Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 961

 

                                    

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.А-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Б-дхолбогдох 

6.968.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЗАА 7585 улсын дугаартай портер автомашинтай ачаа ачиж яваад Архангай аймгийн Цахир суманд Солонготын даваанд Ж гэдэг айлд хоносон бөгөөд өглөө босоход их хэмжээний цас орсон байсан тул машин явах боломжгүй болж портер маркийн автомашинаа үлдээгээд явахаар болсон. Ж-д миний машиныг харж хандаж байгаарай гэж захиад портер автомашины ачаагаа хөлсөнд нь үлдээсэн. 2017 оны 04 дүгээр сард Д.Б гэдэг над руу утсаар ярьсан бөгөөд портер маркийн автомашинаа зарах уу гэсэн. Би уулзаад үзэж хараад авч болноо гэхэд түлхүүр акумлятороо явуулчих, дугуй нь хагарсныг засаад байж байя гэж Б хэлсэн учраас түлхүүр акумлятороо түрүүлээд явуулсан. Гэтэл Б намайг очоогүй байхад миний авто машиныг унаад явсан байсан бөгөөд автомашиныхаа үнийг нэхэмжилж удаа дараа очсон. Сүүлд 2017 оны 10 сарын 18-ны өдөр Д.Б болон түүний эхнэр О нартай гэрээ байгуулсан. Гэтэл одоо болтол миний автомашины мөнгийг өгөхгүй, мөн бусад зардлыг ч гаргаж өгөхгүй байгаа тул Д.Б-с автомашины үнэ, түүний алданги, бусад зардал болох 7.450.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:   2016 оны 11 сард мотор нь цохиж явах боломжгүй гэсэн үндэслэлээр Ж гэдэг хүний гадаа орхисон байсныг 2017 оны 05 сарын 28-нд А-тай худалдаж авахаар ярьсан. Өөрөө 2.500.000 төгрөгөөр ав гэснийг би 1.800.000 төгрөгөөр авъя гэсэн санал хэлснийг зөвшөөрсөн тул би уг машиныг 2017 оны 11 сарын 10-даар пронтероор 100.000 төгрөгийн хөлсөөр Цахир суманд ачиж аваачсан. Авах үед 2 дугуй хагархай банкны таг байхгүй, радиотор нь тосоолгүй, мотор цохьсон байдалтай байсан. Энэ бүхнийг гэрчлэх маш олон хүн бий. Шаардлагатай бол тэдэнтэй уулзаж болно. 2017 оны 08 сарын 01-нд тохирсон мөнгийг нь өгөх байсан ч тухайн үед өгч чадаагүй нь миний буруу. А нь Их-уул, Цахир суманд 1.800.000 төгрөгөөр тохирно гэж ирсэн. Би А-д машинаа ав, мөнгө өгөх боломж алга, банкны зээл хийж байгаа тухайгаа ярьсан. Аль эсвэл 6 сарын дараа мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Би уг машинд 900.0-р газ доод анги, мөн 160.0-р акумлятор, 140.0-р 14-тэй 2 дугуй тавьсан тул мөнгийг нь өгөх боломж гараагүй болно. Миний бие анх тохирсон 1.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч өгөхөд бэлэн байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 16-нд 75-85 дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгаас ачаа ачиж ирээд Ж гэдэг айлын гадаа ирж хоносон. Өглөө их цас орсон байсан учраас араас ирсэн том тэргэнд ачаагаа ачаад Ж гэдэг айлын гадаа машинаа үлдээгээд явсан. Тэгээд машинаа очиж авч чадалгүй өвөл болгосон. Хавар Ж энд машиныг чинь хүн сонирхоод байна зарах юм уу? гэсэн. Тэгэхэд би зарж болно гэхэд Б.тэй намайг утсаар яриулсан.  Би 3.000.000 төгрөгөөр зарна гэхэд Б2.500.000 төгрөгөөр авъя, та машиныхаа түлхүүрийг акумлятортайгаа явуулчих дугуйг нь янзлаад байж байя гэсэн. Машин дотор бичиг баримт, газын плитка, түлхүүр багаж, дугуй зэрэг миний бүхий л зүйл байсан. Би хэд хоногоос очно машин тэрэг битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Дараа нь Ж, Б мөнгө төгрөгийг нь өгчихсөн гээд машиныг чинь аваарын гэрлийг нь асаагаад унаад явсан, чиний машины бүх гэрэл асдаг юм байна гэж надад хэлсэн. Б-ийн утас нь холбогдохгүй байж байгаад нэг удаа яриад мөнгөө нэхэхэд аав өнгөрсөн, та 49 хоногийн өнгөртөл хүлээж байгаач гэхээр нь хүлээсэн боловч машины мөнгөө өгөөгүй. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 22-нд Цахир суманд очиж уулзаад машинаа буцааж авъя гэхэд машин өгөхгүй болохоор нь бичиг баримтаа аваад Цахир сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгчихөөд явсан. Араас утсаар залгаад та цагдаагаас өргөдлөө аваад машиныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би Оргил цагаан ХХК-ий бланктай шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг машины бичиг баримтын хамт шөнө Б-д ирээд өгчихөөд явсан. Тээврийн газар очоод бүртгүүлэхэд л Б рүү шилжихэд бэлэн болгоод өгсөн. Машинаа би 2016 онд оношлогоонд оруулж татварыг нь төлчихсөн байсан.  2017 онд Б машиныг авчихсан учраас би оношлогоонд  оруулах боломжгүй. 2017 оны 10 сарын 18-нд намайг очиж уулзахад Д.Б бололцоо муу байна гэхээр нь би 1.800.000 төгрөг өгчих гэсэн нь үнэн. Тэгэхэд Д.Б 1.500.000 төгрөг өгье гэхэд нь би нааш цааш явах түвэг гэж бодоод бэлэн байгаа юм бол чи аваад ир гэсэн. Гэтэл Д.Б мотоцикльтой явчихаад бүтсэнгүй гээд ирсэн. Тэгээд бид хоёр урьд нь тохиролцсон 2.500.000 төгрөгөө 2018 оны 03 дугаар сарын 01-нд бэлэн өгч авахаар хэсгийн төлөөлөгчийн өрөөнд гэрээ хийсэн. Би 2018 оны 03 дугаар сард утсаар ярихад би танд ноолуураа самнаад өгье гэсэн боловч өгөөгүй. Б-г мах ачаад хот явсан гэдгийг сонсоод залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд энэ өгөхгүй юм байна гээд 2018 оны 08 дугаар сард шүүхээр шийдүүлэхээр болсон. Би 2-3 жил ашигласан автомашиныг буцааж авахгүй. Машины үндсэн үнэ 2.500.000 төгрөг, алданги 3.748.000 төгрөг, шүүхэд ирж буцсан зардал 720.500 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 дугаар сарын 18-нд А гэдэг хүнээс 75-85 улсын дугаартай автомашиныг Ж гэдэг айлын гадаа байхад нь утсаар яриад 1.800.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ж гэдэг айл нүүх гээд байна, машинаа хурдан ав гэж утсаар ярьсан. Тэгээд би машиныг Ж гэдэг айлын гаднаас чирүүлээд гэрийнхээ гадаа авчирсан. Би машиныг 1.800.000 төгрөг өгөхөөр тохирч авсан. 2017 оны 10 дугаар сард би эхнэртэйгээ хамт А гуайтай уулзаад та машинаа ав, би дугуйг нь янзлаад бололцооны болгосон мотор нь хэвээрээ байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээ хийгээд 1.800.000 төгрөгөөр өгч авалцахаар тохирсон. Би 2018 оны 02 дугаар сард машинд мотор, 2 шинэ дугуй, акумлятор авч тавиад энэ хүний мөнгийг өгч чадаагүй гэдэг нь үнэн. Албан ёсоор миний нэр дээр шилжээгүй, 2016 оноос хойш үзлэг оношлогоонд ороогүй байгаа. Би анх тохиролцсон 1.800.000 төгрөгөөр тохиролцож болно, мөн зардлын мөнгө бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө тавьсан мотор, дугуй, акумлятороо аваад машиныг нь өгмөөр байна. Бид хоёр 1.800.000 төгрөгөөр авахаар хэлцэл хийсэн. 2017 оны 10 сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ би 2.500.000 төгрөгийг нь төлнө гэсэн. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 зүйлд заасан худалдан худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй бичгээр хийгээгүй өөрөөр хэлбэл худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, машин нь эвдрэл гэмтэлгүй байх, эрхийг зөрчилгүй буюу бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ худалдагч А биелүүлээгүй байна. Мөн Иргэний хуулийн 56.8 дахь хэсэгт заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Бид хоёрын хоорондох машин авах, зарах тохиролцоо нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул гэрээ хийгдсэн гэж үзэхгүй, бид хоёрын дунд яригдсан машин авах, зарах тухай гэрээ, хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан ба өнөөдрийг хүртэл гэрээ  бодитоор биелэгдээгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр машины үнийг 2.500.000 төгрөгөөр төлнө гэж зөвшөөрсөн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний шаардлага хангаагүй, машин авна гэсэн баримт үйлдсэн болохоос зээлийн харилцаа үүсээгүй тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд 249.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.А хариуцагч Д.Б-с 7.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 сарын 22-нд 6.763.000 төгрөг болгон багасгасгаж, 2018 оны 11 сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд 6.968.500 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжилж байна. 

Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“Оргил цагаан” ХХК нь ЗАА7585 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах эрхийг 2017 оны 07 сарын 05-нд нэхэмжлэгч Г.Ад олгожээ.

Архангай аймгийн Цахир суманд Ж гэдэг айлд орхиод явсан ЗАА7585 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Б худалдан авах санал тавьсаныг нэхэмжлэгч Г.А хүлээн зөвшөөрч, улмаар Д.Б тээврийн хэрэгслийг хүлээн авч 2017 оны 10 сарын 18-нд Г.А, Д.Б нар уг тээврийн хэрэгслийн үнэ, хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар хэлэлцэн тохиролцож бичгээр гэрээ байгуулсантай талууд маргаагүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. 

Худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулж болох бөгөөд зохигчийн 2017 оны 10 сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу гэрээ байгуулсанд тооцно. 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Д.Б-с худалдсан тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөг, алданги 3.748.000 төгрөг, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх үед гарсан зардал 720.500 төгрөг нийт 6.968.500 төгрөг нэхэмжилж, хариуцагч Д.Б “би анх тохиролцсон 1.800.000 төгрөгөө өгнө, мөн зардлын мөнгө бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Хариуцагч Д.Б “2017 оны 05 сард Жйн гэрийн гаднаас тээврийн хэрэгслийг өөрөө очиж авсан, авах үед 2 дугуй хагархай, банкны таг байхгүй, радиотор нь тосоолгүй, мотор цохьсон байдалтай байсан.... Би өөрийнхөө тавьсан мотор, дугуй, акумлятороо аваад машиныг нь өгмөөр байна” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч тэрээр энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэхгүй болно.

1. 2017 оны 10 сарын 18-ны өдрийн гэрээнд хариуцагч Д.Б 2018 оны 3 сарын 01-ний дотор 2.500.000 төгрөгийг төлөх, энэ хугацаанд төлөхгүй бол 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор заажээ. 

Хариуцагч Д.Б “тээврийн хэрэгслийг 1.800.000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгч Г.А тай тохиролцсон” гэж тайлбарладаг, нэхэмжлэгч Г.А “2017 оны 10 сарын 18-нд намайг очиж уулзахад Д.Б бололцоо муу байна гэхээр нь би 1.800.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхэд Д.Б 1.500.000 төгрөг өгье гэхэд нь би нааш цааш явах түвэг гэж бодоод бэлэн байгаа юм бол чи аваад ир гэсэн. Гэтэл Д.Б мотоцикльтой явчихаад бүтсэнгүй гээд ирсэн. Тэгээд бид хоёр урьд нь тохиролцсон 2.500.000 төгрөгөөр өгч авахаар гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байна. 

Зохигч 2017 оны 10 сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан гэрээндээ эд хөрөнгийн үнийн талаар хэлэлцэн тохиролцсон нь хариуцагч Д.Б-ий 2017 оны 10 сарын 26-нд шүүхэд гаргасан  “2017 оны 10 сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ би 2.500.000 төгрөгийг төлнө гэсэн” гэх тайлбар, 2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр тогтоогддог тул ЗАА7585 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар талууд тохиролцжээ. 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Г.А-д тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг төлөөгүйгээ хүлээн зөвшөөрдөг, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А хариуцагчаас 2.500.000 төгрөг шаардах эрхтэй байна.  

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, зохигч гэрээндээ 2018 оны 3 сарын 01-ний дотор 2.500.000 төгрөгийг төлөх, энэ хугацаанд төлөөгүй бол 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 Нэхэмжлэгч 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги нэхэмжилсэн гэж тайлбарладаг.  Хариуцагч Д.Б 2018 оны 03 сарын 1-ний өдөр гэхэд худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байх тул хариуцагчийн үүрэг гүйцэтгэх байсан хугацааг 2018 оны 03 сарын 01-ний өдөр гэж үзэх ба энэ хугацаанаас хойш хугацаа хэтрүүлсэн хоногт алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.  Иймд 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагч 181 хоногоор хэтрүүлжээ. Тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг төлөөгүй, хэтрүүлсэн хугацаанд хариуцагч /12.500х181 хоног/ 2.262.500 төгрөгийн  алданги төлөх байсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагчаас 1.250.000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

3. Хариуцагч Д.Б нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчиж худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Г.А хариуцагчид холбогдуулан 2018 оны 08 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Улаанбаатар-Архангай, Архангай-Улаанбаатар, Дархан-Улаанбаатар-Архангай чиглэлд ирж буцахдаа автогаз худалдан авсан 

1. 2018 оны 9 сарын 26-ний өдрийн 30.000 төгрөг 

2. 2018 оны 9 сарын 30-ний өдрийн 57.500 төгрөг

3. 2018 оны 10 сарын 21-ний өдрийн 70.000 төгрөг 

4. 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 60.000 төгрөг 

5. 2018 оны 11 сарын 09-ний өдрийн 15.000, 25.000 төгрөг

6. 2018 оны 11 сарын 11-ний өдрийн 50.000 төгрөг 

Архангай аймгийн Буян зочид буудалд байрласан 

1. 2018 оны 09 сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 4 хоногийн 220.000 төгрөг

2. 2018 оны 10 сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 1 хоногийн 55.000 төгрөг

3. 2018 оны 11 сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 1 хоногийн 55.000 төгрөг нийт 637.500 төгрөг нь хариуцагч Д.Б хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Агаас гарсан зардал учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч уг хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.  

Харин нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 18-ны өдөр  Дундговь-Улаанбаатар чиглэлд явсан зардал нэхэмжилдэг боловч нэхэмжлэгчийн Дундговь аймагт ажилладаг гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2018 оны 10 сарын 20-ны өдөр Хархориноос автогаз худалдан авсан, Буян ресторанд 2018 оны 10 сарын 03-нд 6.000 төгрөгийн хоол идсэн зардлуудыг нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гаргасан зардал биш гэж үзлээ. 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Б-с /2.500.000+1.250.000+637.500/ 4.387.500 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.581.000 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Б-с 4.387.500 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.581.000 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж хариуцагч Д.Б-с 85.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай.  

 

3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.БАЙГАЛМАА