Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Г.Агийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2018/00961 дүгээр шийдвэртэй

Г.Агийн нэхэмжлэлтэй

Д.Бд холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6 968 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Д.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Миний бие 75-85 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашинаар ачаа ачиж яваад Архангай аймгийн Цахир сумын Солонготын даваанд Жамсрандорж гэдэг айлд хоносон бөгөөд өглөө босоход их хэмжээний цас орсоноос машин явах боломжгүй болж автомашинаа үлдээгээд явахаар болсон. Жамсрандоржид миний машиныг харж хандаж байгаарай гэж захиад Портер маркийн автомашины ачаагаа хөлсөнд нь үлдээсэн. Тэгээд машинаа очиж авч чадалгүй өвөл болгосон. Хавар 04 сард Жамсрандорж надтай утсаар яриад “энд машиныг чинь хүн сонирхоод байна, зарах юм уу?” гэхээр нь би “зарж болно” гэхэд намайг Бтэй утсаар яриулсан. Д.Б “Портер маркийн автомашинаа зарах уу” гэхээр нь би “3 000 000 төгрөгөөр зарна” гэхэд Б “2 500 000 төгрөгөөр авъя, та машиныхаа түлхүүрийг аккумлятортайгаа явуулчих, дугуйг нь янзлаад байж байя” гэсэн. Машин дотор бичиг баримт, газын плитка, түлхүүр багаж, дугуй зэрэг миний бүхий л зүйл байсан. Би “хэд хоногоос очно, машин тэрэг битгий хөдөлгөөрэй” гэж хэлсэн. Дараа нь Жамсрандорж надтай утсаар яриад “Б мөнгө төгрөгийг нь өгчихсөн гээд машины чинь аварын гэрлийг асаагаад унаад явсан, чиний машины бүх гэрэл асдаг юм байна” гэж хэлсэн. Б-н утас нь холбогдохгүй байж байгаад нэг удаа яриад мөнгөө нэхэхэд “аав өнгөрсөн, та 49 хоногийг нь өнгөртөл хүлээж байгаач” гэхээр нь хүлээсэн боловч машины мөнгөө өгөөгүй. Тэгээд 2017.06.22-нд Цахир суманд очиж уулзаад машинаа буцааж авъя гэхэд өгөхгүй болохоор нь бичиг баримтаа аваад Цахир сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгчихөөд явсан. Араас утсаар залгаад “та цагдаагаас өргөдлөө аваад машиныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь би Оргил цагаан ХХК-ий баланктай шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг машины бичиг баримтын хамт шөнө Бат-Эрдэнийд ирээд өгчихөөд явсан. Тээврийн газар очоод бүртгүүлэхэд л Бат-Эрдэнийн нэр дээр шилжихэд бэлэн болгоод өгсөн. Машинаа би 2016 онд оношлогоонд оруулж татварыг нь төлчихсөн байсан. 2017 онд Б машиныг авсан байсан учраас би оношлогоонд  оруулах боломжгүй. 2017.10.18-нд намайг очиж уулзахад Д.Б бололцоо муу байна гэхээр нь би 1 800 000 төгрөг өгчих гэсэн нь үнэн. Тэгтэл Д.Б “1 500 000 төгрөг өгье” гэхэд нь би нааш цааш явах түвэг гэж бодоод “бэлэн байгаа юм бол чи аваад ир” гэсэн. Д.Б мотоцикльтой яваад бүтсэнгүй гээд эргэж ирсэн. Тэгээд бид хоёр урьд нь тохиролцсон 2 500 000 төгрөгөө 2018.03.01-нд бэлэн өгч авахаар хэсгийн төлөөлөгчийн өрөөнд гэрээ хийсэн. 2018.03 сард намайг утсаар ярихад “би танд ноолуураа самнаад өгье” гэсэн боловч өгөөгүй. Б-г мах ачаад хот явсан гэдгийг сонсоод залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд энэ өгөхгүй юм байна гэж бодоод 2018.08 сард шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Би 2-3 жил ашигласан автомашиныг буцааж авахгүй. Машины үндсэн үнэ 2 500 000 төгрөг, алданги 3 748 000 төгрөг, шүүхэд ирж буцсан зардал 720 500 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“2016.11 сард мотор нь цохьж явахгүй болоод Жамсрандорж гэдэг айлын гадаа орхисон машиныг 2017.05.28-нд худалдаж авахаар Атай ярьсан. А 2 500 000 төгрөгөөр зарна гэхэд нь би 1 800 000 төгрөгөөр авъя гэсэн санал хэлснийг зөвшөөрсөн. Ж гэдэг айл нүүх гээд байна, машинаа хурдан ав гэж утсаар ярьсан. Би уг машиныг 2017.11.10-даар Пронтероор 100 000 төгрөгийн хөлсөөр чирүүлээд гэрийнхээ гадаа авчирсан. Авах үед хоёр дугуй нь хагархай, банкны таг байхгүй, радиотор нь тосолгүй, мотор нь цохьсон байсан. Үүнийг гэрчлэх маш олон хүн бий. Шаардлагатай бол тэдэнтэй уулзаж болно. 2017.08.01-нд тохиролцсон мөнгийг өгөх байсан ч тухайн үед өгч чадаагүй нь миний буруу. Аг 1 800 000 төгрөгөө авах гэж Цахир суманд ирэхээр нь би “машинаа ав, мөнгө өгөх боломж алга, банкны зээл хийж байгаа, эсхүл 6 сарын дараа мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээ хийгээд 1 800 000 төгрөгөөр өгч авалцахаар тохирсон. Би уг машинд 900 000 төгрөгөөр газ доод анги, 160 000 төгрөгөөр аккумлятор, 140 000 төгрөгөөр 14-тэй хоёр дугуй авч тавьсан тул мөнгийг нь өгөх боломж гараагүй болно. Миний бие анх тохирсон 1 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зардлын мөнгө болон бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсхүл би өөрийнхөө тавьсан мотор, дугуй, аккумлятороо аваад машиныг нь өгмөөр байна. Албан ёсоор миний нэр дээр шилжээгүй. 2016 оноос хойш үзлэг оношлогоонд ороогүй байгаа. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй бичгээр хийгдээгүй, өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээгээр худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолгүй буюу машин нь эвдрэл гэмтэлгүй байх, эрхийн зөрчилгүй буюу бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ худалдагч А биелүүлээгүй байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Бид хоёрын хоорондох машин авах, зарах тохиролцоо нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул гэрээ хийгдсэн гэж үзэхгүй. Уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан ба өнөөдрийг хүртэл гэрээ  бодитоор биелэгдээгүй байна. Мөн 2017.10.15-ны өдөр машины үнийг 2 500 000 төгрөгөөр төлнө гэж гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний шаардлага хангаагүй, машин авна гэсэн баримт үйлдсэн болохоос зээлийн харилцаа үүсээгүй тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасны дагуу гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна.” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2018/00961 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Бэс 4 387 500 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 581 000 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Бэс 85 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагч Д.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

          “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 961 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Г.А, хариуцагч Д.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Бэс худалдах-худалдан авах гэрээний үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, бусад зардалд 637 500 төгрөг, нийт 4 387 500 төгрөг гаргуулахаар” шийдвэрлэжээ. Хариуцагч Д.Б миний бие хамгийн анх 2017.05.28- ны өдөр Г.Атай утсаар холбогдож 75-85 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашиныг худалдан авах талаар санал гаргахад Г.А нь тухайн машиныг 2 500 000 төгрөгөөр худалдана гэхээр нь машины бодит байдлын талаар хэлж үнээ буулгах санал гаргахад саналыг хүлээн авч 1 800 000 төгрөгөөр худалдахаар надтай тохиролцоод тэр даруй аккумлятор, түлхүүр хоёрыг 2017.06.02-ны өдөр над руу замын машинаар явуулсан. Би хүлээж аваад 06.05-ны өдөр Жамсрандоржийн гэрт очиж Портер машиныг аваад 5 км орчим газар чирүүлж Мухар зуурай гэх газар хаваржиж байсан гэрийнхээ гадаа авчирсан. Бидний хооронд хамгийн анх зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа 2017.05.28-ны өдөр үүссэн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гэрээн дээрх гарын үсгүүд эхнэр бид хоёрын зурсан гарын үсгүүд биш, бидний дунд тэр гэрээ хийгдээгүй, үнийн дүн болон хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийн талаар юу ч тохиролцоогүй. Нэхэмжлэгч гагцхүү өөрийнхөө хүсэл зоригийн илэрхийллийг тулгаж дээрх гэрээг хийсэн гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл биет байдлын хувьд ямар их доголдолтой эд хөрөнгө байсан билээ. Түүн дээр нэмж хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр байсан бол би хэзээ ч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурахгүй байсан. Миний анх тохиролцсон үнээ өгөхгүй байсан шалтгаан нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Оргил цагаан” ХХК-ий нэр дээр байсан, анх мотор л.тавихад хэвийн байдлаар ашиглах боломжтой гэж надад итгүүлсэн боловч засвар үйлчилгээ хийхэд дараагийн зүйл нь эвдэрдэг, биет байдлын хувьд маш их доголдолтой байсан. Тэр талаар нэхэмжлэгчид эхлээд хэлэхэд буцаагаад авъя гэж байсан боловч сүүлдээ авахгүй болж цагдаа, шүүхэд өргөдөл гаргасан. 2017.08 сард намайг цагдаад өгсөн байсан. 10.18-ны өдөр намайг Цахир сумын хэсгийн төлөөлөгч дуудахаар нь би эхнэр О-ийн хамт очтол бид хоёрыг нэг бичиг дээр гарын үсэг зуруулсан. Бид хоёрт ямар бичиг байсан талаар танилцуулаагүй. Тухайн бичиг дээр эхнэр О гарын үсгээ бүтнээр бичсэн. Гэтэл шүүхийн хавтаст хэрэгт байгаа бичиг дээр эхнэрийн нэрийг Оюунаа гэж өөрөөр бичсэн байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2018/0961 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.А 2018.08.28-ны өдөр шүүхэд хандан Д.Бэс 7 450 000 төгрөг гаргуулахыг шаардаж, 75-85 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашиныг 2 500 000 төгрөгөөр 2017.05.15-ны өдөр худалдахаар тохирч хүлээлгэн өгсөн боловч үнийг төлөөгүй тул машины үнэ, гэрээнд заасан алданги болон хохирлыг шаардаж байна гэсэн агуулга бүхий үндэслэл заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 6 968 500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 387 500 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Г.А нь 2017.05.15-ны өдөр 75-85 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашин 2 500 000 төгрөгөөр худалдах, хариуцагч худалдан авахаар тохирч, 2017.06.05-ны өдөр машиныг хүлээн авсан байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

 

Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Д.Б машины үнийг төлөөгүй тул талууд 2017.10.18-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, машины үнийг 2018.03.01-ний өдрийн дотор төлөх, уг хугацааг хэтрүүлбэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Ийнхүү гэрээ байгуулсан боловч хариуцагч машины үнийг төлөөгүй байх тул хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ худалдан авагч биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагчаас машины үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцсон гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан машины үнэ “2,5 сая бүрэн барагдуулна” гэж тохиролцсон /хх-3/ гэрээг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах, улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул машины үнэ, гэрээгээр тохиролцсон алданги болон хохиролд нийт 4 387 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85150 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2018/00961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 85 150 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                  Д.БЯМБАСҮРЭН