Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/2021/01627/И

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “СМ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.О/РД: УХ90102352/-д холбогдох, 

 

2,608,980 иен буюу 69,500,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Өлзийжаргал, хариуцагч Э.О, гэрч Ү.Ихнаран, гэрч Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “СМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, өмгөөлөгч Н.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Эрдэнэбаяр овогтой О/РД: УХ90102352/ “СМ” ХХК-д 2013 оны 4 сараас 2020 оны 12 cap хүртэл ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхолд автан ажлын хариуцлага халдаж нийт 8 машины төлбөр 2,208,980/хоёр сая хоёр зуун найман мянга есөн зуун наян/ Япон иенийг харилцагчийн өмнөөс шийлжүүлнэ гэж хувийн дансаараа авч, мөн харилцагчидад санаатайгаар дур мэдэн өөр данстай нэхэмжлэх өгснөөр тус автомашинуудын төлбөр өөр хүний автомашины төлбөрт шилжүүлэгдэн тухайн автомашины төлбөрүүд зохих дансууд буюу зориулагдах машины төлбөрт төлөгдөөгүй тул манай компанид хохирол учруулсан.

Машины арлын дугаар

Машины марк

Нийт төлбөр иен

Төлөгдсөн дүн иен

Үлдэгдэл төлбөр иен

ANF10-2006195

HS

314,000.

 

314,000.00

AWS210-6035568

CROWN HYBRID

723,000.

265,500.

457,500.00

AZK10-2077330

SAI

711,000.

213,300.

497,700.00

NHP10-2442453

AQUA

311,080.

100,000.

211,080.00

NHP10-6309079

AQUA

253,000.

149,400.

103,600.00

ZVW30-0268365*

PRIUS

317,000.

95,100.

221,900.00

ZVW30-5280560

PRIUS

311,000.

93,300.

217,700.00

ZWV30-5346367

PRIUS

265,000.

79,500.

185,500.00

 

 

4,705,080.

2,496,100.

2,208,980.

“CMID151240

“данс

харилцагчийн deposit төлбөр буюу барьцаа төлбөр

 

 

400,000.

 

 

 

 

нийт: 2,608,980 япон иен

Дээрх хүснэгтээс харвал харилцагчдын “151240” тоот системд дансанд байх урьдчилгаа төлбөрийн зориулалтай 400,000/дөрвөн зуун мянга/ япон иенийг гүйлгэж өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хувьдаа ашигласан бөгеөд манай компанид 2,608,980/япон иен/ *26,64/тухайн үеийн ханш/= 69,503,000/жаран есөн сая таван зуун гурван мянган/ төгрөгийн хохирол учруулаад байна.

Тухайн үед Э.О нь төлбөрийг төлж барагдуулаад компанийг хохиролгүй болгохоо амлаж байсан боловч амалсан хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Манай компанид учруулаад байгаа нийт 2,608,980/япон иен/*26,64/тухайн үеийн ханш/= 69,503,000/жаран есөн сая таван зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талууд анхнаасаа маргаан үүсэхэд нэхэмжилсэн дүн дээр маргаагүй. Хариуцагч тал төлөхөө бичгээр болон хариу тайлбараар илэрхийлсэн. Нэхэмжлэлийн дүн 8 автомашины үлдэгдэл төлбөр болох нь хамгийн сүүлд хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 сард багтаан 3 хувааж төлөх саналыг тавьсан боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагчийн гаргаж буй тайлбарууд үндэслэлгүй. Тайлбаруудаа дэмжсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн дүнг алдагдалтай холбож тайлбарласан. Энэ нь нотлогдоогүй. Гарын үсэг хүчээр зуруулсан гэсэн. Тэр нь мөн нотлогдоогүй. Дискаунт үзүүлнэ гээд үзүүлж чадаагүй гэж байна. Гэтэл Доохоогийн Энхжаргал өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч компанийн зүгээс дискаунт үзүүлж байсан гэсэн. Тэгэхээр хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хохирлын хэмжээг талууд тохирсон. “СМ” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Энэ дээр маргаагүй. Хариуцагч нь өөр автомашины төлбөрт төлөгдсөн гэдгийг өнөөдрийн шүүх хуралд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Сүүлд нь нэмж хэлэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас нэхэмжилсэн дүнг төлүүлэх, хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол өөрийн болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РД УХ:90102352 Эрдэнэбаяр овогтой О би 2012 оны 4 сарын 1-нээс 2020 оны 12 сарын 23 хүртэл ЭСМд худалдааны зөвлөх болон худалдааний зөвлөх ахлах менежерээр ажиллаж байсан.

ЭСМ компаниас надад гаргасан нэхэмжлэхийн дүн болох 2,608,980 иенийн 1,000,000 орчим иен нь Мэргэн овогтой Өлзийжаргал/валют чэнж/ орж ирэх учиртай юм. М.Өлзийжаргал нь ЭСМ компани бүх ажилчидтай харилцан иены ханш тохилцон япон руу иенийнг шилжүүлж өгдөг байсан хүн юм. 1 жил орчим хугацаанд шилжүүлж өгч байсан боловч бидний иен авахаар өгсөн мөнгө алга болсон. ЭСМ ХХК-ийн ерөнхий менежер Ү.Ихнаран нь Сүхбаатар дүүрэг цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан энэ хэрэг нь одоо Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах алба 2009000001136 тоот эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа болно. Ерөнхий менежер Ү.Ихнаранг гэрчээр дуудуулах хүсэлттэй байна. 1,608,980 иен өөрт завшин үүссэн өр биш юм

СБЭТЭ Жапан компаниас ажилтан бүрд сард 60-70 машин зарах төлөвлөгөө өгдөг байсан. Хэрвээ энэ төлөвлөгөөндөө хүрэхгүй бол урамшууллын цалингаа авч чадахгүй, мөн олон cap үргэлжилбэл ажлаас чөлөөлөгдөх хүртэл дүрэм заалттай байдаг. Миний хувьд ажиллаж байсан хугацаандаа 1000 орчим тооны машин

ЭСМ компаниас харилцагчид зуучлан зарсан байдаг.

Гэвч эдгээр машинууд дунд төлөвлөгөөндөө хүрэх зорилгоор захиалагчгүй машин авч зарах тохиолдол байсан. Захиалагчгүй авсан машин нь Монгол руу ачигдахын тулд тухайн машины Япон дахь төлбөрийн 30% хийгдэж ачигддаг. Хэрвээ 30% хийлгүй ачигдах бол үүнийг Мануал Шипок гэж нэрлэдэг. Мануал шипок хийлгэж ачигдсан машиныг автомашины худалдаа эрхлэгчид авах сонирхолтой байдаг байсан. Хэрвээ Японд мануал шипок тавиулж чадахгүй мөн зарж чадахгүй нөхцөл байдал үүсвэл хадгалалтын зардал 9000-27000 иен нэмэгддэг энэ нь Монгол мөнгөөр 240,000-720,000МНТ юм. Дараа нь энэ машиныг авсан хүн нь илүү гарсан зардлыг хүлээн зөвшөөрдөггүй зарим тохиолдолд машины үндсэн үнээс хасаж шилжүүлдэг байсан. Автомашины үнэ цаг ямагт өөрчлөгдөж байдаг нь бидэнд хүндээр тусдаг байсан. Үүнд Монгол дахь Татварын хуулийн өөрчлөлт мөн Япон дахь машины үнэ хэт хямдарснаас болж тухайн үед авсан машин нь үнэтэй болсноос харилцагч нар нь авалгүй хаях тохиолдлууд ихээр гардаг байсан. 2018 онд автомашины бизнес эрхлэгчдэд хямрал үүссэн.

Монголд орж ирсэн хуучин автомашинд 98 cap хүртэл хугацаатай зээл олгодог байсан бол зөвхөн 24 сарын хугацаатай болж сарын төлөлт нь маш өндөр болсноор дээрх төлөлтийг хангаж чадах худалдан авагч цөөрсөн. Үүнээс болж эргэлтийн хөрөнгөгүй болсон харилцагчид машинаа авч чадалгүй гааль дээр маш их хэмжээний бөөгнөрөл үүссэн. Энэ ачаалал бөөгнөрөлөөс болж контейнэр эзэн нь авч чадахгүй улмаас задрах боломжгүй маш олон машин бий болсон. Контейнэр задлахад дотор нь 5 машинтай бол 5 хүн нь өөрийн биеэр авж байж задардаг дүрэмтэй. Нэг машин нь хаягдахад контэйнэр задрах боломжгүй болж 10 өдрөөс дээш задрахгүй бол өдрийн 60 доллар нэмэгддэг дээр нь 2 сараас дээш гаалийн хашаанд байлгавал гаалийн торгууль 200,000 төгрөг торгуулдаг мөн аж ахуй нэгж авах бол 2,000,000 төгрөгөөр торгуульдаг хуультай юм.

Эдгээр гарсан нэмэлт төлбөрүүдийг нэг ч удаа СБЭТЭ компани хариуцаж байгаагүй бөгөөд бүх хариуцлага худалдааны менежерүүд өөрсдөө хариуцаж ирсэн. Машин ачилтын явцдаа холголт үүсэх дугуй, хөгжим зэрэг нь алга болох аукционы хуудаснаасаа зөрөх зэрэг асуудлууд гардаг боломжгүй бол Японд нь дахин дуудлага худалдаанд оруулдаг байсан. Гэвч компаний дүрмэнд 100,000 иен гэсэн боловч тэрнээс хэт үнэтэй зардал гардаг бөгөөд үүнийг харилцагч нар нь хүлээн зөвшөөрдөггүй.

Үлдэгдэл болох 1,608,980 орчим иенийг би ажилтай орлоготой байсан бол тухайн үедээ төлж барагдуулж чадах байсан. Урьд өмнө нь сануулж хэлж мэдэгдэлгүйгээр 2020 оны 12-р сарын 23 орой 19 цаг 10 минут буюу орой ажлын бус цагаар гэнэт ажлаас чөлөөлөх тушаал е-мэйлээр ирсэн/13 хүнд/, гэнэтийн байдлаар ажлаас халагдсаны дараа ажил орлогогүй болсон, 2021 он гараад ажил горилоод өөрийн 8 жилийн ажлын туршлагад үндэслэн авто машин зуучлалийн компаниудад ажилд орохоор уулзаж үзсэн боловч дээрх 13 хүний нэрийг оруулан ажилд авахгүй байх уриалга хүргүүлсэн байсан тул компаниуд ажилд аваагүй бид бүгд ажилгүй байгаа энэ нь хүний эрхийг зөрчисөн асуудал гэж үзэж байна. Он удаан жил хөдөлмөрлөн ажилласан ЭСБЭТЭ компанид гомдолтой байгаа.

Хэрвээ ЭСМ компани ийм уриалга бусад ижил төстөй үйл ажиллагаа эрхэлдэг компаниуудад хүргүүлээгүй байсан бол ажилд орон тогтмол орлоготой болж дээрх өөрт хамааралтай төлбөрийг барагдуулаад явж байх байсан. Одоо цаашид авто машин зуучлан болуулах чиглэлээр ажилах боломжгүй болгосон учир Covid19 цар тахал намжижвал ажилд орон өмнөх тохиролцолын дагуу 2022 онд багтаан төлж барагдуулах бодолтой байна.

Ямар нэгэн нотлох баримт өгөөгүй гэж байна. Нотлох баримт “СМ” ХХК-ийн программ дээр байдаг болохоор би нэвтэрч чадахгүй байгаа. Тэрийг цаашаа хөөгөөд үзэх юм бол бүх зүйл нотлогдоно. Надад тэдний оффисын хаалгаар орох эрх байхгүй. 2013 оноос авхуулаад ажлаас гарах хүртэл зарсан бүх машинд дүгнэлт хийх юм бол бүх юм тодорхой гарч ирнэ.” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт, “СМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №04/39 дугаар Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаал, СМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №03/56 дугаар Ажилд томилох тухай тушаал, 2013 оны 04 сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажилд орохыг хүсэгчийн өргөдлийн маягт, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны Ханшийн лавлагаа, Харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп/Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “СМ” ХХК хариуцагч Э.Од холбогдуулан барьцаа төлбөр 10,656,000/арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг, тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг, бүгд 69,503,000/жаран есөн сая таван зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.     

 

          Хариуцагч нь худалдсан автомашиныг төлбөрийг бий аваагүй, худалдан авсан хүн мөнгийг компанид төлсөн, өөрт завшин үүссэн өр биш юм гэж маргасан.

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ болон 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/39 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/39 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь худалдан авагч Япон улсад зохион байгуулагдах тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцоход зуучлах үүрэг хүлээдэг байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп/Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу ... хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь ... хөлс ... төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдан авагч нартай зуучлалын гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл худалдан авагчтай байгуулсан зуучлалын гэрээний тээврийн хэрэгслийн үнийг төлөх, тээврийн хэрэгслийг тээвэрлэх зэрэгт зуучлах үүрэг хүлээдэг байсан болох нь гэрч Ү.Ихнаран, гэрч Д.Энхжаргал нарын гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп/Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь худалдан авагч Б.Төгөлдөр, Л.Арцсод, Т.Анударь, Д.Энхжаргал нарын нийт 8/найм/ ширхэг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт төлсөн нийт 2,208,980/хоёр сая хоёр зуун найман мянга есөн зуун ная/ иен буюу 58,847,227/2,208,980х26.64=58,847,227/ /тавин найман сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг төлбөрт төлснөөр бүртгүүлээгүй байх ба уг төлбөрүүдийг өмнө нь зуучлалын үйлчилгээ үзүүлсэн худалдан авагч нарын тээврийн хэрэгслийн төлбөрт бүртгүүлсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп/Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулга, гэрч Ү.Ихнаран, гэрч Д.Энхжаргал нарын гэрчийн мэдүүлэг, Монгол Банкны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ханшийн лавлагаа, Э.Огийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “СБЭТЭ” ХХК-ийн захиралд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өөр тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт бүртгүүлсэн үлдэгдэл төлбөр 58,847,227/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг өмнөх тохиролцолын дагуу буюу 2022 онд багтаан төлж барагдуулах тухай дурджээ.

 

Хариуцагч нь 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой учирсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2021 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-т “Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад ... эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын ... хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно.”, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын ... хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2021 он/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтад зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.3-т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2021/ 133 дугаар зүйлийн 133.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2021/ 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хохиролд 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагч “CMID151240” данс дахь барьцаа төлбөр 10,656,000/400,000х26.64=10,656,000/ /арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хувьдаа ашигласан гэж тайлбарлаж байна.

 

CMID151240” дансанд барьцаа 400,000 иен буюу 10,656,000 төгрөгийг байршуулсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп/Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулгаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч нь 10,656,000/арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хувьдаа ашигласан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Огоос нийт 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СМ” ХХК-д олгож, үлдсэн 10,656,000/арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 458,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Огоос нийт 58,847,000/тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СМ” ХХК-д олгож, үлдсэн 10,656,000/арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 458,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СМ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ