21 тоот Хүний нөөцийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...ОНХХ-ийн ажилтны ажлын ачааллыг нэмэгдүүлэх ба цаашид салбар дээр...кэйс хариуцсан ХИТХЗ гэсэн орон тоо байхгүй болно...Бүх ХИТХ-ийн зохицуулагч нар кэйс менежментийн үйлчилгээг давхар хариуцна... “Тахилт” ОНХХ дээр ажилтнуудтай уулзалт хийх үед кэйс менежмент хариуцсан ажилтан Р. нь салбар дээр бүх ХИТХ-ийн зохицуулагч нар...нэмэлтээр кэйсээ хариуцан ажиллахад асуудалгүй...гэсэн тайлбарыг өгсөн...ХИТХ-ийн зохицуулагч нар ...кэйс менежментийн үйлчилгээгээ давхар хариуцан ажиллах нь илүү давуу тал болно гэдгийг “Тахилт” ОНХХ-ийн мэргэжилтэн Н. мөн дурдсан...” гэжээ. /3хх 159-164/
Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2021.03.01-ний өдрийн Б/048/21 тоот тушаалаар Д.А-ийг “Т.” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар томилж, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байранд ажиллуулахаар 008/21 тоот Хөдөлмөрийн гэрээг 2021.03.02-ны өдөр байгуулсан байна. /2хх 30-37/
Мөн хариуцагч байгууллагын захирлын 2021.02.25-ны өдрийн А/010/21 тоот “Албан тушаал, ажлын байрны өөрчлөлт хийх тухай” тушаалаар “Тахилт” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан Г.Э-ыг “Н” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар Хяналт үнэлгээний албаны мэргэжилтэн Б.Б-г “Т” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар тус тус 2021.03.02-ны өдрөөс ажиллуулахаар томилсон байна. Гэтэл захирлын 2021.03.31-ний өдрийн Б/062/21 тоот тушаалаар Б.Б-г Стратеги төлөвлөлтийн хэлтсийн Хяналт үнэлгээний албаны мэргэжилтний ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, 2021.03.31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ. /3хх 135-138/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан ажилтны орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсон байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай.
Харин орон тоог цөөрүүлэх нь адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассан байхыг ойлгодог байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч байгууллагын нийт ажилчдын тоо цөөрсөн харагдаж байгаа боловч, ажил олгогч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Т” ОНХХ-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн албан тушаал эсхүл кэйс хариуцсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн албан тушаалын ажлын байр байхгүй болсон эсэх, орон тоог цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Г.Э-аас Захиргааны хэлтэст 2021.02.17-ны өдөр гаргасан өргөдөлд Г.Э нь өөрийгөө захиргааны ажилтнаар ажиллаж байгаа талаар дурдсан /3хх-134/ байх бөгөөд гэрч Г.Н-ын “...томилогдсон нэг ажилтан... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд нэг сул орон тоон дээр бид нар өмнө нь манай хүүхдийн эрхийн сургалтын багш байсан хүнийг түр ажиллуулсан... Алтанцэцэг... У гээд хүн маань “Н” салбар руу томилогдсон, тэндээсээ ажлаасаа гаръя гэдэг өргөдлөө өгсөн чинь “Т”-д байгаа Э гэж ажилтан маань “манай гэр Налайхад ойрхон би У гэж хүний оронд ажиллъя” гэж хүсэлт гаргасан. Тэгэхээр “Т” дээр Э гэж хүний Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байр нь хоосон орон тоотой болсон. Энэ дээр нь Д.А гэж хүнийг түр ажилд авсан... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн “...хоёр байсан. Р өөр салбар руу шилжээд оронд нь Э орох байсан боловч Налайхад шилжиж ажилламаар байна гээд Налайх явсан...учраас тэнд ажиллах ажилтан хүсэлтээ өгөх хүртэл А-ийг ажиллуулсан. А-ийг түр ажиллаж байхад Энхцэцэг жирэмсний амралтаас ажилдаа буцаж орж ирсэн...” гэж тайлбар зэргээс үзэхэд М.Г-ны гүйцэтгэж байсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн орон тоог эсхүл Ж.Р-ийн гүйцэтгэж байсан кэйс хариуцсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн орон тоог цомхотгож цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч М.Г-ныг ажлаас чөлөөлөгдөөгүй байхад 2021.02.25-ны өдрийн А/010/21 тоот тушаалаар Г.Э-ыг “Налайх” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар томилсон, Стратеги төлөвлөлтийн хэлтсийн Хяналт үнэлгээний албаны мэргэжилтний ажлаас чөлөөлөөгүй атлаа Б.Б-г “Т” ОНХХ-ийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар 2021.03.02-ны өдрөөс ажиллуулахаар томилжээ.
Ажил олгогч нь “Т” ОНХХ гэх нэгж дотроо дээрх ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн, ажлыг хавсран гүйцэтгүүлсэн, сэлгэж ажиллуулсан үндэслэлийг илэрхийсэн тушаал, шийдвэрийг тухайн цаг хугацаанд нь гаргаагүй, 2021.03.01-ний өдрийн Б/048/21 тоот тушаалаараа Д.А-ийг “Т” ОНХХ-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байранд ажиллуулахаар томилж, 008/21 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан зэрэг зөрүүтэй үйл баримтуудыг харьцуулан үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасны дагуу нэхэмжлэгч М.Г-ны эрхэлж байсан ажлын байр буюу тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал байхгүй болсон, эсхүл түүний тоог цөөрүүлсэн гэх үндэслэл бодитоор хангалттай тогтоогдохгүй байна.
Тодруулбал, тухайн нэгж дэх Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн 3 зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүрэг нь давхацсан, ямар ажил үүрэг нь цаашид үргэлжүүлэх шаардлагагүй болсон зэрэг зайлшгүй орон тоог багасгах, цөөрүүлэх үндэслэл, нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ Хүний нөөцийн зөвлөлийн 2021.01.18-ны өдрийн 01/21 тоот хурлын тэмдэглэлээс үзэхэд кэйс хариуцсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажил үүргийг бусад Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчид хариуцуулж нэгтгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх...” үүрэгтэй бөгөөд ажил олгогч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.14-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулна” гэж заасан байна.
Хэрэгт дээрх хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн тухай баримт байхгүй, хариуцагчийн тайлбарласанчлан 2021.01.29-ний өдөр байгууллагын дотооддоо хэрэглэдэг “Доксвейв” сүлжээнд захирлын А/005/21, А/007/21 тушаалуудыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийн хамт бичиж мэдэгдсэн талаар ч баримт байхгүй боловч гэрч ... нарын мэдүүлэг, 2021.02.02-ны өдрийн М.Г нарын нэр бүхий 9 ажилтнаас гаргасан “ГН” ОУТББ-ын Монгол салбарын захиралд хүргүүлэх шаардлага” гэх баримтад захирлын 2021.01.29-ний өдрийн А/007/21 тоот “Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал үндэслэлгүй болсон, тодорхой шалтгаангүйгээр 14 хүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн талаар бичиж байсан зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн мэдэгдлийг 2021.01.29-ний өдөр нэхэмжлэгч М.Г мэдсэн гэж үзнэ.
6.Хариуцагч “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021.01.29-ний өдөр мэдэгдсэнээс хойш захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 тоот тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч зөрчсөн буюу нэхэмжлэгч М.Г-д хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2021.01.26-ны өдөр мэдэгдэх үүрэгтэй байсан байна.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна”, 73 дугаар зүйлийн 73.1.-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна” гэж тус тус заасан бөгөөд үүнээс үзвэл, ажил олгогч байгууллага нь мэдэгдлийг 2021.01.29-ний өдөр ажилтанд мэдэгдсэнээс хойш 2021.03.01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх байсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын хугацаа нь 2021.01.29-ний өдрөөс хойш 2021.02.29-ний өдөр дуусах бөгөөд тухайн 2021 оны 02 дугаар сард 29-ний өдөр байхгүй, 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүд нь ажлын бус өдөр буюу 7 хоногийн амралтын өдрүүд байх тул Иргэний хуулийн дээрх заалтуудын дагуу 2021.03.01-ний өдөр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байхад ажил олгогчоос 2021.02.26-ны өдөр М.Г-ыг ажлаас чөлөөлсөн Б/044/21 тоот тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасантай нийцэхгүй болно.
7.Ажил олгогч байгууллагын Хүний нөөцийн албанаас ажилтан ... нарын 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийн хооронд хугацааны үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг дүгнэн нэхэмжлэгч М.Г-ыг нийт 56 оноогоор үнэлж, үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх тухай маягт, М.Г-ны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайланг үйлджээ.
Хэрэгт, хариуцагч байгууллагын “Гүйцэтгэлийн үнэлгээний журам” гэх баримт авагдаагүй бөгөөд уг журмын дагуу ажилтны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг эхний хагас жил болон сүүлийн хагас жилээр 2 удаа үнэлэх зохицуулалттай талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласныг гэрч Г.Нямбаярын мэдүүлэг нотолж байна.
Харин нэхэмжлэгч М.Г-ны 2020 оны ажлын гүйцэтгэлийн эхний хагас жилийн үнэлгээг дээрх журмын дагуу дүгнэж гаргасан гэх хариуцагч талын тайлбарыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн ажил олгогчоос баталсан 2020.06.25-ны өдрийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн ажилтны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг гаргасан байх боловч уг ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч М.Г-д танилцуулсан талаарх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2.-т зааснаар ажилтанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажил олгогчоос ажилтантай тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
8.Иймд нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байр буюу тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо байхгүй болсон эсхүл уг чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч М.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6., 40.1.1., 40.1.2., 40.1.3.-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд мөн хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т зааснаар ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж, 6.4-т зааснаар ажилтанд буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан байна.
Ажил олгогч байгууллага нь М.Г-ны хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/044/21 тоот тушаалдаа дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас халагдсаны тэтгэмж олгох талаар заагаагүй хэдий ч хэрэгт авагдсан 2021.02.26-ны өдрийн А/011/21 тоот тушаал, түүний хавсралт, гэрч Т.Н-ын мэдүүлэг, зохигчдын тайлбараар ажлаас халагдсаны тэтгэмж болон буцалтгүй тусламжид нийт 5 318 460 төгрөгийг М.Г-д олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
10.Нэхэмжлэгч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2021.02.26-ны өдрөөс 2022.02.26-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 58 719 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 2021.02.26-ны өдрөөс 2022.02.26-ны өдрийг хүртэл ажлын 247 өдөрт 14 503 593 төгрөгийн цалинтай тэнцэх олговорыг шаардах эрхтэй.
Үүнээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид тэтгэмж болон буцалтгүй тусламж гэж олгосон 5 318 460 төгрөгийг хасч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 9 185 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11.Нэхэмжлэгч М.Г нь ажлаас чөлөөлсөн 2021.02.26-ны өдрийн захирлын Б/044/21 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэн 2021.03.22-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа тус шүүхэд дахин дээрх нэхэмжлэлээ 2021.04.08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
12.Хэрэгт авагдсан, “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний талаарх мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “Хөлсөөр ажиллах гэрээ”-тэй ажилтнуудын дэлгэрэнгүй бүртгэл, ... нарын “Хөлсөөр ажиллах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ”, “Ажлын байрны сургалт зохион байгуулах гэрээ” зэрэг баримтууд, ... нарыг ажилд томилсон, туршилтын хугацаагаар ажилд томилсон, туршилтын хугацааг дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг сунгасан, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд ... нарын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт баримтууд, Д.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нь хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
13.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, ажил олгогч “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5.-д заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч М.Гэрэлсайханыг эрхэлж байсан ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь тогтоогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9 185 133 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгон шийдвэрлэлээ.
14.Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар нэхэмжлэгчид олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 д¿ãýýр зүйлийн 41.1.5.-ä çààñíààð íýõýìæëýã÷èéн íýõýìæëýë óëñûí òýìäýãòèéí õóðààìæ төлөхөөс ÷ºëººëºãääºã болохыг äóðäàæ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1., 60 äóãààð ç¿éëèéí 60.1.-ä çààñíààð õàðèóöàã÷ байгууллагаас óëñûí òýìäýãòèéí õóðààìæèд 161 912 òºãðºãèéã ãàðãóóëж улсын орлого болгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ыг урьд эрхэлж байсан “ГН” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын “Т” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9 185 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Г-ны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 161 912 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА