Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2022/00279

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ЭТТ” ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “ЭТТ” ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны  Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Э.М,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,

Гэрч Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Д-ий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтнаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулсан.

2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр очиж мэдэгдэлтэй танилцахад компанийн бүтцээс ажилтны орон тоог цөөрүүлж, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг мэдэгдсэн. Гэтэл Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан.

 

Гүйцэтгэх захиралд компанийн дүрэм, бусад бичиг баримтаар эрх хэмжээ өгдөг. Өөрөөр хэлбэл ТУЗ-өөс өгсөн чиглэл юм уу эсхүл эрх, үүрэг олгосон байх ёстой. Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5-д гүйцэтгэх захирлын эрх үүргийг тодорхой заасан бөгөөд бүтэц батална, ажлын байрыг цөөрүүлж, хасаж болно гэсэн ямар ч заалт байхгүй. Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журамд энэ талаарх заалт байдаггүй. Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6 дээр ТУЗ-ын эрхийг тодорхой зааж өгсөн бөгөөд 8.6.3 Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох гэж заасан. Энэ нь гүйцэтгэх захирлын 2021 оны А/184 дүгээр тушаал нь ТУЗ-ийн эрхэнд халдаж гаргасан байдаг.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаалаар нийт 20 орчим хүнийг бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д дахь 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн тушаалын 2-т дурдсанаар миний ажлыг хүлээлцүүлэхийг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт даалгасан. Хуучин бүтцийн хувьд байсан салбарын Захиргаа, удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой байна.

Мөн тушаал гарах үед би баталсан хуваарь ёсоор 2021 оны 8 сард ээлжийн амралттай байсан. Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дугаар зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн

Ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

2.Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Э.М нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”ЭТТ” ХК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбогдуулан төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 01/3008 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 тоот удирдамж, “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, Төлөөлөн Удирдах зөвлөлийн Аудитын багийн дүгнэлт зэрэг баримт бичиг, шийдвэрүүд гарсан.

 “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаартай тогтоолоор “Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн баталсан.

Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д зааснаар Гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар “Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаар”-ыг шинэчилсэн бөгөөд тус тушаалын 5 дугаар хавсралтаар “салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг” баталсан.

Тус тушаалаар “Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан” гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул Б.Дд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах С/42 дугаартай Мэдэгдэл танилцуулсан.

Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 тоот тушаал гарч Б.Дд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ....ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...гэж заасныг хэрэгжүүлсэн.

Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж байгууллага, татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаарна... гэж заасан.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой “ЭТТ” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Салбарт салбар, нэгж татан буугдсан ямар нэгэн шийдвэр гараагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ...” гэж заасанд хамаарахгүй болно.

Б.Д-ий ээлжийн амралтын батлагдсан хуваарь 2021 оны 8 сард байсан бөгөөд нэхэмжлэгч ээлжийн амралт эдлээгүй байсан тул ээлжийн амралтын тооцоог дуусгаж ажлаас чөлөөлсөн.

Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 тоот  тушаал нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр болохоос тухайн ажилтан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаал биш гэдгийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаар тушаал, итгэмжлэл, Б.Д-ий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороонд” гаргасан өргөдөл гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаар тушаал, түүний хавсралт, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралтууд, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/886 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаар тушаал, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/3008 дугаар албан бичиг, “ЭТТ” ХК-ийн дүрэм, Ажлын байр /аж ахуйн ажилтан/-ны тодорхойлолт, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С/42 дугаартай мэдэгдэл, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2020/с-678 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ЗУХ-ийн бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан Б.Дий туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 06, 07, 08, 09, 10 сарын тайлан, Гүйцэтгэх захирлын 2021 оны А/181 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн явцын тайлан, Дотоод албан бичиг /Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албанд/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/140 дугаартай “ЭТТ” ХК-ийн албан бичиг, Д.Сүх-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдөл, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл, П.Мөнх-Оргилын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөл, Б.Ганбаатарын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 119-ний өдрийн Б/1087 дугаар тушаал, түүний хавсралт, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/622 дугаар тушаал, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/881 дугаар тушаал, Д.Сүх-Эрдэнийн бакалаврын дипломын хуулбар, П.Мөнх-Оргилын бакалаврын дипломын хуулбар, хавсралт, Б.Ганбаатарын мастерын гэрчилгээ, хавсралт, Эрдэнэс таван толгой ХК-ийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт, эдийн засагч, статистикчийн ажлын байрны тодорхойлолт, мэдээлэл технологийн ажлын байрны тодорхойлолт гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол, түүний хавсралт, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 дугаартай “ЭТТ” ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ, “ЭТТ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын тайлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 дугаартай “ЭТТ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд баримтлах удирдамж, хавсралт, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаал, түүний хавсралтууд, “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоол, түүний хавсралт баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь “ЭТТ” ХК-д холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “ЭТТ” ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны  Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд орон тоог хасагдсан үндэслэлээр гэрээг цуцалсан,

бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн, 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн заалтыг зөрчсөн, мөн хамтын гэрээгээр 60 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй,

Гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж байгууллагын бүтэц баталсан,

Бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой, тушаал гарах үед 2021 оны 8 сард ээлжийн амралттай байсан, тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаартай тогтоол, Гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаалаар “Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан” гэх ажлын байрны орон тоо хасагдсан, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл танилцуулсан, нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасныг хэрэгжүүлсэн. Салбар, нэгж татан буугдсан ямар нэгэн шийдвэр гараагүй тул 45 хоногийн өмнө мэдэгдэх гэсэн заалт хамаарахгүй, Б.Дийг ээлжийн амралт эдлээгүй байсан тул ээлжийн амралтын тооцоог дуусгаж ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/886 дугаар тушаалаар Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албанд Аж ахуйн ажилтнаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаартай “Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны Аж ахуйн ажилтан Б.Дийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/886 дугаар тушаал, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/886 дугаар тушаал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2020/с-678 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаартай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн дүрмийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.14, 4.1.2 дахь заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны А/184 дүгээр тушаал, “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот Хамтын гэрээний 8.17.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Шинэчлэн батлагдсан компанийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны Аж ахуйн ажилтан ажлын байрны орон тоо хасагдсан...” гэж нэхэмжлэгч Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2021/08629 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд нэхэмжлэгч Б.Д нь дахин нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч Б.Д хэтрүүлээгүй гэж үзнэ.

           

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Д-д ажлаас халах тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахаас 32 хоногийн өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №С/42 дугаартай мэдэгдэл танилцуулсан тухай баримтаар тогтоогдохоос гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх мэдэгдлийг танилцуулсан талаар тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үүргийг ажил олгогч биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заажээ.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Д-д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч хуульд зааснаар ажлаас халагдсан ажилтанд нэг сар эсхүл түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож болохоор байна.

 

Тэтгэмжийн доод хэмжээ нь халагдаж буй ажилтны нэг сарын дундаж цалин хөлсөөр хязгаарлагдана.     

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно” гэж заажээ.

           

Дээрх зохицуулалт нь ажилтнуудыг бөөнөөр халж байгаа тохиолдолд эдгээр ажилтанд олгох халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажил олгогч ба ажилтны төлөөлөгчид хоорондын хэлэлцээгээр тогтоох бөгөөд энэ хэлэлцээ нь ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тохирч олгохоор байна. Талуудын хооронд буюу ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд хамтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээний дагуу тэтгэмжийг олгосон байна.

 

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/3008 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба уг чиглэлийн дагуу хариуцагч “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамжийг баталсан байх ба, уг удирдамжийн дагуу хийгдэх дотоод аудит нь компанийн бүтэц, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын байрны давхардлыг арилгах, удирдах, гүйцэтгэх ажилтны албан тушаалын зохистой харьцааг төлөвлөх, компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн боловсруулах зорилготойгоор “ЭТТ” ХК-ийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулсан байна.

 

Дээрх дотоод аудитын тайлангаар хууль тогтоомжийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулах, ажлын байрны болоод нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байх ба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 21/17 дугаар удирдамжаар компанийн бүтэц, орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн хавсралтад заасны дагуу батлах асуудлыг тусгажээ.

 

“ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар “Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор “ЭТТ” ХК-ийн нийт орон тооны хязгаарыг 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт үүрэг болгожээ.

 

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь компанийн удирдлагын бүтцэд хамаарч байх ба, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт банкны эрх барих дээд байгууллага байна, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг этгээд байна.

 

Өөрөөр хэлбэл, Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6.3-д зааснаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох эрхтэй, гүйцэтгэх захирал нь дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба, 9.5.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхтэй байхаар зохицуулагджээ.

 

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 тоот тогтоолын дагуу, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3-т зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/181 тоот тушаалыг гаргаж, компанийн газар, хэлтэс, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн батлуулах, шинэчлэгдсэн чиг үүргийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, холбогдох газар, хэлтэст, нэгжүүдийн ажлын байрны орон тоог хасах, цөөрүүлэх санал дүгнэлтийг танилцуулах, орон тоо хасагдаж, цөөрсөнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай ажлуудыг зохион байгуулах, удирдлагаар хангах ажлын хэсгийг байгуулсан байна.

 

Энэхүү ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн явцын тайлангаар ковид цар тахлын үед компанийн борлуулалтын орлого 2 дахин багассан, 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил үйлчилгээний санхүүжилтийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр цуцалсан зэрэг үндэслэлээр төв оффисын ажилтнуудын ажлын ачаалал эрс буурсан, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын үед 2020-2021 онд ажилтнуудыг сул зогсоож цалингийн үргүй зардал гаргасан, чиг үүрэг нь хоорондоо давхардсан олон нэгжүүдийг төв оффис болон уурхайд байгуулсан, одоогийн бүтцийг өөрчлөх, орон тооны хязгаарыг бууруулах боломжтой гэсэн саналыг гаргажээ.

 

            Дээрх тогтоолын дагуу “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дугаартай “Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаалаар “ЭТТ” ХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан Салбарын зохион байгуулалтын бүтцийг, ажлын байрны нэр, орон тоо, салбарын цалингийн сүлжээ, салбарын оператор болон засварын ажилтны цалингийн зэрэг, салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Уг тушаалын 5 дугаар хавсралтаар Бүтээн байгуулалт аж ахуйн албаны Аж ахуйн ажилтан 15 орон тоо хасагдсан байна.

           

Өөрөөр хэлбэл, “ЭТТ” ХК-ийн нийт орон тоо 986 байсан нь 946 болж, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн батлагдсанаар нэхэмжлэгч Б.Д-ий ажиллаж байсан салбарын бүтээн байгуулалт Аж ахуйн албаны аж ахуйн ажилтны орон тоо хасагдсан байна.

 

            Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага өөрийн бүтэц зохион байгуулалтын нэгж болох Захиргаа, удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт, аж ахуйн албыг Захиргаа бүтээн байгуулалт хөгжлийн газрын Бүтээн байгуулалт, хөгжлийн хэлтэс болгож өөрчилж, Бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 орон тоо хасагдсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, “ЭТТ” ХК-ийн Бүтээн байгуулалт, аж ахуйн албыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгаагүй, харин зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албын бүтцийг өөрчилсөнтэй холбоотойгоор аж ахуйн ажилтны орон тоо хасагджээ.

 

            Ажил олгогчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаартай Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд компанийн зохион байгуулалтыг бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны орон хасагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон болох нь баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд ажил олгогч нь зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д-ий хувьд ээлжийн амралттай байх үед ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 дугаартай нэхэмжлэгч Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 40.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Д-ий “ЭТТ” ХК-д холбогдох, “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “ЭТТ” ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны  Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдох, “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “ЭТТ” ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны  Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах” тухай нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС