Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00880

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00880

 

 

СМ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00350 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч СМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.О-д холбогдох,

2,608,980 иен буюу 69,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Э.О- нь СМ ХХК-д 2013 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар cap хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхолд автан ажлын хариуцлага алдаж нийт 8 машины төлбөр 2,208,980 иенийг харилцагчийн өмнөөс шилжүүлнэ гэж хувийн дансаараа авч, мөн харилцагчдад санаатайгаар дур мэдэн өөр данстай нэхэмжлэх өгснөөр тус автомашинуудын төлбөр өөр хүний автомашины төлбөрт шилжүүлэгдэн тухайн автомашины төлбөрүүд зохих дансууд буюу зориулагдах машины төлбөрт төлөгдөөгүй. Харилцагчдын 151240 тоот системд дансанд байх урьдчилгаа төлбөрийн зориулалттай 400,000 иенийг гүйлгэж өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хувьдаа ашигласан бөгөөд манай компанид 2,608,980 иен /26,64/ тухайн үеийн ханшаар нийт 69,503,000 төгрөгийн хохирол учруулсан.

Тухайн үед Э.О- нь компанийг хохиролгүй болгохоо амлаж байсан боловч төлбөрийг төлөөгүй.

Талууд анхнаасаа нэхэмжилсэн дүн дээр маргаагүй.Нэхэмжлэлийн дүн 8 автомашины үлдэгдэл төлбөр болох нь хамгийн сүүлд хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 сард багтаан 3 хувааж төлөх саналыг тавьсан боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн дүнг алдагдалтай холбож тайлбарласан. Энэ нь нотлогдоогүй. Гарын үсэг хүчээр зуруулсан гэсэн. Тэр нь мөн нотлогдоогүй. Дискаунт үзүүлнэ гээд үзүүлж чадаагүй гэж байна. Гэтэл Д.Э- өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч компанийн зүгээс дискаунт үзүүлж байсан гэсэн. Хариуцагч нь өөр автомашины төлбөрт төлөгдсөн гэдгийг шүүх хуралд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн. 2,608,980 иен буюу 69,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл СМ ХХК-д худалдааны зөвлөх болон худалдааны зөвлөх ахлах менежерээр ажиллаж байсан. СМ ХХК-иас гаргасан нэхэмжлэхийн дүн болох 2,608,980 иенийн 1,000,000 орчим иен нь М.Ө-аас /валют чэнж/ орж ирэх учиртай. М.Ө- нь СМ ХХК бүх ажилчидтай харилцан иены ханш тохиролцон япон руу иенийг шилжүүлж өгдөг байсан хүн юм. 1 жил орчим хугацаанд шилжүүлж өгч байсан боловч бидний иен авахаар өгсөн мөнгө алга болсон. СМ ХХК-ийн ерөнхий менежер Ү.И- нь Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан энэ хэрэгт одоо 2009000001136 тоот эрүүгийн хэрэг үүссэн. 1,608,980 иен өөрт завшин үүссэн өр биш юм. СЖ- компаниас ажилтан бүрд сард 60-70 машин зарах төлөвлөгөө өгдөг байсан. Хэрвээ энэ төлөвлөгөөндөө хүрэхгүй бол урамшууллын цалингаа авч чадахгүй, мөн олон cap үргэлжилбэл ажлаас чөлөөлөгдөх хүртэл дүрэм заалттай байдаг. Миний хувьд ажиллаж байсан хугацаандаа 1000 орчим тооны машин СМ ХХК-аас харилцагчид зуучлан зарсан.

Гэвч эдгээр машинууд дунд төлөвлөгөөндөө хүрэх зорилгоор захиалагчгүй машин авч зарах тохиолдол байсан. Захиалагчгүй авсан машин нь Монгол руу ачигдахын тулд тухайн машины Япон дахь төлбөрийн 30% хийгдэж ачигддаг. Хэрвээ 30% хийлгүй ачигдах бол үүнийг Мануал Шипок гэж нэрлэдэг. Мануал шипок хийлгэж ачигдсан машиныг автомашины худалдаа эрхлэгчид авах сонирхолтой байдаг байсан. Хэрвээ Японд мануал шипок тавиулж чадахгүй мөн зарж чадахгүй нөхцөл байдал үүсвэл хадгалалтын зардал 9,000-27,000 иен нэмэгддэг энэ нь Монгол мөнгөөр 240,000-720,000 төгрөг юм. Дараа нь энэ машиныг авсан хүн нь илүү гарсан зардлыг хүлээн зөвшөөрдөггүй зарим тохиолдолд машины үндсэн үнээс хасаж шилжүүлдэг байсан. Автомашины үнэ цаг ямагт өөрчлөгдөж байдаг нь бидэнд хүндээр тусдаг байсан. Үүнд Монгол дахь Татварын хуулийн өөрчлөлт мөн Япон дахь машины үнэ хэт хямдарснаас болж тухайн үед авсан машин нь үнэтэй болсноос харилцагч нар нь авалгүй хаях тохиолдлууд ихээр гардаг байсан. 2018 онд автомашины бизнес эрхлэгчдэд хямрал үүссэн.

Монголд орж ирсэн хуучин автомашинд 98 cap хүртэл хугацаатай зээл олгодог байсан бол зөвхөн 24 сарын хугацаатай болж сарын төлөлт нь маш өндөр болсноор дээрх төлөлтийг хангаж чадах худалдан авагч цөөрсөн. Үүнээс болж эргэлтийн хөрөнгөгүй болсон харилцагчид машинаа авч чадалгүй гааль дээр маш их хэмжээний бөөгнөрөл үүссэн. Энэ ачаалал бөөгнөрөлөөс болж контейнэр эзэн нь авч чадахгүй улмаас задрах боломжгүй маш олон машин бий болсон. Контейнэр задлахад дотор нь 5 машинтай бол 5 хүн нь өөрийн биеэр авж байж задардаг дүрэмтэй. Нэг машин нь хаягдахад контэйнэр задрах боломжгүй болж 10 өдрөөс дээш задрахгүй бол өдрийн 60 доллар нэмэгддэг дээр нь 2 сараас дээш гаалийн хашаанд байлгавал гаалийн торгууль 200,000 төгрөг торгуулдаг мөн аж ахуй нэгж авах бол 2,000,000 төгрөгөөр торгуульдаг хуультай юм.

Эдгээр гарсан нэмэлт төлбөрүүдийг нэг ч удаа СМ ХХК хариуцаж байгаагүй. Өөрсдөө хариуцаж ирсэн. Машин ачилтын явцдаа холголт үүсэх дугуй, хөгжим зэрэг нь алга болох аукционы хуудаснаасаа зөрөх зэрэг асуудлууд гардаг боломжгүй бол Японд нь дахин дуудлага худалдаанд оруулдаг байсан. Гэвч компанийн дүрэмд 100,000 иен гэсэн боловч тэрнээс хэт үнэтэй зардал гардаг бөгөөд үүнийг харилцагч нар нь хүлээн зөвшөөрдөггүй.

Үлдэгдэл болох 1,608,980 орчим иенийг би ажилтай орлоготой байсан бол тухайн үедээ төлж барагдуулж чадах байсан. Урьд өмнө нь сануулж хэлж мэдэгдэлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 23-нд ажлын бус цагаар гэнэт ажлаас чөлөөлөх тушаал е-мэйлээр ирсэн/13 хүнд/, гэнэтийн байдлаар ажлаас халагдсаны дараа ажил орлогогүй болсон, 2021 он гараад ажил горилоод өөрийн 8 жилийн ажлын туршлагад үндэслэн авто машин зуучлалын компаниудад ажилд орохоор уулзаж үзсэн боловч дээрх 13 хүний нэрийг оруулан ажилд авахгүй байх уриалга хүргүүлсэн байсан тул компаниуд ажилд аваагүй.2013 оноос ажлаас гарах хүртэл зарсан бүх машинд дүгнэлт хийх юм бол бүх юм тодорхой гарч ирнэ.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гоос нийт 58,847,000 /тавин найман сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМ ХХК-д олгож, үлдсэн 10,656,000 /арван сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч СМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-гоос улсын тэмдэгтийн хураамжид 458,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч СМ ХХК хариуцагч Э.О-той 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, захирлын тушаалаар Маркетинг борлуулалтын албаны борлуулалтын менежерээр томилсон. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/39 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг хугацаанд 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн нь хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна, 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан.

Гэтэл шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Хариуцагч нь холбогдох хүсэлтүүд болон өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх хүсэлтийг гаргасан байхад шүүх хуралдааны хүсэлтийн шатанд гаргаагүй гэсэн үндэслэлээр хууль, эрх зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн өмгөөлүүлэх хүсэлтийг хангасан бол ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд зааснаар шүүхийн журмаар гаргуулах, хүсэлт гаргах боломж бүрдэх байсан. Э.О-г 58,847,000 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдоогүй байхад зөвхөн хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хууль, эрх зүйн ойлголтгүйгээс гаргаж өгсөн тайлбар болох 58,847,000 төгрөгийг өмнөх тохиролцсоны дагуу буюу 2022 онд багтаан төлж барагдуулна гэснийг үндэслэсэн байна.

Гэвч хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарласан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгч талуудад шинээр гаргаж өгөх нотлох баримт болон санал хүсэлт байна уу гэхэд хариуцагч тал өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах шийдвэр гаргаж, нотлох баримт гаргуулж шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгч, хариуцагч талд нотлох баримт өгөх боломж олгосон. Хариуцагч нь 5 сарын хугацаанд нотлох баримт гаргаж өгөх боломж нь хангалттай байсан бөгөөд хариуцагч тал өөрийн шаардлагад татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримт өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй. Мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл биш. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй. 2021 онд нэхэмжлэл гаргасан. Э.О- нь нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр гаргаж өгдөггүй. Мөн хариуцагч өмгөөлөгч авах эрхээр шүүх хангаагүй гэж байна. Гэтэл өмгөөлөгч авах хүсэлтэй бичгээр гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилсон болох нь хэргийн баримтаар тогтоогддог. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч СМ ХХК нь хариуцагч Э.О-д холбогдуулан барьцаа төлбөр 10,656,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 58,847,000 төгрөг, нийт 69,503,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Э.О- нь СМ ХХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 04/39 дугаар тушаалаар тогтоогдож байна. /хх8/

 

4. СМ ХХК нь Япон улсад зохион байгуулагдах тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцоход худалдан авагчид зуучлах үүрэг хүлээдэг байсан, хариуцагч нь ажилтны хувьд тээврийн хэрэгслийн үнийг төлөх, тээврийн хэрэгслийг тээвэрлэх зэрэгт зуучлах үүрэг хүлээдэг байсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ворк групп /Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулга, зохигчдын тайлбар, гэрч Ү.И-, гэрч Д.Э- нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ худалдан авагч Б.Т, Л.А, Т.А, Д.Э- нарын нийт 8 ширхэг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт төлсөн нийт 2,208,980 иен буюу 58,847,227 /2,208,980х26,64=58,847,227/ төгрөгийг төлбөрт төлснөө бүртгүүлээгүй, өмнө нь зуучлалын үйлчилгээ үзүүлсэн худалдан авагч нарын тээврийн хэрэгслийн төлбөрт бүртгүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон Э.О-гийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр СМ ХХК-ийн захиралд гаргасан хүсэлтээр тогтоогдсон.

 

5.а. Э.О- нь шүүхэд ... 58,847,000 төгрөгийг өмнөх тохиролцсоны дагуу буюу 2022 онд багтаан төлж барагдуулах талаар тайлбарласан байна. /хх22-24/

 

5.б. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирол гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн, нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудыг хариуцагч няцааж чадаагүй.

 

6. Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэснийг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гоос 58,847,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

7. Анхан шатны шүүх CMID151240 дансанд барьцаа 400,000 иен буюу 10,656,000 төгрөгийг байршуулсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ворк групп /Work group/ программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, харилцагчийн бүртгэлтэй дансан дахь төлбөр тооцооны мэдээллийн орчуулгаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гараагүй байна.

 

8. Түүнчлэн, анхан шатны шүүхээс хариуцагчид 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан, мөн хариуцагч талаас шинээр гаргах санал хүсэлт байхгүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон сараар үргэлжилсэн, хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломжийг хангаагүй, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД