Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00928

 

 

 

 

М.Г-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00651 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Г-ы хариуцагч Г- ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, М.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М.Г- нь анх 2010 онд Г- ОУТББ-д ажилд орсон, ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл нийтдээ 11 жил энэ байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөсөн ажилтан юм. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 сарын өмнө буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Энэ процесс явагдаагүй байдаг. Шууд ажлаас халагдсан тушаалыг танилцуулж, ажлыг нь өөр хүнд хүлээлгэж өгсөн байдаг. Мөн орон тоог цөөрүүлсэн үйл явдал бодитоор бий болоогүй. М.Г-ыг ажлаас чөлөөлсний дараа миний ажлын байранд шинээр ажилтан авсан. Хариуцагч байгууллагын санхүүжилт буурсан тул орон тоог цөөрүүлэх болсон гэдэг ч энэ талаар ямар ч баримт гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй байна. Хариуцагч нь үзэл бодол нийлдэггүй, хууль бус шаардлагыг нь биелүүлдэггүй ажилчдыг халсан зүйл харагддаг. Өөрөөр хэлбэл, 5 байсныг 4 болгосон, цомхотголд хамаарсан нь яагаад М.Г- байсан, түүнийг онцолж орон тооны цомхтголд оруулсан бэ гэдэгт нэхэмжлэгч гомддог. Хөдөлмөрийн дотоод журамд ажилтныг авч үлдэх зарчмуудыг заасан. Олон жил ажилласан туршлага, ур чадвар, хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлага зэргийг харгалзаж ажилтныг авч үлдэнэ гэж заасан. Энэ зарчмыг М.Г- дээр баримтлаагүй. М.Г-ыг ямар ч үндэслэлгүйгээр бусад ажиллаж байсан хүмүүсээс ямар ч шалгуургүйгээр орон тооны цомхотголд оруулсан. Хариуцагч нь М.Г-ыг хамгийн муу оноотой байсан, үүнийг үндэслээд халсан гэдэг. Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.9-д ажилдаа хандаж байгаа хандлага, ур чадвар, ажилдаа хандах сэтгэл энэ бүгдийг харгалзана гэсэн байдаг. Гэтэл уг зохицуулалтаар дүгнэсэн зүйл байхгүй. Мөн тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хагас жилээр, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн байна. Гэтэл ингэж дүгнэсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн. М.Г-ыг нэг л удаа жилийн эцсээр дүгнэсэн үнэлгээгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тийм учраас М.Г-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г- ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт нь өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар багассан байдаг. Үүнээс улбаалаад байгууллагын хүний нөөцийг цөөрүүлэх шаардлага гарсан бөгөөд тус байгууллагын захирлын байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 тоот тушаал болон зарим ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А/007/21 тоот тушаалууд тус тус гарсан. Захирлын А/005/21 тоот тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон зэргээс тус байгууллагын ажилчдын орон тоог хасах, ажилчдын тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн. Тухайн байгууллага нь ажилчдын орон тоог цөөрүүлэхдээ ажилчдын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшингийн үнэлгээг харьцуулан гаргасны үндсэн дээр М.Г-ы хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажилтны орон тоог цөөрүүлсэн тул М.Г-ы хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ыг урьд эрхэлж байсан Г- ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,185,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Г-ы нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 161,912 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т орон тоо цөөрүүлэх гэдгийг хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгох ба Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагч 6 орон тооноос 2 орон тоогоор цөөрсөн, уг 6 ажилтнаас үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээг үндэслэн М.Г- нь нийт 52 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан болох нь баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Г- ОУТББ-ын зохион байгуулалтын бүтцийн адил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог цөөрүүлсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл бий болсон гэж үзэж үндэслэлтэй байна.

4.б.Ажил олгогч нь М.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаг баримтлаагүй гэж хариуцагч маргаж байгаа ч энэ нь орон тоо цөөрсөн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй болно. Г- ОУТББ нь хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчид ажилд эгүүлэн орох хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх боловч хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүх бол эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эсхүл эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Иймд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд хугацааг хэрхэн тоолохыг заасан байдаг. Тухайн өдөр нь амралтын өдөр таарахын бол дараагийн ажлын өдөр рүү шилжүүлэн томилох тухай зохицуулсан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд амралтын өдөр байсан бол 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тушаалыг гаргах ёстой. Хугацаа тоолох журмын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр мэдэгдсэнээс хойш 1 сарыг тоолоход тухайн оны 02 дугаар сар 28 хоногтой байсан тул Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу дараагийн сарын эхний өдөр шилжүүлж тоолох ёстой. Иймд амралтын өдөр байсан учраас өмнөх ажлын өдөр нь тушаалыг гаргасан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасныг ажилтанд дараагийн ажлаа хайх боломжоор хангахаар зохицуулсан заалт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч тал нь 6 ажилтнаас шалгалт аваад С.Гэрэлсайхан нь хамгийн бага оноог авсан учраас ажлаас халсан гэж тайлбарладаг. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Гэрэлсайханыг ажлаас халаад 4 хоногийн дараа тухайн ажлын байранд н.Алтанцэцэгийг ажилд авсан. Анхан шатны шүүх н.Алтанцэцэгийг ажилд авсан нь хууль зөрсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч М.Г- нь хариуцагч Г- ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хариуцагч Г- ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь нэхэмжлэгч М.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, захирлын А005/21, А007/21 тоот тушаалуудыг үндэслэл болгосон байна. /хх-ийн 5-р тал/

 

3.а.Дээрх А005/21, А007/21 тоот тушаалуудыг орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар баталгаажуулсан байх боловч орчуулгын эх сурвалж болсон баримт хэрэгт эх хувиараа авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх-ийн 46, 49-р тал/

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй байхад энэ талаар тодруулах, лавлах, хуулийн шаардлага хангуулах, ийнхүү шаардлагад нийцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогч хуульд заасан шаардлага хангасан баримт гаргах боломжгүй болжээ.

 

4.Мөн талууд орон тоог цөөрүүлсэн эсэх талаар маргасан байх бөгөөд хариуцагч байгууллагын ажил, албан тушаалын өмнөх болон шинэ бүтцийг харуулсан хүснэгт нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх-ийн 44-45, 47, 52-53-р тал/. Дээр дурдсан баримтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

 

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн нийт 232,112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ